Амьдралын утга учрыг таних, өөрийгөө олж мэдэх зорилготойгоор 17 насандаа 21 аймгаар үүргэвчтэй аяласан С.Сансарбаяртай ярилцлаа. Тэрбээр өөрөө хүсэж хийсэн бүхэн зовлонтой байсан ч жаргал болдог. Хүн өөрийгөө эрж хайж олох хэрэгтэй хэмээн ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг дор сийрүүллээ.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Сүхбаатрын Сансарбаяр гэдэг. Энэ жил 12-р анги төгссөн.Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцаа, гадаад хэлний орчуулагч мэргэжлээр суралцахаар элсэн ороод байна.
-Хэзээнээс аялахаар шийдсэн бэ?
-Багаасаа дэлхийгээр тойрч аялах хүсэл мөрөөдөлтэй байсан. Эхний ээлжид 21 аймгаар аялах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаад 17 насандаа 21 аймгаар үүргэвчтэй аялал хийсэн юм.
-Ер нь яагаад үүргэвчтэй аяллыг сонгов?
-Хүмүүс ихэвчлэн аялал, амралт хоёрыг ялгадаггүй. Аялна гэхээр амралт зугаалгаар явна гэж ойлгодог. Мөн чанартаа аялалд гарна гэдэг амьдралын утга учрыг ойлгох, өөрийнхөө дотоод ертөнцийг таньж мэдэх зүйл. Энэхүү зорилгоо биелүүлэхэд үүргэвчтэй аялал их тохиромжтой байсан. Мөн түүнчлэн 21 аймгийн хүмүүсийн аж байдал, байгалийн тогтоц болон түүхт дурсгалт газруудыг үзэж байгаагаараа онцлог.
- Аялна гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх аялалын төлөвлөгөө маршрутаа гаргачихаад гэрийхэндээ хэлсэн. Мэдээж бага зэрэг дургүйцсэн. Гэвч явахаар нэгэнт шийдсэн учир хориогүй. Анхны маршрут Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумыг үзэх байсан. Анх хотоос найзтайгаа хамт гараад баруун зүүн аймгаараа салж явсан.
- Аялалд гарахдаа хэн нэгнээс зөвлөгөө авсан уу?
-Хичээнгүй гээд аялагч ах байдаг. Тэр ах 21 аймгаар аяллын маршрутыг гаргаад, тухайн аймгийн нөхцөл байдлыг судалж, аж байдлыг нь ажиглаж төлөвлөгөө гаргах зөвлөгөө өгсөн. Төлөвлөгөөний хүрээнд аймаг бүрийн номер нэг гэсэн дурсгалт газруудыг үзэх зорилготой явсан.Үүргэвчтэй аялал хийж байгаа учир аймаг бүрийн бүх түүх, дурсгалт газруудыг нь үзнэ гэвэл цаг их орох байсан юм.
-Аяллынхаа зардлыг хэрхэн олдог вэ?
-Ер нь аав ээжээсээ санхүүгийн хувьд хараат байхыг хичээдэг юм. Тэр ч утгаараа гурилны үйлдвэр болон аялалын компанид цагийн ажил хийж үзсэн. Аливаа зүйлийг хүн оролдож байж ойлгодог гэдэг. Тиймээс бүх зүйлийг өөрөө хийж үзэхийг зорьдог.
-21 аймгаар аялахдаа 400 мянган төгрөг зарцуулсан гэж сонссон.
-Тиймээ. Анх 21 аймгаар аялах төлөвлөгөөтэй байхад нэг боломж олдсон юм. Тухайн үед манай сургууль дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэрэмжит шилдэг бизнес төсөл тэмцээн болсон. Шагналын сан нь шилдэг 30 оролцогчдодоо сая сая төгрөг олгох байсан. Тэгээд л тэр тэмцээнд шилдгээр шалгарч аялалд гарах санхүүгийн асуудлаа шийдсэн юм.
-Аймгуудын хувьд өвөрмөц соёлтой нь ямар аймаг байв?
