Төрийн соёрхолт, Ардын эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, “Ач” анагаах ухааны их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, “Ачтан” эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч, мэргэжлээрээ 52 дахь жилдээ ажиллаж буй мэдрэлийн мэс засалч эмч Ануарын Нотаг “Хоймор”-тоо урьж, ярилцлаа.
-Хийсэн болоод хийж буй ажилтай, үг, сургаалыг нь олон түмэнд хүргэвэл зохилтой, үйлс бүтээлээрээ үлгэр болсон нэр хүндтэй хүмүүсийг залдаг булангийнхаа энэ удаагийн зочноор таныг товлолоо. “Аман хуур” кинонд “Аль хэзээний Соном билээ дээ, ажлаа хийсээр байгаа юм уу” гэдэг шиг асуултаар эхлэх нь. Та ажлаа хийсээр байгаа аж. Нас хэд хүрч байгааг асууж болох уу?
-За, баярлалаа. Чадахаараа хариулъя. Ажлаа хийж байна аа. 1968-1975 онд Баян-Өлгий аймагт, сум дундын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засалчаар, 1975-2007 он хүртэл Улсын III төв эмнэлэгт (УГТЭ) Мэдрэлийн мэс заслын тасагт мэдрэлийн мэс засалч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажилласан. Түүнээс хойш энд байна. Цэргийн төв эмнэлэгт 1984 оноос, Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д мөн тэр үеэс одоог хүртэл зөвлөхөөр ажиллаж байна. “Ачтан” бол анхны хувийн хэвшлийн эмнэлэг. Удирдлага нь тархи, нуруу, нугасны мэс заслыг зөвхөн УГТЭ, мөн гэмтлийн чиглэлээр ГССҮТ-д хийх нь хангалтгүй, ард түмэнд хэрэгцээ их байна гэж үзсэний үндсэн дээр ийм тасаг байгуулах шийдвэр гарган, надад хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэгээд 2007 онд энэ эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасаг байгуулаад, удирдан ажиллаж байна. Бид энд тархи, нугасны чиглэлийн бүхий л төрлийн мэс засал хийдэг. Харин багаж, төхөөрөмж хуучирч элэгдсэний улмаас жил гаруйн өмнөөс зарим хагалгааг түр зогсоосон. 2016, 2017 оноос Цэргийн төв эмнэлэгт Гэмтэл, мэдрэлийн мэс заслын тасаг шинээр нээн ажиллуулж эхэлсэн. Тэнд дуран, тоног төхөөрөмж бий. Тархины янз бүрийн байрлалтай хавдрууд, цус харвалт, судасны эмгэгүүд, буглаа, хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмгэгүүд, нуруу нугасны зэрэг бүхий л хагалгааг тэнд хийдэг. Цар тахал гарсантай холбоотойгоор тус эмнэлгийг түр хугацаанд тусгай зориулалтаар ашиглаж буй болохоор одоогоор мэс засал хийхгүй байна.
-Та энэ бүхэнд баг удирдаж, зөвлөж ажилладаг байх нь. Одоо бол өөрөө мэс засал гардаж хийхгүй байгаа гэж ойлгож болох уу?
-Би одоо ч гэсэн хагалгаа хийж байгаа. Хүнд мэс заслуудад оролцож байна. Голомтод хүрэх хүртэлх бүхий л шат дамжлагад шавь нар ажиллаад, гол ажлыг би гардан хийдэг. Мэс засал болгонд гар угааж, хамт ордог ч, зарим тохиолдолд зөвлөхийн зэрэгцээ туслахаар ажиллаж, залуу эмч нартаа бие даан ажиллах боломж олгодог. Ингэх нь интерактив буюу өөрөө хамт ажиллангаа дадлага олгох сургалтын хэлбэр болдог. Ер нь ямар ч мэргэжлийн хувьд олон жилийн туршлагатай хүн нь гол ажлаа үргэлж гардаж хийгээд байх нь зохисгүй. Залгамж халаагаа бэлдэх шаардлагатай. Өөрөө харж байж хийлгэх, зааж сургах хэрэгтэй.
