Монгол Улс ховор амьтнаа хэрхэн судалж, яаж хамгаалдаг талаар амьтан судлаач, доктор Б.Мижиддоржтой ярилцлаа.
-Та ховор амьтан хамгаалж, судлаад 28 жил болжээ. Ажлын гараагаа хаанаас эхлэв?
-Би 1981 онд МУИС-ийг агнуурзүйч, биологийн багш мэргэжлээр төгсөж, 1983 он хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, 1983-1992 онд Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт амьтан судлаачаар ажиллаж байлаа. 1992 оноос Говийн их дархан цаазат газарт судалгаа хариуцсан мэргэжилтэн, хамгаалалтын захиргааны даргаар 20 гаруй жил ажиллажээ.
Энэ хугацаанд Алтайн өвөр говийн хөхтөн ховор амьтдын талаар судалж, улмаар 2006 онд “Мазаалайн биологи, экологийн зарим онцлог, хамгаалал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 28 жил судалгаа хийхдээ “Говийн баавгай-мазаалай”, “Алтайн чанад говийн хөхтөн амьтад”, “Монгол тэмээ үржүүлэх уламжлалт арга ухаан, өв соёл” зэрэг 10 гаруй ном бичжээ. Мөн гадаад, дотоодын сэтгүүлд эрдэм шинжилгээний 45 өгүүлэл бичиж, нийтлүүлэн, олон улсын хуралд 10 гаруй удаа илтгэл тавьсан. Одоо “Ховор амьтдын судалгаа, менежментийн нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу “Эко-Ази” байгаль орчин, менежментийн дээд сургуулийн магистрын оюутнуудад “Байгалийн нөөцийн хамтын менежмент” хичээл заадаг. Мөн байгаль орчны зарим төсөлд зөвлөхөөр ажиллаж буй.
-1990-ээд оны үед ховор амьтнаа хэрхэн судалдаг байсан бол?
-Зэрлэг амьтдаа ихэвчлэн автомашинаар, хааяа жижиг онгоцоор яван тоолж, бүртгэдэг байв. Хоёр нүдний дуран, тэмдэглэлийн дэвтэртэй л их “найзалдаг” байлаа. Өндөр уулын оройд гарч дурандаад, тэмдэглэлийн дэвтэртээ харсан амьтнаа газрын нэр, байршил, цаг хугацаатай нь бичнэ. Мөн луужин ашиглаж зүг чигээ тодорхойлно. Энэ үед амьтдын тоо толгой, амьдрах орчны ерөнхий төлөв байдлыг голчлон судалдаг байсан. Дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1990 оноос Америкийн эрдэмтэн, доктор Ж.Шаллертай хамтран мазаалайд, 1993 онд ирвэс судлаач Том Маккартитэй хамтарч ирвэст радио дохиололтой хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэлсэн. Орчин үед судлаачид сансрын дохиололтой хүзүүвч, автомат камер ашиглан илүү нарийн мэдээлэл цуглуулах боломжтой. Мөн тухайн зүйл амьтны цус, үс, ялгадасны дээжийг цуглуулж, лабораторид шинжлүүлэн генетикийн онцлог, хүйс, удам төрлийн холбоог тодорхойлдог болсон.
-Ямар, ямар амьтан судалж байв?
-Говийн их дархан цаазат газарт ирвэс, мазаалай, хавтгай, цоохондой, аргаль, янгир, хулан зэрэг хөхтөн амьтдын тархац, байршил, тоо толгойд мониторинг хийх, амьдрах орчин, идэш тэжээлийг нь судалж байв. Тухайлбал, мазаалайн үсний дээж, ялгадас цуглуулж лабораторид шинжлүүлж, Захуйн говьд хавтгай тэмээг гаршуулан үржүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэсэн.
-Монголд хавтгай тэмээг хэрхэн судалдаг вэ?
