“Gertoon” анимейшн студийн бүтээл “Мөнх Тунх” хүүхэлдэйн киног өнгөрсөн зургадугаар сараас олон нийтэд хүргэж эхэлсэн. Мөнх хүү, Тунх найз, Басар нохой, Цасхан мууртайгаа монгол ардын үлгэрээр аялж буйгаар үйл явдал эхэлдэг эл бүтээлийг санаачлагч Ц.Бат-Оргилтой ярилцлаа. Тэрбээр өмнө нь “Оннц дүмд” анимейшний гол дүр Дамбжаа ноёны дүрийг бүтээсэн билээ.
-“Мөнх Тунх” бүтээлийг хэрхэн санаачилсан бэ?
-2017 онд Баяраа (Rokitbay) ахын санаачилгаар Г.Анхныбаяр, Л.Тэмүүлэн нартай хамтран “Oннц дүмд” анимейшн хийхээр болсон. 23 ам метр талбайтай өрөөнд дөрвөн компьютер тавиад, хэрхэн анимейшн хийх талаар интернэтээс судалснаар ажлаа эхэлж байлаа. Хүүгээ мэндэлснээс хойш “Мөнх Тунх” хүүхэлдэйн кино хийх санаа төрж, зохиолоо бичиж эхэлсэн.
-Зохиолынхоо санааг олох амаргүй байх даа?
-Багаасаа “Cartoon network”, “Disney”, “Nick¬elodeon”, “Боролдойн цаг” гээд төрөл бүрийн анимейшн үздэг байсан. Зохиолын суурь нь монгол ардын үлгэр учраас нэгдүгээрт, монгол ахуйгаа тусгах зорилго тавьсан. Хоёрдугаарт, хүүхдүүдийн анхаарлыг татахын тулд киногоо хөгжилтэй, сонирхолтой байлгахыг хичээсэн. Эхлээд дүрүүдээ тодорхойлчихвол үйлдэл, хэлэх үг зэргийг нь төсөөлөхөд хялбар. Мөнх хүү, Тунх охин, Басар нохой, Цасхан муур нарын зан чанар өөр, эсрэг, тэсрэг ч хоорондоо уялдаатай, тэгш дөрвөлжин гэж харсан. Эдгээр дүрээрээ өөр өөр зан араншин, мэдрэмж, үйлдлийг харуулахыг зорьсон. Мөнхөөр сахилгагүй юм шиг хэрнээ ухаалаг, сэргэлэн, зоригтой байдлыг, Тунхаар хайрыг, Цасханаар асран хамгаалагч буюу ээж, эгчийн дүрийг төлөөлүүлдэг бол Басараар хөгжилтэй, онгироо зан чанарыг илэрхийлсэн. Зохиолын санаагаа бүхий л зүйлээс авдаг бол бичиж эхлэхдээ төрөл бүрийн хөгжим сонсдог. Жишээ нь, хөгжилтэй дүр гаргахыг хүсвэл жазз, тэр дундаа 1970-1980-аад оны, хүүхдийн зан чанар, сэтгэл хөдлөлийг илүү тодотгохыг хүсвэл багачуудын, хайрын тухай бол уянгын дуу сонсдог. Эдгээр нь далд ухамсарт тусалдаг гэж боддог. Хүүхэлдэйн кино учраас илүү хариуцлагатай, хянамгай байх шаардлагатай. Хөгжилтэй, сонирхолтой байлгах чухал ч донжийг нь тааруулах хэрэгтэй. Хүүхдүүд ээж, аавтайгаа удирдлагаа булаацалддаг биш, хамт үздэг анимейшн бүтээхийг хичээдэг. Насанд хүрэгчид болон өсвөр, бага насныхны онцлогт тохирсон үг, үйлдлүүдийн тэнцвэрийг баримтлахад хүндрэлтэй ч дуу оруулагчид дүрийнхээ хэлэх гэж буй санааг сайн ойлгож, илэрхийлдэг.
-“Мөнх Тунх” цуврал анимейшний бусад бүтээлээс ялгарах онцлог юу вэ?
-Бүтээлийн онцлог гэхээсээ илүү хэрхэн бүтдэг талаас ярих нь оновчтой байх. Бие биеэ мэдрээд, ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж чаддаг, шинэ санаануудыг харамгүй өгдөг, үргэлж тусалж дэмждэг хамт олон маань манай бүтээлийн давуу тал, онцлог юм.
