Гавьяат тамирчин Т.Батчимэг Дэлхийн шатрын холбооны мастер Б.Ану
Монголын шатрын спортын хөгжлийг түүчээлж, авьяас, ур чадвараа хөгжүүлж яваа олон тамирчин бий. Тэд гадаадын томоохон тэмцээнүүдэд өрсөлдөж, гаргасан амжилтаараа эх орноо сурталчилж, өөрийгөө ч таниулсан. Дэлхийн шатрын холбооноос өнгөрсөн долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 30 хүртэл зохион байгуулсан шатрын цахим анхдугаар олимпиадад манай баг тамирчид бөмбөрцгийн шилдгүүдтэй тэргүүн хэсэгт тоглож, V байрт шалгарсан юм. Шатрын хөлөг дээр эн тэнцүү тулалдаж, хүчтэй өрсөлдөгчдөө буулган авч, баг тамирчдаа амжилт руу хөтөлсөн шатарчдын нэг бол Гавьяат тамирчин, их мастер, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Мончесс” академийн тамирчин Т.Батчимэг. Тэгвэл сонирхогчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны мастер, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Ану тус олимпиадад оролцсон тамирчдынхаа тоглолтыг ABChess шууд дамжуулалтын хуудсаар үзэгчдэд тайлбарлан хүргэсэн билээ. Тэднийг “Залуус” буланд зочноор урилаа.
-Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулсан шатрын цахим анхдугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцож, V байр эзэлсэн. Тэргүүн хэсэгт дэлхийн 40 орны шилдэг багтай эн тэнцүү өрсөлдсөн нь шатар сонирхогчдын сонирхлыг их татлаа.
Б.Ану: -Монголд спортын уралдаан, тэмцээн цар тахлын улмаас нэг хэсэгтээ зогссон. Гэсэн ч Дэлхийн шатрын холбоо давуу талаа ашиглан шатрын анхдугаар олимпиадыг цахимаар зохион байгууллаа. Монголын шатрын холбоо үндэсний их баяр наадмын өмнө Мэдээллийн технологийн үндэсний паркт сонгон шалгаруулалт хийж, тус олимпиадад өрсөлдөх тамирчдад эрх олгосон юм. Өмнө нь 2008 онд манай эмэгтэй тамирчид В, C хэсэгт алт, эрэгтэйчүүд 2018 онд шатрын 43 дахь олимпиадад В хэсэгт мөнгөн медаль хүртсэн. Тус олимпиадад оролцсон дэлхийн 163 орны баг тамирчид А, В, С, D гэсэн хэсэгт хуваагдаж тоглосон. Манай шатарчид чансаагаараа эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн нийлбэр оноогоор Азидаа шилдэг тавд багтсан тул энэ удаа тэргүүн хэсэгт тоглолоо. Багуудыг цагийн бүсчлэл, чансаагаар нь хуваарилахад манайхан дэлхийн шатарчдын хэллэг болох “Үхлийн хэсэг”-т Энэтхэг, БНХАУ, ХБНГУ, Гүрж, Иран, Узбекистаны багтай өрсөлдсөн. Эдгээр орон шилдэг шатарчин төрүүлэхийн тулд тамирчдаа бүх талаар дэмжин, хөгжүүлдэг.
-Та баг тамирчдынхаа тоглолтыг тайлбартай хүргэсэн. Өөрийг тань тус олимпиадад оролцоогүйд гайхсан хүн цөөнгүй байна билээ.
-Тус олимпиадад оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад би хараахан багтаагүй. Энэ жил их мастер С.Билгүүний хамт ABChess шууд дамжуулалтын хуудсыг нээж, Монголдоо зохион байгуулсан шатрын цахим тэмцээнүүдийг тайлбартай хүргэж байгаа. Шатрын спорт үзэгч цөөнтэй. Тиймээс онцлог, давуу талыг нь олонд таниулахаар зорьсон юм. Тоглолтыг тайлбартай хүргэснээр олон хүн сэтгэгдлээ хуваалцдаг боллоо. Миний хувьд хүмүүсийн зөвлөгөө, шүүмжлэлийг аль болох зөв талаас нь хүлээж авдаг. Өөрөө мэргэжлийн тамирчин болохоор тэмцээнийг тайлбарлахдаа шатарчдынхаа сэтгэл зүйг хүртэл мэдэрнэ. Энэ удаа баг тамирчдын минь тоглолтыг цахимаар олон хүн үзсэн.
