Дэлхийн оюуны спортын II наадмаас хүрэл медаль хүртсэн тоглолт. Цаад ширээнд Б.Нандинцэцэг. 2012 он
Насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой аварга, Дэлхийн оюуны спортын II наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн даамын холбооны мастер Б.Нандинцэцэг дөрвөн настайдаа ааваараа даам заалгажээ. Багадаа уран нугаралтаар хичээллэдэг байсан тэрбээр даамын ертөнцөд хөл тавьсан цагаасаа үе үеийн тамирчидтай хөлөг дээр “тулалдаж” цахиур хагалж явна. 2007 онд 64 буудалт даамын, Ази тивийн АШТ-ээс, алт, хүрэл медаль хүртэж, шагналынхаа салхийг хагалсан бол 2008 онд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, спортын мастер цолны болзол хангасан. 2012 онд Францын Лилль хотод дэлхийн оюуны спортын II наадмаас түргэн тоглолтын багийн төрөлд ОУИМ Э.Мандахнарангийн хамт оролцож, хүрэл медаль хүртсэн. 2016 онд Монголд зохион байгуулсан Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль өвөртлөн, турк даамын төрөлд аварга болсон гээд түүний амжилтууд хөвөрнө. Тууштай, дайчин зан, уйгагүй хичээл зүтгэл нь түүнийг амжилтад хөтлөв. Дэлхийн даамын холбооноос зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” цахим тэмцээнд тэрбээр эмэгтэй тамирчидтайгаа баг болж, өрсөлдөгчдөө авьяас, ур чадвараараа буулган авч, аваргын цом гардсан. Мөн өнгөрсөн долдугаар сард дэлхийн аварга ОХУ-ын их мастер Александр Шварцман www.lidraughts.org сайтад 40 тоглогчтой зэрэг тулалдахад тэрбээр сонгогдон тоглож, тэнцсэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Дэлхийн даамын холбооноос зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” цахим тэмцээнд амжилт гаргасан тамирчдадаа баяр хүргэе. Манайхан БНХАУ, ОХУ, Беларусийн шилдэг багийг хожиж, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харууллаа.
-Баярлалаа. Дэлхийн шилдэг даамчидтай өрсөлдөж, аварга болох амаргүй байлаа. Багийн тамирчид цахим тэмцээнд сэтгэл зүйгээ сайн бэлдэж, амжилттай тоглосон. Бид түрүүлнэ гэхээсээ илүү сайн тоглохыг зорьсон. Энэ тэмцээнд ОХУ-ын багийг түрүүлэх магадлалтай гэж байлаа. Даамын ертөнцөд өмнөд хөршийн тамирчид хүч түрэн орж ирж байна. Тэд шилдэг дасгалжуулагчдыг урьж, даамын төрлүүдийг хөгжүүлснээр эн тэнцүү өрсөлддөг болжээ. Бид Хятадын багийг 8:2-оор хожсон. Миний хувьд өмнө нь тоглож байсан өрсөлдөгч болох 2017-2019 оны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, дэлхийн цомын аварга, ОХУ-ын тамирчин Айгуль Идрисоватай учраа таарсан ч хожигдсон. Санамсаргүй жижиг алдаанаас болж ялагдсан тул маш их бухимдаж, ядарсан. Багийнхан минь хойд хөршийнхөнтэй ана мана үзэлцэж, 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгарахад үнэхээр баярласан. Оюуны спортод хэр сэтгэл гаргаж зүтгэснийг батлах зүйл бол цом хүртэх шүү дээ. Монголын даамчид давуу талаа олон талаар харуулж байна.
-Аваргын төлөөх тулаан даам сонирхогчдыг их догдлуулсан. Хэн нь ч түрүүлж мэдэх тоглолтын салхийг манай даамчид өөрийн талд эргүүлсэн нь хамгийн сонирхолтой, гоё агшин байв.
-Беларусийн багтай өрсөлдөх аваргын цомын төлөөх тоглолтод өөрийнхөө оронд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжинг багтаа санал болгосон. Учир нь багийн тэмцээн хариуцлага өндөртэй. Нэг нь алдаа гаргаж хожигдвол амжилт буурдаг. Тэмцээнд оролцсон баг тамирчдыг ОУИМ Г.Ганжаргал ахлан дасгалжуулж, зөвлөсний үр дүнд амжилт гаргалаа. Тэрбээр “Та нар сэтгэл зүйгээ тайван байлгаж, өөртөө итгэлтэй бай. Цахимаар өрсөлдөж байгаа тул ямар ч алдартай тамирчин таарсан нэр хүнд, амжилтаас нь эмээх хэрэггүй. Тэмцээнд ур чадвараа дайчлан, зоригтой тогло” гэсэн.
