“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол испани хэлний орчуулагч Б.Нямдорж.
-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла!
-1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд Улаанбаатар хотын 15 дугаар сургууль, 1990 онд 52 дугаар дунд сургууль төгсөж, 1993-1997 онд испани хэлний “Говь” дээд сургуульд суралцсан.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!
-Габриел Гарсия Маркес “Гунигт янхнуудаа дурсахуй”, “Тахлын үеийн дурлал”, “Зарлагдсан үхлийн товчоон” роман, “Цайлган Эрендира”, Мигель де Унамуно “Нажидаа эдлэгч”, Леопольдо Алас “Хоёр хайрцаг” тууж, Хорхе Луис Борхес “Даян дэлхийн жигшүүрт түүх” өгүүллэгийн түүвэр, Хорхе Хусто Падрон “Тамын тойрог” шүлгийн түүвэр.
-Анхныхаа орчуулгыг хэзээ хийж байв?
-Анх Г.Г.Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй” романыг орчуулсан. Анхных болохоор амаргүй байсан. Хэвлэлийн компанид бус, өөрөө бие даан орчуулсан болохоор дундуур нь хэд хэдэн удаа тасалдуулсан. Уран зохиолын анхны орчуулга учраас бүх үгийг нь мэдэж байвч өгүүлбэрийн утгыг гаргаж чадахгүй тохиолдол хэд хэд гарсан. Багш Б.Эрдэнэчимэг болон унаган испани хэлтэй, перу, куба багш нараас асууж утгыг нь гаргасан.
-Орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?
-Орчуулагч. Бичгийн, уран зохиолын орчуулга хийдэг хүнийг орчуулагч, хөрвүүлэгч гэх байх. Дуун хөрвүүлэгч гэж ард түмний хүндэтгэсэн хайрласан цол гэж бодном. Харин ярианы, синхрон орчуулга хийдэг хүнийг хэлмэрч гэх болов уу.
-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?
-Эхний номоо уншилгүй шууд орчуулсан. Дараа нь эхлээд зохиолоо нэг уншихдаа мэдэхгүй үгнүүдээ түүж бичдэг болсон. Тэдгээр үгээ толь бичгээс харж, утгыг нь олчихоод орчуулж эхэлдэг.
-Байгаа ч олоогүй, банзаа ч шүргээгүй орчуулга олширч байгаа нь юутай холбоотой вэ?
-Ийм орчуулга олширсон гэж бодохгүй байна. Харин ч цөөрч буй байх. Байгаа ч оноогүй, банзанд ч шүргээгүй орчуулга байгаа нь жам ёсных. Уншигч олон шүүгээд, байгаа оноогүй орчуулгатай ном уншигдахаа, борлогдохоо больж, алга болно гэж боддог.
-Та бусдын эх зохиол, орчуулга хоёрыг тулган үзэж байв уу?
-“Зуун жилийн ганцаардал” романыг Г.Аким гуайн орчуулгатай тулган уншсан. Хоёрдогч хэлээс монгол руу буулгасан гэхэд ямар нэг алдаа мадаг, буруу зөрүү орчуулсан юм олж хараагүй. Мэдээж эх хэлээс нь орчуулбал илүү сайн, дөхөм байх нь ойлгомжтой. Гэхдээ эх бус хэлээс нь ч сайн орчуулбал бараг ялгаагүй санагдана. Учир нь англи, испани, орос, франц уран зохиолын түгээмэл хэлний орчуулга маш сайн хөгжсөн. Тиймээс хоёрдогч, гуравдагч хэлэнд маш сайн орчуулагдсан байдаг. Хоёрдогч хэлээс орчуулахад эх хэлний орчуулгаас нэг их ялгаагүй болов уу. Хамгийн гол нь сайн орчуулах ёстой.
-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач!
-Орчуулах явцад харь үгийг монгол хэлэнд хэрхэн оноох эрэлд байнга гардаг. Интернэт, цахим толь бичиг хөгжсөн тул нэг их зовлонгүй олдог. Зарим харь үгийг монгол хэлэнд хөрвүүлээгүй ч юм шиг, толь бичгээс хайгаад олдохгүй тохиолдол бий. Жишээ нь, resorte (оросоор пружина) гэдэг үг монголоор пүрш гэхээс өөр юм олдохгүй байлаа. Мэдээж пүрш бол монгол биш, пружина гэсэн орос үг. Гэхдээ твиттер дэх “Save Mongolian” хуудасны тусламжтайгаар пүршийг монголоор хариг гэдэг болохыг олж мэдсэн. Хожим нь харахад, mon¬goltoli.mn толь бичигт ч хариг гэж байдаг юм билээ.
-Эрсэн үгээ эс олоод цөхрөхдөө “буудсан” нь оносон удаа бий юү?