-Анх 1900 онд Оросын жуулчин В.Ф.Ладыгин Монголын говиор аялахдаа зэрлэг тэмээ байдаг тухай мэдээлэл цуглуулж тайландаа бичсэн. Үүний дараа 1930-аад онд манай улсад ажиллаж байсан, газарзүйч эрдэмтэн А.Д.Симуков говьд зэрлэг тэмээ буюу хавтгай байдаг талаар мэдээлэв. Тэр цагаас хавтгайн судалгаа хийгдэж, 1940 оноос тоо толгойн талаар хэвлэлд нийтлэгдэж эхэлсэн. Энэ хугацаанд хавтгайн тоо 300-800-гийн хооронд хэлбэлзсэн байна. Хамгийн сүүлд 2014 онд Лондоны амьтан судлалын нийгэмлэг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс зохион байгуулсан тооллогоор манай оронд 623 хавтгай байна гэсэн дүн гарсан. Үүнээс үзвэл энэ амьтны тоо толгой өсөөгүй. Хавтгайг судлах ажлыг Биологийн хүрээлэн, “Монголын хавтгай тэмээ хамгаалах сан” ТББ голлон гүйцэтгэж ирсэн. Харин гаршуулан, үржүүлэх ажлыг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 1987 оноос эхлэн хэрэгжүүлж, 2004 оноос хойш Английн Хавтгай хамгаалах сантай хамтарч байна.
Хавтгай үржүүлгийн төвд эл амьтан одоогоор 30 гаруй толгой бий. Гаршуулсан сүргээс нийтдээ 20 гаруйг нь зэрлэг сүрэгт нийлүүлж, сулласан. Энэ нь хавтгайг гаршуулан үржүүлэх боломжтойг дэлхий дахинд нотлон харуулсан юм. Мөн хавтгайн тоог нэмэгдүүлэхэд ч зохих нөлөө үзүүлсэн. Гаршуулсан хавтгайн буур, ингийг орооны үржлийн үед арванхоёрдугаар сараас эхлэн хавар дөрөв, тавдугаар хүртэл үржүүлгийн хашаанд тэжээн, зун, намартаа задгай бэлчээрт малчин хариулдаг.
-Яагаад заавал ороо нь орсон үед үржүүлгийн төвд аваачдаг юм бол?
-Ороо нь орсон буур их догшин авиртай болж хүн рүү дайрдаг тул нутгийн иргэдийг аюулгүй байлгах. Мөн хавтгайн буур орооны үедээ айлуудын тэмээний ингэ хураана, эсвэл хавтгайн ингэ айлын бууртай үржилд ордог. Тийм учраас хавтгайн генийн санг хамгаалахын тулд орооны үед нь тусгаарлаж үржүүлгийн төвд байлгадаг юм. Үржүүлгийн төвд хавтгайн зан төрх, биеийн онцлог, идэш тэжээл гээд олон төрлийн ажиглалт, судалгаа хийх боломжтой.
-Ховор амьтад өсөхгүй олон шалтгаан байдаг байх. Энэ талаар нарийвчлан тогтоосон судалгаа хэр хийгдэж байна?
-Говьд амьтдын идэш тэжээл, ундаалах ус хомс байдаг. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж зарим жилд хур тунадас орохгүй тохиолдол ч бий. Булаг шанд ширгэж усгүй болоход цангаж үхэх аюул нүүрлэдэг. Тийм учраас 1980 оноос эхэлж Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хавар, намрын улиралд нэмэлт тэжээл тавих, шинээр уст цэг гаргах зэрэг биотехникийн арга хэмжээ өнөөг хүртэл авч байгаа. Мэдээж зэрлэг амьтдын орон зайн байршил, шилжилт хөдөлгөөн, тоо толгой, идэш тэжээл гээд олон төрлийн судалгааг судлаачид хийж байгаа. Хангай бус, говийн хэт гандуу бүсэд амьдардаг амьтад хоол хайж, өргөн уудам газарт нүүдэллэдэг. Онгон зэлүүд нутагт амьдардаг учир амархан үргэж, дүрвэх зэргээр нэг газраа тогтож байрладаггүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч говьд унах хур тунадасны хэмжээ жилээс жилд буурч байгаа нь зэрлэг амьтдын хоол тэжээл хомсдож, хэвийн үржих нөхцөлийг хязгаарлах нэг гол шалтгаан болдог. Тухайлбал, Алтайн өвөр говийн хамгийн том баянбүрд Шархулст гэх газарт олон жил бороо ороогүй тул байгалийн нөхөн сэргэх чадвар алдагдаж, аргаль, янгир зэрэг олон зүйл амьтан өөр тийш нүүдэллэсэн.