-Мэс засалч эмч нар нэг л онцгой санагдаад байдаг юм. Хүссэн эмч бүр мэс засалч болж чадах уу?
-Ямар ч хүнд байгалиас заяасан өгөгдөл гэж байх юм. Мэдлэгтэй, гарын ур чадвартай бол сайн мэс засалч болдог. Ухааны жаргал мэдлэгт бий гэж эртний гүн ухаанд сургасан байдаг. Мэдлэгт хүрэх түлхүүр нь хөдөлмөр, мэдлэг бол хүч юм. Мэдлэгээр жигүүрлэсэн хүн хүссэндээ хүрдэг. Иймээс мэс засалч болох хүнд онолын мэдлэг, тэр дундаа топограф буюу тархин доторх хэсгүүдийн байршлын тухай мэдлэгийг сайтар эзэмшвэл сая мэс заслыг гар, хөлийн саажилт үүсгэхгүй, өвчтөнийг хэлгүй болгочихгүй байх зэрэг сөрөг үр дагавар багатайгаар хийнэ. Мэдрэлийн үйлийн алдагдал гаргахгүй байх, тийм хэсгүүдээр “орж” мэс засал хийх нь хамгийн чухал. Онолгүй практик сохор гэдэг. Үүнийг баримталж ажиллах ёстой юм.
-Та мэргэжлээ зорьж сонгосон уу, санамсаргүй тохиолдлоор уу. Та түрүүн дипломтой л бол мэргэжилтэй болчихлоо гэж үзэж болохгүй гэсэн. Өөрийгөө хэзээ мэс засалч боллоо доо гэж бодсон бэ?
-Мэргэжлээ зорьж сонгосон. Тухайн мэргэжлээр ажиллаж эхэлснээс хойш 10-15 жилийн дараа мэс засалч боллоо гэж бодсон. АУДэС-ийг 22 настайдаа төгсөөд төрөлх Баян-Өлгий аймгийн Улаанхус сумдаа мэс засалч эмчээр хуваарилагдаж байлаа. Сум дундын эмнэлэгт очсон нь тэр. Дөнгөж төгсөнгүүтээ, тэгээд ч алс хязгаар нутагт юу бодож, санаж, бие дааж мэс засал хийхээр очих юм, туршлагажиж байж болъё гэж цааргалсан ч дийлээгүй. Мэс заслын өрөө бэлдэх гэж нөхдийн хамтаар барилгын ажил 45 хоног хийсэн (инээв). Анхны мэс засал мухар олгой авах байв. Долоон настай хүү байсан. Одоогоос хоёр жилийн өмнө Улаанхус сумдаа очиход хижээл насны хүн уулзаж, танилцсан нь өнөөх хүү байв.
-Амьдрал баялаг, сонирхолтой юм гэж бодсон байх даа. Та 52 жилийн хугацаанд хэдэн хүнд мэс засал хийсэн бол. Тоолж байв уу?
-Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал гэдэг сургаалыг баримтлан ажлаа бичиж, дүгнэж явдаг. Нийт 23 мянга гаруй хүнд ерөнхий болон мэдрэлийн мэс заслын хагалгаа хийж, амбулаториор нэг сая 350 мянга гаруй хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна лээ. Хагалгааны үр дүн 95 хувьтай байгаа. Үүнийг хөгжилтэй орнуудын түвшинд хүрэхүйц хэмээн үзэж болох юм.
-Олон хүнд мэс засал хийсэн байх гэж бодсон ч ийм өндөр үзүүлэлттэй гэж санасангүй. Маш их буян юм даа.