-Багийн тань тамирчдаас хэн нь уран нүүдэл хийж, хожил авчрав?
-Багийнхнаа аваргын төлөө тоглоход дасгалжуулагч Г.Ганжаргал, Р.Манлай нар амьсгаа даран сэтгэл догдлон, бас түгшиж суусан гэж бодож байна. Түрүүлэхэд тэд хамгийн түрүүнд баяр хүргэж, урам хайрласан. Энэ удаа Э.Хүслэн, Б.Мөнхжин нарын тоглолтыг онцолж яримаар байна. Б.Мөнхжин, Б.Анужин нар илүү тоглох мэдрэмж надад төрөөд байлаа. Наймдугаар сарын 15-нд хариу тулаан манайхны хувьд хүндхэн эхэлж, I, III ширээний тоглогчид ялагдчихав. Шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэн, хоёр тоглолтын нийлбэр 9:7 болж, аваргаар Монголын баг тодорсон. Хамгийн бахархмаар зүйлийн нэг нь манай баг Монголын шилдэг дасгалжуулагчдын шавь нараас бүрдсэн байлаа. Хоёр сарын турш үргэлжилсэн эл тэмцээнд өрсөлдөгчдөөс минь ОХУ-ын тамирчин Айгуль Идрисова сонгомол байрлалаас гайхалтай тоглолт өрнүүлсэн. Тэрбээр довтолж тоглодог онцлогтой. Манай багийн талаар даамын мэргэжилтнүүд “Монголын баг өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” гэж дүгнэсэн. Монголын чансаа өндөртэй даамчдаас Дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэн, Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лхагвадолгор нар бахархмаар гоё тоглолтууд гаргаж, ур чадвараа харуулж чадлаа.
-Оюуны спортоор олон жил хичээллэж байж амжилт гаргадаг. Эгч, дүүс даамаар хичээллэж, Нандин нэрээр тодрон гарч ирснийг санаж байна.
-Би таван хүүхэдтэй өнөр айлд өссөн. Хоёр эгч, хоёр дүүтэй. Бидэнд даамын цагаан толгой анх заасан багш бол аав минь. Ааваараа дөрвөн настай байхдаа даам заалгаж, эгч нартайгаа хичээллэсэн. Тэднийг Б.Нандинчимэг, Б.Нандин-Эрдэнэ гэдэг, спортын мастер цолтой. Гэрийнхнээсээ тууштай хичээллэж, мэргэжлийн тамирчин болсон нь би. Надад даам заасан хоёр дахь багш бол ном. Би одоо ч даамын хичээлүүдийг номноос бие дааж сурсаар л байгаа.
-Эгч нараа хожиж, хор шарыг нь малтдаг байв уу?
-Аав бидний дунд тэмцээн байнга зохион байгуулдаг байлаа. Хожсон нь гэр цэвэрлэж, хоол хийхээс чөлөөлөгдөж, хожигдсон нь тэр өдрийн бүх ажлыг хариуцна. Би хэдэн талаас нь харьцуулан бодож, оновчтой нүүдэл хийн, эгч нараа хождог байв. Аав намайг хожвол нь урам хайрлана, тааруухан тогловол “Иймхэн нүүдэлд хожигдчихоод чи даамчин болж чадах юм уу. Одоо боливол яасан юм” гэж шар малтана. Намайг тамирчин болоход аавын шударга үг хурцалсан. Аав, ээж минь биднийг дэмжиж “Боломжгүй, болохгүй зүйл гэж байдаггүй юм. Хийж, бүтээж, хожно гэсэн өөдрөг бодол, зорилготой байгаарай” гэж урам өгдөг.
МИНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ
-Та даамаас түр завсарлаад эргэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд их, дээд сургуулиа төгсөж, гэр бүлтэй ч болжээ.
-Тийм ээ, мэдлэг боловсрол, хувийн амьдралдаа цаг гаргаж, анхаарал хандуулах хэрэгтэй байсан тул даамаас түр завсарласан юм. Бид охинтой. Нөхөр минь ойлгож, дэмжсэний хүчинд даамын спортдоо эргэн ирсэн. Сүүлийн үед шаргуу хичээллэж, амжилт руу зүтгэж байна. Миний дараагийн зорилго дэлхийн аварга болох.
