19 жилийн өмнө 18 настай хүү Нийслэлийн аврах отряд буюу одоогийн Нийслэлийн аврах 105 дугаар ангид холбооны техникчээр ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш удалгүй усчин-аврагчаар тасралтгүй ажиллаж, 1000 гаруй хүний амь аварсан байна. Түүнийг Б.Баттулга гэдэг. Тус ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, усан спортын мастер, ахмад цолтой. Түүнтэй ажил мэргэжлийн онцлог болон “Завьт эргүүл” арга хэмжээний талаар ярилцлаа.
-“Завьт эргүүл” арга хэмжээг гурван сарын хугацаанд хэрэгжүүлээд өчигдөр дууслаа. Энэ хугацаанд хэчнээн хүний амь аварсан бэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Манай аврах ангийн хоёр бүлэг цагдаагийн байгууллагынхантай хамтран өнгөрсөн зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15 хүртэл Баянзүрх дүүргийн XX хороон дахь Хар усан тохойгоос Зайсан, Зайсангаас Сонсголонгийн гүүр хүртэл Туул гол дагуу нийт 65 км газарт хоёр чиглэлд 24 цагаар ээлжлэн ажиллалаа. Хүн их осолддог, олноороо цуглардаг газруудыг аюултай хэсэг гэж тодорхойлж, сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Завьт эргүүлүүд энэ онд 241 хүний амь аварсан. Өнгөрсөн жил 160 орчим хүний амь аварсан санагдана.
-Живж буй хүнд шуурхай тусламж үзүүлдгээрээ завьт эргүүл онцлогтой. Иргэд завьт эргүүлийн талаар хэдийн мэддэг болжээ. Эхэн үедээ хүмүүс гайхдаг байсан уу. Шаардлагыг тань хэрхэн хүлээн авч байв?
-Анх ганц жижиг завьтай эргүүл хийдэг байлаа. Хүмүүс сонирхоод, “Сууж үзье” гэнэ. “Нийслэлийн аврах 105 дугаар анги” гэсэн хаяг бүхий завиар цагдаа нартай хамт явдаг учраас иргэд ойлгож, шаардлага биелүүлдэг болсон. Одоо нийслэлийн хэмжээний аврах анги нэг катер, хийлдэг таван завь, хоёр мотоциклтой. Суурин газарт байхдаа дуудлага аваад гарахаар замын түгжрэлд цаг их алддаг. Завьт эргүүл бол цаг алдахгүй, шуурхай тусламж үзүүлж чаддаг. Мөн бид иргэдийг хоггүй аялах уриалга гарган, Туул голын сав газрын захиргаатай хамтран ажилласан. Иргэд, хувийн хэвшлийнхэн санаачилгаараа голын эрэг дагуух хог хаягдлыг түүж, идэвхтэй оролцсон шүү.
-Аврагчид завиа ачаад явж байгаа харагддаг. Завиараа усны урсгал сөрж явах боломжгүй юм уу?
-Цаг хугацаа, усны түвшнээс шалгаалдаг юм. Өөрөөр хэлбэл, голын ус бага үед завиа “Фургон”-д ачиж явна. Үертэй үед катер завь, мотоцикл ашигладаг.
-Та бүлгийн ахлагчаар ажиллаад хэр удсан бэ. Ахлагч хүний үүрэг, хариуцлага багагүй байх.
-2014 оноос хойш бүлгийн даргаар ажиллаж байна. Аврах ажиллагааг зохион байгуулах, хүнээ хуваарилах, нөхцөл, байдлыг үнэлж, дүгнэх, шаардлагатай үед өөрөө аврах ажиллагаанд оролцдог. Дөрвөн аврагч, нэг ахлах, жолоочтойгоо нэг бүлэг болдог юм. Бүлгийн бэлэн байдал, багаж, техник бүрэн, бүтэн, эсэхийг хариуцна. Бид ус гэхгүй, төөрсөн, нурангид дарагдсан, өндрөөс унасан, зам, тээврийн ослын дуудлагад ч очдог. Гадаадын зарим улсад аврагчид нь усны, ахуйн ослын гээд төрөлжсөн тусламж үзүүлдэг юм билээ. Манай улсын аврагчид бүх л аврах ажиллагаанд ажиллах чадвартай.
-Усчин-аврагчаар олон жил ажилласан хүний хувьд иргэдийн усанд эндэж буй гол шалтгааныг хэлж, сэрэмжлүүлье.
-Бага насны хүүхдүүд нуур, цөөрөм, гол, тогтоол усны дэргэд хараа хяналтгүй тоглож байна. Тэд бөмбөгнийхөө араас ус руу орж, хөл алдах, баталгаагүй хийлдэг завь, хөөсөнцрөөр голд тоглож байгаад эндсэн тохиолдол цөөнгүй. Хан-Уул дүүрэгт хоёр жилийн өмнө тогтоол усанд бага насны хоёр хүүхэд эндсэн. Саяхан бас тоглох газар хайж явсан дөрвөн хүү тогтоол усанд живж, нас барсан шүү дээ. Мөн томчууд согтуу үедээ голд орсноос живж байна. Ер нь санамсар болгоомжгүйгээс л усны осол гардаг. Завьт эргүүлүүд ажилласнаас хойш усанд эндэх тохиолдол буурсан.
