Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийг Монголын урлагийн зөвлөлд байхаас нь мэдэх юм. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, харилцагч, хамтрагч нараа хүндэтгэхийн үлгэрийг үзүүлдэг, үргэлж инээмсэглэн, орчиндоо эерэг энерги түгээдэг залуу хэмээн нөхөд нь магтахыг нэг бус удаа сонсож байлаа. Арав гаруй жил эх орноороо хөндлөн гулд аялж, байгалийн үзэсгэлэн, зон олны амьдралын өнгийг гэрэл зургийн урлагаар таниулдаг ажил хийх болсноор тэрбээр өөрөө хэн болж өсөж хөгжсөн бол, залуу үеийнхэнд сургаалтай санаа оноо сонсъё хэмээн зорьж ярилцсан юм.
-Одоо хаагуур аялах гэж байна вэ?
-Сүхбаатар аймаг явна. Дарьганга, Алтан овоо, Шилийн Богд, Ганга нуур, хүн чулууны орон Хөргийн хөндийд очно. Өмнө нь очиж байсан. Гэхдээ дөрвөн улирал, өдөр, шөнө, өглөө, орой бүрт ялгаатай болохоор тэр болгоныг сэтгэлдээ төдийгүй дурандаа буулгаж авахыг хүсэж байна. Өдийд заавал тийш зүтгэх шалтгаан бий. Би одоо болтол хун чуулахыг хараагүй. Тиймээс урьдчилан сайтар судлаад явах гэж байгаа минь энэ. Хун шувууд цугласаар, есдүгээр сарын 15-20-ны үед чуулгын оргил үе юм билээ. Би угтуулж дөхөх гэсэн юм.
-Та хэдэн оноос аялж байна вэ?
-Одоогоос яг арван жилийн өмнө Наадмаар, долдугаар сарын 11-ний орой анх гарч, Дундговь, Өмнөговь аймгаар явсан.
-Дандаа ганцаараа явах юм. Хааяа ч гэсэн хүнтэй цуг явбал дээргүй юү?
-Ганцаараа амар байдаг юм. Хэдийгээр явах зүг, хүрэх газар тодорхой ч, зам хазайх үе бишгүй гардаг. Бусадтай хамт явж байж өөрийн зоргоор шийдвэр гарган, зам хазайх, нөгөө хүнээ мартсан мэт нутгийнхантай яриад суучих зэрэг нь зохисгүй.
-Яагаад аялагч болсон бэ?
-Аялал, гэрэл зураг хоёр бол бага наснаас амьдралын минь нэгээхэн хэсэг болсон. Миний аав, ээж хилийн цэрэгт алба хаадаг байсан. Аавыг ангийн дарга байхад маш олон газарт очиж үзсэн. Тэр үед хэзээ нэгэн цагт Монгол орноо заавал бүтэн тойрч, хаана юу байдгийг нь мэдэж авна гэж бодон өнөөдрийг хүртэл хэдэн ч удаа тойров доо (инээв). Арван жилийн хугацаанд 21 аймгийг үзсэн, одоо арваад сум дутуу байна. Зах хязгаарт байдаг ч юм уу, эсвэл зураг авах газар багатай гэж үзсэнээс арваад сум үлдээжээ. Надаас “Үзсэн газартаа дахин дахин очихоос залхдаггүй юм уу. Нэг уулын зургийг ямар олон удаа авдаг юм бэ, ханадаггүй юм уу” гэж нэг хүн асууж байсан. Би “Энэ чинь ханадаг биш, шунадаг мэдрэмж” гэж хэлсэн. Үнэхээр аялах, хүрч очсон газар, уул, усны зургийг янз янзаар авах нь шунал юм. Нөгөө талаар тайвшрал, аз жаргал. Хүнд таашаал өгдөг зүйл олон. Зарим нь архи уух, магадгүй тамхи татах, хөгжим сонсох дуртай бол би аялал, гэрэл зургаас таашаал авдаг. Блог хөтөлдөг болсон. Аяллын сонин сайхнаасаа бичиж, гэрэл зурагтай хавсарган тавьж, мэдлэг түгээдэг. Мэдлэгийг бусадтай хуваалцах тусам өргөждөг. Ийм хэдхэн шалтгаанаар аялдаг.
-Дахиад л ганцаараа явдаг тухай хөндөх нь. Ялангуяа өвөл явах аюултай санагдах юм.