Т.Батчимэг: -Энэ удаагийн цахим анхдугаар олимпиад түргэн тоглолт, эрэгтэй, эмэгтэйчүүдийн холимог багийн төрлөөр явагдсан. Монголын 16 хүртэлх насны өсвөрийн тамирчид дэлхийн шилдгүүдтэй хүч сорьсон. Тамирчин хүний сэтгэлд эх орноо өндөрт өргөж явах үзэл шингэсэн байдаг. Оюуны спорт өндөр хөгжсөн орнууд хүүхдүүдийг багаас нь бэлдэж, шилдэг тамирчин болгодог. Манай улс өсвөрийн шигшээ баг байгуулж, анх удаа тус олимпиадад сойлоо. Тэд шийдвэрлэх тоглолтод багтаа хожил авчирсан. Миний хувьд БНХАУ-ын тамирчин, дэлхийн аварга Хоу Ифаньтай тоглосон. Өмнө нь түүнтэй тэмцээнд таарч байв. Өрсөлдөгчөөсөө эмээлгүй, дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр авьяас, ур чадвар, туршлагаа гаргаж, өөртөө итгэлтэй тоглосон. Түргэн тоглолт 15 минутад өрнөдөг учраас тамирчнаас цагаа сайн хянаж, богино хугацаанд зөв шийдвэр гарган, нүүхийг шаарддаг. Хятадын багийн тоглолтын дараа шатрын спортод хүч түрэн орж ирж буй Энэтхэгийн тамирчин Вайшалийг ялж, Иран, Узбекистаны шатарчдыг дараалж хожсон. Хүчтэй өрсөлдөгчдөө хожиж, багийнхныхаа итгэлийг алдалгүй, өндөр оноо авчирсан нь өөрөө амжилт гаргаснаас илүү том шагнал байлаа.
-Чадварлаг дасгалжуулагчдын удирдлагад манай тамирчид бэлтгэл хийж, амжилттай тоглосон нь тэмцээний үйл явцаас харагдсан.
Т.Б- Манай тамирчдын ерөнхий дасгалжуулагчаар их мастер Б.Гүндаваа ажилласан. Бид дасгалжуулагчдынхаа зөвлөсний дагуу тоглосон. Монголын шатрын холбоо энэ жил үндэсний шигшээ баг бүрдүүлж, дасгалжуулагчаар нь Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од, спортын дэд мастер Ч.Баттүвшин, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар их мастер Д.Шаравдорж, Ц.Батсайхан багш нар ажиллаж байна. Эдгээр дасгалжуулагчийн бэлтгэсэн шавь нар цахим олимпиадад сонгогдож тоглолоо. Дасгалжуулагч нар олимпиадаас өмнө хуваарь гаргаж, шавь нараа бэлдсэн. Тэд дараагийн тэмцээнүүдэд энэ мэтчилэн гар, сэтгэл нэгдэж ажиллавал үр дүн илүү гарна. Өсвөрийн шигшээ багийнхан анх удаа олимпиадад оролцохдоо гадаадын тамирчдаас дутахгүй авьяас, ур чадвар, зориг, эрч хүчтэйгээ тоглолтоороо харууллаа. Хамгийн гол нь баг тамирчдаа төр, засаг бодлогоор дэмжвэл амжилтад нь ахиц гарах юм. Бид шатар өндөр хөгжсөн гүрнүүдийн тамирчидтай оюун ухаанаараа эн тэнцүү өрсөлддөг ч хөрөнгө, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг.