-Усанд эндсэн хүний цогцсыг хайх ажиллагаа олон хоног үргэлжлэх тохиолдол цөөнгүй. Эрлийн ажиллагааг зөвхөн ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоодог уу?
-Тийм. Бид эрлийн ажиллагааг дур мэдэн зогсоох эрхгүй. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоож болдог. Голын ус савнаасаа хальсан үед цогцос урсаад жижиг салаа руу орох, модонд чихэгдэх тохиолдол бий. Ийм үед эрэл удааширдаг. Мөн иргэд мэдээллээ буруу өгснөөс олон хоног эрдэг.
-Аврагчдыг гар хоосон, бор зүрхээрээ зүтгэдэг гэж ярьдаг. Усчин-аврагчдын хувьд хувцас, хэрэглэл хэр хангалттай вэ?
-Хуурай, нойтон гэсэн хоёр төрлийн хувцастай. Хуурай хувцсыг усны гүнд шумбахад өмсдөг бол нойтныг нь эрлийн үед хэрэглэдэг. Нойтон хувцас өмссөн тохиолдолд бие нордог ч, дулаанаа гадагш алддаггүй, модны мөчир, чулуунд арьс гэмтэхээс сэргийлдэг. Гэхдээ эдгээр хувцас аврагч бүрт байхгүй. Хүн живж байхад хувцас өмсөх гээд хугацаа алдаж болохгүй. Аль ч үед ямар ч нөхцөлд тухайн хүнийг аврах нь хамгийн чухал. Аврагчид ч гэсэн хүн юм болохоор усанд живж таарна шүү дээ. Мэргэжил, ур чадвараараа бусдаас ялгарах ёстой. Хийлдэг болон моторт завь, аврах хантааз, шөнийн цагт гэрэлтүүлэг ашиглаж байна.
-Та 20 орчим жил усчин-аврагчаар ажиллахдаа хэчнээн хүний амь аварсан бол?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй юм, ойролцоогоор 1000 гаруй хүний амь аварсан болов уу. Энэ онд манай ангиас анх удаа Гавьяат төрсөн. Онцгой байдлын албаны хэмжээнд Үйлчилгээний гавьяат ажилтан болсон гурав дахь хүн нь.
-Анх 18 настайдаа ажилд орохдоо ингэж тууштай зүтгэнэ гэж бодож байв уу. Шантрах үе гарна биз.
-Шантрах үе байлгүй яах вэ. Тухайн үед ой, хээрийн түймэр их дэгддэг байлаа. Түймэр унтраахаар нэг сар шахам явна. 2000 оны эхээр усчин-аврагчийн хувцас, хэрэглэл тарчиг байв. Олон хоногоор усанд хүн хайна гэдэг амаргүй. Байгаа хэдхэн хувцсыг “архаг” аврагчид нь өмсөнө, залуучууд хүйтэн усанд нүцгэн шумбадаг байлаа. Тухайн үед хэцүү санагдсан нэгэн эрлийн ажиллагааг мартдаггүй юм. Хар усан тохойд мөсөн доор орчихсон гурван настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа маш хүнд болсон. Өдөр ирэх тусам хүйтний эрч чангарч, мөс нь зузаараад доогуур нь багтахгүй, эрж хайхад хүндрэлтэй байв. Биеэр арай жижгийгээ өнөөх мөсөн доогуур оруулж хайлгана. Харин хүний амь аврах бүртээ ажлынхаа амтыг мэдэрч, улам дурладаг болсон. Аврах ажиллагаа явуулсны дараа л сэтгэл уужирдаг даа.
-Хэрэв завьт эргүүлүүд ажиллаагүй бол та бүхний аварсан 241 хүнээс хэд нь эсэн мэнд үлдэх байсан бол. Нэгэнт усанд осолдсон хүнд амьд үлдэх боломж тун ховор гэдэг. Ихэнхдээ цогцсыг нь л гаргадаг шүү дээ. Энэ нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг үү?
-Амийг нь аврахад “Баярлалаа” гэж хэлэх хүн ховор. 2017 онд манай аврах ангийн 50 жилийн ой тохиосон. Тэр өдөр нэг охин баярласан сэтгэлээ илэрхийлж, баглаа цэцэг бариад ирэхэд ажлаараа бахархаж, огшиж билээ. Таны хэлсэнчлэн, усанд осолдсон хүн амиа алдсан нь тодорхой байдаг. Тэр хүнийг олохгүй, олон хоног эрж хайх хэцүү. Ар гэрийнхэн нь “олчихсон байх” гэж найдаад бидний гарыг хараад л бүлтэгнээд байдаг. Хэдийгээр цогцос олсон ч энэ нь том ажил. Эрлийн ажиллагаа олон хоног үргэлжлэхээр ар гэрийнхэнтэй нь ах, дүүс шиг болчихдог. Аврагчид өглөө 06.00 цагт гол дээр очиж, хүйтэн усанд шумбаж, яаж эрж хайж байгааг тэд хараад ажлыг минь ойлгон, тусалж дэмждэг. Цай, хоол бариад ирэх нь цөөнгүй. Өглөөнөөс үдэш хүртэл хүйтэн усанд шумбаж, ажиллана гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш.