-Амьтдын тоо толгойн хорогдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Говийн их дархан цаазат газарт хүн, машины хөл, хөдөлгөөнийг илүү хязгаарлаж, хамгаалалтын горим дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэй. Жишээлбэл, хавтгай үргэхдээ 70-80 км явж байж тогтдог. Хууль бус алт олборлогчдын хөл хөдөлгөөнөөс болж амьтад ихээр үргэж буй. Мөн янз бүрийн судалгааг хязгаарлаж, цөөн хүмүүс дархан газарт нэвтэрдэг байх нь чухал. Дархан газрын хилийн цаахан талд Хятадын Ганьсу мужид том усан сан байгуулж, автомат камер байршуулжээ. Үүний дараа тэнд хавтгайн тоо толгой эрс нэмэгдэж буйг Хятадын хэвлэлд мэдээлэх болсон. Зэрлэг амьтад ус, бэлчээр сайтай газар бараадан нүүдэллэх, эсвэл үргэсний улмаас хил давж гарах магадлал өндөр. Амьтад манай улсын хил давж Хятадын нутагт орох боломжтой цөөхөн газар бий. Сүүлийн жилүүдэд манай судлаачид үүнийг хянахын тулд тэдгээр цэгт автомат камер байрлуулж, судалж байна.
2017 оны өвөл Монгол бөхөнгийн тоо толгой мялзан төст өвчний улмаас 50 орчим хувиар хорогдож, 5000 хүрэхгүй үлдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөн, бэлчээрийн даац хэтэрч, улмаар хар сүүлт, бөхөн, аргаль, янгирын тархац нутаг хумигдаж, идэш тэжээл хүрэлцэхгүй болж байгаа.
Говийн цөөн тооны булаг, шанд, ил задгай ус, худаг зэргээс олон мал, амьтан ундаалдаг учраас амархан бохирддог. Энэ нь мал, амьтны халдварт өвчин гарах нэг эх үүсвэр болж буй. Тухайлбал, хавтгай ундаалсан уснаасаа халдвар авч үхсэн тохиолдол гарч байв. Амьтдын ундаалдаг усыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил манай улсад огт хийж байгаагүй.
-Хулгайн ан амьтдын тоо толгойд хэр нөлөөлдөг вэ?
-Алтайн өвөр говьд хулгайн ан тийм ч их гардаггүй. Нутгийн малчид нь хулан, хавтгай агнасан цөөн хэрэг гарч байсан. Нутгийн иргэд ховор амьтдыг агнаж болохгүй гэдгийг мэддэг. Хэрвээ тийм зөрчил гарвал дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шууд л мэдээлдэг.
-Ховор амьтан хамгаалах ажилд иргэд хэр оролцож байна?
-Зэрлэг амьтдыг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо маш чухал. Тэдэнд ухуулга хийж, хулгайн ан, хууль бус алт олборлолт, ховор амьтны тухай мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг. Тухайн газарт амьдарч буй зэрлэг амьтдын тоо толгой, шилжилт, хөдөлгөөн, амьдрах орчны өөрчлөлтийг нутгийн иргэд л хамгийн сайн мэдэрч, мэддэг билээ. Тийм болохоор зэрлэг амьтан хамгаалахдаа нутгийн иргэдийг түшиглэж, тэдэнтэй мэдээлэл солилцож байвал илүү үр дүнтэй.
Нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль, амьтан хамгаалах ажилд туслах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн олон бий. Гэвч ямар амьтныг, яаж хамгаалах талаар мэдээлэл хомс учир тэдгээрийн ихэнх нь зөв ажилд хөрөнгө оруулдаггүй. Хамгийн гол нь тэднийг үнэн зөв, ил тод мэдээллээр хангах, нөгөө талаар тэдгээр байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, олон нийтэд сурталчлан, дэмжих хэрэгтэй.
-Дийлэнх ховор амьтны судалгааг олон улсын байгууллага, төсөл, өөр улсын судлаачдын дэмжлэгтэйгээр хийж буй. Хэр үр дүнтэй байдаг бол?
-Манай оронд амьтдын судалгааг ихэнхдээ Дэлхийн байгаль хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Олон улсын баавгайн нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр хийж байна. Манай орны эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиуд ч өөрсдийн хүрээнд судалгаа хийсээр байгаа. Гэвч манай улсад зэрлэг амьтны судалгаа нь нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй явагдаж, зарим амьтны судалгаа орхигдох зэрэг олон дутагдал бий. Халиун буга, цоохор ирвэс, мазаалай зэрэг ховор амьтныг хамгаалах хэд хэдэн хөтөлбөр төр, засгаас баталсан боловч санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүйгээс хэрэгжилт, үр дүн нь тааруу байдаг.
Миний бодлоор, дэлхий дахинд ховордсон олон зүйл амьтантай манай оронд амьтан, ургамлын асуудлыг төрийн нэгдсэн бодлогоор удирдан зохицуулах тусгай агентлаг, эсвэл БОАЖЯ-нд Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтэс байх нь зүйтэй. Энэ нь эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их дээд сургууль, ТББ-уудтай давхцахгүй, тодорхой чиглэлээр дагнан судалгаа хийх. Мөн тэдгээрт гадаад, дотоодын төсөл, төсөв санхүүжилтийг чиглүүлж, дорвитой үр дүн гаргахад нэн чухал.
-Төрөөс үлийн цагаан оготныг хордуулж хөнөөх болохоор хэдэн тэрбумаар нь төсөвлөдөг. Харин судлаачид нь эрдэм шинжилгээний ажил хийх гэхээр төсөв, мөнгө олддоггүй. Энэ талаарх бодлоо хуваалцана уу?
-Угаасаа манай орны судлаачид эрдэм шинжилгээний төсөв бага болохоор ихэнхдээ гадаадын төслийн хүрээнд, харь орны судлаачидтай хамтарч, амьтан, ургамлаа судалж байна. Ер нь биологийн олон янз байдлыг хамгаалах, менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааны судалгаанд тулгуурлах ёстой.
Үлийн цагаан оготно тал хээрийн экосистемд тодорхой үүрэг оролцоотой амьтан. Энэ амьтны тоо толгой олшрох, эсэхийг байгаль өөрөө зохицуулж байх ёстой. Иймээс энэ амьтныг устгахад улсаас олон тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй.
Цаашдаа ШУА-ийн хүрээлэнгүүдийн судлаачид судалгаа хийх төсөв, зардлыг нэмэх шаардлагатай. Мөн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төр, засгаас дорвитой өөрчлөлт хийх цаг болсон. Зэрлэг амьтад байнга нэг газартаа байхгүй, үргэлж хөдөлж, шилжиж, нүүдэллэж, амьдрах орчин нь хувьсахын хэрээр тоо толгой нь өөрчлөгддөг. Тийм болохоор олон хоногоор хээр явж, ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, тэвчээр их шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бэлтгэсэн: О.Алуунгуа