Ах Э.Очирбаттайгаа монгол ардын дуу “Могой хээр”-ийг дуулав
АНУ-ын Виржиниа мужийн “Арлингтон трэдишнл” бага сургуулийн тавдугаар ангийн сурагч, дөрвөн настайгаасаа дуулж, бүжиглэн, хөгжим тоглож эхэлсэн, эдүгээ 10 настай Э.Саранзаяа “Миний ээж хөөрхөн” дууг эвлэгхэн дуулсныг ээж, аав нь дүрсжүүлжээ. Тус хотод үйл ажиллагаа явуулдаг дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Сарангийн “Sara VOCE studio”-гийн суралцагч түүнтэй цахимаар ярилцсан юм. Охин монголоороо төвөггүй харилцдаг ч зарим үед ээж Г.Эрдэнэтогтохынх нь туслалцааг авав.
-Сайхан намаржиж байна уу. Монгол дуугаа сайхан дуулжээ. Утгыг нь хэр сайн ойлгож байгаа вэ?
-Ойлгодог. Миний ээж мандсан нар шиг хамгийн сайхан, бас хөөрхөн гэдэг. Бүүвэйн дуу аялж, хайрлаж өсгөсөн гэж хэлдэг.
-Клипний зураг авхуулах гоё байв уу?
-Тийм. Зарим үед бага зэрэг ичсэн. Далайн эрэгт их олон хүн байсан болохоор эвгүй санагдсан. Бусад цагт зүгээр ээ. Э.Саран багш намайг тайван байх хэрэгтэй, чи хөөрхөн байна, өөртөө итгэлтэй алх, инээ гэдэг байсан. Тэгэхээр нь би толгой дотроо “Энэ хүмүүс намайг гоё харагдуулах гэж хичээж байхад би ч гэсэн сайн тоглох ёстой” гэж бодоод багшийн заасан хөдөлгөөнүүдийг зөв хийхийг хичээсэн.
-Дуугаа, өөрөөр хэлбэл хоолойн бичлэгийг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч С.Сансаргэрэлтэхийн студид хийлгэсэн юм байна. Тэнд эцсийн, сайн бүтээл гаргах гэж бас олон дахин дуулсан уу?
-Тэнд олон удаа дуулаагүй ээ.
Г.Э:-Хоолойг түрүү жил бичүүлсэн юм. Хөл хорионоос болоод саяхныг болтол юу ч хийж чадсангүй. Хүүхэд том болоод байдаг. Тэгтэл дуу хоолой нь багынхаараа үлдчих асуудал тулгараад (инээв). Цар тахал намжингуут төлөвлөснөөрөө клип хийлгэлээ. Энэ бүтээлийг Э.Саран багш сонгож дуулуулсан юм. Мөн дүрсжүүлэх ажилд бүх талаар тусалсан. Америк дахь монгол телевиз UMON-ы захирал Б.Уранчимэг болон зураглаач Бат-Эрдэнэ, гэрэлтүүлэгч Эрдэнэзаяа нарт талархаж байна. Ер нь бага насны хүүхдийн дуулсан дуу дүрсжүүлэх ажил гэлтгүй арваад хүн зүтгэж байж бүтээлээ. Америкт төрж, өссөн хүүхэд монгол дуугаа зөв дуулахад хэн хүнгүй баярлах юм.
-Монгол аав, ээжтэй америк хүүхэд юм байна, тийм үү?
-Яг тийм. Энэ улсын иргэн.
-Саранзаяа, Монголд ирж байсан уу?
-Үгүй. Энэ жил ах бид хоёр очих байсан ч чадаагүй.
-Монголд өвөө, эмээ нь байдаг уу. Чамайг их санадаг байх даа?
-Өвөө, эмээ байдаг. Бид дандаа цахимаар ярьдаг.
-Чамайг санаад уйлдаг болов уу?
-Үгүй ээ. Намайг харж байхад лав уйлаагүй. Далдуур уйлдаг байх.
-Чи яагаад тэгж бодов?