-Хүүхэлдэйн кино бүтээхээсээ өмнө хэрхэн судалгаа хийдэг бол?
-Ижил төстэй бүтээлүүд бий, эсэхийг эхлээд нягталдаг. Киноныхоо агуулгыг аль талаас нь, хэрхэн үзүүлбэл илүү сонирхолтой байх, хүүхдэд юуг ойлгуулах ёстойгоо маш сайн бодож, тухайн зүйлээ олон талаас нь судалж, туршихыг хичээдэг. Үгээр их “тоглоно”. Зүйр цэцэн үгийг хэрхэн ашиглах, олон хүн мэддэггүй үлгэрийг сонгоод, түүнийгээ ямар санаатай хослуулбал илүү сонирхолтой байх, юуг танин мэдүүлэх зэргээр олон талын судалгаа хийдэг. Жишээ нь, “Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир” үлгэр дэх үйл явдлуудыг дэлхий баруунаас зүүн тийш 24 цагт нэг удаа эргэдэг, 12 жилийн дуу зэрэгтэй холбож өгдөг. “Норовын намтар”, “Миний хэнз хурга”, “Хорвоотой танилцсан түүх” гэх мэт багаасаа уншиж, суралцсан дуу, шүлэг, номынхоо хэсгээс оруулж, хэн гэдэг зохиолчийн ямар бүтээл болохыг дэлгэцийн доод буланд бичгээр харуулдаг.
-Багаа хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Хэн нэгэнтэй уулзахад анхнаасаа л ямар хүн болох нь анзаарагддаг. Хандлага, үнэхээр ажилламаар байгаа, эсэх нь нүднээс нь илт харагддаг. Багаар ажиллахад бүх зүйлийг эхнээс нь зааж зөвлөх боломж хомс учраас тодорхой хэмжээний мэдлэг, чадвартай хүн байх хэрэгтэй. Багийнхаа гишүүдэд итгэхгүй бол ажил нурж эхэлдэг болов уу. Хүн хэчнээн чадвартай, ажлыг сайн хийдэг байлаа ч 5-6 хүний ажлыг гүйцэтгэхэд хэцүү. Цаг хугацааны хувьд ч боломжгүй. Хамгийн түрүүнд бүх зүйлийн дарга болох гээд, хэн нэгнийг удирдахаар яарах хэрэггүй гэж боддог.
-Нэг анги бүтээхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ. Хэдэн анги бүтээхээр төлөвлөв?
-Тухайн зохиолоос шалтгаална. Яг долоо хоногт, сарын хугацаанд багтааж хийнэ гэж, нарийвчлан товлодоггүй. Бас олон анги зохиол бичихийг хүсдэггүй. Учир нь тухайн цаг хугацаанд өрнөж буй шинэ содон зүйлсийг тусгахыг хичээдэг. Одоогоор киноныхоо нэгдүгээр хэсгийн (season) төгсгөлийн аравдугаар ангийг амжилттай дуусгасан. Цаашид хүүхдүүдийг зөвхөн монгол бус, гадаад орны үлгэрээр аялуулах зорилготой. 100 анги бүтээх бодол бий. Нэг анги нь 10-15 минут үргэлжлэх бөгөөд гурваас дээш бүх насныхан үзэх боломжтой. Мөн С.Бямбадэлгэр, Б.Юмжирдулам эгч нартайгаа хамтран хүүхэлдэйн киногоо дохионы хэлээр хүргэж байна.
-Контент бүтээх салбар хөгжихөд юу дутагдаж байна вэ?
-Энэ талаар мэдээлэл бага, хийж чадах хүнээ олохгүй, захиалагч болон гүйцэтгэгч тал сайн ойлголцож, холбогдож чадахгүйд л асуудал бий байх. Контент бүтээх чиглэлийг сонирхдог, артист, анимейтор, дизайнеруудын уулзалт гэж бараг болдоггүй юм билээ. Энэ онд багтаад нэгдсэн уулзалт болох байх. Гэхдээ одоогийн нөхцөлийг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хүндрэл бэрхшээл харьцангуй цөөрсөн гэж бодож байна.
-Бүтээлээ оюуны өмчөөр бүртгүүлэхийн давуу тал юу вэ?
-Ямар нэгэн бүтээл хийсэн бол заавал оюуны өмчөөр бүртгүүл. Оюунаас гарсан бүтээл бүхэн насан туршид тань хадгалагдах өв хөрөнгө юм шүү.
Бэлтгэсэн: Б.Бүжмаа