Монголд хөгжөөд 55 жил болж буй нисэх загварын спортын “Зуунбилэг” клубийн нэрэмжит жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын шилжин явах цомын төлөөх тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт боллоо. Тэмцээнд 15 тамирчин эхлэн сонирхогч, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдсөн юм. Аваргын төлөө Улаанбаатар хотын шилдгүүдтэй орон нутгаас Төв аймгийн тамирчид эн тэнцүү өрсөлдөв. Тэднээс спортын мастер Ж.Баярбат, Х.Отгонбат нар шавь нартайгаа оролцож, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан. “Шинэ зуун билэг” бүрэн дунд сургуулийн сурагч, ах, дүүс өсвөр үе, эхлэн сонирхогчдын ангилалд аваргалж, шилжин явах цом гардсан бол дасгалжуулагч Д.Мөнхмандах нь насанд хүрэгчдийнхэд түрүүлсэн нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон юм. Багш нь шавьтайгаа, ах нь дүүтэйгээ аваргаар тодрох нь спортын ертөнцөд ховорхон тохиох баярт мөч. Багануур дүүрэгт орших Дархан ноён хутагт хэмээх газарт энэ сарын 12-13-нд болох чөлөөт нислэгийн УАШТ-д өрсөлдөх тамирчдыг сорилго гурван тэмцээний нийлбэр дүнгээр шалгаруулж, шигшээ баг бүрдүүлэн Польш улсад ирэх жил зохион байгуулах ДАШТ-д сойх юм.
Нисэх загварын тамирчдаас 1980 онд анх таван мастер төрсөн бол өдгөө ОУХМ цолтон 21 болжээ. Тус спортоор хичээллэдэг тамирчдын олонх нь ШУТИС-д механик инженерийн мэргэжлээр суралцаж, Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг юм байна.
2015 онд Монголд зохион байгуулсан нисэх загварын спортын чөлөөт нислэгийн ДАШТ-ий резинэн хөдөлгүүрт F1B ангилалд М.Гонгор түрүүлж, Монгол Улсын агаарын болоод техник загварын спортод амжилт гаргасан анхны дэлхийн аварга болсон юм. Түүнийг 2016 онд Гавьяат тамирчин цолоор шагнажээ.
Тэмцээний эхлэн сонирхогчдын ангилалд “Шинэ зуун билэг” бүрэн дунд сургуулийн 6б бүлгийн сурагч Д.Тэмүүжин түрүүлж, Б.Оюут II, Н.Хатансайхан, Б.Билгүүн нар III, IV байрт шалгарав.
Өсвөр үеийнхнээс “Шинэ зуун билэг” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, спортын мастер Д.Буяндорж аваргаар тодорсон бол З.Чингис, Б.Наранбаатар нар удааллаа.
Насанд хүрэгчдийн ангиллаас спортын дэд мастер Д.Мөнхмандах тэргүүлж, спортын мастер Ж.Баярбат аман хүзүүдэн, Д.Билэгзаяа III байр эзэлсэн юм.
“Зуун билэг” клубийн тамирчин, “Шинэ зуун билэг” бүрэн дунд сургуулийн сурагч Д.Буяндоржийг “Шинэ танил” буландаа урьж ярилцлаа.
-Тэмцээний аваргаар тодорч, шилжин явах цомын эзэн болсонд баяр хүргэе. Нисэх загварын спортын жолоодлогот уран нислэгийн төрлөөр сонирхож хичээллэсэн түүхээ сонирхуулаач?
-Баярлалаа. Нисэх загварын спортоор хичээллэдэг хамаатны минь ах намайг ийш нь авчирсан. Ахаараа онгоц хийхийг заалгаж, дасгалжуулагч Д.Мөнхмандах багшийн шавь болж, удирдлагад нь хичээллэсэн. Би эхлэн сонирхогч байгаад тамирчин болсон тул ур чадвараа жилээс жилд ахиулж байна. Миний хувьд энэ удаа шилдгүүдтэй өрсөлдсөн хүндхэн тэмцээн боллоо. Тэднийг ялахын тулд өөрийгөө дайчилсан. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Дэлхийн цом, УАШТ-д гурван удаа түрүүлсэн З.Чингис. Бид аваргын цомын төлөө ширүүн өрсөлдсөн. Түүнтэй энгийн үед сайхан нөхөрлөдөг ч ялахын тулд маш их хүчээл зүтгэл гаргалаа. Өнгөрсөн жил аман хүзүүдсэн болохоор энэ удаа заавал түрүүлнэ гэсэн бодолтой нислэгийн талбайд ирсэн.
-Ах, дүүс өрсөлдөгчдөө буулган авч, ангилал тус бүртээ аваргаар тодорсон нь онцгой тохиолдол байлаа.
-Дүү минь намайг дагаж хичээллээд, эхлэн сонирхогчдын ангилалд оролцсон. Надаас хурдан сурч, богино хугацаанд амжилт гаргалаа. Би дүүгээ тэмцээнд түрүүлнэ гэж бодоогүй. Алтан медаль хүртсэн дүүгээрээ их бахархаж байна. Тэмцээнд багш, дүүтэйгээ түрүүлж, өөрийгөө аваргын цом гардана гэж огт төсөөлөөгүй. Мартагдахааргүй дурсамж боллоо.
-Олон улсын тэмцээнд өрсөлдөж, өөрийгөө сорив уу?
-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд өнгөрсөн жил ОХУ, БНХАУ-д болсон нисэх загварын жолоодлогот уран нислэгийн олон улсын тэмцээнд оролцсон. ОХУ-ын тэмцээнд түрүүлж, Хятадынхад IV байрт шалгарч байв. Азийн орнуудаас Японд энэ спорт өндөр хөгжсөн. Тиймээс тамирчдынх нь бичлэгийг сонирхож үздэг. Сүүлийн жилүүдэд Украин, Хятадын өсвөр үеийн тамирчид хүчтэй өрсөлдөх болсон. Би ирэх жилээс чөлөөт нислэгийн төрлөөр хичээллэж, тэмцээнд оролцохоор зорьж байгаа.