-Ажил л юм. Бусад эмч ч ялгаагүй маш олон хүнд эмчилгээ хийж, үйлчилгээ үзүүлж байгаа. Жилд хэдэн хүн эмнэлэгт ханддаг билээ гээд бодохоор энэ хэрийн тоо гарна л даа. Бидний үеийнхэн бол Монголын анагаах ухааны хөгжлийн гурав дахь үеийн төлөөлөл юм. Улс эх орондоо анагаахын шинжлэх ухааны суурийг тавьж, хөгжүүлсэн, амьдралаа зориулсан Монголын анагаах ухааны алтан үеийн эмч нарын тухай өнөөдөр арай бага ярьж, дурсах юм гэж би боддог. Өнгөрсөнгүй одоо, өнөөдөргүй ирээдүй байхгүй шүү дээ. Ядаж л эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр, төслийн хүрээнд тэр үеийн гавьяатай эмч нарын ажил үйлс, бүтээлийн талаар мэдээлж, олон түмний анхааралд байнга байлгадаггүй юм байх даа гэж боддог. Та түрүүн “Мэдрэлийн мэс заслын чиглэлийн төрөлхийн биш, олдмол өвчинд нэрвэгдэхгүйн тулд яах ёстой вэ, өвчлөхгүй байх арга зам байна уу” гэж асуулаа. Зөв амьдрах нь олон зүйлээс хамааралтай гэж боддог. Үүнд эрүүл мэндийн боловсрол, хувь хүний хүмүүжил, төлөвшил, мэдлэг боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт. Мөн түүнчлэн буруу хооллолт, цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолохгүй хайнга хандсанаас болж өвдөх, архи, тамхины хэрээс хэтэрсэн хэрэглээ, өөх тос, чихэр, давс их идэх, стресс, хөдөлгөөний дутагдал, боловсролын түвшин доогуур гэх зэрэг маш олон шалтгаанаас болж өвдөж байна. Энэ бүхэн гол эрсдэлт хүчин зүйл болдог. Тархины судасны цүлхэн, сүлжээрэл гэж төрөлхийн өвчнүүд байдаг. Дээхнэ үед бол ийм цүлхэн нь хагарах тохиолдол төдийлөн элбэг байгаагүй. Сүүлийн жилүүдэд маш их боллоо. Шалтгаан нь стресс болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөлөл. Тэгэхээр хүн ардын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахын тулд ажил их хийх хэрэгтэй байна. Өвдсөн хойно нь эмчлэх гэхээс илүүтэй өвдүүлэхгүй байх талд түлхүү анхаарч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талд оновчтой бодлогоор, уялдаа холбоо сайтайгаар ажиллах шаардлага тулгамдаж байна. Бодож л суух юм. Төр, засаг, өөрөөр хэлбэл, ЭМЯ-ны зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтарч ажилламаар. Жишээ нь, өөрийн ажилтай холбоод бодоход, мэс заслын явцыг зурагтаар харуулж, тайлбарладаг нэвтрүүлэг тогтмол гаргавал хүмүүс тийм байдалд хүрэхгүйн тулд эрүүл мэнддээ эртнээс анхаарах ёстойг ойлгоно гэж боддог. Өөрсдөдөө, хүүхдүүддээ ч санаа тавьдаг болно. Тартагт нь тулгаж байж эмнэлгийн үйлчилгээ авах гэдэг нь эрхбиш багасах байх гэж боддог.
-Нээрэн, эмч нарын алтан үеийнхэн гэж тэр бүр ярьдаггүй юм байна шүү.
-Харин тийм. Энэ талаар ярьж, таниулж байх ёстой гэж боддог. Анхны мэс засалч, академич В.Ичинхорлоо, зүрх, судасны мэс засалч, академич Т.Шагдарсүрэн, мэдрэлийн мэс заслын эмч, миний багш Ж.Хайрулла болон дотор, мэдрэл, халдварт, арьс өнгөний өвчний мундаг эмч нар байлаа. Энэ үед хамааруулах мэргэжилтнүүдийн нэг “Нүдний” Санжаа багш маань өнгөрсөн хавар өөд болов. Тэдний залгамж, хоёр дахь үеийнхэнд мэдрэлийн зөвлөх эмч, академич, доктор, профессор Г.Цагаанхүү, бөөрний зөвлөх эмч, академич, доктор, профессор Х.Гэлэгжамц гээд эмч нарыг нэрлэж болно. Бид бол гурав дахь үеийнхэн юм даа. Нас нэлээд ахиж байна. Гэхдээ ирээдүйдээ айхавтар санаа зовдоггүй. Яагаад гэхээр, орчин үеийн мэс засалч залуус ур чадвараар тун сайн. Тэднээр бахархдаг. Гагцхүү оношилгоо, хагалгааны сайн тоног төхөөрөмж, багаж дутах юм. Мэс заслын өмнө болон дараа хэрэглэх эм, тарианууд хангалтгүй. Бас мэс заслын дараагийн хяналтын системийг хөгжүүлэх шаардлага байна. Залуу эмч нар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хийдэг бүхий л мэс заслыг хийж чадаж байгаа нөхцөлд сая дурдсан зүйлсээр хангачихвал Монголын мэс засал өндөр түвшинд очно.
