Монголын кино урлагийн нэгэн хосыг “Хос багана”- даа урилаа. Зураглаач, найруулагч, продюсер В.Агар, түүний гэргий, жүжигчин, найруулагч Т.Алтантуяа нарыг үзэгчид “Ану хатан”, “Эх орон дуудаж байна”, “Хөөрхөн шулам” зэрэг дэлгэцийн уран бүтээл хүргэснээр мэднэ. Тэд тун удахгүй Төрийн шагналт Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн бүтээлээ олонд хүргэх юм. Мөн “30 өдөр, 30 секс” нэртэй олон ангит кино бүтээж буй аж. Тэдэнтэй гэр бүлийн үнэ цэн, туулсан амьдралынх нь талаар болон сүүлийн үеийнх нь уран бүтээлийн тухай ярилцлаа.
-Уран бүтээлийн талаарх асуултаар ярилцлагаа эхэлье. Яг одоо ямар уран бүтээлүүдэд ажиллаж байгаа вэ?
Т.Алтантуяа: -Төрийн шагналт Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэн ижил нэрт кино бүтээсэн. Эл киногоо өнгөрсөн оны тавдугаар сард “Hollywood in Mongolia” арга хэмжээний үеэр үзэгчдэд анхлан хүргэж, үргэлжлүүлэн олон улсын наадмуудад “сойсон”. Хонконг, Бээжин, Каннын кино наадамд оролцон, Венецийнхэд шилдэг 21 кинонд багтаж, арваннэгдүгээр сард Флорецийнхээс шилдэг эмэгтэй жүжигчин, продакшны шагнал хүртсэн. Уг нь энэ киноныхоо дараа Дилав хутагтын амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Амьд Будда” түүхэн сэдэвт кино төсөл эхлэхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлуулахаас аргагүй боллоо. Яг одоо “Мобиком” корпорацын WOO аппликэйшнд зориулан “30 өдөр, 30 секс” нэртэй олон ангит кино бүтээж байна. Зургийн ажил ид үргэлжилж байна.
В.Агар: -Дээр дурдсан уран бүтээлүүдээсээ гадна найруулагч Ч.Билгүүний “Бэрх шагай” үлгэрийн киноны муур багшийн дүрд тоглож, зургаа авхуулсан.
-Та хоёр хэчнээн уран бүтээлд хамт ажилласан бэ?
-Хамгийн анх бие дааж “Орлон тоглогч” киног Агар найруулж, би арын албыг нь хариуцаж байв. Энэ киногоороо миний хань 2012 онд “Aкадеми авардс” шагнал гардуулах ёслолоос шилдэг дебют найруулагчийн шагнал хүртсэн. Дараа нь “Ану хатан” киноны ерөнхий найруулагчаар би, Агар нэгдүгээр найруулагчаар ажилласан. “Эх орон дуудаж байна” киноны зохиолыг Агар бичиж, найруулж, би продюсерын багт ажилласан. Дараа нь “Хөөрхөн шулам”, “Хөх тавилан”. Зургаан уран бүтээлд бид зохиолч, найруулагч, продюсероор ажиллажээ.
-Гэр бүлийн хүмүүс нэг уран бүтээлд ажиллах амар уу?
Т.А: -Зарим үед хэцүү. Бид хоёр өөр төрлийн найруулагч. Санал зөрөлдөх үе ч бишгүй. Гэхдээ тэгж маргах, мэтгэлцэх нь уран бүтээлд сайнаар нөлөөлдөг. Учир нь Агарын хараагүй өнцөөс би хардаг, миний анзаараагүйг Агар анзаардаг. Тэгэхээр бид уран бүтээлчийн хувьд нэгнээ хүлээн зөвшөөрдөг хамтрагчид.
-Уран бүтээлээс болж санал зөрөлдсөн үедээ хэрхэн ойлголцдог вэ?
В.А: -Тийм үед хэн нь тухайн уран бүтээлийн ерөнхий найруулагчаар ажиллаж байна, түүнийхээ шийдвэрийг дагадаг. Гэхдээ мэдээж үзэл бодлоо хэлнэ.
Т.А: -Зургийн талбайд би ерөнхий найруулагч байж болох ч гэрийнхээ босгыг даваад л би Агарын эхнэр, гэрийн эзэгтэй.
-Уран бүтээлийнхээ хажуугаар ар гэрийн ажлаа хэрхэн амжуулдаг вэ?
