Гавьяат жүжигчин, бүжигдэглээч Д.Энхгэрэл, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарыг “Тэд” буландаа онцоллоо. Соёлын коллеж төгсдөг жил нь Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Ц.Чимэдцэрэн Д.Энхгэрэлийг Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгад ажиллахыг санал болгосноор тус хамт олонтой ажил, уран бүтээл, хувь заяагаа холбожээ. Улмаар 1996 онд алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаанд гран при шагнал хүртэж, 1997 онд бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналын эзэн болсноор түүний уран бүтээлийн замнал дурайсан юм. Тэрбээр “Нар”, “Инээмсэглэж буй хүн”, “Хаданд амилсан тамга“, “Ариун хаврын тахилга”, “Бөртэ чоно”, “Хөмөргөн гурвалжин” зэрэг бүжиг дэглээчийн ур чадвар харуулсан бүтээлтэй.
Хөгжим бүжгийн коллеж төгсөөд, үргэлжлүүлэн АНУ-ын Мичиган муж улсын “Grand valley” хөгжмийн сургууль дүүргэсэн Ч.Дэлгэрцэцэг хийл хөгжмөөр сонгодог урлагийг Монголын сонсогчдод түгээж яваа цөөн уран бүтээлчийн нэг. “Хэнтийн өндөр ууланд”, “Гайхмаараа”, “Үлэмжийн чанар”, “Амьдрал” зэрэг цомгийн эзэн тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ гадна “Degi’s music school” байгуулан, хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгож яваа. Өнгөрсөн жилээс бие даасан тав дахь цомгоо гаргахаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү цомогт багтах “Ирмүүн өглөө”, “Өвөл” уран бүтээл нь хөгжим судлаач болон сонсогчдоос өндөр үнэлгээ авсан.
Д.ЭНХГЭРЭЛ: Би хоббигоо мэргэжил болгосон
Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: Зөв цагт, зөв хүнтэй, зөв зүг рүү яваасай
1. Эмэгтэй хүн болж төрснөөрөө хэзээ хамгийн их бахархсан бэ?
Энхгэрэл: Анхны хүүхдээ төрүүлж, ээж болсон гайхалтай өдрийг тод санаж байна. Тэр үед ээжийгээ улам илүү хайрламаар санагдсан. Эх хүн болох зүйрлэшгүй нандин хувь тавилантай төрсөн эмэгтэйчүүдээр бахархсан.
Дэлгэрцэцэг: Мэдээж эх хүн болсон өдрийг хэлнэ. Түүнээс гадна сайхан даашинз, өндөр өсгийт өмсөөд тайзан дээр гарах бүртээ эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг, бас бахархдаг.
2. Бүжиглэсэн/хөгжимдсөн уран бүтээлүүдээс тань аль нь таны дотор хүнтэй илүү ойр вэ?
Энхгэрэл: 2005 онд АНУ-д суралцаж ирээд СУИС-д суралцах үед минь надад мэргэжлийн хичээл заасан Х.Гансүрэн багштайгаа хамт “IQ2” модерн бүжгэн жүжгийг дэглэсэн юм. Энэ уран бүтээл намайг үзэгчдэд өөрөөр харуулсан байх. Намайг илүү тодорхойлсон мэт санагддаг.
Дэлгэрцэцэг: Эргэлзэх зүйлгүйгээр “Үлэмжийн чанар” гэж шуудхан хэлнэ. Эмэгтэй хүний таван гайхамшгийг утга төгөлдөр зүйрлэж өгүүлсэн бүтээл шүү дээ. Тоглох бүрт ер бусын мэдрэмж төрдөг. Ер нь бүх л уран бүтээлээрээ сонсогчдын сэтгэлийг хөглөх, татах, урам зориг өгөхийг хүсдэг дээ.
3. Хэр эртэч вэ. Өглөө бүр хийж хэвшсэн зүйл бий юү?
Энхгэрэл: Тийм ч эртэч хүн биш. Ажиллаж буй уран бүтээл, төлөвлөгөөнөөс хамаараад өглөөг янз бүрээр эхлүүлдэг. Гэхдээ аль болох эрт босохыг хичээдэг. Өглөө босоод хамгийн түрүүнд ус ууж хэвшсэн. Биед маш сайн.
Дэлгэрцэцэг: Эртэч биш. Ихэвчлэн оройн цагаар бичлэг, тоглолт, арга хэмжээтэй байдаг учир өглөөд аль болох амрахыг хичээдэг. Олонх урлагийн хүний амьдралын хэв маяг ийм байх.
4. Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?
Энхгэрэл: Ажлаа бүрэн амжуулж дуусгасны дараа сэтгэл хангалуун байдаг. Тийм үедээ өөртөө цаг гаргана. Ном унших, кино үзэх, шинэ, сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл олж авах, хүүхдүүдтэйгээ тоглох дуртай.
Дэлгэрцэцэг: Төлөвлөсөн бүх ажлаа дуусгачихаад сайн чанарын хундага дарс уух дуртай. Мөн наранд биеэ ээж сууж дуртай. Тэгж тайван, налайж суух сайхан санагддаг.