-Тамирчин хүн амжилтаараа байгууллагынхаа нэр хүндийг өргөдөг бас нэг онцлогтой.
-2015 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг банк санхүү, нягтлан бодох бүртгэл, МУИС-д аялал жуулчлалын менежер мэргэжлээр суралцаж төгссөн. Оюутан байхдаа хоёр сургуульд зэрэг сурах хэцүү санагдаагүй. Cургуулиудын маань орчин нөхцөл, оюутнуудынх нь хандлага өөр байсан. Хамгийн гол нь цаг, заваа зөв хуваарилж чадвал зэрэг сурч болдог юм билээ. Оюутан байхдаа үүрэг, хариуцлагаа өөрөө л үүрэх ёстой гэж боддог байсан тул тэмцээнд оролцохоо хэнд ч хэлдэггүй байв. Гэсэн ч сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд намайг гадаадын тэмцээнд оролцох гэж байгааг мэдээд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байлаа. Би Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуульд их сонин тохиолдлоор элсэж билээ. Ахлах ангид ордог жил манайх Дархан-Уул аймагт суурьшсан юм. Элсэлтийн шалгалтын үеэр их, дээд сургуулиудыг сонирхон судалж явахдаа тус сургуулийн сургалтын менежер Ч.Баттөмөртэй танилцаж, даамын спортод амжилт гаргаж яваагаа ярихад “Чи манай сургуулийн банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн ангид тэтгэлэгтэй суралцаач” гэж санал тавьсан юм. Би аялах дуртай. Хүүхэд байхаасаа спортын буянаар гадаадын олон оронд хөл тавьсан тул аялал жуулчлалын менежмент мэргэжлийг сонгосон. Одоо хэлний мэдлэгтээ анхаарч, итали, хятад хэл сурч байна.
-Хүүхэд байхдаа 2007 онд Узбекистаны Ташкентад болсон 64 буудалт даамын Азийн АШТ-ий түргэн тоглолтын төрөлд аварга болж, үндсэн төрөлд хүрэл медаль хүртэж олны анхаарлыг татсан шүү дээ.
-Тэр үед Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч байлаа. Би тэмцээнд азтай, одтой тоглож, амжилт гаргасан. Ташкентад болсон 64 буудалт даамын Азийн АШТ-ий түргэн тоглолтын төрөлд алт, үндсэнд хүрэл медаль хүртээд эх орондоо ирэхэд аав, ээж, найз нөхдөөс гадна олон хүн баяр хөөртэй угтсан. Дөнгөж буунгуут л телевиз, сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчид ярилцлага авч, амжилтын минь баярыг хамт хуваалцсан нь сэтгэлд үлджээ. Тэр тэмцээнд өрсөлдөгчөө хожоод, аварга болж байсан минь одоо ч нүдэнд харагддаг юм.
-Даам таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Даам ухаан хөгжүүлж, зан, төлөвт эерэгээр нөлөөлдөг. Би аливаа асуудалд нухацтай, эргэлзэхгүй зөв шийдвэр гаргадаг болсон. Саад бэрхшээлээс шантардаггүй, өөртөө итгэлтэй, хичээнгүй зан минь алхам тутамд хэрэг болдог. Энэ бүхэн ажилд хандах хандлагаас минь ч анзаарагддаг. Надад сүүлийн үед хүмүүс хүүхдэдээ даам заалгах санал тавих боллоо. Миний хувьд ажиллахын зэрэгцээ тэмцээнд оролцдог болохоор шавь бэлтгэх зав гарахгүй. Өмнө нь зуун буудалт даамын “Victory” клуб нээж, зургаан сар хичээл зааж үзсэн. Тэр үед дасгалжуулагч багш хүүхдүүдийнхээ авьяас, ур чадвар, сэтгэхүйг хөгжүүлэхэд цаг, зав харамгүй зарцуулах хэрэгтэйг сайн ойлгосон. Хойшдоо ажлынхаа цаг завыг зохицуулж байгаад даамын клубээ үргэлжлүүлэн хичээллүүлэх бодол бий.
ХОЖИГДОХ ТУСАМ ЯЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМҮҮЛДЭГ
-Хөлөг дээрх ялагдлаа бодохоор заримдаа сэтгэлийн дарамт болдог тал байдаг уу?
