“Гэгээн Муза” олон улсын театрын наадам өнгөрсөн сарын 30-нд 15 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус наадмын хоёр хүний жүжгийн төрөлд япон зохиолчийн “Торгон дэнлүү” жүжгээр өрсөлдөж, шилдэг найруулагчаар шалгарсан О.Майдарравжааг “Нямын зочин”-оор урилаа. Тэрбээр СУИС-ийг Б.Отгонбатын удирдлагад төгсөж, өдгөө УДЭТ-аар овоглож яваа юм.
-“Гэгээн Муза” наадмыг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагчид нь хоёр хүний жүжгийн улсын анхдугаар уралдааныг өнгөрсөн жил зохион байгуулсан. Та тус наадамд “Торгон дэнлүү” жүжгээр өрсөлдсөн. Зохиогч болон бичсэн цаг хугацаа нь тодорхойгүй энэ зохиолыг сонгосон шалтгаан тань юу вэ?
-Урлагийн сургуулиудын дунд “3/27” наадам болдог. Төгсөх дамжааны оюутан байхдаа тус наадамд оролцохоор шийдэж, хэд хэдэн зохиол уншиж, судалсан. Тэр үед Ц.Цэлмүүн энэ зохиолыг авчирч өгсөн юм. Эхлээд ойлгоогүй. Шарандаа дахиад уншлаа. Гурав дахиа уншлаа. Тэгж байж зах зухаас нь гадарласан. Эх зохиолоор тэр чигт нь жүжиг хийх амаргүй. Тиймээс хураангуйлж, таван дүртэй, бэсрэг жүжиг болгон “3/27”-д оролцлоо. Өмнө нь хөгжмийн багшаар суралцсан учраас жүжигтээ кабүки, ноо зэрэг японы язгуур урлагийн төрлийг ашиглаж жүжгээ дэглэсэн юм. “Гэгээн Муза” академиас хоёр хүний жүжгийн уралдаан зарлахад уг зохиолыг дахин задалж, хоёрхон дүртэй болгож, ажиллахаар шийдсэн. Оюутан ахуйдаа энэ зохиолыг уншиж, төгсөөд УДЭТ-ын босгыг хамт давсан болохоор Ц.Цэлмүүн эмэгтэй дүрд тоглох нь ойлгомжтой. Харин эрэгтэй дүрдээ хэнийг тоглуулахаа нэлээд бодсон. Ингээд төрх байдал, ур чадвар нь тохирох учраас Г.Ганбатад санал тавьж, тоглуулсан.
-Хоёр хүний жүжгийн төрлийн шилдэг найруулагчийн шагналыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тодруулж, зарлахдаа “Театрын урлагт шинэ найруулагч “төрж” байгаад баяртай байна” гэсэн. Шагнал гардахаа та их сандарсан харагдсан.
-Сандрахаар барах уу. Яг үнэнээ хэлчих үү, би?
-Тэг л дээ.
-Наадмын энэ төрөлд “Блэк бокс” театрын найруулагч С.Мягмар, М.Боролдой, УДЭТ-ын найруулагч О.Итгэлээс авхуулаад гадаадын дөрвөн орны уран бүтээлч өрсөлдсөн. Харин би “Гэгээн Муза” наадамд анх удаа оролцсон залуу уран бүтээлч. “Би шагнал авна гэж мөрөөдөлтгүй. Харин “Торгон дэнлүү”-д минь тоглосон хоёр жүжигчин, ялангуяа О Цүюгийн дүрээр жүжигчин Ц.Цэлмүүн шагнал аваасай” л гэж бодсон. Бас найдсан. Хүсэл минь биелж шилдэг эмэгтэй жүжигчнээр Ц.Цэлмүүн шалгарахад хагартлаа баярласан. Араас нь шилдэг эрэгтэй жүжигчнээр Г.Ганбат тодроход бүр нисчихмээр санагдсан. Тэгтэл Ч.Найдандорж багш намайг шилдэг найруулагчаар тодорсныг зарлахад ухаан балартчих шиг л болсон. Маш их тулгамдсан. Шагналаа хэрхэн гардаж, тайзан дээр юу ч гэж хэлснээ ч санахгүй байна. Тэгж тулгамдахдаа би тайзан дээр том алдаа гаргачихсан. Их харамсаж байгаа.
-Ямар алдаа юм бол?