-Аймаг бүрийн байгалийн тогтолцоо нь өөр болохоор ахуй соёл нь дагаад өөрчлөгддөг юм байна лээ. Тухайлбал, Өмнөговь аймагт ногоо сайн ургадаггүй, ямаа голдуу байдаг бол баруун аймгуудаар хонь ихтэй нь ажиглагдсан. Мэдээж аймаг бүрийн ёс уламжлалруу гүн гүнзгий нэвтрэхэд цаг хугацаа их орно.
-Аялал хийж байхад хүмүүс хэр тусалж байна вэ?
-Монгол хүн тусч, сайхан сэтгэлтэй гэдгийг аялаж явахад тусалсан хүмүүсээс илүү мэдэрсэн. Харин аялал жуулчлал хөгжсөн Хөвсгөл зэрэг аймгууд хүнд туслах гэдэг зүйлийг бизнес талаас хардаг нь ажиглагдсан юм.
-Аяллын хүнд хээр хонохоос эхлээд бэрхшээлүүд тулгарна биз?
-Мэдээж хүмүүс чоно нохой ихтэй шүү болгоомжтой байгаарай гэж анхааруулж байсан. Ихэнхдээ аймаг, сум бараадаад майхнаа бариад хоночихно. Мөн замын турш 15-20 кг цүнх үүрээд явах, бороо орсноос болж нойтон хувцастай 12 цаг алхана гээд л олон бэрхшээлүүд бий. Гэвч хүнд хүсэж хийсэн зүйл нь зовлонтой байсан ч жаргал болдог юм байна лээ.
Аялангаа ажилладаг мэргэжил шинээр гаргаж ирнэ гэж боддог
-Аялалд авч явсан эд зүйлсээс хамгийн нандин нь юу байв?
- Хичээнгүй ахын бэлэглэсэн луужин , эгчийн өгсөн тэмдэглэлийн дэвтэр хоёр л их нандин байсан.
-Өөрийн бичсэн шүлгүүдээ “Аяллын луужин”пэйж дээрээ нийтэлдэг харагдсан?
-Тиймээ. Өөрийн бодол мэдрэмжээ цаасан дээр буулгадаг. Харин сүүлийн үед дуу хийхийг хүсч байгаа. Ер нь аав ээж хоёр бага байхаас эхлэн өөрөө бүх зүйлийг хийж үзэж байж амьдралыг ойлгоно гэдэг байр сууринаас хүмүүжүүлсэн юм.
-Амьдралын утга учир гэдэг үг ярианд олон дурдагдлаа. Амьдралын утга учир гэж чиний бодлоор юу вэ?
-Хүн амьдралынхаа туршид ямар нэгэн үнэт зүйлтэй байх ёстой. Өөрийн гэсэн үнэт зүйлээ олж, амьдралын эцсийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй санагддаг. Мөн хүн өөрөө өөрийгөө цаг үргэлж хайж олох нь чухал.
-Одоо дэлхийгээр аялах үлдлээ. Мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Тиймээ. Мэдээж дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ арай өөр хэв маягаар аялна гэж боддог. Мөн глобалчлагдсан ертөнцөд заавал долоо хоногийн таван өдөр өглөөнөөс орой хүртэл оффест сууж ажиллана гэж боддоггүй. Аялангаа ажилладаг шинэ мэргэжлийг бий болгоно гэж боддог. Ер нь Монголчууд чинь нүүдлийн соёлтой ард түмэн шүү дээ. Тэр ч утгаараа нүүдэлчин соёлын цус бидний дотор гүйж байгаа байх аа /инээв/
-Яг одоо аялалд гарах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Дэлхий дээр хүн бүр аялахыг хүсдэг. Гэхдээ зоригтойгоор аялдаг хүмүүс цөөхөн. Тэгэхээр өөрийн аз жаргал, амьдралын утга учрыг хайж байгаа бол зоригтойгоор аялах хэрэгтэй.
-Өөр яриагүй үлдсэн зүйл бий юу?
-Намайг аялахад тусласан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье
-Ярилцсанд баярлалаа.