Ээж болж, гэртээ хүүхдээ харах цаг хугацаа бол эмэгтэй хүний хувьд амьдралынх нь хамгийн утга учиртай, сайхан үеүдийн нэг. Гэвч амаржсаны дараа дааврын өөрчлөлтийн улмаас ээжүүд сэтгэл гутралд ямар нэг хэмжээгээр автдаг учраас зарим нь нийгмээс тусгаарлагдсан, үеийнхнээсээ хоцорсон, сурч, хөдөлмөрлөх боломж нь хязгаарлагдсан мэтээр бодож, шаналах нь бий. Энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх, таних, нээх боломж гэж харж, үр дүнтэй өнгөрүүлэхийг чармайдаг ээжүүд ч байгаа. Тэдний нэг бол Ж.Дэлгэрмөрөн. Биологич мэргэжилтэй, амьтай бүхнийг энэрч, хайр дэвсдэг энэ бүсгүй саяхнаас “цаас, харандаа”-тай нөхөрлөдөг шинэ ажилтай болжээ. Нэгэнт өмнөх шигээ хээрийн судалгаанд явах боломжгүй учир тэрбээр зурах авьяасаа хөгжүүлж, амьтдын хөрөг бүтээх болсон аж. Түүнчлэн “Degi’s artworks” нэртэй цахим хуудас ч нээж амжжээ.
-Судалгаа шинжилгээний болон уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцана уу. Юунд төвлөрч байна вэ?
-Зурах хоббигоо хөгжүүлэхэд нэлээд анхаарч байна. Энэ чиглэлээр мэргэжлийн сургалтад хүртэл хамрагдаж байгаа. Амьтад, тэр дундаа шувуу зурахад гайхалтай, сайхан мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн байгалийн түүхийн контент бэлтгэх, иргэдийн экологийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Мөр” төслийн багт ажиллаж буй. “Битгий хог хая, байгаль орчноо бүү бохирдуул” гэж хашхирахын оронд дэлхий ертөнцөд зөвхөн хүмүүс амьдардаггүй, олон амьтан бидэнтэй зэрэгцэн оршдог, энэ “хөршүүдээ” хайрлая, хүндэлье, ажиглая, судалъя гэдэг сэдэл, ойлголт төрүүлэх нь чухал.
-Төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчийг танилцуулна уу?
-Биологич залуусын санаачилсан төсөл. Сайн дураараа нэгдсэн. Контент бэлтгэхэд дан ганц биологич байх нь хангалтгүй. Тиймээс зураглаач, найруулагч гээд салбар, салбарын шилдэг мэргэжилтэнийг нэгтгэсэн. Багаа бүрдүүлээд, төслийн танилцуулгаа бэлдчихсэн. Одоо санхүүжилтээ шийдэх шатанд ажил үргэлжилж байна. Бидний гол зорилго байгаль хамгаалах учраас хамтрах, дэмжих хувь хүн, албан байгууллагад манай төсөл нээлттэй.
-Та МУИС-ийг биологич мэргэжлээр төгссөн гэл үү?
-Тийм. Байгаль шинжлэлийн ангид суралцан, биологийн багш мэргэжил эзэмшсэн. Оюутан байхдаа амьтны судалгаанд явж, тэр үеэс шувуунд дурласан.
-Багш, судлаачийн алинаар нь ажиллах вэ гэж эргэлзэж буй залууст хээрийн судалгаа чиг болдог юм шиг ээ.
-Тийм шүү. Би Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд шувууны судалгаа, идлэг шонхрын хиймэл үүрийн төсөлд оролцсон юм. Амьтанд дуртай ч шувууны талаар нэг их мэддэггүй байлаа. Харин энэ төсөлд ажиллах үедээ жигүүртнүүдийн талаарх гайхалтай нээлтүүдийг хийсэн юм. Ямар үзэсгэлэнтэй, эрх дураараа амьтан бэ гэдгийг тэгэхэд л мэдэрч, ойлгосон.
-Залуучууд өнөө цагт эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж мэргэжлээ сонгох болсон. Хүсэл сонирхлоос илүү нийгмийн захиалга, шаардлагыг дагах нь ч бий. Та биологич мэргэжлийн юунд нь дурласан бэ?
-Биологийн хичээлд сонирхолтой байсан учраас дунд сургуулиасаа л энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүссэн. Биологийн чиглэлээр зөвхөн багшийн мэргэжил эзэмших боломжтой гэж боддог байлаа. Амьтан, шувуу судлаач гэж тусгай мэргэжил байдгийг ч мэдээгүй. Тиймээс МУИС-д биологийн багшаар сурсан юм. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумд төрсөн. Ус намгархаг газар, түүнийг дагасан олон төрөл, зүйлийн шувуудтай үзэсгэлэнт Булнайн нуруунд хүүхэд нас минь өнгөрсөн. Хөдөө, байгальд ойр өссөн нь мэргэжлээ сонгоход нөлөөлсөн болов уу. Багадаа амьтан, ургамал жигтэйхэн сонирхдог, зарим хорхой шавжийг амтлаад идчихдэг байснаа бүүр түүр санадаг. Ямар сайндаа л аав минь намайг “Хорхойн гөрөөч” гэж хочилдог байлаа.
-Хэзээнээс зурж эхлэв. Энэ сонирхлынхоо талаар яриач?
