Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн “Дархан дэвшил” хотхоны тоглоомын талбайд 15 настай хүү энэ сарын 9-нд хүчдэлд цохиулж амиа алдлаа. Дураараа гүйж, наадаж, тоглох газарт нь аминд халтай аюул байсныг тэрээр хэрхэн мэдэх билээ. Тоглох гэж яваад хорвоог орхисон хүүхдүүдийн амийг хэнээс нэхэх вэ. Монголд хариуцлага гээчийг хэдэн хүүхдийн амиар бий болгох юм бол. Шат, шатны байгууллагын албан хаагчид, эцэг, эхчүүд алхам тутамдаа аюул буй, эсэхийг анхаарахгүй бол үр хүүхдүүдээ золгүй байдлаар үдсээр байх нь. Хоёр жилийн өмнө Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоом хугарч, дөрвөн хүүхэд гэмтсэн бол 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүүгийн дээрээс хөндлөвч төмөр унаж, амийг нь авсан. Өнгөрсөн тавдугаар сард тоглох газар хайж явсан дөрвөн хүү тогтоол усанд живж эндэв. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байрныхаа гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулж, хүнд гэмтсэн. Энэ он гарснаас хойш зургаан сарын байдлаар хүүхдүүд тоглоом болон биеийн тамирын талбайд байхдаа гэмтсэн 451 тохиолдлыг бүртгэжээ. Дархан-Уул аймагт цахилгаанд цохиулж, амиа алдсан хүүгийн нагац эгч Б.Урангуатай ярилцлаа.
-Та хэдий талийгаачийн төрсөн эгч нь биш ч, нэг гэрт хамтдаа өссөн гэв үү?
-Дүү минь багаасаа л хоёр гэрийн дунд өссөн. Төрсөн дүүтэйгээ хамт байхын тулд Дархан-Уул аймагт аав, ээж дээрээ очсон юм. Дүү нь түүнээс хоёр насаар бага. Ойрхон төрсөн учраас ээжийг нь ядрах байх гээд манай аав, ээж (талийгаачийн ээжийн төрсөн эгч, хүргэн ах) хоёр өөр дээрээ байлгадаг байв. Найман сартайдаа л манайд ирсэн. Ээж, аав минь хүүгүй, хоёр охинтой учраас талийгаачийг өөрийн хүүхэд мэт өсгөсөн. Өргөж авах тухай ч ярьдаг байв. Төрсөн аав, ээж нь мэдээж зөвшөөрөөгүй. Талийгаач дүү минь миний аавын мэргэжлийг өвлөж, цахилгаанчин болно гэдэг байсан. Аав минь ч хүүдээ мэргэжлээ өвлүүлнэ гэж баярладаг байлаа. Миний дүү өнгөрсөн хавар есдүгээр анги төгссөн. Цахилгаанчин мэргэжил эзэмшихээр, МСҮТ-д бүртгүүлсэн. Эхлээд цахилгаанчин, дараа нь инженер болно гэж ярьдаг байсан юм. Хамаатан, садны хүүхдүүд дундаа хамгийн том нь. Дүү нартаа их түшигтэй, халамжтай, найз нөхөр олонтой, гэр амьтай, гадуур тэнэдэггүй, элдэв муу зуршилгүй хүүхэд. Цэцэрлэгээс эхлээд дунд ангийн сурагч болтлоо Сэлэнгэ аймгийн Мандал сумд амьдарсан. Талийгаачийн аав, ээж Дархан-Уул аймагт суурьшсан үеэс тэнд байх болсон юм.
-Сагс тоглохоор гэрээсээ гарсан хүүхэд эргэж ирэхгүйгээр явчихна гэж хэн санах билээ. Осол болсныг та хэзээ мэдэв?