-Шавь олонтой юу. Хэн нь хаана ажиллаж байгаа талаар сонирхуулж болох уу?
-УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын Энхболд, Агваанжигмэд, Хусаян гээд олон эмч миний шавь. Энхболд маань өнгөрсөн жил анагаах ухааны доктор боллоо. ГССҮТ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нар байна. Цэргийн төв эмнэлгийнхэн ч гэсэн. Сүүлийн жилүүдэд нуруу, нугасны мэс засал нэлээд хийж байгаа “Гранд мед” эмнэлэгт Нурбек, Саруул, “Интермед”-д Ганзоригт ажилладаг. Хуруу дараад тоолбол шавь нарын маань тоо 40 хүрэх байх. Манай улсын мэдрэлийн мэс заслын эмч нарын 95 орчим хувь нь миний шавь.
-Улсын хэмжээнд энэ чиглэлийн эмч хэр олон бэ?
-Харьцангуй цөөн. Тоог нь гаргахад амархан. Түрүүнээс хойш нэр дурдаад байгаа эмнэлгүүд, орон нутагт гурав, дөрвөн аймагт ажилладаг хэдийгээ нэмэхэд 50 гаруй болох болов уу.
-Таны хүү мэс засалч байх аа?
-Тийм ээ, миний хүү Н.Баатаржан УГТЭ-т ажилладаг. Анагаах ухааны магистр, докторант, тэргүүлэх зэргийн эмч. Тархины судсан доторх мэс засал буюу эндоваскуляр нейрохирургээр мэргэшсэн. Би тархины судасны чиглэлийн анхны мэс засалч. Бид саяхан болтол тархины судасны ханын цүлхэн, сүлжээрлийг эмчлэхдээ тархийг нээж, хавчаар тавьдаг байлаа. Одоо манай хүү болон бусад эмч тархийг нээхгүйгээр судсан дотуур гуурс явуулж, цүлхэнг бөглөх, тэжээж буй судсуудыг бөглөх мэс засал хийдэг.
-Судсан дотуур гуурс явуулахдаа хаанаас нь оруулдаг юм бэ?
-Гуяны артерт хатгаж, нарийн гуурс явуулаад, зүрхээр дамжуулж гаргаад, тархинд аваачна.
-Төсөөлөхгүй нь ээ. Цааш нь асуухгүй байсан нь дээр юм байна. Шинжлэх ухааны хөгжил сайхан юм.
-Бид бол үүнийг мөрөөддөг л байлаа. Харин одоо залуус гардан хийж байна. Мөрөөдөл маань биелсэн гэж боддог.
-Ийм мэс эх орондоо сургууль төгссөн эмч нар хийдэг үү?
-Тийм ээ. Бүгд АШУҮИС төгссөн. Дараа нь гадаадын өндөр хөгжилтэй нэг бус оронд мэргэжил дээшлүүлж суралцсан.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрөв. Нэг хүүхдээ нэг настайд нь, нөгөөг нь 23-тайд нь бурханд өгсөн. Том охин Н.Ризагуль минь төгөлдөр хуурч. СУИС-д концертмейстерээр ажилладаг, урлаг судлалын магистр, Соёлын тэргүүний ажилтан. Бага хүү Н.Баатаржан. Ач охин бас тархины мэс засалч болно гэж зүтгээд АШУҮИС-д суралцаж байна. Одоо V курсэд орно. Бага байхын юм л бол тархины зураг, энэ тэрийг харж суудаг, асууж шалгаадаг байсан юм.
