Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандахтай Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын талаар ярилцлаа.
-Сонгуульд саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг өнгөрсөн долдугаар сард УБЕГ-ын сайтад байршуулсан. Уг жагсаалтыг хэрхэн гаргадаг юм бэ?
-Улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллага сонгуулийн хууль, тогтоомжид заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, түүнийг нягтлан шалгах, давхардлыг нь арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг удирдлагаар хангах чиг үүрэгтэй. Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг. Ингэхдээ уг жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичдэг. Өөрөөр хэлбэл, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас сонгуулийн хэсэг байгуулсан тогтоолыг УБЕГ-т ирүүлснийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж эхэлдэг бөгөөд санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө өөрчлөлт оруулснаар дуусдаг. Холбогдох хуульд заасны дагуу тодорхой үе шат, цаг хугацаа, хуваарийн дагуу хийдэг ажиллагаа.
-Жагсаалтыг хэсгийн хороодод хүргүүлэх хуулийн хугацаа дөхөж байна. Орон нутгийн сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо эцэслэн гарсан уу?
-Хуулийн дагуу санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 21-нээс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлэх ёстой. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогчдын мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дээрх жагсаалтад оруулахаар тусгасан. Энэ өөрчлөлтийг оруулсны дараа нийт сонгогчийн тоо эцэслэн гарна. Өнөөдрийн байдлаар (2020 оны есдүгээр сарын 10) сонгогчдын нэрийн жагсаалтад 2 142 120 иргэн бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд 1 004 724, аймгуудад 1 137 396 сонгогч бүртгэгдсэн.
-Иргэд УБЕГ-ын сайтад нэвтэрч өөрийн мэдээллээ шалгаж байна уу?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4-т “Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа иргэний эцэг (эх)-ийн болон өөрийнх нь нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхлэн орон нутгийн сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” хэмээн заасан. Үүний дагуу долдугаар сарын 16-наас эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг УБЕГ-ын цахим хуудсанд байршуулж, иргэд өөрийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдүүлсэн. Иргэд burtgel.gov.mn хуудасны “Сонгогчдын нэрийн жагсаалт” гэсэн цонхонд регистрийн дугаараар нэвтэрч мэдээллээ шалган, баталгаажуулж байна. Өнөөдрийн байдлаар дээрх цахим хуудсанд 5000 гаруй иргэн нэвтэрч, мэдээллээ шалгажээ.
-Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэл нь алдаатай байна гэж иргэдээс өргөдөл, гомдол танайд ирүүлж байгаа юу?
-Иргэн burtgel.gov.mn хуудсанд нэвтрэн өөрийн мэдээллээ үнэн зөв бол баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй бол мэдээлэх гэсэн цэсийг дарж, мэдэгдэх боломжтой. Зөрүүтэй мэдээллийг УБЕГ-ынхан иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон архивын эх нотлох баримтад тулгуурлан шалгаж, гомдлыг шийдвэрлэн, иргэнд тухайн бүрт нь хариу мэдэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар уг цахим хуудсанд нэвтэрсэн иргэдээс “зөрүүтэй байна” гэж мэдэгдсэн 40 гаруй хүний мэдээллийг шалгаж, хариу хүргүүлсэн. Иргэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг УБЕГ-т хүргүүлэхээс гадна сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа улсын бүртгэлийн байгууллагын итгэмжилсэн ажилтанд санал авах өдрөөс 11-ээс доошгүй хоногийн өмнө буюу аравдугаар сарын 1-нээс өмнө бичгээр гаргах боломжтой.
-Хуульд заасан үндэслэл, шалтгаанаар хэчнээн иргэн орон нутгийн сонгуульд саналаа өгөх боломжгүй байгаа вэ?
-Тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн болон биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлддэг гэж дээр хэлсэн. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хамрагдаагүй, байнга оршин суух газрын хаяггүй иргэнийг зөрчлөө арилгасан тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэж, сонгох эрхийг нь эдлүүлэх боломжтой. Тиймээс сонгуулийн насны иргэд уг жагсаалтад бүртгэгдсэн, эсэхээ шалгаж, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжилсэн ажилтанд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх шаардлагатай.
-Гадаадад байгаа монгол иргэдийн мэдээлэл сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан уу. Орон нутгийн сонгуулиас өмнө тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн саналаа өгөх боломжтой юу?
-60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрынхан гаргаж, Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулж, УБЕГ-т ирүүлснийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад “түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ оруулдаг. Хэрэв энэ шалтгаан нь арилсан тохиолдолд буюу тухайн иргэн гадаадаас ирсэн тохиолдолд өөрийнх нь хүсэлт, нотлох баримтад үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь холбогдох тэмдэглэгээг нь хүчингүй болгож, бүртгэлийг нь сэргээдэг тул санал өгөх боломжтой. Харин “Ковид-19” цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор тусгаарлах байранд байгаа сонгогч саналаа өгөх, эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын онцгой комисс тухайн үед нь шийдвэрлэх байх.
-УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын нэрийн жагсаалт алдаатай, нэг хаягт олон хүн бүртгэсэн гэж улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагаас мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү?
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2012 оноос эхлэн Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн гаргадаг болсон. Ингэснээр сонгогчдын сонгох эрхийг баталгаатай байлгах, сонгуулийг шударга явуулахад тодорхой үр дүн авчирсан гэж үздэг. Сонгуулийн үеэр “Манай гэрийн хаяг дээр гэр бүлийнхнээс минь өөр хүмүүс бүртгэгдсэн байна”, “Миний санал өгөх хэсгийн хороо өөр байна” гэх гомдол нэлээд гардаг. Тэдгээрийг судлахаар иргэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө худалдсан боловч шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж өөр хэн нэгэнд хүндрэл учруулах тохиолдол цөөнгүй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4-т “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэж заасан. Үүний дагуу тухайн иргэний бүртгэлийг үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн хүсэлтээр түдгэлзүүлэх боломжтой.
УИХ-ын сонгуулийн үеэр нэг хаягт бүртгэлтэй олон хүн санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна гэх асуудал үүссэн. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16.4-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оршин суух хаяггүй иргэн, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэн тухайн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгож болно” гэж заасан байдаг. Үүний дагуу нийгмийн халамжийн төв, асрамжийн газар тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн хамгааллын тусгай төвийн хаягт 145, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хаягт 51 иргэн бүртгэлтэй байх жишээтэй. Түүнчлэн Баянзүрх дүүрэг дэх Дарь-Эхийн 100 гэсэн тоотод 45 иргэн бүртгэлтэй байна, сонгуульд хууль бусаар оролцох нь гэсэн асуудал үүссэн. Энэ бол үерийн ам дээр буусан Дарь-Эхийн 100 гэсэн тоотод бүртгэлтэй 45 иргэний асуудал. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэн 2004 оноос хойш тухайн хаягт байнга оршин сууж байгаа.