-Наймдугаар сарын 9-ний орой аав минь уйлаад гэртээ орж ирсэн. “Дүү нь өнгөрчихжээ” гэж хэлэхэд итгээгүй. “Хашаанаас уначихсан юм шиг байна” гэж хэлэхэд нь гэмтэж бэртсэн ч хамаагүй, амьд л байгаасай гэж бодсон. Маргааш өглөө нь аав бид хоёр Улаанбаатараас Дархан-Уул аймагт очсон. Газар дээр нь очоод харахад тоглоомын талбайн хашаа нь намхан, хүн унаж гэмтэж, амиа алдахаар байгаагүй. “Дарханы дэвшил” СӨХ-ны хариуцсан хоёр орон сууцын дунд тэр тоглоомын талбай бий. Талбайн дэргэд нь трансформатор байсан. Дүү минь сагсан бөмбөг тоглох дуртай. 1.8 метр өндөр, биерхүү. Тоглоомын талбайд сагсан бөмбөг тоглож байгаад дүү болон байрныхаа нэг хүүгийн хамт харихаар явсан юм билээ. Тэр үед бороо ороод намжсан байж. Талбайн хашлага давахдаа трансформатортой хашаанаас бариад цахилгаанд цохиулж, эндсэн. Хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч нь “Баруун гарын алга нь харлаж, тортог болжээ” гэж хэлсэн. Дүүгийн минь ээж тоглоомын талбайн хажуугийн дэлгүүрт ажилладаг юм. Тэд ээжийнхээ хараа хяналт доор тоглож байсан гэсэн үг. Сагс тоглож байгаад ээжийнх нь ажил дуусахаар хамтдаа гэртээ харьдаг юм. Осол гарсан үеийн камерын бичлэг бидэнд бий. Тоглож дуусаад, талбайн сандал дээр амсхийчихээд дүүтэйгээ хамт алхаж байсан. Хашаа даваад л ухаан алдаж унасан байна лээ. Дүү нь хэсэг гайхаж зогссоноо ахыгаа босгох гээд чадахгүй, ээж рүүгээ гүйж буй нь бичлэгт үлджээ. Эгч минь тэр даруй гүйн очиход хүү нь газар ухаангүй байсан гэсэн. “Туслаач, авраач” гэж орилсон ч хүмүүс цонхоороо хараад гарч ирэхгүй байж. Дүү минь 21.12 цагт хашаа давснаас хойш гуравхан минутад энэ золгүй явдал болсон нь камерын бичлэгт үлдсэн байна. “Дархан дэвшил” СӨХ-ны Отгонханд гэж эмэгтэй “Би хэрэгт унана” гээд бичлэгийг бидэнд анх үзүүлэхгүй байсан. Бэр эгч минь учирлаж, уурласны эцэст бичлэгийг гар утсандаа буулгаж авсан. СӨХ, барилга барьсан компани, мэргэжлийн хяналт, Дарханы ДЦС-ын аль нь хариуцлага алдсаныг хууль, хяналтын байгууллага нь тогтооно гэж найдаж байна. Дүү минь буруутай мэтээр бүгд биеэ өмгөөлж байна лээ. Томчууд бид ийм хариуцлагагүй нийгмийг бүтээжээ.
-Хүүхдийн тоглоомын газар хамгийн аюулгүй байх ёстой. Гэтэл хүүхэд тоглох гэж очоод амиа алдах явдал нэг бус удаа гарлаа. Трансформатор бүхий хашаанд хүүхэд хүрэхэд цахилгаан цохидог гэж тэр хавийнхан нь ярьсан гэдэг байх аа.
-Тийм ээ. Трансформаторыг тойруулсан төмөр хашааны буланд тавьсан сандал дээр суухад хүртэл жирвэс хийтэл цахилгаан цохидог гэж хүүхдүүд, тэр хавьд амьдардаг хүмүүс ярьсан. Миний дүү амиа алдсаны дараа л хүмүүс цочирдож, энэ тухай ярих болов. Осол гарсны маргааш нь Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх станцын ажилтнууд тэр хавийг аюулгүй болгосон. Засвар хийх үед айлуудын цахилгаан тасарсан гэнэ лээ.