-Үнэндээ би тийм ч сайн эзэгтэй биш. Ханийнхаа дэмээр л би уран бүтээл, ар гэрийн ажлаа амжуулж явна.
-Анх хэрхэн танилцсан тухай дурсамжаасаа хуваалцаач?
-Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг ах нарын үүсгэн байгуулсан “Цагааны Цэгмид” орчин үеийн театрт эмэгтэй жүжигчин шалгаруулж авах тухай сонсоод очсон юм. Тухайн үед Улсын хүүхэд, залуучуудын театрт 100 гаруй бүсгүй шалгуулахаар цугласны нэг нь би. Гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний ангийн оюутан байлаа. Шалгуулж, тэнцээд, тус театрт ажиллаж эхэлсний дараахан эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-т тоглохоор болж, сургуулилалтаа базаав. Тэр үед Агар УДЭТ-ын дагалдан жүжигчин байлаа. Яваандаа нэгнийгээ зүс таньдаг, мэддэг боллоо. Хоёр ахынх нь шавь болоод ч тэр үү, намайг их сонжино. Эхэндээ ч сайхан нөхөрлөдөг байлаа. Яваандаа үерхэж дотноссоор нэг гэрт орсон доо. Ёстой л миний заяаны хань байх.
В.А: -Сонин шүү. Хамгийн анх гэрээс нь дуудахаар очсон юм. Яг үүдэнд нь ирчихээд “Хаалгыг нь тогших уу, болих уу, маргааш дахин ирдэг юм бил үү” гээд л элдвийг бодоод орцонд нь хэсэг суулаа. Их сандарсан. Тэгж тэгж зориглоод тогштол ээж нь хаалгаа тайлж байна. Намайг их сүрхий харснаа юу ч асуулгүйгээр “Туяа” гээд охиноо дуудлаа. Бүр сүүлд сонсох нь ээ, тэр өдөр хадам ээж минь намайг харчихаад “Энэ хүү миний охины заяаны хань байна” гэж хэлсэн юм билээ. Эх хүн мэдэрдэг байх л даа.
-Анхны болзоонд хэн нь түрүүлж урьсан бэ?
-Гэрт нь хүргэж өгөх нэрээр хамт их алхдаг байж. Азаар манайх эднийхээс нэлээд зайтай. Гэр хол байна гэдэг чинь удаан хамт байна гэсэн үг шүү дээ (инээв). Автобусанд суулгүйгээр алхах их гоё санагддаг байж.
-Адилхан урлагийн хүнтэй сууна гэхэд гэр бүлийнхэн тань эсэргүүцээгүй юү?
Т.А: -Яг үнэнээ хэлэхэд би өөрөө ч багадаа жүжигчин, тамирчин, нисгэгчтэй суухгүй гэж боддог байлаа (инээв). Гэтэл жүжигчин залуутай ханилсан. Тархи биш, зүрхээрээ шийдсэн шийдвэр минь. Би ханиа зөв сонгосон азтай эмэгтэй. Миний хань удам угсаа сайтай, түшигтэй, хэлсэндээ хүрдэг эр.
-Ямар онцлог, зан чанарт нь хамгийн их татагдсан бол?
-Сая хэлсэнчлэн хэлсэндээ хүрдэг, амлалтаа биелүүлдэг зан нь намайг татсан.
В.А: -Миний гэргий маш зоригтой, дайчин зантай. Намайг татсан өөр нэг зүйл нь үнэр. Дахин давтагдашгүй, сайхан үнэртэй.
-Ханилаад хэдэн жил болж буй вэ. Анх хэрхэн гал голомтоо бадрааж байв. Гэртээ ямар эд хогшил авч байснаа санадаг уу?
Т.А: -1993 онд нэг гэрт орсон. Эхэндээ Агарын өвөөгийнд амьдардаг байлаа. Дараа нь 1996 онд бид Польш явж, тэнд тусдаа гарсан. Польшид долоон жил сурч, ажиллаж, амьдарсан. Хамгийн анх гэртээ зурагт, дүрс бичлэгийн хуурцаг тоглуулагч авсан санагдана. Кино үзэх хоббитой байж дээ.
-27 жил ханилжээ. Одоо харцаараа ойлголцоно биз?