-Эрсдэл, аюул бол их, бага хэмжээгээр байдаг, үргэлж хажууд явдаг гэж боддог. Үүнийг мэддэг болохоор бүхнийг урьдчилан тооцоолж, сайтар бэлтгэхийг хичээдэг. Шавар, ус таарч, машин эвдрэх вий гэж бодон дутуу зүйлгүй базаадаг. Гар салгалж, арайхийж задалсан, өндөр градустай хятад архинаас гурав, дөрөв балгахад юу ч мэдрэхгүй, хоолой руу зүгээр л ус шиг орж байсан удаа бий. 40 градусын хүйтэнд 30 гаруй км алхаж айлын бараа сая харсан тохиолдол ч бий. Гэх мэтчилэн яривал барагдахгүй. Зарим нь үнэмшмээргүй. Тийм болохоор худлаа ярьсан юм шиг санагдана.
-Байгалийн сайхан, нутаг нутгийн онцлогийн сацуу тухайн аймаг, сумд амьдардаг хүмүүсийн аж байдал, ааль авирын онцлог тал аялагчийн сэтгэл санаа, уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Нөлөөлөх нь бий. Говьсүмбэр аймгийн Чойрын Богд ууланд байдаг хүүхдийн овоонд очиход сэтгэл маш их догдолсон. Хүүхэд хүссэн, орон байртай болох гэсэн хүмүүс голдуу очиж хүслээ шивнэдэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь, орон сууц бүтээчих юм сан хэмээн залбирч, шивнэсэн нь хүслээ чулуун гэр болгон үлдээдэг юм байна. Гурван өрөө байр хүссэн бол гурван өрөөтэй чулуун гэр барина. Ийм гэр маш олон. Тэр хавиас мянга мянган хүний хүсэл, мөрөөдлийг “уншиж” болно. Тэр бүхнээс биелсэн нь олон байх. Биелэх нь ч олон биз. Байгалийн тогтоц үзэсгэлэнтэй байх гоё л доо. Гэхдээ хүмүүсийн бүтээсэн мөрөөдлийн бичээс гайхам гоё. Анх хараад сэтгэл үнэхээр хөдөлсөн.
-Одоо ч таны ярианаас сэтгэл хөдлөл мэдрэгдэж байна.
-Аргагүй ээ. Мэдэхгүй, аль эсвэл сургийг нь сонссон ч, төдийлөн ойшоодоггүй хүмүүс Чойрын Богд уулын барааг алсаас хараад явдаг байх. Тэгж харснаа очсон гэж боддог, ярьдаг байж магадгүй. Хэрвээ зориод хүүхдийн овоонд хүрэх юм бол их юм бодно доо.
-Өөр хаана очих гоё вэ?
-Төлөвлөж, судлаад зорьсон газар болгон гоё. Очих газартаа хүрэх гэж явахад болзоонд яарч байгаа мэт догдолдог. Тэндээ буудаллахад сэтгэл ханамжтай байвал бүр гоё. Тэнгэр улайссан мэт харагдах, тэгшхэн талын дээгүүр сэмжин үүл бүрхсэн байх нь ер бусын үзэгдэх зэрэгт өөрийн эрхгүй татагддаг. Цаг агаарын байдлаас болоод, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар сэтгэл хангалуун байж чадахгүй болж мэднэ. Тэгвэл энэ нь магадгүй ойрмогхон дахиж ирэх шалтаг болно. Газар орны зургийг дахин авахаас уйддаггүй юм уу гэж асуудаг хүмүүст хэлье л дээ. Хүн ээжийнхээ зургийг нэг удаа авчихаад “Одоо болно” гээд орхидоггүй. Энэ онд, дараа жил, ганцааранг нь, хүүхдүүдтэй нь, найзуудтай нь, оройн наранд алхаж явааг нь, мөн өглөөний тунгалаг наранд инээмсэглэн байгааг нь гэрэл зурагт мөнхөлнө гэнэ шүү дээ. Байгалийн юмс, үзэгдлийн тухайд яг адилхан.
-Унтаад сэрэхэд цас битүү дарчихсан, эсвэл чоно, баавгай мэтийн араатан ойрхон ирсэн байсан тохиолдол хэр олон бол?
-Тийм байх тусам гоё гэж хэлэхээр мэдэх нь ойлгох байх. Магадгүй “Дэгсдүүлж байна даа” гэж ч мэднэ. Адал явдал бишгүй тохиолдсон.
-Гэрчгүй юм чинь яриад нэмэргүй гэж үү?
-Яг үнэн. Хөхөө өвлийн хүйтэнд машин эвдрэхийн, төөрөөд нэг мэдэхэд чонын үүрэн дундуур туучиж явахын “гайхамшиг” гэж бий. Ийм мөч тэр бүр таарахгүй болохоор айх гэхээс илүүтэй сонирхоно шүү дээ. Араатан өлсгөлөн биш бол яах ч үгүй. Зөнгөөр нь орхихгүй оролдох юм бол харин хүн өөрөө эрсдэж мэднэ. Шилүүс, ирвэс зэргийг хажуунаас нь харж байхад ёстой л эр хүний жаргал эзгүй хээр гэдгийг мэдэрдэг.
