Монгол Улсын Консерваторын Хөгжмийн ухааны тэнхимийн багш, хөгжмийн зохиолч Т.Мөнхбаатарыг “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр Соёлын коллежид дуу хөгжмийн багш мэргэжил эзэмшиж, улмаар Төрийн шагналт Б.Мөнхболд багшийнхаа удирдлагад Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватор)-ийг хөгжмийн зохиолчоор төгссөн аж. Т.Мөнхбаатар өдгөө ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторт Владимир Григорьевич Тарнопольскийн удирдлагад суралцаж байна.
-Бидний ярилцлагыг хөгжим сонирхогчдоос авхуулаад анхлан сонсогч хүртэл олон хүн унших байх. Тиймээс энгийн нэг зүйл асууя. Миний ойлгож буйгаар хөгжимд өнгө хамгийн чухал бололтой. Мэргэжлийн хүмүүс үүнийг “дотортой хүн” буюу өнгөө сайн гаргаж чаддаг хөгжимчин гэж үнэлэх юм билээ. Энэ зөв үү?
-Тийм ээ, санал нэг байна. Өнгө гэдэг бол сэтгэл. Техник бол сургалт, давталтаар сууна. Харин өнгө бол сэтгэлээс гардаг гэж би боддог. Сэтгэлээс гарсан зүйл л сэтгэлд хүрнэ. Хөгжмийн зохиолчид, хөгжимчин бүр өөр өөрийн гэсэн онцлог өнгөтэй. Түүнийг сонсогчид ч мөн адил өөр өөрийн гэсэн өнгөөр хүлээн авна. Миний өнгө хэн нэгэнд заавал таалагдах албагүй.
-Таныхаар хөгжимчин хүний амжилтыг юугаар хэмжих вэ. Алдартай танхимуудад тоглож, ур чадвараа дэлхийн үзэгчдэд болон мэргэжлийн хүмүүст хүргэснээр нь хэмжих үү, эсвэл өөр шалгуур байна уу?
-Мэдээж олон хүн тухайн хөгжимчний тоглохыг сонсохыг хүсэж байвал тэр хүн алдартай байж болох юм. Харин миний хувьд хөгжимчин тайзан дээр гараад дотроо юу бодож төсөөлж, хүсэж, мөрөөдөж байгаагаа тоглож, илэрхийлж чадаж байвал амжилтад хүрсэн уран бүтээлч. Энд тайзны том, жижиг хамаагүй болов уу. Тайз бүр ариун, бас үнэ цэнтэй.
-Та хөгжмийг юутай зүйрлэдэг вэ?
-Хөгжим бол нүдэнд үл харагдах, агаарт буй сүнс.
-Яагаад?
-Түүнийг барьж болохгүй, харж чадахгүй. Тэр сүнслэг долгион бидний сонорт хүрснээр зарим хүний сэтгэлийн гунигийг үргээнэ, зарим хүний баярыг улам нэмж, аз жаргалтай болгоно гэх мэтчилэн. Тайлбарлах амаргүй юм.
-Ингэхэд би таныг дунд сургуульдаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги дүүргэснийг мэдэх юм. Хэзээнээс, хэрхэн хөгжимд дурлаж, энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн юм бэ?
-Ээж, аав минь намайг банк санхүүгийн мэргэжилтэй хүн болгохыг хүсдэг байлаа. Харин би ширээний ард суугаад өдөржин тоо бодохыг огт хүсээгүй. Өөрөөр хэлбэл, надад илүү чөлөөтэй ажил хэрэгтэй байсан. Ингээд “Юу байвал дээр вэ” гэж найзтайгаа ярилцтал намайг урлагийн сургуульд шалгуулахыг зөвлөсөн. Тэгээд шалгуулсан, тэнцсэн. Одоо бодоход миний амьдралын хамгийн зөв сонголт байж.
-Таны сонсох дуртай ямар, ямар хөгжимчид байдаг вэ?
-Яг тэр, энэ гэсэн хөгжимчин байхгүй дээ. Таалагдсанаа л сонсдог.
-“Амжилтын ард 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас бий” гэх үг байдаг. Энэ үг хөгжмийн ертөнцөд тохирох уу?
-Үнэхээр техник сайтай хөгжимчин болъё гэвэл байж болох юм. Харин сэтгэлгээ, өнгө бол угаасаа хүний дотор байдаг зүйл учраас энэ эшлэл тохирохгүй.
-Та Монгол Улсын Консерваторт хэчнээн жил багшлав?
-Төгссөн сургуульдаа долоон жил багшилжээ.
-Гэгээлэг, цагаан цаас шиг хүүхдүүдэд мэддэг бүхнээ зааж сургах бахархалтай санагддаг байх?