Б.А: Шигшээ баг байгуулсан нь тамирчдын хувьд сэтгэл зүйн дархлаа болсон. Тэмцээнд амжилт гаргахад бие, сэтгэл зүйн байдал их нөлөөлдөг. Тэдэнд би шигшээ багийн тамирчин шүү гэж эх орноо төлөөлж, гадаадын тэмцээнд оролцох нь хүртэл нэр хүндтэй санагдана шүү дээ.
САЙН БАГШ ШАВИА АМЖИЛТЫНХ НЬ ЕРТӨНЦӨД БУЦААН АВЧИРДАГ
-Тамирчид багшийнхаа зөвлөснөөр тоглож, амжилт гаргадаг. Манай дасгалжуулагчид шавь нараа өвөрмөц арга барилаар бэлтгэл хийлгэв үү?
Б.А: Тийм ээ. Тухайлбал, их мастер Б.Гүндаваа “Гэгээн арвай” шатрын клуб байгуулж, хүүхдүүдийг бэлтгэхийн зэрэгцээ залуу тамирчидтайгаа түлхүү ажиллаж байна. Түүнээс сайн дасгалжуулагч болох авьяас харагддаг. Тэрбээр олон улсын мастер Д.Батсүрэн, Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул нарыг бэлтгэж, цахим олимпиадад оролцуулахад чамлахааргүй амжилт гаргасан. Тэгвэл спортын дэд мастер Ч.Баттүвшин “Дагшаахүү” клуб, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Түүний шавь нараас өнгөрсөн жил Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа УАШТ-д түрүүлж, хамгийн залуу аваргаар тодорсон. Олон улсын их мастер Д.Батсүрэн 20 хүртэлх насныхны тамирчидтай өрсөлдөхдөө дайчин, шийдэмгий, сонирхолтой гоё тоглолтууд харуулсан. Энэ насныхны ангилалд тоглодог ширээнээс тухайн орны тамирчны шатрын замналын ирээдүйг тодорхойлж болдог. Тамирчдынх нь ур чадвараас тэр улсын шатрын ирээдүй харагддаг гэсэн үг. Манай Д.Батсүрэн дэлхийн алдартай их мастеруудыг уран, гоё нүүдлээр хожиж, эмээлгэдэг тамирчин. Түүний тоглолтыг тайлбарлахад урамтай. Тэрбээр их мастерын гурван баллтай. Гадаад чансаагаа 18-аар ахиулчихвал их мастер цол хүртэнэ. Хэрвээ их мастер болбол Монгол Улсын хамгийн залуу их мастер цолтнуудын амжилтыг эвдэх юм. Манай тамирчдаас одоогоор С.Билгүүн ийм амжилтын эзэн болсон.
Т.Б: Их мастер Д.Шаравдорж “Хан Алтай” клуб байгуулж, хүүхдүүдийг багаас нь шатрын спортод бэлтгэж байна. Их мастер Ү.Үүрийнтуяа, Ү.Агьбилэг, Г.Амартүвшин нарыг шилдэг тамирчин болгосон. Шавь нараас нь Ү.Агьбилэг, Г.Амартүвшин нар энэ удаагийн олимпиадад өрсөлдлөө. Би “Мончесс” шатрын академийн дасгалжуулагч Ц.Батсайхан багшийн удирдлагад 25 жил хичээллэж буй. Багш минь дэлхийн шатрын олимпиадад дөрвөн удаа оролцохдоо эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар ажилласан. Монголын дасгалжуулагчдаас шатрын олимпиадад оролцсоноороо хамгийн туршлагатай нь. Манай таван дасгалжуулагч тамирчидтайгаа ажиллахдаа өөр өөрийн арга барилаар ур чадвар, авьяасыг нь нээн хөгжүүлдэг. Тэд шавь нарынхаа сэтгэл зүйг хэрхэн сэргээж, тэмцээнд ямар тактиктай оролцуулахаа сайн мэднэ.
