Усны судалгааны төвийн захирал, ШУТИС-ийн профессор Д.Басандоржоор ахлуулсан судалгааны багийнхан бохир ус цэвэршүүлэх технологи нутагшуулжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
...Гадаадаас эд, ангиудыг нь багадаа 30-40 сая төгрөгөөр, технологийг нь 2-3 сая ам.доллароор худалдаж авна. Харин бид дотооддоо 100 000 орчим “ногоон”-оор бүтээсэн. Хэрэглээнд өргөн нэвтрүүлэхийн тулд төхөөрөмжөө үйлдвэрүүдэд боломжийн үнээр санал болгож буй...
-Энэхүү технологийг яагаад нэвтрүүлэх болсон бэ?
-Дэлхийд бохир ус цэвэршүүлэх янз бүрийн технологи бий. Манай улс ихэвчлэн Орос, Хятад, Германы технологи ашигладаг. Монголд үйлдвэрлэх боломжгүй, технологийн бүрдэл бүхий эд ангиудыг ч гадаадаас авдаг. Гадаадаас технологи импортлоход нэгдүгээрт, өртөг өндөр, хоёрдугаарт, өөрийнх биш учраас ашиглахад хүндрэлтэй. Эдгээр шалтгааны улмаас манай улс усаа бүрэн цэвэршүүлж чаддаггүй. Монгол Улс жилд 600-700 сая шоо метр ус ашигладаг гэсэн судалгаа бий. Тодруулбал, бид ийм хэмжээний усыг бохир болгож, хаяж, үнэгүйдүүлдэг гэсэн үг. Энэ байдлаар усны нөөцдөө хандсаар байвал үндэсний хэмжээнд аюул нүүрлэх нь гарцаагүй. Үйлдвэрийн, ахуйн аль ч түвшинд усны бохирдлыг цэвэршүүлэхэд санаа тавьдаг байгууллага алга. Энэ нь эцэстээ Монголын тулгамдсан асуудлуудын нэг болно гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлдэг. Тиймээс бид бохир усыг Монголын нөхцөлд ямар технологиор цэвэршүүлбэл үр дүнтэйг судалж, хамгийн сайн гэсэн аргыг сонгосон. Бидний нэвтрүүлсэн технологи өвөл 39 градуст ч, зуны аагим халуунд ч ажиллах шаардлагыг чухалчилсан.
-Шинэ технологиор бохир усыг хэдэн хувь цэвэршүүлдэг вэ?
-100 хувь цэвэршүүлнэ. Захиалагч ямар хүсэлт тавина, бид түүнд нийцүүлнэ. Хэрвээ бохирыг уух ус болгоод өг гэвэл асуудалгүй. Монголын бохир ус Орос, АНУ, Хятад зэрэг орныхоос их онцлогтой. Улаанбаатар хотын хувьд бохир усаа цэвэрлэж огт чаддаггүй. Учир нь бид өөх, тос ихтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд түүнийгээ бохирын шугам руу шууд л хийчихдэг. Түүнчлэн химийн хорт бодисын найрлагатай шингэн (ахуйн), янз бүрийн эм бэлдмэл хэрэглэж усыг бохирдуулдаг. Тиймээс манай орны бохир усны онцлог, найрлагыг нэн түрүүнд сайтар судлах шаардлагатай. Өвдөж буй хүнийг эмчлэхдээ ямар зовуурь, шинж тэмдэг илэрч байгаа, түүнчлэн юу хэрэглэснийг нь судалсны дараа ямар эм өгөхөө шийддэг шүү дээ. Бохирыг ямар технологи, аргаар цэвэршүүлэх вэ гэдэг нь үүнтэй адил.
Манай улс стандарт бус бохир устай. Энэ нь олон зүйлээс шалтгаалах ч хамгийн гол нөлөө үзүүлэгч нь хэрэглэгчдийн экологийн соёл. Тиймээс энэ их бохирдолтой усыг цэвэршүүлдэг өөрийн гэсэн технологитой байх нь чухал юм. Мөн бохирдсон усыг цэвэршүүлснээр дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Энэ нь усны нөөцийг ариглана гэсэн үг.
-Хэр удаан хугацаанд судалсан бэ?
-10-аад жил судалж, туршсан. Дэлхий дахинд усны бохирдлын асуудлыг сүүлийн үед нэлээд нухацтай, чухалчилж ярих болсон. Манай улс гэхэд олон сая доллароор цэвэрлэх байгууламж барьж буй ч усаа бүрэн цэвэршүүлж чадахгүй байна. Энэ нь Монголд цэвэршүүлэх технологи нутагшуулаагүйтэй холбоотой.
-Энэхүү технологийг бүтээхэд ойролцоогоор хэчнээн төгрөгийн төсөв зарцуулсан бол?