-Тэгж бодсон. Би мэддэг.
-Мэдэрдэг гэж үү?
-Тийм ээ.
-Дуулж, бүжиглэж, хөгжим тоглодог гэсэн. Ямар хөгжим тоглодог вэ?
-Төгөлдөр хуур тоглодог.
Г.Э: -Багшийнх нь нэр Х.Мөнхбайгаль, продюсер Н.Халиуны охин.
-Охиноо олон чиглэлд хөгжүүлдэг юм байна.
-Хичээж л байна. Одоогоор драм, дуу, бүжиг, хөгжмийн дугуйланд явуулж байна.
-Цагийг нь зохицуулах амаргүй байх даа?
-Хамгийн чухал нь энэ. Энд бага насны хүүхдийг гэрт нь асран хамгаалагчгүй байлгадаггүй хуультай болохоор дугуйланд хамруулах нь зүгээр байдаг. Одоо бол хүү минь тусалдаг болсон.
-Саранзаяа, өөр ямар монгол дуу мэдэх вэ?
-“Могой хээр”. Ах Э.Очирбат минь морин хуураар тоглож, би дуулдаг. Бас “Мандах наран зүгт нутаг минь байдаг юм” гэж дуулдаг.
Г.Э:Манай хүүхдүүд монгол хувцсаа иж бүрэн өмсөж байгаад дуулдаг юм. Гадаадад удаан амьдрахаар эх орноо, түүх, соёлоо гэдэг болдог юм байна. Охиноо энэ олон дугуйланд залхуурахгүй явуулдаг нь хүүхдэдээ урлагаар дамжуулж монгол өв, соёлын мэдлэг олгох, монгол хүн шүү гэдгийг нь байнга сануулах зорилготой. Ялангуяа дууны шүлэг яруу бөгөөд утга төгөлдөр бол бидэнд бүгдэд нь хичээл болох юм. Манайх гэртээ зөвхөн монголоор ярьдаг айл. Монголын телевизийн бүх сувгийг үздэг. Интернэтийн тийм төхөөрөмж суурилуулсан юм. Америк телевиз үздэггүй.
-Охин тань англиар ямар, ямар дуу дуулдаг вэ?
-Сургуулиас нь төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Ихэвчлэн хүүхдийн болгож хялбаршуулсан мюзиклд тоглуулдаг. Манай охин драмын дугуйланд явдаг болохоор хэрэг болдог юм шиг байна лээ. Багш нар нь дуртай. Багшийнх нь хэлж өгснөөр нэг зохиолын талаар тайлбарлая. Францын яруу найрагч, зохиолч В.Хюгогийн зохиолоос сэдэвлэн Алан Боблийн бичсэн цомнол, хөгжмийн зохиолч К.Щёнбергийн хөгжим “Ле Мизараб” (Les Miserables) дуулалт жүжгийн “Castle on the cloud” буюу “Үүлэн дээрх харш” дуунд бяцхан өнчин охин Косет айлд зарцлагдаж хүнд ажилд нухлагдан байхдаа ээжийгээ үгүйлж, эрх чөлөөг мөрөөдөн дуулдаг. Тэрбээр “Зүүдэндээ очдог үүлэн дээрх харш бий, шүүрдэх шал гэж тэнд байхгүй. Үүлэн дээрх тэр миний харшид өчнөөн олон хүүхэд цуглан бужигнаж зөндөө тоглоомоор наадан тоглоно. Үүлэн дээрх миний харшид хэн ч өндөр дуугаар зандрахгүй. Хэн ч хашхирч загнахгүй. Цагаан хувцастай бүсгүй намайг тэврэн “Бүүвэйн дуу” дуулж өгнө. Зөөлөн энхрий хоолойгоор “Косет, би чамд маш их хайртай” гэж хэлнэ. Үүлэн дээрх миний харшид хэн ч төөрөхгүй, хэн ч уйлахгүй” гэж дуулдаг.
-Сэтгэл татам юм аа. Аргагүй сонгодог зохиол юм.