-Asparagus гээд нэг төрлийн ногоо бий. Үүнийг хэрээний нүд хэмээн орчуулсан байдаг. Гэвч зохиол дээрээ “хэрээний нүд идсэн” гэхээр болохгүй байсан тул асралж гэдэг шинэ үг зохиочихсон. Асралж гэдэг үг монгол хэлэнд байдаггүйг хараад ингээд нэрлэчихсэн. Монголд хэлэнд нэршил байхгүй үгийг зохиож, шинэ үг үүсгэх ёстой гэж үздэг. Гагцхүү тэр нь Төрийн хэлний зөвлөлөөр батлагдах бараг боломжгүй тул өөрөө зохиогоод хэрэглэх нь зөв гэж боддог.
-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ?
-Чөлөөт болон утгачилсан орчуулга уран зохиолд тохирохгүй. Яруу найрагт утгачилсан, чөлөөт маягийн орчуулга хийхгүй бол буудаггүй байх. Уран зохиолд үгчилсэн орчуулга чухал.
-Зарим хүн чөлөөт орчуулгыг эрхэмлэх дуртай. Гётегийн нэлээд шүлгийг Лермонтов орос найраг, Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг Да багш монгол үлгэр болгосон. Яг үүн шиг зохиол орчуулна гэдэг бол өөр хэлээр дахин бүтээж буй нүсэр ажил гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас юу нь монгол болсон бэ?
-“Уран зохиол орчуулна гэдэг тухайн зохиолыг шинэ хэлэнд нээж, шинээр бичиж байгаа хэрэг” гэж Маркес хэлсэн байдаг. Орчуулгыг монгол хүний сэтгэхүйд тааруулж байна гээд дүйцүүлж, гоёчилбол тухайн зохиол, зохиолчийн хэв маяг алдагдана. Уран зохиолын орчуулга монгол зохиол болох ёсгүй.
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг мөн үү. Дуртай хүний хийх ажил уу. Алдах эрхгүй мэс засал уу, сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг биш, харин хэлснийг хэлснээр, байгааг байгаагаар нь хөрвүүлэх, буулгах бодит мэдлэг, туршлага гэж бодож байна. Зүгээр л мэдлэг дээр тулгуурласан бичгийн ажил.
-Орчуулах явцад үгийн байтугай өгүүлбэрийн дэс дарааг солих шаардлага гардаг уу?
-Өгүүлбэрийн дэс дараа солих шаардлага гардаггүй. Харин хэт урт өгүүлбэрийг хоёр болгох, богинуудыг нь нэгтгэх тохиолдол бий.
-“Орчуулсан зохиолыг тань хэвлэхдээ хуудасны дугаарт солиг гаргах, үг, өгүүлбэрийг буруу бичих алдас гардаг уу. Миний хувьд өөрийнхөө тархи руу биш, хэвлэн нийтэлсэн бархны (хэвлэлийн газар) эзэн өөд хутга шидмээр санагддаг.
Нэг үгийг минь буруу бичсэнээс
Нэг шүдийг минь булга цохисон нь дээр!
Нэг бадгийг минь гээснээс
Нэг нүдийг минь сохолсон дээр гэж нэг дүүд хэлсэн минь хатуу үг биш шүү!
-Үг, мөр буруу бичих, гээх нь орчуулагч, редакторын ажил. Нэг номд хуудас хаяснаас өөр зэрэмдэглэсэн зүйл байхгүй.
-Хүүрнэл зохиол дотор шүлгийг өөрөө орчуулдаг уу, яруу найрагчаар орчуулуулдаг уу?
-Хүүрнэл зохиол доторх шүлэг таарч байсангүй. Байвал өөрөө үгчилж орчуулаад, яруу найрагчаар засуулна.
-Орчуулгыг уншигчдадаа ойлгомжтой буулгахын учир харь сэтгэлгээг нь монгол болгох ёстой юу?
-Монгол уншигчдадаа ойлгомжтой болгоно гэж орчуулгыг гоёчилж, өөрт таалагдсан үгээр орлуулахын эсрэг байдаг. Харь сэтгэлгээг монгол болгох ёсгүй. Хэвээр нь буулгаад, бид байгаагаар нь хүлээн авч, ойлгох ёстой.
-Та бусадтай оюуны хүч хавсран орчуулга хийсэн үү?
-Хорхе Хусто Падроны “Тамын тойрог” шүлгийн түүврийг испани хэлний орчуулагч Б.Пүрэвсүрэнгийн хамт орчуулж, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо гуай засаж хянан, хэвлүүлсэн. Мөн “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Испани тууж, өгүүллэг”-ийг испани хэлний орчуулагч нартай хамтран орчуулсан.
-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?
-“Цайлган Эрендира” бэсрэг туужийг өмнө нь орос хэлээс орчуулсан юм байна лээ. Түүнийг нь мэдээгүй, өмнөх орчуулгыг олж хараагүй. Давуу тал гэвэл, эх испани хэлээс нь орчуулсан.