-Гадаадаас эд ангиудыг нь багадаа 30-40 сая төгрөгөөр, технологийг нь 2-3 сая ам.доллароор худалдаж авна. Харин бид дотооддоо 100 000 орчим “ногоон”-оор бүтээсэн. Хэрэглээнд өргөн нэвтрүүлэхийн тулд төхөөрөмжөө үйлдвэрүүдэд боломжийн үнээр санал болгож буй. Монголчууд уг технологийг дотооддоо үйлдвэрлэсэн нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, эвдэрсэн тохиолдолд биднээр засуулж болно. Буух эзэн, буцах хаягтай гэсэн үг. Хоёрдугаарт, монголчуудын гараар бүтсэн учраас манай орны онцлог, нөхцөлд тохирсон.
-Энэ нь шийдлийн хувьд ямар онцлогтой вэ?
-Бохир усыг механик, биологи, физик, химийн технологиор цэвэршүүлдэг. Монгол химийн үйлдвэргүй учраас химийн бодистой аргаар цэвэршүүлнэ гэвэл өртөг өндөр байх нь ойлгомжтой. Тэгэхээр бид биотехнологийн аргыг хамгийн тохиромжтой гэж үзсэн. Үүний дотроос чухам аль технологи нь Монголд тохиромжтойг нарийвчлан судалж, туршилт хийсэн юм. Ингэхдээ аялал жуулчлалын бааз, авто угаалгын газруудын бохир усыг стандартын хэмжээнд цэвэршүүлж, туршихад өндөр үр дүн үзүүлсэн. Тиймээс бид энэхүү технологийг бүтээх, нутагшуулах хэрэгтэйг ойлгож, зураг, төслийг нь боловсруулан, угсарсан. Одоо ч үүнийг хөгжүүлж, сайжруулж байна.
-Төхөөрөмж нь цахилгаанаар ажилладаг уу, эсвэл эко шийдэлтэй юү?
-Нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмжийг өвөл ашиглахад бэрхшээлтэй. Тиймээс бид цахилгаанаар ажилладаг байхаар шийдсэн. Нар, цахилгаан хосолсон эрчим хүч ашиглаж болох ч энэ нь харьцангуй өртөг өндөр.
-Үйлдвэрүүд хаягдал бохир усандаа анхан шатны цэвэрлэгээ хийсний дараа цэвэрлэх байгууламжид нийлүүлэх зарчимтай. Манай үйлдвэрүүд үүнийгээ биелүүлдэг үү?
-Ноос, ноолуур, арьс, шир, махны үйлдвэрүүд бүгд анхан шатны цэвэрлэгээ хийлгүй цэвэрлэх байгууламжид бохироо нийлүүлдэг байсан. Уг нь “MNS 6561” стандартын шаардлагад нийцэх хэмжээнд цэвэршүүлээд, дараа нь нийлүүлэх ёстой. Бидэнд хандвал үйлдвэрүүдийн усыг дээрх стандартад нийцүүлэн, цэвэршүүлдэг. Урьд нь би олон газраар явж, технологио танилцуулж байсан ч энэ асуудлыг чухалчилдаггүй байв. Харин шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа төр, засаг үйлдвэрүүдэд “Танайхаас их хэмжээний бохирдол гарч байна. Үүнийгээ стандартын дагуу цэвэршүүлээд нийлүүл. Үгүй бол үйл ажиллагааг нь зогсооно” гэх мэтээр шахалт үзүүлэх болсноор аж ахуйн нэгжүүд эрхгүй хөдөлж эхэллээ. Ер нь дор бүрнээ л хариуцлагатай байх ёстой юм.
-Манай улс цаашид усны нөөцөө хэмнэж, хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Бохир ус цэвэрлэдэг жижиг үйлдвэрүүд нээх хэрэгтэй. Сумын төвд цэвэрлэх байгууламж барилаа ч өнөөх нь бохир ус цэвэрлэж байгаа, үгүйг хэн ч мэддэггүй. Иймэрхүү байдлаар асар их хөрөнгийг үргүй “булдаг”. Одоо бид улсын төсвөө үр ашигтай зарцуулах нь чухал. Ирээдүйд орон нутагт бохир ус цэвэршүүлэх нуур байгуулах хэрэгтэй. Тэр нуураас мал ч ундаалдаг, ойр хавийнх нь ногоон байгууламжийг ч усалж, торддог байвал эко шийдэл болно. “Бохир ус” гэсэн холбоо нэршлийн бохирыг нь авбал “ус” хэмээх үг үлдэнэ. Бидний технологи бол ердөө энэ үгийг амьдралд хэрэгжүүлэх зорилготой. Усны хомсдол үүсгэхгүйн тулд дахин ашиглах нь хамгийн зүйтэй алхам. Ус буй газарт баялаг оршдог. Тиймээс энэхүү баялгийг ашиглах, хуваарилах зөв менежмент хэрэгтэй. Нэгэнт л үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол бохирынхоо асуудлыг нэн түрүүнд шийдэх нь зүйн хэрэг. Нөгөө талаас, үйлдвэрлэл эрхлэгчид татвар төлөгчдийн мөнгөөр усаа цэвэршүүлээд байж болохгүй. Ийм буруу тогтолцоотой улс Монголоос өөр байхгүй болов уу. Бохирдолгүй байна гэдэг бол хамгийн чухал.
Бэлтгэсэн: Г.Түвшинбилэг