-Ажил үүргээ гүйцэтгэж явахад танд тохиолдсон хэцүү зүйл юу байв?
-Одоогоос есөн жилийн өмнө нэг найз минь хоёр хүүхдээ усанд нэгэн зэрэг алдчихсан юм. Баяр наадмын өдөр таарсан санагдана. Дуудлагаар очиход бүх зүйл оройтчихсон байсан. Найзынхаа нүд рүү эгцэлж харж чадаагүй. Тэр явдал үнэхээр харамсалтай санагддаг. Гэнэтийн ослоор хайртай нэгнээ алдсан хүмүүсийг хараад сэтгэл өвддөг.
-Сэтгэл өвтгөсөн үйл явдлаас хэрхэн ангижирч, ажлын стрессээ яаж тайлдаг вэ?
-Манай алба хаагчид сэтгэл зүйгээ өндөр түвшинд бэлддэг. Золгүй явдлыг тухайн үед нь үлдээхийг хичээдэг. Ажлынхаа бухимдлыг гэртээ авч очихгүй байх хэрэгтэй. Манай байгууллагад сэтгэлзүйч эмч бий. Мөн усанд сэлэхэд хамаг стресс тайлагддаг.
-Живж буй хүн амь тэмцсэндээ аврахаар орсон нэгнийг татаад хамт живчихдэг гэж ярих юм билээ. Та аврах ажиллагааныхаа арга, техникээс сонирхуулахгүй юу?
-Хүн усанд живж байхдаа өөрийнхөө чадлаас гурав дахин хүчтэй болдог. Тиймээс мэргэжлийн ур чадвар гаргах хэрэгтэй. Тухайлбал, живж буй хүний эгц урдаас, эсвэл араас нь очих уу, шумбаж гаргах уу гэдгээ тооцоолно. Шумбаж ороод доороос нь түлхэх хэрэгтэй. 2003 онд усан санд живж байсан нэг хүнийг аварсан юм. Тэр хүн усан сангийн VI зам дээр живсэн. Би нэгдүгээр замаас үсэрч ороод нөгөө хүнийг доороос нь дээш түлхсэн. Уснаас гаргасныхаа дараа харахад биерхүү, махлаг хүн байж билээ. Хэрэв эгц өөдөөс нь очсон бол гаргаж хүчрэхгүй байсан.
-Үхэл, амьдралын заагт байгаа нэгнийг авардаг, эрсдэлтэй ажил хийж буй учраас гэр бүлийнхэн тань санаа зовно биз.
-Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. “Цогцос гаргалаа” гээд эхнэр минь эхлээд ойлгохгүй, дургүйцдэг байсан. Сүүлдээ ажил, мэргэжлийн онцлогийг минь ойлгож, хүний амь авардаг, буянтай үйлс бүтээдэг юм байна гээд дэмждэг болсон. Завьт эргүүлийн үед 24 цаг үүрэг гүйцэтгээд маргааш нь 21.00 цаг хүртэл ажилладаг. Амарсан үедээ хүүхдүүддээ цаг гаргахыг хичээдэг. Хүүхдүүд минь аавынхаа ажлыг ойлгож, бахархдаг болсон шүү. “Дуут дохио” хангинахаар манай бага хүү “аавын машин” гээд л хөөрнө. Ажилд ороод удаагүй түймэр унтраахаар нэг сар явахад аав минь “Энэ ажил ч хүнд юм даа” гэж хэлэхэд залуу хүний хувьд шантарсан. Гэхдээ цалин авах нь сайхан. Анх 36 000 төгрөгийн цалин аваад ээждээ зурагт авч өгөөд, үлдсэнээр нь жолооны сургалтад сурч байлаа.
-Завьт эргүүл хийхэд урамшуулал олгодог уу?
-Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж буй бидний үндсэн ажил учраас урамшуулал байхгүй. Ганц ч гэсэн хүний амь аврах нь бидний ажил.
-Аврагчдын шалгуур өндөр болсон санагдсан. Залгамж халаагаа хэрхэн бэлдэж байна?
-Хууль сахиулахын их сургуульд ахлагчийн анги гэж бий. Тэнд онолын хичээл үзсэн хүүхдүүд төгсөөд дадлага, сургуулилалтаа энд хийдэг. Өвлийн цагт усан спорт сургалтын төвд бэлтгэлээ базаадаг бол зунд гол дээр өнжинө. Завьт эргүүлээр ажиллахын зэрэгцээ сургуулилалт хийнэ. Яаж сэлэх ёстой, урсгал усны хаялга нь хаана байдаг, зараа гэж юу болох гээд бүгдийг нь залуучууддаа зааж өгдөг. Би одоо хүртэл өөрийгөө усчин-аврагч болоогүй гэж боддог. Тиймээс залуустайгаа хамт дадлага, сургуулилалтаа хийдэг.