Б.А: Т.Батчимэг эгч шатрын спортоос түр завсарлаад эргэж ирсэн. Түүнийг өмнөх оргилсон амжилтад нь буцаан аваачихад Ц.Батсайхан багшийн хичээл зүтгэл их нөлөөлсөн. Спортын талбарт тамирчин хүн өмнөх амжилтаа дахин давтана гэдэг ховор тохиолдол. Сайн багшийн ур чадвар, туршлага шавиа амжилтынх нь ертөнцөд буцаан авчрахын гайхамшгийг арга барилаас нь харж байлаа. Шатрын түргэн тоглолт тамирчнаас хурдан сэтгэх, зөв шийдвэр гаргахыг шаарддаг тул өөрт буй бүх зүйлээ дайчилдаг. Тухайн шатарчны хэр ур чадвартайг энэ төрлийн тоглолтоос харж болдог.
Т.Б: Би есөн настайдаа багшаараа шатар заалгасан. Өнгөрсөн хугацаанд миний амжилт, ялалт, ялагдалтай маань багш хамт байсан. Багш минь шавь нарынхаа сэтгэл зүй ямар байгааг харц, хөдөлгөөнөөс нь хараад л мэддэг. Хүн урам, дэмээр амьдардаг шүү дээ. Багш шударга зантай. Шавь нартаа магтаал, зэмлэлийг харамгүй хэлдэг. Зэмлэх үедээ хатуу. Нүүрэн дээр нь алдаа, дутагдлыг нь шууд хэлнэ. Миний амьдралд хамгийн их итгэл, урам өгдөг хүн бол багш маань. “Итгэж байгаа хүн байхад хүн босоод ирдэг юм” гэж хэлдэг.
ТӨРӨӨС ДЭМЖВЭЛ МАНАЙ ШАТАРЧИД ДЭЛХИЙД ЦАХИУР ХАГАЛАХ МӨЧ ОЙРХОН
-Т.Батчимэгийн хувьд 2016 он амжилт дагуулсан. Шатрын ертөнцөд эргэн ирсэн даруйдаа Монголын эмэгтэй шатарчдаас эрэгтэй их мастерын анхны нормыг биелүүлж, Гавьяат тамирчин цол хүрсэн байх аа.
-Би 2015 онд ээж болсон. Шатраас хэсэг завсарлаад эргэн ирсэн. Тэр жилдээ насанд хүрэгчдийн шатрын УАШТ-д түрүүллээ. Гавьяат тамирчин цол хүртэхдээ “Энэ хүндтэй шагнал намайг хойшид амжилт гаргаарай гэж итгэл найдвар хүлээлгэсэн эх орны минь даалгавар” гэж бодсон. Миний хувьд дэлхийн шатрын гран при тэмцээнд оролцохдоо Монголын эмэгтэй шатарчдаас эрэгтэй их мастерын анхны нормыг биелүүлсэн юм. Төр, засаг шатрын спортод гаргасан амжилтыг маань үнэлж, энэ эрхэм цолоор энгэрийг минь мялаасан. Тэр жил дэлхийн шатрын олимпиадад оролцож, АНЭУ-д болсон Азийн багийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд хүрэл медаль хүртэж билээ. Миний хувьд 2016 он азтай, одтой байсан. Тэр ч хэрээрээ амжилт, шагнал харамгүй хайрласан. Хүүхэд байхаасаа шатраар “амьсгалж” өссөн болохоор одоо хүүдээ зааж байгаа. Манай гэрт шатар тоглодоггүй хүн байдаггүй. Тамирчин хүнийг амжилт гаргахад ойр дотнынх нь хүмүүсийн дэм тус их нөлөөлдөг. Тиймээс манай гэрийнхэн миний амжилтын төлөө хөдөлмөр, цаг заваа олон жил харамгүй зориулсан.