-Даамын спорт оюун ухаан зарцуулдаг тул амжилтгүй оролцсон тэмцээнүүдийнхээ алдаа, дутагдлыг бодохоор сэтгэл амархан хямрах гээд байдаг юм. Даамчид ярихаасаа илүү бодож, тунгаан төлөвлөдөг болохоор энерги их зарцуулдаг. Сэтгэл доторх зүйлээ тэр бүр гаргаад байдаггүй тул заримдаа стресс болж хувирдаг талтай. Тэмцээнд улсынхаа нэр хүндийг өндөрт өргөх нь тухайн тамирчны тоглолтоос шалтгаалдаг. 2012 онд Францын Лилль хотод дэлхийн оюуны спортын II их наадамд ОУИМ Э.Мандахнарантай нэг баг болж оролцохдоо маш их шантарсан. Тэр үед даам тоглох ямар хэцүү юм бэ гэж бодож байлаа. Монголдоо тэргүүлж, аварга болох гадаадын тэмцээнд өрсөлдөх хоёрт асар их ялгаатайг мэдэрч билээ. Тэр олимпод дэлхийн шилдэг даамчид өрсөлдсөн. Хөлөг дээр өөрт байгаа бүхнээ шавхан гаргаж тоглоход надад нэг секунд ч үнэ цэнтэй байлаа. Тэр хэрээрээ хичээж, оюунаа багагүй ядраасан. Гадаадын даамчид зорилгодоо хүрэхийг тэргүүнд тавьж, амжилтын төлөө бүх зүйлээ зориулдаг нь тоглолтоос нь харагддаг. Би өрсөлдөгчөө хожиж яваад хожигдсон. Миний учраа Польшийн тамирчин Наталия Садовска байсан. Гадаад чансаа нь 2242. Дэлхийн шилдэг тамирчдаас чансаагаараа II бичигддэг. Түүнтэй тоглосон өрөг сонирхолтой байв. Даамчдад нэг нүүдэл алдаж нүүхэд л ялагдал ойрхон байдаг. Би хэрвээ зөв нүүсэн бол түүнийг хожих байлаа. Тэр тэмцээнээс хойш тэрбээр мэргэжлийн тамирчин болж, хоёр ч удаа дэлхийн аварга боллоо. Түүнийг харахаар л тэр тэмцээний гашуун сургамж үргэлж бодогддог юм. Мөн 2009 онд Нидерланд улсад залуучуудын ДАШТ болоход Хятадын их мастер Жао Ханчинь тун одтой тоглосон. Спортод хөдөлмөр, ур чадвараас гадна тухайн тамирчны сэтгэл зүй, аз хүртэл нөлөөлдөг. Хожно гэж өөртөө бүрэн итгэсэн намайг тэрбээр азаар хожиж, аварга болж байлаа. Миний хувьд бүх нүүдэл цохилттой байсан ч хэтэрхий улайрч энгийн алдаа гаргаж ялагдсан. Жао Ханчинь одоо Хятадын эмэгтэй даамчдаас амжилт, рейтингээрээ хоёрдугаарт бичигдэж байгаа. Сая “Үндэсний цом” цахим тэмцээнд манай тамирчдад хожигдсон.
-Тэгэхээр дэлхийн оюуны спортын II наадмаас зүүсэн хүрэл медаль өөрийг тань олон талаар шалгаж сорьсон шагнал байх нь ээ.
-Тийм шүү, тэр наадмаас хүртсэн хүрэл медаль үнэ цэнтэй санагддаг. Надаас ухаан, ур чадвар, авьяас, мэдрэмж, тэвчээр, хөдөлмөр аль алийг нь шаардсан болохоор их хайртай. Нандинцэцэг ямар тамирчин бэ, даамын хөлөг дээр хэрхэн авхаалж, самбаа гаргаж, өрсөлдөгчөө ялах вэ гэдгийг олон талаар сорьсон шагнал байлаа. Хүрэл медалиасаа урам аваад л даамын спортдоо үлдсэн. Намайг саад бэрхшээл, шантрахаас тэр чигт нь холдуулсан гэж боддог.