15 настай хүү энэ тоглоомын талбайн хашаанаас барьсны улмаас цахилгаанд цохиулж, амиа алджээ. 2020.08.09. Дархан-Уул аймаг-Шүүх шинжилгээний эмнэлгийн дүгнэлт гарсан уу?
-Наймдугаар сарын 10-нд цагдаа, хууль хяналтын байгууллагынхан газар дээр нь ажилласан. Бид талийгаачийн ажил явдлыг өнгөрөөгөөд шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан юм. Шинжилгээний дүгнэлт энэ сарын 20-нд гарах байх. Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгаж байгаа. “Насанд хүрээгүй хүүхэд амиа алдсан ноцтой хэрэг учраас ар гэрийнхэн нь хамтарч ажиллаарай” гэж хэлсэн байна лээ.
-Осол гарах үед талийгаачтай дүү нь хамт явж байжээ. Ахынхаа талаар юу гэх юм.
-Зэрэгцээд хамт явж байсан ах нь гэнэт нүдэн дээр нь амьсгал хураачихаар ямар хүнд цохилт болох билээ. Гэртээ тогтохгүй байгаа. Элдэв муу юм болчих вий гээд ээж, аав нь санаа зовсоор байна.
-Тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглосоор байна уу. Аюулгүй байдлыг нь сайн хангасан болов уу?
-Дүүг минь нас барсны дараа хүүхдүүд хэд хоног тоглоогүй. Саяхнаас тэнд бужигналдаад хөл хөдөлгөөн ихтэй байна лээ. Талийгаачтай хамт явж байсан, 11 настай хүү ээжтэй нь таарахаараа харц буруулаад байна гэсэн. Их айж, сэтгэл зүйн хямралд орсон бололтой. Дүүг минь түргэн тусламжийн төвийн эмч нар авч явахад бэр эгч минь хамт байсан юм. Талийгаачийн уруул хөхөрч, харласан, биеэс нь цус гараагүй, шүдээ зуусан байсан гэж бэр эгч хэлсэн. Ээжийнх нь ухаан орж, гараад хэцүү байна. Дүү минь “Би хоёр аав, хоёр ээжтэй. Их баян хүн” гэж ярьдаг байсан. Ээж аавуудынх нь зүрх хэзээ ч эдгэхгүйгээр шархлаад үлдлээ. Эрүүл саруул өссөн дүүгийнхээ амийг бид хэнээс нэхэх вэ. Үнэн, мөн нь олдоно гэж найдаж байна. Дүү минь осол болохын өмнө малын өтөг цэвэрлэж, олсон мөнгөөрөө пүүз аваад ирсэн. Ажилсаг, хичээнгүй, ухаалаг дүү минь эргэж ирэхгүйгээр одсон гэдэгт одоо ч итгэж чадахгүй нь. Монголын үрс маш олон болтугай гэж ярьдаг шигээ шат, шатны байгууллагынхан хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахгүй байна. Миний хүүхэд л сайн, сайхан байвал боллоо гэж бодож болохгүй нь. Бид нэгнээсээ хамааралтай амьдардаг. Хүүхдийн тоглоомын талбайд яагаад трансформатор байрлуулсан юм бэ. Ядаж тойруулаад өндөр хашаа барих хэрэгтэй шүү дээ. Эргэн тойронд, байрны чинь гадаа цахилгааны ил утас, ямар нэг аюултай зүйл байгаа, эсэхийг хүн бүр анзаарч хараасай. Томчуудын хариуцлагагүйн балгаас нэг хүүхэд алтан амиа алдсаны дараа шуугиад өнгөрөх биш, аюулгүй, эрсдэлгүй орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Би ч гэсэн чадах зүйлээ хийх болно.