-Говийн ганц айл, уулын хяраар нутагтай, эсвэл ганц нэгээрээ отроор яваа малчныд гээд янз бүрийн нөхцөл байдалд хүмүүстэй уулзахад яаж хүлээж авдаг вэ?
-Арван жил аялж, зураг авахдаа очсон, саатсан айл болгондоо урилгагүй ч гэсэн хүндтэй зочин нь байсаар ирсэн. Нутаг нутгийн зон олноос сонссон мэдээлэл, үүх түүх болгон маш сонирхолтой. Аялахын сайхан нь бас үүнд оршдог. Нэг айлд байхдаа ямар нэгэн онц сонирхолтой хүний тухай сонсвол уулзах сэтгэгдэл төрж, зам хазайгаад өнөө хүнийг хайгаад давхичихна. Ийм байдлаар зоргоор, зөнгөөр явдаг. Нэг айлын тухай яримаар санагдлаа. Саяхан болсон явдал. Гүүтэй айл. Саалийн цаг байсан болохоор сонирхож очсон юм. Ороход гэрийн эзэн нь хоймортоо яс мөлжиж суулаа. Надад шилэн аяганд айраг хийж өгөв. Айргаа хятад хуванцар саванд байлгадаг юм байна. Унага татаж байгааг олзуурхаж, гэрийнхэн зөвшөөрвөл ганц, хоёр зураг авна гэж санаархаж байхгүй юу. Учраа хэлэхэд тэр хүн “Надад монгол дээл байхгүй ээ” гээд хөдөлсөнгүй, яс мөлжсөөр байв. Зураг авхуулаагүйд нь хэлж байгаа юм биш. Зүй нь бол монгол хүн юм чинь “Алив хө, өвдөл цөвдөл чанасан юм. Хүзүүний мах ч болов огтол” гэмээр. Айргаа хятад хуванцар саванд биш, хөхүүрт байлгамаар. Шилэн биш, халтар ч гэсэн хулаар аягалмаар. Тэр айлаас гарахад их эвгүй сэтгэгдэл төрсөн. Монголоо алдаж байна даа гэж харууссан. Эмгэнэл. Ер нь ийм хандлага ажиглагдах болсон. Малчид бүгд ийм болбол Монгол байхгүй болно л гэсэн үг. Улмаар нүүдэлчин монголчууд гэсэн бусдаас ялгарах хэв шинж алдагдаж, үнэт зүйлээ гээнэ.
-Малаа машин, мотоциклоор хариулах, хазаар, ногтоо сураар бус, хиймэл материалаар хийх гэхчлэн монгол ахуйдаа хүнийрхүү, хайнга хандах болсноо үл тоож нь буй харамсалтай санагддаг.
-Тийм хандлага жил ирэх тусам ажиглагдаж байна. Монголоо Монголоор нь байлгах нь чухал гэж үздэг бол төрөөс арга хэмжээ авах цаг болсон.
-Таны урын санд манай улсын бүх аймгийн үзэсгэлэнт газрын зураг бий байх. Хамгийн гоё нь аль бол. Уран бүтээлчид “Сайн, муу гэж ялгадаггүй. Бүгд л төрүүлсэн хүүхдээс минь ялгаагүй” гэдэг л дээ. Гэхдээ сонсмоор байна.
-Хамгийн олон удаа зорьж очсон, жилийн дөрвөн улиралд буулгасан, өдөрт хэдэн удаа шагайсан уул, толгод, гол, мөрөн, мөнх цаст оргилууд, ширхэг бүр нь наранд гялтганан сэтгэл гижигдэх элсэн манхны гээд бүхий л газар гоё. Бүгдэд нь дурласан болохоор түрүүн хэлсэнчлэн болзоонд явж буй мэт яаран, гэгэлзэн дахин дахин очдог. Нэр заамааргүй байна.
-Таны гарын үсэгтэй бүтээл албан байгууллага, айл гэрийн хойморт залаастай байхыг харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Өөртөө бий болгосон ажил энэ гэж боддог. Гэхдээ би хүмүүсийн худалдаж авахаар товлосон зурагт гарын үсгээ зурдаггүй. Бусдын хайртай, магадгүй шүтээн газруудынх нь зураг дээр “Үүнийг би хийсэн” гэж тунхаглах мэт тамга, тэмдэг, гарын үсэг тавих нь тохиромжгүй. Бусдын хүслийг хүндлэх хэрэгтэй.
-Сүүлийн үеийн залуус Монгол орноороо аялах дуртай болжээ. Энэ сэдэлд таны хувь нэмэр бий гэж боддог уу?
-Аялдаг, зураг авдаг хүн маш олон болсон. Бүгд нөлөөлсөн байх.