Монголын үндэсний шигшээ баг, Орхон аймгийн “Хан-гарьд” клубийн тамирчин, спортын мастер Д.Дашнамжил үеийнхээ харваачдаас амжилтаараа цойлж яваа. Тэрбээр 2015 онд Тайланд улсад болсон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль өвөртлөн, Монголд зохион байгуулсан хүүхдийн спортын V их наадмын байт харвааны ганцаарчилсан, хосын төрөлд тус бүр алтан медаль зүүж спорт сонирхогчдыг баярлуулж байв. Мөн 2018 онд болсон залуучуудын УАШТ-д түрүүлсэн бол энэ жилийн насанд хүрэгчдийнхэд удаалсан юм.
-Залуусын сонирхлыг татдаг спорт олон бий. Байт харваанд хөл тавихад тань хэн анх угтаж авав?
-Намайг энэ спортод хөтөлсөн хүн бол Монгол Улсын мэргэн Д.Оюунханд багш. Тамирчдынх нь төлөв даруу зан, нэгнийгээ хүндлэх, биеэ авч яваа байдал нь байт харваагаар хичээллэхэд нөлөөлсөн юм.
-Анхны медаль дурсамж үлдээдэг. Байт харваагаар хичээллээд ямар тэмцээнд амжилт гаргаж, шагналынхаа салхийг хагалсан бэ?
-ОУХМ Ц.Базарсүрэнгийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын УАШТ-ий багийн төрөлд амжилттай оролцож, шагналынхаа салхийг хүрэл медалиар хагалсан. Надад аз, амжилт авчирсан тэр медальдаа их хайртай. Үүнээс хойш оролцсон тэмцээн болгоноосоо медаль өвөртөлдөг болсон.
-Тамирчин хүний амжилтад өөрийнх нь хүсэл сонирхол, хичээл зүтгэлээс гадна олон зүйл нөлөөлдөг. Таныг гэр бүл, найз нөхөд, хамт олон тань хэр ойлгож, дэмжиж байна вэ?
-Хэчнээн хэцүү байсан ч гэр бүл, багш дасгалжуулагч, баг хамт олон минь үргэлж дэмждэг болохоор саад бэрхшээлтэй бага тулгардаг. Тэднийхээ урам хайрлаж, дэмжиж тусалдаг сайхан сэтгэлийн хүчинд урагшилж байна. Хааяа сэтгэлээр унах үедээ “Өдий хүртэл явсан юм чинь энэ хүрээд зогсохгүй шүү” гэж өөрийгөө зоригжуулдаг.
-Өөрийг тань ямар чансаатай тамирчин бэ гэдгийг шалгасан хамгийн үнэ цэнтэй шагнал, тэмцээн аль нь вэ?
-Тэмцээнээс өвөртөлсөн медалиуд маань намайг ямар тамирчин бэ гэдгийг тодорхойлох байх. Спортын талбарт үнэ цэнгүй олддог шагнал байдаггүй. Тамирчин бүр өөрийнхөө хэр хөдөлмөрлөж байгааг хичээл зүтгэлээрээ харуулж, амжилтаас атгадаг шүү дээ. Надад ингэж олдсон шагнал олон бий.
-Байт харваачдаас хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Өрсөлдөгчөө ялж, өөрийгөө тамирчин болжээ гэдгийг хэзээ мэдрэв?
-Миний хувьд өрсөлдөгчөө их хүндэлдэг. Давуу талаас нь байнга суралцдаг. Надад олон өрсөлдөгч бий. Чадварлаг тамирчныг хараад өөрийгөө хөгжүүлж, олон талаар өөрчилж чадсан авьяас, ухаан, туршлагаар нь бахархдаг. Би тийм тамирчидтай бэлтгэл хийж байгаадаа баярладаг юм.
-Хамт олон, эсвэл найз нөхдөөсөө байт харваа руу уруу татав уу?
-Би Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Намайг тэмцээнд оролцохыг харсаар байт харваа сонирхдог болсон хүмүүс бий. Тэднийг энэ спортод сэтгэл татагдаж, хэзээ нэгэн цагт хичээллэнэ гэдэгт итгэдэг.
-Таныг амжилт гаргахад хэн урам хайрласан хамгийн сайхан үг хэлсэн бэ?
-Намайг амжилт гаргах болгонд баяр хүргэдэг хүмүүст талархаж явдаг. Тэднээс эмээ минь элдэв гоё үгээр магтдаггүй ч тухайн үеийн нөхцөл байдалд тааруулаад голыг нь олж хэлдэг юм. Эмээгийн минь хэлсэн үг болгон надад урам хайрладаг шүү.
-Шавийн амжилт багшаас гэдэг. Тамирчдаа тэмцээнд хэрхэн бэлтгэж оролцуулдаг талаар сонирхуулаач. Багш тань шавь нартаа юу гэж зөвлөн, амжилт руу хөтөлдөг вэ?
-Багшийн магтсан, зэмлэсэн үг болгон сэтгэлд хүрч, мартагдахааргүй хоногшиж үлддэг. Хатуухан хэлсэн үг нь биднийг хурцалж, тэмцээнд, бас өрсөлдөгчдөө ялагдахгүй байх эрч хүчтэй, дайчин болгодог.
-Энэ спортоор хичээллэхийг сонирхдог залуус өөрийн тань зөвлөгөөг уншаад сонголтоо хийх ч юм бил үү.
-Байт харваа нь спортын төрлүүдээс эрсдэл багатайд тооцогддог. Тиймээс хичээллэж эхэлсэн үеэсээ давуу тал, гайхамшгийг нь мэдэрсэн. Тамирчин болж, өөрийгөө өөрчилж чадсанаараа их бахархдаг. Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл хөдлөлөө барьж сурдаг юм шүү гэж хэлье.