Мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажилладаг болон чөлөөт уран бүтээлч хөгжимчид “Улаанбаатар фестиваль оркестр”-т нэгджээ. Энэхүү найрлын талаарх мэдээллийг санаачлагч, БНХАУ-ын Кунмин хотын Олон улсын филармонийн симфони найрал хөгжмийн ахлах хөгжимчин, угалзан бүрээч Т.Хуягаас тодрууллаа.
-Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр найрал хөгжим шинээр байгуулж гэж бодож байлаа. Гэтэл үгүй аж. Та энэ санаачилгынхаа талаар тайлбарлаж өгөх үү?
-Олон улсын жишгээр, хөгжимчдийн хүсэл, зорилгод үндэслэн байгуулсан юм. Хөгжимчид амралтынхаа үеэр үндэсний, эсвэл олон улсын хөгжмийн наадамд тоглох, харилцан туршлага солилцох, шинэ мэдээлэл, мэдрэмж авах зорилгоор нэгдэх нь бий. Нэгэнт сайн дурын үндсэн дээр нэгдсэн тул хамтдаа олон ажил хийдэг. Цаашид улс орондоо болон гадаадад аялан тоглох байх. Ингэснээр олон нийтийг соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Зун л цуглана, байнгын ажиллагаатай биш гэсэн үг.
-Сонирхолтой юм.
-Би санаандгүй ийм том ажил эхлүүлчихлээ. Уран бүтээлийн бие даасан тоглолтоороо В.А.Моцартын нэгэн концертыг хэд хэдэн хөгжимчинтэй хамт тоглох хэрэгтэй байсан юм. Нөхөдтэйгөө холбоо барьж, хэн хэн оролцох боломжтойг асуухад маш богино хугацаанд олон хүн тоглоё гэж хэлсэн. Хөгжимчид идэвхтэй, шинэ бүтээл, ажилд хүч сорих урам зоригтой байгаад баярласан. Улмаар ӨМӨЗО-ы Хөх хотын Үндэсний урлагийн их сургуулийн багш, удирдаачаар ажилладаг Б.Лхагвасүрэнд “Манай хөгжимчид нэгдэж уран бүтээл хийхээр болсон. Хамтарч тоглоё гэвэл та удирдах уу” гэж асуухад зөвшөөрсөн юм. Тэгээд л уран бүтээлчдийг цуглуулж эхэлтэл даруй 60 гаруй болов. Бид анхны тоглолтоо ирэх сарын 10-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэл сургуулилалтаа эхэлсэн.
-Тэгэхээр таны уран бүтээлийн бус, оркестрын тоглолт болох нь ээ?
-Тийм. Би хөгжмөө ч давтах завгүй зохион байгуулагч болчихлоо (инээв). Гэхдээ Моцартын концертыг төлөвлөснөөрөө тоглоно л доо. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм хэвээр байгаа болохоор улсын байгууллагуудын концертын танхимд тоглож болохгүй нь. Тиймээс “АСЕМ вилла”-гийн тоглолтын танхимыг ч юм уу сонгох байх. Үзэгчдийг хол хол суулгах тул цөөн хүн үзэх боломжтой.
-“Улаанбаатар фестиваль оркестр”- ын анхны тоглолтоор ямар ямар хөгжим сонсож болох вэ?
-Суут хөгжмийн зохиолч Р.Вагнерын алдартай “Риенци” удиртгалыг тоглоно. Монголын сонгодог хөгжимчид өмнө нь нэг удаа тоглож байсан. 2003 онд Улсын филармонийн симфони оркестр Токиод тоглоход япон маэстрогийн удирдлагаар үзэгчдэд хүргэсэн юм. Тэгэхэд би 18 настай, Филармонид хөгжимчнөөр дөнгөж ороод байхдаа бүрэлдэхүүнд багтаж байлаа. Одоо энэ гоё хөгжмийг Б.Лхагвасүрэн маэстрогийн удирдлагаар бид тоглох нь. Төгөлдөр хуурч, Консерваторын багш, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шилдэг концертмейстерын шагналт Б.Бат-Эрдэнэ Ф.Шопены хүндэтгэлийн полонезыг найрал хөгжимтэй анхлан тоглох юм. Энэ мэтчилэн сайтар бодож, сонгосон сонгодог бүтээлүүдээр хөтөлбөрөө бүрдүүлсэн. Анхны тоглолт, цаг цөвүүн, санхүүжилт гэх юмгүй ч зүрх сэтгэлээрээ нэгдсэн залуус түүхэнд үлдэх сайхан тоглолт хийнэ гээд л явж байна даа. Туршлагатай, шилдэг хөгжимчин ДБЭТ-ын симфони найрлын тэргүүн хөгжимчин, хийлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, Консерваторын багш, нарийн бүрээч Сүхгэрэл багш нартаа бидний санаачилгыг дэмжиж, оркестрт тоглох болсонд талархаж байна. Өдий насны ах нар амарч, хөдөө явах цагаасаа залуучуудад зориулж буй нь их хүндэтгэл юм.