5. Амьдралдаа тохиолдсон таагүй үйл явдлыг хэрхэн даван туулдаг вэ. Юу танд хүч тэнхээ өгдөг вэ?
Энхгэрэл: Таагүй зүйлсийг даван туулах хамгийн үр дүнтэй арга бол бүжгийн дасгал. Харахад биеийн хөдөлгөөн мэт боловч цаанаа бясалгал, бухимдал тайлах зэвсэг болдог. Бие таагүй, зарайсан үед ч дасгалаа маш эрч хүчтэйгээр хийхэд хөлс гадагшилж, таагүй байдал арилдаг. Бүжиг нь хүний сэтгэл зүйг биеийн хөдөлгөөнөөр дамжуулан тэнцвэржүүлдэг гэхэд болно.
Дэлгэрцэцэг: Би их өөдрөг. Мэдээж амьдралд таагүй үйл явдал тохиолдоно. Тэр үед “Үүнээс дор зүйл тохиолдож болох байсан. Тиймээс даваад гар” гэж өөртөө хэлдэг. Гутарч, шаналж суух дургүй. Ер нь ч таагүй, муу зүйл тохиолдоход даваад гарах, хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх ёстой шүү дээ. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг шиг бэрхшээлийг даваад л, урагш тэмүүлж амьдрах ёстой.
6. Хайр ямар өнгөтэй, ямар хэлбэртэй, ямар амттайг хэн ч мэдэхгүй. Харин хайр гэх зүйл зүрхийг хүчтэй цохилуулдаг гэдгийг бүгд мэддэг. Та хайрыг хэрхэн төсөөлдөг вэ?
Энхгэрэл: Хайр бол хамгийн хүчтэй мэдрэмж. Би хайрыг нартай зүйрлэмээр байна. Гэрэл гэгээ, халуун дулаан.
Дэлгэрцэцэг: Тийм гэхийн аргагүй сонин. Өвдөлт ч юм шиг, шатаж буй ч юм шиг мэдрэмж зүрхэнд төрүүлдэг. Өнгөөр зүйрлэвэл улаан.
7. Та хэр зөрүүд вэ. Ямар тохиолдолд энэ зан тань илэрдэг бол?
Энхгэрэл: Би жаахан зөрүүд. 2015-2016 онд СУИС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн ахлагч С.Дулам багшийнхаа судалгаанд суурилан “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” гурамсан бүжгэн жүжгийн анхных болох “Хөмөргөн гурвалжин” бүжгийг дэглэх явцдаа зөрүүд гэдгээ улам л мэдэрсэн.
Дэлгэрцэцэг: Нэлээд зөрүүд, дураараа. Би үхрийн ордынх. Зурхайд энэ ордынхны зан төлөвийг зөрүүд гэсэн байдаг юм билээ. Төлөвлөсөн зүйл бодсоноор болохгүй үед, эсвэл миний зөв гэдгийг бусад хүн мэдсээр байж хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд зөрүүдэлдэг.
8. Ямар хоббитой вэ. Хобби тань танд ямар зөв дадал суулгасан бэ?
Энхгэрэл: Би хоббигоо мэргэжил болгосон хүн. Багаасаа л урлагийн, тэр дундаа бүжгийн хүн болно гэж мөрөөдсөн. Мөрөөдлөө ч биелүүлсэн. Мөн амьдралын хэв маяг, дадал болгосон.
Дэлгэрцэцэг: Сүүлийн үед халуун иогоор хичээллэдэг болсон. Биеийн эрүүл мэндээс авхуулаад сэтгэл санааг ч тайван болгодог нь таалагддаг.
9. Шийдвэр гаргахдаа хэр удаан тээнэгэлздэг вэ. Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр тань юу байв?
Энхгэрэл: Шийдвэр гаргахдаа нэлээд удаан боддог. Хамгийн чухал нь амьдралын ханиа сонгох. Энэ сонголт минь миний хамгийн том, зөв шийдвэр байлаа.
Дэлгэрцэцэг: Шийдвэр гаргахдаа нэг их тээнэгэлздэггүй. Гэхдээ дотор хүнээ сонсохыг хичээдэг. Тэгж гаргасан шийдвэр бурууддаггүй гэж боддог юм. Тиймдээ ч “Зөв цагт, зөв хүнтэй, зөв зүг рүү яваасай” гэж залбирдаг. Өнөөдрийн байгаа минь өнгөрсөнд оновчтой шийдвэр гаргасны илрэл гэж бодож байна.
10.Та төрөлхийн хараагүй хүнтэй уулзжээ. Түүнд шар өнгийг хэрхэн тайлбарлаж ойлгуулах вэ?
Энхгэрэл: Хэрэв хараагүй хүнтэй уулзвал харахгүй байгаа зүйлийг нь хэрхэн тайлбарлахаа үнэхээр мэдэхгүй юм. Өмнө нь энэ талаар бодож байсангүй. Халуун дулаан мэдрэмжтэй л зүйрлэх болох уу.
Дэлгэрцэцэг: Нартай л зүйрлэнэ дээ. Нүд гялбам хурц, сэтгэл татам дулаан, хайр дүүрэм сайхан гэж тайлбарлана.