Дорнод нутгаар овоглодог яруу найрагч Д.Ган-Очирын шүлгээс “төрсөн” дуунуудаас олны сонорыг мялаасан нь цөөнгүй. Түүнтэй уран бүтээлийн дөрөө харшуулдаг дуучин олон бий. Төрийн шагналт, дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга”, “Никитон”, “Нисванис” “Номин талст” хамтлаг гээд нэрлэж болно. Уран бүтээлийнхээ санд хамгийн олон дуутай ч “хамраа сөхдөггүй” түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа онцоллоо.
-Яруу найргаар амьсгалдаг залууг хөнгөн атлетикаар хичээллэдэг байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Та сургуулийнхаа шигшээ багийн тамирчин байсан гэл үү?
-Тийм ээ. Хүүхэд нас миний хязгааргүй их мөрөөдлийн жигүүр байлаа. Юм юм руу дүүлсэн, уралдаан, тэмцээнд оролцсон дэггүй шар хүү Чойбалсан хотын дунд сургуульд сурдаг байв. Хичээлийн шинэ жилээр сургуулийн сурагчид насны ангиллаар холын зайн уралдаанд оролцсон юм. Тэр үед би I-V ангийнхны таван км-ийн гүйлтэд оролцож, IV байрт шалгарлаа. Хэд хоногийн дараа биеийн тамирын багш Г.Хүрэлбаатар дуудаж байна. Ямар хэрэг тарьсан билээ гэж бодоод жаахан эмээсхийгээд очив. Тэгсэн шагнал гардуулах арга хэмжээ болж байна. Миний нэрийг дуудаад пионерын улаан бүч, гурвалжин ногоон шугам, баярын бичгээр шагнасныг одоо ч санадаг. Шагнал гардуулсны дараа гүйлтийн тэмцээнд байр эзэлсэн хүүхдүүдийг хөнгөн атлетикийн дугуйланд бүртгэсэн юм. Ингэж сургуулийнхаа шигшээ багт орж, олон тэмцээнд өрсөлдсөн.
-Тамирчин байхдаа спортын жаргал, зовлонг багагүй мэдэрсэн үү?
-Хөнгөн атлетикийн дугуйланд ороод л тамирчин хүнийг тэсвэр тэвчээр, хатуужил, хамтын хүч урагшлуулж, амжилтад хүргэдгийг ойлгосон. Миний ажил, амьдралд одоо ч спортоор хичээллэдэг байсан минь хэрэг болдог. Гэхдээ би шальтай амжилт гаргаагүй. Тэмцээнд ихэвчлэн III байр эзэлнэ. Гэсэн ч сэтгэлээр унаж явсангүй. Спортын дугуйланд хамрагдана гэдэг тухайн цаг үеийн хамгийн шилдэг хүмүүжлийн нэг сургалт байж гэж боддог юм.
-Спортоор хичээллэдэг байсны олон давуу тал уран бүтээл туурвихад тань нөлөөлсөн байх.
-Хүүхэд байхдаа олж авсан тэсвэр тэвчээр, хатуужил эрүүл мэндэд ямар их ач холбогдолтой байж вэ гэдгийг одоо л ойлгож сууна. Би 1500, 3000 метрийн зайд гүйдэг байлаа. Сургуулийнхаа шилдэг гэсэн тамирчидтай өрсөлддөг байв шүү дээ. Өөр сургуулийн хүүхдүүдтэй аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хурд сорино. Манай дугуйлангийн хүүхдүүд голдуу түрүүлнэ. Эхний байрыг эзэлдэг тамирчид миний найз байлаа. Тэд намайг “Урт хөлт” гэж хочилдог болсон. Улсын аварга, спортын мастер, дэд мастер цолтой тамирчин манай дугуйлангаас нэлээд төрсөн. Аймаг, өсвөр үе, сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд III-VIII анги хүртлээ идэвхтэй оролцсон.
-Та хоккейн спортод дуртай гэсэн. ЗХУ-ын алдарт тамирчин, 17 дугаартай В.Харламовыг шүтэж явснаа эргэн дурсвал сонин байх болов уу?
-Дорнод аймгийн Чулуунхороот сум байгуулагдаад 60 гаруй жил өнгөрчээ. Миний төрж, өссөн сумд тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Оросууд байгаа газарт өвөл нь мөсөн талбай зайлшгүй байна. Найзуудтайгаа хоккей тоглож өссөн. Манайхаар аавын орос найзууд байсхийгээд зочилно. Тэд намайг их өхөөрдөнө. Зурагтаар ОРТ телевизээр юу л гарна үзнэ. Спортын мэдээ, тэмцээн аав минь үзээд л сууна. Аавыг юу үзэж, юуг дэмжинэ би дагаж хөөрцөглөнө. Хоккейн алдарт тамирчин Валерий Харламов, ЦСКА багийг тэр үеэс мэддэг болсон. Найзууд дундаа ороод л “Би 17 дугаартай В.Харламов шүү” гээд тоглодог байлаа.
-Та нутгаасаа төрсөн тамирчидтай хэр холбоотой явдаг вэ. Спортын тухай халуун яриа өрнүүлдэг биз дээ?
-Дорнод аймаг олимпын аваргатай. Байт харвааны тамирчин Д.Баатаржав “Бээжин- 2008” олимпоос алт, “Рио-2016” олимпын боксын төрөлд Д.Отгондалай хүрэл медаль өвөртөлсөн. Спортын тайлбарлагч Д.Батжаргал, хөнгөн атлетикийн спортын мастер, ахмад багш Г.Хүрэлбаатар, боксын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, воллейболын спортын мастер, дасгалжуулагч Г.Энхмягмар, П.Энхтүвшин, “Хангайтан” боксын клубийн дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнбаяр гээд найз, багш нартайгаа хууч хөөрөх дуртай. Дорнодын тамирчид амжилтаараа үеийн үед алдар нэрээ мандуулж явсан. Үндэсний сур харваагаар улсын цолтой эрхий мэргэчүүд нутгаас минь төрсөн. Хамгийн сүүлд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн сүлд дуу “Гүйхийн гайхамшиг”-ийг зохиоход дуучин Т.Баттогтох амилуулж, олонд хүргэлээ. Жил болгоны тавдугаар сард энэ дуу Сүхбаатарын талбайд эгшиглэхэд сэтгэл огшдог. Энэ дуугаа хөнгөн атлетикийн дасгалжуулагч Гэлэгийн Хүрэлбаатар багшдаа зориулсан. Шүлгээ 2014 оны аравдугаар сарын 24-нд бичихэд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ах аяыг нь зохиосон юм.