-Би сургууль руугаа, хүүхдүүдэд хичээл заах гэж яардаг байлаа. Хичээлээ заах үед ямар ч түүртэх зүйл надад байдаггүй. Тиймээс л “Энэ үнэхээр миний мэргэжил мөн юм байна” гэж боддог. Мэдээж Монголын урлагийн ирээдүйн их мастеруудад хичээл заадаг болохоор бахархалтай санагдалгүй яах вэ.
-Эцэг, эхчүүд хүүхдээ хөгжмийн сургуульд сургах сонирхолтой. Гэвч хөгжмийн сургууль өндөр шаардлагатай учраас олон хүүхэд сургуулиа дүүргэж чаддаггүй. Тиймээс хүүхдэдээ хөгжмийн боловсрол олгохыг хүсэж буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Энд нэг зүйлийг тодотгохыг хүсэж байна. Өндөр шаардлагатай учраас биш, харин үнэхээр энэ хүүхэд хөгжимчин болох хүн мөн үү, биш үү гэдгээс л шалтгаална. Өөрөөр хэлбэл, ихэнх тохиолдолд төгсөж чадаагүй хүүхдүүд өөрийн хүсэл сонирхлоор биш, эцэг, эхийн шахалтаар энэ сургуульд элссэн байдаг. Иймд эцэг, эхчүүдэд хандаж “Таны хүүхэд үнэхээр хөгжмөөр цаашдаа амьдрах уу. Та хүүхдийнхээ ирээдүйн төлөө хариуцлагатай шийдвэр гаргах гэж буйгаа сайтар бодох хэрэгтэй. Энэ нь таны биш, хүүхдийн чинь хүсэл, мөрөөдөл байх хэрэгтэйг санаарай” гэж хэлмээр байна. Хүүхдээ хөгжмийн боловсролтой болгоод, дараа нь өөр мэргэжил эзэмшүүлэхийг хүсэж байвал өөр сургуульд оруул. Тэгээд чөлөөт цагаар нь дугуйланд хичээллүүлж болно шүү дээ.
-Зарим хөгжимчин “Консерваторын сургалт хэцүү. Яг сонгодог зүйлийг тулгадаг. Дотор байгаа мэдрэмжээ гаргах гэхээр түүнийг хүлээн зөвшөөрдөггүй” гэж ярихыг сонсож байсан. Та энэ тал дээр ямар бодолтой вэ?
-Мэдээж суурийг нь сонгодог урлагаар маш сайн тавих хэрэгтэй. Харин ахлах ангид ороод ирэхээр хүүхдийн чөлөөт зохиомжийг идэвхжүүлсэн, өөрийг нь илүү нээсэн сургалт хэрэгтэй гэж бодож байна. Би ч сонсголын хичээл дээрээ хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлсэн импервозаци их заадаг байлаа. Зарим хүүхэд бүр хөгжим зохиож эхэлсэн. Энэ нь нэг талаар хүүхэд өөрийгөө нээж, чөлөөтэй сэтгэхэд нөлөөлдөг байх.
-Ер нь сонгодог урлаг хүнд юу өгдөг юм бэ?
-Сонгодог урлаг гэхээсээ урлаг гэвэл илүү дөхөмтэй байх. Урлаг хүнд өнөөдрийн талхнаас илүү зүйл энэ ертөнцөд байдгийг ойлгуулдаг.
-Төгөлдөр хуургүйгээр та өөрийгөө төсөөлж байв уу?
-Төсөөлж болно. Сэтгэл л хоосон биш байхад юуг ч төсөөлж болно.
-Хөгжмөөр тухайн уран бүтээлийг хүнд ойлгуулна гэдэг амаргүй байх. Дууг хүнд хүргэхдээ үгээрээ илэрхийлэх жишээтэй. Таны хувьд хөгжмөөрөө дамжуулан хэлэх гэсэн зүйлээ илэрхийлж чаддаг уу?
-Яг үнэндээ би одоогоор чадахгүй байгаа гэж боддог. Тиймдээ ч энд сурахаар ирсэн.
-Авьяас шавхсан бүтээл тань юу вэ?
-Тийм бүтээл одоогоор байхгүй ээ.
-Сүүлийн үед ямар уран бүтээлд төвлөрч байна вэ?
-“Би яг хэн бэ” гэдгээ л олохыг хичээж, төрөл бүрийн зүйл оролдож, бичиж байна.
-Эх орондоо хэзээ ирэх вэ. Ирээд ямар уран бүтээл хүргэхээр төлөвлөсөн бол?
-Сургуулиа төгсөөд л очно. Таван жилийн дараа. Одоогоор сэтгэл дотор олон л зүйл эргэлдэж байна. Эндээс чадлынхаа хэмжээгээр эрдэм өвөртөлж, эх орондоо очоод түүнийгээ бусдад түгээнэ дээ.
Бэлтгэсэн: А.Тайшир