-Төрийн шагналт их зохиолч С.Дашдооров, “Өөрийнхөө өмнө гаргасан номоо үе үе уншиж бай. Өө сэв нь илэрдэг. Засаж бай” гэж өсвөрийн зохиолчдод зөвлөдөг сөн. Таны урьд хэвлүүлсэн орчуулга бүдүүн бараг санагдаад, засан сайжруулсан тохиолдол бий юү. Ил хэлбэл их сургамж болно доо.
-Хэвлэгдсэн номоо байнга уншиж, засаж сайжруулдаг. Унших тусам өө сэв илэрдэг. Орчуулга дараа дараагийн хэвлэлтэд улам сайн, чамбай болох ёстой.
-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарьдаг уу, гавьяа цогцлоодог уу?
-Үндэстний эх хэлний хөгжилд тустай. Эх хэлээ баялаг, утга төгөлдөр байлгахад орчуулга, уран зохиол ихээхэн үүрэгтэй.
-Харийн сонгодог бүтээл орчуулагдсаны буянаар өөр үндэстний утга зохиолын хөгжилд нөлөөлдөг явдал бий. Ч.Чимэд, Б.Энхбиш хоёр “Евгений Онегин”-ыг орчуулсны дараа Р.Чойномын “Хүн” роман гарсан. Б.Ринчен Галийдасын “Үүлэн зардас” найраглалыг гайхамшигтай яруу сайхан орчуулсан нь манай шүлэгчдэд жинхэнэ уран найрагч болоход нөлөөлсөн дөө. Таны орчуулгын нөлөө юу вэ?
-Испани хэлээрх уран зохиолыг монгол уншигчдадаа чадан ядан хүргэж байгаа нь миний орчуулгын хэрэг, нөлөө юм болов уу.
-1922 онд Мартин Лютерийн орчуулсан Библийн орчуулга герман хэлний төдийгүй герман утга зохиолын хөгжилд шидэт жигүүр болсон гэдэг. Таны ажигласнаар хэний ямар орчуулга Монгол утга зохиолд, шинжлэх ухаанд гэгээн хишгээ хайрласан бэ?
-Сайн орчуулга бүр Монголын утга зохиолд гэгээн хишиг буянаа хайрласан биз ээ. Мэдээж маш олон зохиол бий.
-Дээд мэргэжилтэн үнэмлэхтэй атлаа дунд ангийн, дунд сурлагатны ч мэдлэггүй, тэгсэн атлаа дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг орчуулах биш, оршуулдаг нөхдийг эрдэмтэн, орчуулагч Б.Ринчен “сэглэгсэд”, “орчуулагчинцарууд” гэх мэтээр дуудах төдийгүй нэр заан шүүмжилж, алдааг нь илчилдэг, дахин цаас цоохорлохоо больтол, эсвэл хэрсүү суутал нь хэлж өгдөг байв. Хазгай, назгай орчуулгыг хайр найргүй ташуурдахын зэрэгцээ авьяас билигтэй залуу орчуулагчдад аятай магтаалаа ч харамладаггүй байв. Б.Ринчен шиг, дор хаяж А.Шархүү, Р.Гүрбазар, Д.Дашдаваа шиг орчуулгын алдаа оноог хэлдэг, залдаг, бурууг нь булдаг, түлдэг судлаач, шүүмжлэгчтэй болохын тулд төр юу хийх ёстой вэ?
-Орчуулгын алдаа, оноог хэлэх, шүүмжлэх маш хэцүү. Орчуулгыг хянах нь тухайн зохиолыг дахин шинээр орчуулж буйгаас бараг ялгагдахгүй их хөдөлмөр тул ийм хүн олдохгүй. Тиймээс зөвхөн орчуулагч нарт сайн бүтээл гаргах, сайн орчуулга хийх хариуцлага ногдож байна.
-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал, урамшил юу хайрласан бэ?
-Миний орчуулгыг магтсан, шүүмжилсэн хүмүүс ч бий. Орчуулга, уран зохиолыг номын дэлгүүрийн борлуулалт, уншигчдын сэтгэгдлээр л үнэлэх болов уу.
-Таны алган дээр ямар бархан хамгийн их шан тавьсан бэ?
-“Монсудар” хэвлэлийн газар орчуулгын хамгийн гайгүй шагналыг өгч байна.
-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж бий юү. Гадаадад ямар байдаг бол?
-Монголд дан ганц орчуулгын хөлсөөр амьдрах бараг боломжгүй. Галзуу юм шиг хөдөлмөрч орчуулагчид л ийм боломж бий. Монголд уран зохиолын орчуулга хөгжиж, шан харамж өсөж л байна. Мэдээж эдийн засгийн байдал тааруу болохоор гадаадын орчуулагч нартай харьцуулшгүй доогуур. Одоогоор бүх юм хөгжлийн шатандаа явна.