-Дэлхийн шилдэг даамчидтай та нэг бус удаа халз тоглосон. Тэмцээний тов ойртох тусам сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тэмцээн дөхөхөөр сэтгэл зүйгээ тайван байлгаж, өөрийгөө олноос тусгаарладаг. Тийм үед хүмүүстэй нэг их яриа өрнүүлдэггүй. Ажлын ачаалал их, сэтгэл тавгүй үедээ сонгодог хөгжим сонсож тайвширдаг. Тэмцээн эхлэхээс өмнө өөртөө “Би заавал хожих ёстой, бас чадах ёстой” гэж урам өгдөг. Тамирчны гэр бүл ялж, ялагдахад хамт байдаг. Гадаадын тэмцээнд өрсөлдөж байхад гэрийнхэн минь сэтгэлээрээ надтай хамт даамын хөлөг дээр тулалддаг юм. Би хожигдох тусам ялахын төлөө тэмүүлдэг. Миний амархан бууж өгддөггүй занг аав мэддэг болохоор хатуу үгээр хурцалдаг байсан. Намайг хожигдвол “Миний охин даамаас зодог тайлах болоо юу даа” гэж шар хөдөлгөнө. Аав хатуу зантай ч зөөлөн, цайлган хүн байлаа. Намайг тэмцээнд түрүүлэхэд учиргүй магтахгүй ч цаанаа баярлаж байгаа нь харцнаас нь мэдрэгддэг байсан.
-Оюуны спортод хувь нэмрээ оруулах зорилго тань юу байх бол гэсэн бодол ярилцлага эхлэх үеэс л төрөөд байлаа.
-Тамирчин хүн амжилт, зорилгынхоо төлөө тэмүүлэх сайхан. Би тэмцээнд оролцохдоо очсон улс болгоноосоо даам, номтой ирдэг. Гэртээ ном хараад даам тоглох дуртай. Надад нандигнаж хадгалдаг хоёр даам бий. Нэгийг нь Франц, нөгөөг нь Тайландаас авсан юм. Оюуны спортод өөрийн хувь нэмрийг оруулах хэдэн зорилготой, би. Ирээдүйд би даамын клубээс гадна оюуны спортын тамирчдад зориулсан ордон байгуулах хүсэлтэй. Тэр ордонд хөл тавьсан хүүхдүүд даамын төрлүүдээс дуртайгаа сонгож хичээллэх заавар, зөвлөгөө, мэдээллийг цогцоор нь авч болно.
-Даамаар хичээллэдэг тамирчдыг тууштай, тэвчээртэй зан, зорилго тэмүүлэл нь амжилт руу хөтөлдөг. Та үүнийг олон тэмцээнээс мэдэрсэн болохоор залууст зөвлөгөө өгөөч.
-Гадаад, дотоодын тэмцээнд оролцсоор чамлахааргүй туршлага хуримтлууллаа. Тууштай зүтгэл минь амжилтаас атгуулсан. Миний хувьд хожсон, хожигдсон ч өөрт буй бүхнээ гаргаж үзэлцээд л тоглолтыг өндөрлүүлнэ гэж боддог. Олон тэмцээнд оролцдог болохоор ялсан ч учиргүй баярлахгүй, ялагдсан ч сэтгэлээр унахгүй болсон байна. Тамирчин хүн тэмцээнээс хожихын баяр хөөр, хожигдохын сургамж, харамсал аль алийг нь мэдэрдэг. Дандаа хождог тамирчин гэж байдаггүй юм. Тэмцээнд өгөө, аваатай л урагшилдаг. Хожигдох, ялагдах нь муу зүйл биш. Ялалтад хүрэхэд нэг алхам дутуу байгааг өдөр бүр сануулж, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг болдог. Өрсөлдөгчийнхөө давуу талаас үргэлж суралцах хэрэгтэй. Түүний нэр алдартай нь бус, ур чадвартай нь тулалд. Даамаар хичээллэдэг хүн олон давуу тал эзэмшдэг юм. Хурдан бодож сэтгэнэ, юунд ч сатаарахгүй төвлөрч, тэвчээр их гаргана. Даам ганц тоглоод л сурчихдаг спорт биш. Хүмүүс бодож байгаа шигээ амархан сурдаггүй юм шүү. Олон жил уйгагүй хичээллэж, үр дүнд хүрдэг. Энэ спортод хөл тавьсан бол хамгийн түрүүнд хүсэл сонирхолдоо тулгаарлах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр тоглодог спорт биш тул зарим хүн замын дундаас шантарч буцдаг. Тэгэхээр мөрөөдөл, тэмүүллээ харамгүй зориулж байж амжилт руу алхдаг.