“Төрийн албаны шинэтгэл-ёс зүйн хандлага” сэдэвт төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн гурав дахь өдрөө үргэлжилж, УИХ-аас удирдлагыг нь томилдог албан тушаалтнууд оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй төрийн албаны хүнд суртал, түүнийг халахад чиглэсэн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.
-УИХ, холбогдох байгууллагууд төрийн албыг ёс зүй, сахилга хариуцлагатай болгоход анхаарч ажиллана гэсэн. Энэ хүрээнд уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Төрийн албыг хүнд сурталтай гэж шүүмжилж ирсэн. Тэгэхээр хүнд суртал гэж яг юу вэ?
-Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 10, 11, 14-нд зохион байгуулж (өчигдөр өндөрлөсөн) байна. Үүнийг УИХ, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яам хамтран хийлээ. Энэ зөвлөгөөнд олон хүн оролцож байгаа учраас үйлчилгээний, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагууд гэх зэргээр тус тусад хамруулан хэлэлцэв. Нөгөөтээгүүр, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын 5000 гаруй албан хаагч цахимаар оролцсон. Төрийн албаны ёс зүйг ийм өндөр түвшинд авч хэлэлцэх шаардлага гарсан учир нь таны асуулттай уялдаж байгаа юм. Төрийн албаны бүх ажилтныг хэлж байгаа юм биш. Гэхдээ төрийн албыг бүрдүүлж буй албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаанд алдаа, доголдол гарч байгаа. Тиймээс засаж сайжруулахаар төрийн бодлогод суулгасан. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байхад чиглэсэн. Мөн өнгөрсөн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийг тодорхойлсон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, албан хаагчдын нэр хүндийг дээшлүүлж, ёс зүй, хандлагыг ажлын гүйцэтгэлийнх нь үнэлгээний салшгүй хэсэг болгон дүгнэх, сэтгэл гарган үйлчлэх соёл бий болгох, ёс зүй, сахилга хариуцлагаа үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан удирдах албан тушаалтан ажлаасаа сайн дураараа чөлөөлөгддөг байх хандлага төлөвшүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Түүнчлэн улс орны тогтвортой хөгжлийг хангах таван суурь зарчмын нэгд төрийн албаны ёс зүйн талаар тусгалаа. Тэгэхээр таны асуусан хүнд суртал төрийн албанд байгаа, энэ нь цаашид даамжирснаар авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил рүү хөтөлж буй юм. Зөвлөгөөнөөр эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлж буй илтгэл, оролцогчдын саналаас дүгнэхэд энэ бүхний үндэс нь нийгмийн өөрчлөлтүүдийн нөлөө гэж үзэж байна.
-Тухайлбал, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн үнэлэмж өөрчлөгдөж байгаатай холбоотой юу?
-Тийм. Хүмүүсийн үзэл санаа, ухамсарт гарч буй ёс суртахууны үнэлэмж өөрчлөгдөж буйтай холбоотой төрийн албаны хүнд суртал гарч байна. Мөн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, хөдөлмөр эрхлэлт, нийгэмд шударга ёс алдагдаж байгаа, нийгмийн баялгийг тэгш бусаар хуваарилахтай холбоотойгоор энэ асуудал хөндөгдөж буй юм. Гэр бүлийн уламжлалт харилцаа, хүмүүжил, төлөвшил алдагдсантай ч холбоотой. Жишээ нь, гэр бүлийнхнээ хүндэлдэг, ахас ихсээ дээдэлдэг, аав, ээжийгээ ачилдаг, үр хүүхдээ энэрдэг бидний уламжлал алдагдаж, хүнтэй харилцах хандлага өөрчлөгдөн, амин хувиа хичээх үзэл даамжирч байгаатай холбоотой юм. Тэгэхээр бусадтай мэндэлдэггүй дарга, цэргүүдээс ямар хамт олон бүрдэх вэ дээ. Төрийн албаны нэг нэгжийнхэн дотооддоо соёлгүй, ёс зүйгүй бол иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээг яаж үзүүлэх вэ. Эцэст нь хүнд сурталтай, хөшүүн хойрго төрийн албан хаагчид нөгөө л авлига өгч, ашиг сонирхолд нь нийцүүлж байж “зөөлрүүлдэг”. Харилцаа, хандлагад нь өөрчлөлт гарахгүй, хүнд суртал байгаад байвал цаана нь авлига, хахуулийн суурь бүрэлджээ гэсэн үг.
-Төрийн албан хаагч хэр ёс зүйтэй байж, иргэдтэй яаж харилцах ёстой юм бол. Цаашид үүнд чиглэсэн ямар ажлууд хийх вэ?
