Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг “Оскар”-ын шагналт Марк Райлэнс, Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” буюу “Waiting for the Barbarians” киног энэ сарын 21-нээс Монголын үзэгчдэд хүргэнэ. Тус киног Монголд гаргах албан ёсны эрхийг “Black stallion” продакшн авсан юм. Уг продакшныг үүсгэн байгуулагч Б.Гантулгатай ярилцлаа.
-“Black stallion” продакшныг хэзээ, хэрхэн байгуулав?
-Жүжигчин Б.Ганчимэг 2018 оны зун “Wait¬ing for the Barbarians” киноны дүрийн сонгон шалгаруулалтад орж, есдүгээр сард сонгогдсон. Түүнээс гадна гурван дүрд ази, тэр дундаа монгол төрхтэй жүжигчин хайж байгаа талаар тэрбээр хэлсэн. Ингээд бид Монголын жүжигчдээ зуучлах болсон юм. 20 гаруй уран бүтээлч санал болгосноос Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тэнцсэн. Уран бүтээлчдийг зуучлах явцад албан ёсны продакшн байгуулах шаардлагатай болж, жүжигчин Б.Ганчимэг, найруулагч Б.Гарамханд бид гурав “Black stallion”-ыг байгуулсан.
-Найруулагч Б.Гарамханд та хоёр киноны зураг авах ажилд оролцсон уу?
-Киноны зургийг Морокко улсад авсан. Монголоос дээр дурдсан жүжигчид тоглосноос гадна Англид ажиллаж, амьдардаг 20 гаруй уран бүтээлч олны хэсэгт оролцсон. Тэнд ажилласан хугацаандаа Монголын уран бүтээлчид улсаа, өв соёлоо сурталчлахыг хичээсэн. 10-аад улсын 400 гаруй уран бүтээлч тус киноны зургийн талбайд ажилласан.
-Киног Монголын кинотеатруудаар гаргах эрхийг хэрхэн авсан юм бэ?
-Киноны зургийг авч дуусах үед Монголынхоо үзэгчдэд үзүүлэх хүсэлтийг ерөнхий продюсер Майкл Фицжеральдад илэрхийлснээр бидний дараагийн ажил эхэлсэн. Киног Монголд гаргах албан ёсны эрхийг авахад жүжигчин Б.Ганчимэгийн нөлөө асар их байсныг дурдах хэрэгтэй. Венецийн кино наадмын үеэр уг бүтээлийг үзэгчдэд анхлан хүргэж, 2019 оны есдүгээр сараас дараа дараагийн наадамд оролцож явсаар өнгөрсөн тавдугаар сараас кинотеатруудад гаргах боломжтой болж, энэ сарын 7-ноос АНУ-д үзүүлж эхэлсэн юм. Ингээд Монголд гаргах эрхийг нь албан ёсоор авсан даа.
-Холливудын киноноос Монголын жүжигчдээ харахаас гадна монгол хэлээр ярихыг сонсоно гэхээр сонирхолтой санагдаж байна.
-Киноны зохиолд “Уугуул хэлээр тэгж, ингэж хэлнэ” гэх мэтээр бичсэн байсан. Гэхдээ ямар хэл гэдгийг тусгаагүй байлаа. Нэгэнт л киноны эмэгтэй гол дүр, уугуул иргэдэд Монголын уран бүтээлчид тоглох учраас манай продакшны зүгээс продюсерт эх хэлээ санал болгосон юм. Ингээд кино зохиол дахь монгол хэлээр ярих хэсгүүдийг утга зүйн хувьд найруулах, хянах ажлыг найруулагч Б.Гарамханд хариуцсан. Бид өмнө нь Холливудын киноноос цөөн ч гэсэн жүжигчнээ харж байсан. Харин энэ удаа Жонни Депп, Роберт Паттинсон нарын алдартай жүжигчинтэй Монголын уран бүтээлчдээ хамтран тоглосныг үзнэ. Мөн “Оскар”-ын шагналт жүжигчин монгол хэлээр ярихыг үзэх боломжтой.
-Алдартай уран бүтээчидтэй хамтран ажиллах ямар байв. Тэд Монголын жүжигчдэд ам сайтай байв уу?
-Найруулагч Б.Гарамханд бид хоёр өөр өөр хэсгийн зургийн ажлыг хариуцаж явсан. Би П.Цэрэндагва гуайг зургаа авхуулах үед хамт байлаа. Тэрбээр олон удаа давтаж авхуулахуйц хүнд зургийг эхний оролдлогоороо л амжилттай дуусгаж байлаа. Түүнийг “Мэргэжлийн ур чадвар сайтай, мундаг жүжигчин” гэлцэж байв. Жүжигчин Марк Райлэнс тэр хоёр маш сайн ойлголцсон. Хэн хэн нь У.Шекспирийн жүжгүүдэд дуртай, тоглож байсан болохоор ойлголцоход дөхөм байсан гэсэн.
-Одоо ямар уран бүтээлд ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Хоёр төсөл эхлүүлсэн. Эхнийх нь 2021 онд зургийг нь авч эхлэх, байт харвааны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин Д.Дэмбэрэл гуай, нөгөөх нь Хулан хатны тухай түүхэн кино.
Бэлтгэсэн: А.Хангай