-Саяхнаас л зурж эхэлсэн. Мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад алдаа дутагдалтай зүйл бий байх. Гэхдээ би хайртай амьтдаа, ялангуяа шувуу зурахдаа үнэхээр баяр хөөртэй байдаг. Гайхалтай мэдрэмж төрдөг. Мэргэжлийн онцлог нөлөөлдөг юм уу, амьтан зурахад илүү эвсэлтэй, төвөггүй санагддаг.
-Та фэйсбүүкт “Degi’s artworks” хуудас нээсэн байна лээ. Ямар зорилготой вэ?
-Ан амьтан, тэр дундаа шувуунд хайртай, элэгтэй хүн олон болоосой гэж хүсдэг. Тиймээс хүмүүс тэр бүр олж хардаггүй, шувуудын үзэсгэлэнт төрхийг нээн таниулахыг, мэдүүлэхийг зорьж байгаа. Энэ зорилгод хүрэх гүүр нь уран зураг гэж итгэдэг. Зурсан амьтдаа цахим хуудсанд нийтэлж, хүмүүст хүргэхээр шийдсэн.
-Хэсэг хугацаанд ямар нэг амьтны дүрд хувирах, амьдрах боломж олговол юу болох вэ?
-Жигүүртэн болно доо. Хил хязгааргүй, эрх дураараа амьтан. Газарт ч, тэнгэрт ч амьдардаг. Бусад амьтантай харьцуулахад аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвар өндөртэйд тооцогддог шүү дээ.
-Нөхөр тань шувуу судлаач гэсэн. Ижил мэргэжилтэй болохоор ойлголцоход амар байдаг уу?
-Яриа нийлнэ, сонирхол нэгдэнэ. Амралтын өдөр салхинд гарна, тэр бүртээ шувуу харна, ажиглана. Бидний сонирхол, мэргэжил хүүхдэд минь хүртэл нөлөөлж байх шиг санагддаг. Хүү минь ялаа, шоргоолжийг ч “Эвий, хөөрхий” гэж хайрлаж, энэрдэг. Хүүхэд орчноосоо суралцдаг гэдэг энэ байх.
-Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас амьтан, ургамлын тархац, нөөц, амьдрах орчин ихээхэн өөрчлөгдөж буйг тайлан, судалгааны үр дүн харуулах боллоо. Биологич хүний хувьд үүнийг хэрхэн мэдэрч, хүлээж авдаг бол?
-Амьтдын амьдрах таатай орчин хумигдаж буй нь яалт ч үгүй үнэн. Усны шувуу олноор нутаглаж, өсөж, үрждэг ус, намгархаг газрын хэмжээ багасаж байна. Туйлын мөс эрчимтэй хайлж, цэвдэг алдарч буй. Цагаан баавгайн амьдрах газар мөн л хязгаарлагдана гэсэн үг. Энэ мэтчилэн бүх амьтны амьдрах орчинд өөрчлөлт ажиглагдаж байна.
-“Энэ ертөнцөд айдас төрүүлэх зүйл нэг ч үгүй. Зөвхөн танин мэдэх хэрэгтэй” гэдэгтэй санал нийлэх үү?
-Мэдээж. Ертөнцөд зөвхөн хүн л амьдардаг юм шиг аяглан, амьтан устгаж, хороож болохгүй. Бүх амьтан уялдаа холбоотой. Нэг нь устаж үгүй болоход нөгөөгийнх нь амьдрал ямар нэг байдлаар доголдож, өөрчлөгддөг. Яг л нэхмэл хувцас шиг. Нэг утсыг нь авбал бүгд хөвөрдөгтэй ижил харилцаа, хамааралтай.
Холбогдох байгууллагууд байгаль орчин, тэр дундаа амьтадтай холбоотой шийдвэр гаргахдаа мэргэжилтний үгийг сонсдог байгаасай. Аливаа эрсдэлээс урьтаж судалдаг, ажил хийдэг болоосой гэж боддог.
-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Бид байгалиас ус, агаар гээд олон зүйлийг үнэгүй авдаг. Харин хариуд нь ганцхан зүйлийг өгөөсэй гэж хүсдэг. Тэр нь хайрлан, хамгаалах сэтгэл. Залуучууд агаар, салхинд гарахдаа ч утга учиртай явах хэрэгтэй. Идэж, ууж, хогоо хаях гэж хөдөө явдаггүйг ойлгож, байгалиа, хүрээлэн буй газраа ажиглаасай, танин мэдээсэй. Хүн зүрх сэтгэлээсээ ойлгож, танин мэдсэн зүйлээ өөрөөр харж эхэлдэг.
Түүнтэй цөөн хором хөөрөлдөхөд үг, өгүүлбэр бүрээ цэгнэж, ихэд болгоомжилж буй нь анзаарагдав. Ажил, мэргэжил, зурах сонирхолтой нь холбоотой зүйл асуухад “Залуу хүн учраас...” хэмээн “өмнөтгөл” хэлэх нь мэргэжил нэгтнүүддээ буруу зөрүү ойлголт төрүүлчих вий хэмээн болгоомжилсных тэр биз. Бас даруу зангийнх нь илрэл болов уу. Ярилцлагын төгсгөлд тэрбээр “Туршлагатай, мундаг биологич, судлаач олон бий. Би тэдний энд хүрэхгүй. Зурах чадварын хувьд ч ялгаагүй. Дөнгөж хөгжүүлж байгаа учир алдаа дутагдал бий. Гэхдээ надад бусдаас ялгарах ганц зүйл байгаа нь чин сэтгэл. Би амьтанд хайртай, тэднийгээ дүрслэн буулгах дуртай” гэв.