-Шагнал гардаж, үзэгчидтэй сэтгэгдлээ хуваалцахдаа би надтай хамгийн ойр байж, үргэлж намайг дэмждэг багш нартаа талархаж явдгаа хэлэхээ мартчихсан. Яагаад тэр эрхэм хүмүүсийнхээ нэрийг дурдаагүйгээ гайхаад барахгүй л байна. Их тулгамдсандаа тэр байх даа. Танай сониноор дамжуулан тэр өдөр хэлж чадаагүй үгээ уламжилъя. Намайг театрын урлагт, мэргэжилд минь дурлуулсан хүн бол Б.Отгонбат багш. Түүний биеэ авч яваа байдал, мэргэжилдээ үнэнч байж, ажилдаа хариуцлагатай ханддаг зан гээд бүх зүйлээс нь үлгэр дуурайл авч, суралцахыг хичээдэг. Намайг УДЭТ-т шалгуулж, “Театр” студид дагалдан жүжигчнээр ажиллаж эхлэхэд Ч.Найдандорж багш даан авч байлаа. УДЭТ-ын үндсэн жүжигчин болсныхоо дараа залуу жүжигчид театрын ахмад уран бүтээлчидтэй багш, шавийн барилдлага тогтоодог бичигдээгүй заншлын дагуу Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд шар хадаг барьсан. Үргэлж миний нөмөр нөөлөг болдог багш нартаа талархаж явдгаа хэлье. Маш их баярлалаа.
-Найруулагч гэж дуудуулах эвгүй байна уу?
-Мэдээж эвгүй. Би найруулагчаар сураагүй, жүжигчин л болж яваа. “Торгон дэнлүү” жүжигт ажиллах үедээ найруулагчийн ажлын хэцүүг зах зухаас нь мэдэрлээ. Өөрийгөө сорих гэж хөдөлмөрлөж, сэтгэл зүтгэлээ зориулж ажилласныг минь л үнэлж шагнасан байх. Түүнээс биш найруулагч нэр зүүх хаа ч байсан юм.
-Жүжигчин мэргэжил эзэмшихээсээ өмнө хөгжмийн багшаар суралцсан гэв үү?
-Би “Ирээдүй” цогцолбор сургуульд есдүгээр анги төгсөөд, Соёлын коллежийн морин хуурын ангийг Д.Амарсайхан багшийн удирдлагад дүүргэсэн. Үргэлжлүүлэн хөгжмийн багшаар суралцсан.
-Хөгжмийн багшаараа ажилласан уу?
-Хэсэг хугацаанд ажилласан. Багшилж байхдаа нэг л зүйлийг ойлгосон. Багш гэдэг хэн дуртай нь хийдэг ажил биш юм билээ. Өөртөө ч эргэлзсэн. “Энэ миний хийх ажил мөн үү” гэж. Ингээд багынхаа мөрөөдлийг биелүүлэхээр шийдэж, СУИС-д элссэн.
-Багын тань мөрөөдөл жүжигчин болох байсан хэрэг үү?
-Миний аав дуу оруулагч жүжигчин, өгүүлэхүйн урлагийн уран бүтээлч Ц.Батзандан гэж хүн байлаа. Ховд аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр олон жил ажилласан. Миний ээж бүжигчин. Мөн л Ховд аймгийн Хөгжимт драмын театрт насаараа ажиллаж, тэтгэвэртээ гарсан. Миний дүү жүжигчин Б.Азжаргал. Нөхөр нь жүжигчин Ц.Мөнх-Од. Бага дүү минь зураглаач, бэр жүжигчнээр суралцдаг. Эгч, хүргэн ах ч урлагт элэгтэй. Багадаа аав, ээжийнхээ ажилладаг театрын хонгилоор гүйж, уран бүтээл төрөхийг харж, бригадаар дагаж явдаг байсан минь энэ мэргэжилд дурлахад нөлөөлсөн байх.
-УДЭТ-ын босго даваад хамгийн анх ямар дүрээр тайзан дээр гарсан бэ?
-Оюутан байхдаа “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Ромео, Жульетта” жүжгийн олны хэсэгт оролцдог байлаа. Тэрэндээ ч их дуртай.
-Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийг 2019 онд найруулагч М.Батболд сэргээн тавихад та гол дүрд нь тоглосон. Таны анхны гол дүр үү?
-Уянгын драмын уг жүжгийг үзэгчдэд анхлан хүргэхэд С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нарын чадварлаг жүжигчин тоглосон. Одоо ч үзэгчид тэдний тоглосноор нь санадаг. Тиймээс дахин тавихад нь тоглох болсноо мэдээд их түгшсэн. Тэднээс илүү тоглоно гэж ам гарч чадахгүй учир өөр байлгахыг хичээсэн. Тийм ч болохоор өмнөх тавилтыг нь хүмүүсээр яриулахгүй, бичлэг ч үзэхгүй байхаар шийдсэн. Үзэх л юм бол хуулах, санаа авах магадлалтай. Ингээд “Хайрын виз”-ийн Цэнгэлийн дүрд өмнө нь тоглосон Г.Амгаланбаатар ахаас, бас өөрөөсөө өөр хүн бий болгохыг хичээсэн. Аймхай, аархуу, тэнэгдүү гээд янз бүрээр дүрээ туршиж, эцэст нь сэргэлэн, маш зальжин Цэнгэлийг үзэгчидтэй уулзуулахаар шийдсэн юм.