-Бараг хагас харцаар (инээв). Миний ээж, аав олон жил ханилсан хосууд. Жаахан байхад ээж орцонд хөлийн чимээ гарахад л “Аав нь ирж байна” гээд танина. Тэр үед ээжийг “Аавыг мөн гэж яаж мэддэг байна аа” гээд гайхдаг байлаа. Гэтэл би одоо ханийгаа тэгж таньдаг болчихсон.
-Үнсэлтийн тухай олон баримт бий. “Өдөр бүр эхнэрээ үнсдэг эрчүүд амжилтад хурдан хүрдэг”, “Байнга үнсэлцдэг хүмүүс урт насалдаг” гэх мэт. Та хоёр бие биенээ хэр их үнсдэг вэ?
В.А: -Нэг нэгнийгээ үнсэж байна гэдэг чинь тэр гэр бүлийн уур амьсгал сайхан, тайван байгаагийн шинж шүү дээ.
-Нэгнээсээ сонсож байсан хамгийн сайхан үг тань юу бол?
Т.А: -Агар надад “Хайртай, дуртай” гэж тийм ч олон удаа хэлээгүй. Харин үйлдлээрээ харуулчихсан. Хайр дурлалын тухай бодол, төсөөлөл 20 настайд, 30-тайд өөр. 40- тэйд бүр ч өөр болдог юм байна.
-Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ. Хүүхдүүдээсээ нууцаар “булагнаж” чадаж байна уу?
-Зав тун бага. Тийм болохоор боломж гарсан дээр нь гэр бүлээрээ байх дуртай. Манайх охин, хүүтэй. Болж л өгвөл амралтын өдрүүдээр салхинд гарахыг хичээдэг. Бас усан санд сэлдэг.
В.А: -Хамт ажилладаг болохоор ч тэр үү, өдөр болгон болзож байгаа мэт л санагддаг шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байна. Харилцаагаа хэвийн байлгах, гэр бүлийн үнэ цэнээ хадгалахад “жор” байдаг уу?
Т.А: -Одоо хийж буй “30 өдөр, 30 секс” киноны зохиолыг би бичсэн юм. Ингэхдээ гэр бүлийн харилцааны талаар багагүй судаллаа. Энэ кинонд “Гэрлэлт бол мэдрэмж” гэж үг бий. Хайр дурлал, бэлгийн харьцаа, гэрлэлт мэдрэмжтэй холбоотой. Хосууд ярилцдаг, нэгнээ маш сайн сонсдог, ойлгохыг хичээдэг байх ёстой. Хамгийн гол нь мэдрэх ёстой. “Миний нөхөр юунд дуртай, юунд таагүй ханддаг, хүүхэд нас, өнгөрсөн амьдралд эмзэглэмээр зүйл байдаг уу, түүнд юу дутуу вэ, би дутууг нь хэрхэн нөхөж, илүүдсэнийг нь хэрхэн тэнцүүлэх вэ” гэж бодож, мэдрэх ёстой. Өрөөлд сэтгэл, халамж, өөрөөсөө өгч болох бүх зүйлийг зориулж, түүний баяр баясал, аз жаргалаас сэтгэл ханамж мэдрэхийг хайр гэдэг байх. Хайрлаж байна гээд хамаг бурууг нь зөвтгөж, хажууд нь харж суух биш, алдааг нь шүүмжилдэг, зөв чиглүүлдэг, хамт тэмцдэг байхыг л хэлнэ.
-Гэр бүл болохоор төлөвлөж буй залууст юу гэж зөвлөх вэ?
-“Эмэгтэйчүүд эрчүүдийг өөрчлөгдөнө гэж найдаж гэрлэдэг. Эрчүүд эмэгтэйчүүдийг өөрчлөгдөхгүй гэж найдаж гэрлэдэг” гэж үг байдаг даа. Гэр бүлийн олгосон хүмүүжил, төлөвшил тухайн хүнд насан туршид нь хадгалагддаг. Нөгөө талаас хосуудын аль нэг нь нөгөөгөө хэт өөрийнхөөрөө байлгах, өөрчлөх гэдэг нь буруу санагддаг. Цаг хугацааны явцад буруу зуршил, хэвшлийг нь бага багаар засна уу гэхээс хүнийг бүрмөсөн өөрчилнө гэдэг байж боломгүй хэрэг.
В.А: -Сонголтоо л зөв хий. Харин нэгэнт сонгосныхоо дараа хариуцлагатай байх хэрэгтэй. “Хайртай, хамт амьдарна, амьдралаа босгоно” гэж амласан бол үгэндээ эзэн байгаарай гэж хэлмээр байна.