-Гэргий тань ямар мэргэжилтэй вэ?
-Эмзүйч. Намайг Улаанхус сумд очиход тэндхийн эмийн сангийн эрхлэгч байлаа.
-Эрт танилцаж, гэрлэсэн юм байна.
-Тийм ээ. УГТЭ-ийн эмийн санд олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан даа.
-Та Монгол Улсын Ардын эмч, Төрийн соёрхолт. Жишээ нь, ийм алдар цолтой урлагийнхны хэн нь хэн болохыг олон нийт сайн мэддэг. Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг сонсож таашаахын сацуу дурлаж сонирхдог зарим нь алийг нь хэзээ туурвисныг нь ч анддаггүй. Эмч нарын ажил тэднийхтэй адил ил биш. Ялангуяа мэс заслын өрөөнд юу болдгийг эмч нарын баг л мэднэ. Та мэдрэлийн мэс засалч буюу хүний тархи, нугасан дахь “гажиг”-т мэс хүргэж, засаж, эмчилдэг ажлынхаа талбарт бүтээсэн, “туурвисан”-аасаа дээжилж танилцуулж болох уу?
-1980-аад оноос тархины судасны эмгэгийн онош, мэс засал эмчилгээний чиглэлээр дагнаж ажиллан, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, энэ чиглэлээр дөрвөн төсөл удирдан хэрэгжүүлж Шинжлэх ухаан, технологийн санд хүлээлгэн өгсөн. Энэхүү ажил маань практикт бүрэн нэвтэрч, биеллээ олсон. Үүнд миний бие 1993 онд “Тархинд цус харвалтын онош, мэс засал эмчилгээ” сэдвээр анагаах ухааны доктор (Ph.D), 2002 онд “Цусны даралт ихдэлтээс үүдэлтэй тархинд цус харвалтын эрт үеийн мэс засал эмчилгээ” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ чиглэлээр нэг сэдэвт бүтээл хоёрыг туурвисан. Эрдэм шинжилгээний ном, гарын авлага тав, эрдэм шинжилгээний илтгэл 288, өгүүлэл 42-ыг бичиж, гадаадад олон улсын хуралд 10 удаа илтгэл тавьж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэв. Аргачилсан зөвлөмж 18, тэргүүн туршлага 43, оновчтой санал 38-ыг практикт нэвтрүүлэн, ашигтай зааврын гэрчилгээ наймыг авсан. Мөн дөрвөн эмчийн анагаах ухааны докторын, таван эмчийн анагаах ухааны магистрын ажлыг удирдан хамгаалуулж, хоёр эмчийн шинжлэх ухааны докторын, гурван эмчийн анагаах ухааны докторын ажлын албан ёсны шүүмжлэгчээр ажиллалаа.
-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярих уу?
-Монгол Улсад хийж байгаагүй, мэдрэлийн мэс заслын хувьд хамгийн хүнд эмгэг болох тархины суурь хэсгийн эзэлхүүнт эмгэгийн мэс засалт эмчилгээ, тархины судасны аварга том сүлжээрлийг бүрэн авах бичил мэс заслыг Монголынхоо мэдрэлийн мэс заслын практикт нэвтрүүлэн нутагшуулах зорилгоор шинээр төсөл боловсруулан ажиллаж байна. Мөн өнөөдөр дэлхийн мэдрэлийн мэс заслын орчин үеийн чиг хандлага (minimally invasive surger), аргыг мэдрэлийн мэс заслын практикт бүрэн нэвтрүүлэх, улмаар мэдрэлийн мэс заслын эмгэгтэй өвчтөнийг гадаадад явуулахгүйгээр Монголдоо бүрэн төгс эмчлэх зорилго тавьж байна.