Б.А: Тамирчин хүн өмнөх амжилтдаа очихын тулд хоёр дахин хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Гэтэл тэр цаг хугацааг богино хугацаанд нөхөж чадсан. Миний хувьд багш, шавь хоёрын хөдөлмөр, хичээл зүтгэлээр их бахархаж билээ. Тэрбээр туршлагатай тамирчин тул өмнө нь бэлтгэл байнга хийж, өөрийгөө хөгжүүлэн ур чадвараа ахиулж байсан нь нөлөөлсөн. Монголын эмэгтэй шатарчдаас Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг эгч нар амжилтаараа дэлхийд хэдийн танигдсан. Монголд олимпын төрлийн спортоо л дэмждэг дутагдал одоо ч байсаар. Үүний нөлөөгөөр тэд гадаадын том тэмцээнүүдэд оролцоогүй өнжсөн тал бий.
-Б.Ану хэнээр анх шатар заалгаж байв?
-Аав минь намайг 10 настай байхад хөлөг дээр шатрын нүүдэл анх заасан. Үүнээс хойш 17 жил тоглож байна. Би одоо Дэлхийн шатрын холбооны мастер цолтой, миний гадаад чансаа 2102. Би өөрийн гэсэн багшгүй ч дээр өгүүлсэн дасгалжуулагч нараас зөвлөгөө авч, тэмцээнээс тэмцээнд оролцон, өөрийгөө хөгжүүлсээр ирсэн. Ажиллахын хажуугаар бэлтгэл хийх зав надад бараг гардаггүй байв. Би шатарт дуртай. Энэ спортын гайхамшгийг мэдэрсэн болохоор олонд давуу талыг нь таниулахаар зорьж байгаа. Би 2008 онд сурагчдын шатрын ДАШТ-ээс мөнгө, 2010 онд сонирхогчдын ДАШТ-ээс мөнгө, 2011 онд алтан медаль хүртсэн. Тухайн үед Монголын эмэгтэй шатарчдаас түрүүлж сонирхогчдын дэлхийн аварга болж, тамирчдаа хойшид амжилт гаргах салхийг нь хагалж билээ. Дээрх тэмцээнүүдээс хүртсэн мөнгөн медаль минь надад урам өгч, олон тамирчныг аварга болох суурийг нь тавьсан.
-Сурагчдын шатрын ДАШТ-д Перу улсын шилдэг тамирчин Кори Дэйситэй тоглож, мөнгөн медаль хүртэж байсныг тань саналаа.
-Тийм ээ, 2008 онд Кори Дэйси намайг хожиж, аварга болж байлаа. Тэрбээр шатрын цахим анхдугаар олимпиадад улсынхаа тамирчидтай нэг баг болж оролцсон. Түүний дүү Кори Хорхе мөн шатар тоглодог. Тэд их мастер цолтой. Өдгөө эгч, дүүс дэлхийн шилдэг шатарчин болжээ.
-Манай үндэсний шигшээ болоод өсвөрийн баг, тамирчдаас хойшид амжилт гаргах ирээдүй харагдлаа. Хамгийн гол нь тэднийг төр, засаг бодлогоор дэмжиж, итгэл, найдвар төрүүлэх хэрэгтэй. Хүүхдээ дэмжин байраа зарж, эсвэл барьцаанд тавьдаг эцэг, эх цөөнгүй. Монголын оюуны спортын тамирчдад тулгамдсан олон асуудал байдгийн нэг нь дэмжлэг, туслалцаа шүү дээ.
Т.Батчимэг: Өсвөрийн тамирчдаас шатрын спортын дэвшил харагдаж байна. Хүүхдээ амжилт гаргуулахын төлөө эцэг, эх нь найз нөхөд, хамаатан саднаасаа зардлын мөнгө зээлж, гадаадын тэмцээнд оролцуулдаг. Авьяас, чадвартай олон хүүхэд ийм асуудлаас болж тамирчны замналаа орхидог. Монголоос шилдэг шатарчид төрүүлэхийн тулд төр, засаг дэмжих нь зүйтэй. Эрсдэлээс айхгүй, хүүхдээ амжилт руу хөтөлсөн олон эцэг, эхээр бахархдаг. Монголд спортын төрлүүдийг олимп, олимпын бус гэж ангилдаг нь зохимжгүй. Эх орныхоо нэрийг гаргаад Дэлхийн шатрын холбооноос олон улсын их мастер цол хүртсэн тамирчдаа сар бүр цалинжуулдаг болчихвол өсвөр үеийнхнийг шатрын спортоор хөгжүүлэхэд эергээр нөлөөлнө. Монголын шатрын спортын хөгжлийг урагшлуулж яваа тамирчдынхаа амжилт, ур чадвар, авьяасыг нь олонд таниулах хэрэгтэй.