-Чарлес Дикенсийн зохиолоос сэдэвлэж Лионел Барт цомнол болон хөгжмийг нь бичсэн “Оливер” (Oliver) дуулалт жүжгийн “Хаа байна, тэр хайр” (Where is love) гэдэг дуунд өнчин хүү Оливер хүнд бэрх замыг туулан олны дундаас ээжийгээ хайн явахдаа”Хаа байна, тэр хайр. Өндөр тэнгэрээс унадаг юм уу, өргөн модны ёроолд бий юү, зүүдэнд харагддаг ээж минь хаа байна, зөвхөн надад зориулж “Сайн уу” гэх зөөлөн уянгат ээжийн минь хоолой хаана нуугдсан юм бол, хэлээд өгөх хүн байна уу. Холын холд явсан бололтой. Хаа байна, миний ээж гэж дуулдаг.
-Уян хүн уйлмаар юм байна.
-Тийм ээ. Бид охиноо давтуулна, их юм болно оо, манайд. Бид бас Сараагийнхаа дуулсан “Зүгээр л инээмсэглэ” гэдэг дууг нь дүрсжүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Их идэвхтэй амьдардаг, хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн гэр бүл юм. Та хоёр ямар мэргэжилтэй вэ?
-Би геологич, нөхөр авто инженер. Энд бол би худалдааны, харин нөхөр борлуулалтын менежерийн ажилтай.
-Та нар Монголын дуучдын дуулахыг хэр сонсдог вэ. Хэнийх нь таалагддаг вэ?
-Монголд гардаг нэвтрүүлэг бүрийг үзэх боломжтой болохоор дуртайгаа сонгодог. Мэдээ үздэггүй. Хэсэг хараад суухад бухимдмаар. Харин соёл урлагийн чиглэлийн, бас дууныхыг үздэг. Манай гэр бүлийнхэн “Монгол HD” телевизийн дууны “Voice” уралдаанд маш дуртай. Болд шүүгчийн багийн Анужин, бас дуучин Оюугийн фэнүүд. Охин дуурайж дуулах гээд хөөрхөн. Дууны хичээл заалгадаг болохоор биднээс илүү. Ер нь энэ уралдаан гоё. Монголын дээхнэ үеийн дуунуудыг орчин үеийн арга, хэлбэрт шилжүүлээд, хөдөлгөөн нэмээд дуулахад бидний үеийнхэн гэлтгүй хүүхдүүдэд ч таалагдах юм.
-Э.Саранзаяа Монголоо сурталчлах хэд хэдэн арга хэмжээнд оролцжээ. Заримаас нь нэрлэх үү?
-Жишээ нь, Капитолын ордон, Дэлхийн банкны төв байранд зохион байгуулсан “Монголын нэг өдөр” урлаг, соёлын өдөрлөг, монголчуудын цагаан сар, наадам болон Чингис хааны тахилгын ёслолын гэх зэрэг арга хэмжээ, АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы нэрэмжит худалдааны төвд болсон олон улсын хүүхдийн фестиваль зэргийг нэрлэж болно. Америк дахь монгол хүүхдийн урлагийн наадамд жил дараалан оролцож тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарсан. Манай охины өчүүхэн амжилтад баяр хүргэж, ярилцлага авсанд их баярлаж байна. Монгол хүүхдүүд багаасаа монгол хэл, соёлоо мэдэж өсөхөд энэ улсад ажилладаг монгол багш нар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Анзаараад байхад америк багш нар ямар ч хичээлийг удаан заадаг. Хүүхэд ойлгочихоод байхад дахин дахин нухуулаад байдаг. Харин монгал багш нар ойлгосон дээр нь дөрөөлөөд хурдан урагшлуулдаг. Охины бүжгийн багшийг Б.Дэлгэрмаа гэдэг. Аав, ээж нь хичээгээд хүүхдүүдээ сургаж байхад бид сайн заах ёстой гэсэн чин сэтгэлтэй. Тийм болохоор их гоё байдаг даа.