-Монголчууд дэлхийд нэр алдраа түгээсэн, хүн төрөлхтөнд нөлөөтэй үндэстэн байсан. Үүний үндэс нь өндөр ёс зүй, хариуцлагатай байсанд оршжээ гэж эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Тиймээс айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг үндэснийхээ уламжлалыг орчин үеийн хууль цааз, төрт ёс, соёл, ёс зүйтэй уялдуулах хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бодлогын чухал бичиг баримтуудад тулгуурлан манай улс түүхэндээ анх удаа хууль тогтоох байгууллагадаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгууллаа. Төрийн албан дахь Ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар хангаж, чиглүүлэх, хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, мөн Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай бие даасан хуулийн төслийг (намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаасан) боловсруулж, батлуулах шаардлагатай. Үүний хүрээнд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд баримтлах нэгдмэл байр суурьтай, нийтлэг дүрэмтэй болохоор төслийг нь хэлэлцэж байна. Мөн дээрх хуульд тусгах саналыг хэлэлцсэн. Тодорхой хэлбэл, нэгдүгээрт, хэрэгжүүлж буй ажлуудыг нэг түвшинд нэгтгэж, дараа нь Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтдаа онцгой анхаарах хэрэгтэй. Ес зүйн зөвлөл нь албан хаагчийг шийтгэхээс урьтаж урьдчилан сэргийлэх сургалт, ажлыг тасралтгүй хийх шаардлагатай. Цаашид соёл, уламжлалаа яаж сэргээх, хүнийг хэрхэн төлөвшүүлэхэд чиглэсэн ажил хийж, бүх шатны боловсролын байгууллагууд түүнийг нь орхигдуулахгүй байхад анхаарах юм. Бага ангийн сурагчид хүмүүстэй мэндэлдэг ч томрох тусам энэ нь суларсаар их, дээд сургуулийнхан бусдыг өмссөн, зүүснээр нь ялгаварлаж харилцах жишээтэй. Тэднийг төрийн албанд ажиллуулах болбол дахин боловсрол олгох, сургалтад хамруулах шаардлага үүсэх учир багаас нь анхаарах хэрэгтэй.
-Хамгийн их хүнд суртал, авлига, хээл хахуульд автсан ямар байгууллага байна вэ. Энэ талаар зөвлөгөөнөөр хэлэлцсэн үү. Түүнд чиглэсэн ямар ажил төлөвлөв?
-Энэ зөвлөгөөний хүрээнд нарийвчилсан, тухайлбал, авлига, хээл хахуультай холбоотой асуудал хэлэлцээгүй. Хүний эрхийн үндэсний комиссынхны илтгэлд ажлын байрны дарамт, шахалтын талаар хөндсөн. Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг авч үзэхэд зарим талаар учир дутагдалтай. Учир нь улс төрийн албан тушаалтнууд, бүх шатны ИТХ-ын төлөөлөгчид төрийн албаны зохицуулалтад хамаарахгүй байгаа. Уг нь энэ зохицуулалтад улс төрийн албан тушаалтнууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхныг хамруулах ёстой. Тэгэхээр давхардал, зөрчлийг арилгахын тулд зөвлөлдөж байна.
-Ёс зүйн зөвлөлийнхний үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог журмыг шинэчлэх юм байна. Ямар өөрчлөлт тусгаж байгаа юм бол?
-Журмыг нь эцэслэн өөрчлөөгүй. Ёс зүйн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг нь өөрчлөх, хөндлөнгийн хяналт бий болгох, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог хангах зэрэг олон санал хэлэлцүүлгийн үеэр гарсан. Бүх саналыг нэгтгэж, нийтлэг журмыг хэлэлцэж, батлах учиртай. Асуудлыг цогцоор нь хэлэлцэж, шийдэхгүй бол болохгүй. Жишээлбэл, өмнө нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд үйл ажиллагаа явуулж, УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг (гишүүдийн ирц, тэдний хөрөнгө, орлого, хуралдааны дэг) л хариуцдаг байсан. Харин одоо байнгын хороо болгон өргөжүүлж, УИХ-ын гишүүдээр зогсохгүй төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдсэн. Тэгэхээр энэ хүрээнд эхнээс нь эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгож, нэгдмэл бодлого баримтлах зорилгоор ажиллаж байна.
-УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, холбоодын ерөнхийлөгч, дарга байхыг хуулиар хориглосон. Энэ чиглэлээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхон ямар ажил хийж байна вэ?
-Одоогоор УИХ-ын гишүүд төрийн бус байгууллагуудыг удирдах, үйл ажиллагаанд нь оролцох боломж хуулиар нээлттэй байгаа. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ бол тухайн хүний ёс зүйтэй холбоотой асуудал. Тухайлбал, би Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний ажлаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө дэд тэргүүнд нь хүлээлгэж өгсөн. Ерөнхий зарчмын хүрээнд асуудлуудыг цэгцлээд явна. Олонх гишүүн төрийн бус байгууллага дахь эрх үүргээ шилжүүлж байгаа дуулдсан.
-Төрийн албаныхан албан өрөөгөө хэдэн арван сая төгрөг зарцуулж тохижуулдаг, үнэтэй машин унадаг гэж шүүмжилдэг.
-Төрийн албанд ажиллаж буй ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулах нь зүйн хэрэг. Гэхдээ дэндүү тансаг хэрэглээтэй, нэн шаардлагатай биш байтал том барилга барьдаг байдал бий. Жишээ нь, яам, тамгын газруудын байр, УИХ-ын зарим гишүүний өрөөг хэлж болно. Хамгийн тансаг зочид буудлын хэмжээний ажлын байр тохижуулж, хурд, хүч сайтай машин, унаа хэрэглэдэг хэрнээ төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Зөвхөн хэрэгцээ, материаллаг зүйлсийг нь шийдэж өгвөл төрийн албаны өмнө тулгарч буй асуудлыг иж бүрэн шийдэж чадахгүй. Тиймээс хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ төрийн алба хамгийн тогтвортой, ойлгомжтой, энгийн, салбар хоорондоо ялгамжгүй байж, төсвийг дээд зэргээр хэмнэх ёстой. Үүнийг би олон жил шүүмжилж байна. Яам, тамгын газрын дарга нар тусдаа амралтын болон ариун цэврийн өрөөтэй байдаг. Яаж болох вэ дээ. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх ёстой. Төрийн албанд орж буй хүн тангараг өргөн, нийгмийн хамгааллын хэмжээндээ л ажиллаж, шатлан дэвших зарчмаар урагшлах учиртай.