-Театрын урын сан дахь ямар ямар жүжигт тоглов?
-“Жаргаагүй нар”, “Царцаа Намжил”, “Надтай үлдээч” зэрэг сүүлийн жилүүдэд үзэгчдэд хүргэсэн ихэнх жүжигт тоглож байгаа.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч тань хэн бэ?
-Театрынхаа ахмад уран бүтээлчид болон үе тэнгийн залуусаас ч үлгэрлэдэг. Хүн бүрт авууштай чанар бий. Онцолбол, Б.Отгонбат багшийгаа, С.Болд-Эрдэнэ, Э.Тодгэрэл ахыг хэлнэ. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн мэргэжлийн уран чадвараас суралцахыг хичээдэг. Гол дүрүүдээс гадна туслах дүрийг жүжгийн шигтгээ болгож амилуулдаг нь бахархмаар. Жишээ нь, түүний тоглосон “Тэнгэрийн хүү” жүжгийн баруун гарын ван Лүүсүүгийн дүр. Дүрээ дөрвөд аялгаар ярьж, үйлдлээр тодруулсан нь ямар гайхалтай гээч.
-Театрын урын санд байдаг ч сүүлийн жилүүдэд үзэгчдэд хүргээгүй олон бүтээл бий. Хэрэв боломж олдвол аль жүжгийн ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Би Монголын түүхэн баатрууд, тэр дундаа Жамухын түүхийг их сонирхож, судалдаг. УДЭТ-т шалгуулахдаа Сорогдогийн Жаргалсайханы “Жамух” жүжигт тулгуурлан, түүхийн зарим эх сурвалжуудаас судалснаа нэмж, монолог бэлтгэж үзүүлсэн. Ирэх онд Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар “Хаадын хаан” жүжгийг тавих юм. Энэ шинэ жүжгийн Жамухын дүрд тоглох сон л гэж хорхойсож байна.
-Хоёр жүжгийн ард гарчихлаа. Нэг хүний, эсвэл бэсрэг гээд жүжгийн өөр төрөлд хорхойсож байна уу?
-Хэрэв боломж олдвол нэг хүний юм уу, дахин хоёр хүний жүжигт ажиллана.
-Дараагийн “Гэгээн Муза”-д өрсөлдөх үү?
-Мэдээж оролцоно. Хүмүүсийн урмыг хугалж болохгүй. Шагналаа бататгахыг хүсэж байна. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг даах ёстой.
-Киноны санал хэр ирдэг вэ. Тайз, дэлгэцийн уран бүтээлд хослуулан ажиллах амаргүй юу?
-Оюутан байхад кинонд тоглуулах санал нэлээд ирдэг байлаа. Гэхдээ алинд нь ч тоглож чадаагүй. Зуны амралтаараа Хятад руу тоглолтоор явчихдаг байсан. Гэр бүлтэй болчихсон учраас оюутан гээд орлогогүй сууж болохгүй, бас сургалтын төлбөрөө олох ёстой. Сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т орсон. Театрын ажлыг цалгардуулж болохгүй учраас санал ирсэн ч тоглож амждаггүй.
-Та морин хуураас өөр хөгжим тоглодог уу?
-Өөр хөгжим тоглодоггүй. Би үндсэрхэг үзэлтэй. Монгол залуусыг морин хуур тоглодог, үндэсний язгуур урлагаа хүндэлдэг, үнэлдэг байгаасай гэж хүсдэг. Морин хуур хөгжимд амьдралынхаа олон жилийг зориулсан мундаг хөгжимчдийн дэргэд би ичмээр шүү дээ. Гэхдээ морин хуур тоглодог, хөөмийлдөг, уртын дуу дуулдаг нь жүжигчин хүний хувьд миний давуу тал гэж боддог.
-Гэргий тань бас урлагийн мэргэжилтэй гэж сонссон.
-Миний гэргий бүжигчин. Хамгийн сонин нь, бид нэг сургуульд дөрвөн жил суралцахдаа тааралдаагүй мөртлөө Хятадад ажиллаж байхдаа танилцаж, дотноссон. Хань минь намайг ойлгож, дэмждэг учраас би мэргэжилдээ үнэнч байж, уран бүтээлдээ анхаарч чадаж байгаа. Миний төлөө өөрийнхөө хүсэж эзэмшсэн мэргэжил, карьерыг орхиж, арын албыг минь дааж яваа.