Б.А: Үндэсний шигшээ баг одоогоор эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинтай. Тэд шатрын олимпиадад оролцох эрх авсан. Өнгөрсөн долдугаар сард У.Насанжаргал, Г.Мөнхгал нар их мастер, Ү.Агьбилэг олон улсын мастер цол хүртлээ. Мөн эмэгтэйчүүдээс Т.Мөнхзул өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан Азийн залуучуудын цахим тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан. Энэ мэтчилэн шигшээ багийнхан амжилт арвинтай. Монголын шатрын холбоо өнгөрсөн жилийн аравдугаар сарын ээлжит их хурлаараа УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав гуайг ерөнхийлөгчөөр сонгосон юм. Түүнээс гадна мөн Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү тамирчдынхаа хүсэл эрмэлзэл, шинэ санаа санаачилгыг дэмжиж ажилладаг.
-Шатраар хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус бий. Магадгүй нэг нь шийдвэр гаргахдаа эргэлзэж, нөгөө нь шантарч болих гэж байгаа бол зөвлөгөө тань зөв сонголт хийлгэж, буцаан авчрах ч юм бил үү?
Б.А: Хүүхэд байхдаа улсын гурван удаагийн аварга, олон улсын мастер Т.Батцэцэг эгчийн “Шатар намайг хаяна уу гэхээс би шатрыг хаяна гэж юу байх вэ” гэж хэлснийг байнга боддог байлаа. Би тамирчин болоод шатар тоглохын гайхамшгийг бүр их мэдэрсэн. Гадаадын орнууд иргэдээ эх орноо хөгжүүлэх баялаг хэмээн хардаг. Тухайн иргэн улсынхаа баялаг нь байхын тулд сэтгэл зүй нь тогтвортой байх ёстой. Шатар тоглосон хүний оюун ухаан хөгжин, олон зүйлийг зэрэг амжуулах чадвартай болж, зан чанар нь зөв төлөвшдөг. Монголын шатрын холбоо дэлхийн шатрын цахим олимпиадад баг, тамирчдаа амжилттай оролцуулахад маш их хичээл зүтгэл гаргасан. Биеийн тамир, спортын улсын хороо шатрын олимпиадыг оюуны спортын олимпын наадам хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжлээ. Гадаадын зарим орны тамирчид техникийн саатлаас болж хожигдсон тохиолдол бий. Энэ ташрамд, баг тамирчдыг минь тэмцээнд оролцож байх үед хамгийн хариуцлагатай ажлыг найдвартай гүйцэтгэсэн Мэдээллийн технологийн үндэсний паркийн хамт олонд талархсанаа уламжилъя.
Т.Батчимэг: Шатар хүн болгоны сонгодог спорт биш, хичээллэж байгаа нь заавал их мастер болох албагүй. Гэхдээ амьдралд олж авах олон чадвар эзэмшүүлдгээрээ шатрын спорт тустай. Ажиллахын зэрэгцээ шатар тоглоод салбартаа амжилт гаргаж яваа залуус бий. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд хамгийн их нөлөөлөх спорт бол шатар. Эцэг, эхчүүдэд “Хүүхдээ шатрын спортоор багаас нь тууштай хичээллүүлж, өөрт нь хэрэг болох чадваруудыг эзэмшүүлээрэй. Хүүхдийн тань сурсан, мэдсэн, эзэмшсэн бүхэн амьдралынх нь алхам бүрт хэрэг болно. Шатар тоглосноор таны хүүхэд спортын талбарт шударга өрсөлдөж, ялалт, ялагдалд хүлээцтэй, тэвчээртэй хандан, найз нөхөд, өрсөлдөгчөө хүндэлж сурна” гэж хэлье.