АНУ-ын Сиэтл хотод амьдардаг, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн энэ бүсгүй монгол хэл, бичгийн соёлоо дэлхийд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тэрбээр монголчуудын түүх, соёлын үнэт өв “Монголын нууц товчоо”-г 12, “Оюунтүлхүүр” сургаалт шастирыг бүрэн эхээр нь 100 гаруй удаа монгол бичгээр буулгажээ. Түүнтэй цахимаар холбогдов.
-Та хэзээнээс монгол бичигт шамдсан бэ?
-Дунд сургуулийн тавдугаар ангид байхдаа анх монгол бичгийн үндсэн зурлага, ялгах тэмдгүүдийн заалгасан. Тэр үеэс хойш хичээнгүйлэн сурч, бичсээр 15 жил болж байна.
-Эртний судар, зохиолуудыг чамгүй олон удаа бичжээ. Та бүтээлээ хэн нэгэнд дурсгадаг уу, эсвэл хүмүүс захиалдаг уу?
-Сурагч байхад багш нар минь намайг сайхан бичигтэй гээд уралдаанд байнга оролцуулдаг байсан юм. Хамгийн анх 13 настайдаа “Оюун түлхүүр” шастирын хөрвүүлгээр нэг уралдаанд түрүүлээд, олон хүнээс урмын үг сонссон. Энэ үйл явдал надад их урам өгсөн. Уралдаанд сойсон бүтээлүүдээ тэр үеэс гэрийнхээ хананд өлгөдөг болсон. Манайд зочилсон хүмүүс миний бичгийг сонжиж, шохоорхдог байлаа. Тэр болгонд нь хөөрч, урамшин, бүтээлээ дурсгадаг байв. Одоо бол хүмүүс гэр бүл болсон хос, шинэ гэрийн найрт бэлэглэх зорилгоор захиалах нь түгээмэл. Гадаадад ажиллаж, амьдардаг цөөнгүй монгол айл, албан байгууллагын хойморт миний бичвэр бий.
-Монгол бичиг мэддэг, сурсан хүн бүхэн уран, сайхан бичиж чаддаггүй. Таны авьяас хаанаас эхтэй бол?
-Аав, ээж хоёр минь уран гартай, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч хүмүүс. Энэ нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Сурагч байхад багш нар маш их дэмждэг байсан. Бага ангийн багш минь намайг авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй гээд Хүүхдийн ордны зурах урлагийн ангид хөтлөн оруулж байлаа. Ойр дотнынхон ингэж их итгэж, дэмждэг байсан учир өөрөө ч хичээсэн. Уйгагүй сууж, янз бүрийн зүйл бичнэ, зурна, түүнийгээ уншина. Хуучин монгол бичиг, кирилл, латинаар хичээнгүй, сайхан бичихийг зорьж, хэл бичгийн уралдаанд тогтмол оролцон, чансаагаа сорьдог байсан нь өөрийгөө хөгжүүлэх үндэс болсон гэж боддог.