Шүүхийн тухай багц хуулийг олон нийтээр ид хэлэлцүүлж байна. Ерөнхийлөгчийн хийгээд Засгийн газрын өргөн барьсан нэг агуулгатай хоёр хуулийн төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач, Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголд шүүгч нар хараат бус байж чадаж байна уу гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Монголын шүүх хараат бус, эсэх талаар бодитой хариулт өгөхийн тулд хөндлөнгийн байгууллагаар социологийн судалгаа хийлгэх шаардлагатай. Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэд, тэр дундаа шүүх эрх мэдлийн байгууллагаар үйлчлүүлсэн хүмүүсээс шүүхэд итгэж байна уу, шүүх хараат бус, эсэхэд заавал хариулт авах ёстой. Мөн шүүгч нэр холбогдсон хэргийг давхар судлах нь зүйн хэрэг. Үүнийг Монгол Улсад албан ёсоор хийхгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас тодорхой судалгаа хийдэг. ШЕЗ-ийн судалгаар хүмүүс шүүхэд итгэж байна гэж гардаг. АТГ-аас хийсэн судалгаа эсрэгээрээ байдаг. Тиймээс судалгааны арга, хамрах хүрээ нь далайцтай бодитой эсэхийг үнэлж мэдэхгүй. Судалгаа нь арга зүйн үндэслэлтэй, хөндлөнгийн нөлөөгүй байх нь чухал. Төрийн байгууллагаас авсан судалгаа бодитой, эсэх нь эргэлзээтэй. Манайхтай адилхан нөхцөлтэй, бидэнтэй ижил гараанаас эхэлсэн Латви, Литва, Украин, Польш, Румын улсад шүүгч нь хараат бус байдлаар ажилладаг уу, үгүй юү гэдгийг мэдэхийн тулд иргэдийн дунд судалгаа хийж, томоохон өөрчлөлт хийсэн байдаг. Жишээ нь, 2015 онд украинчуудын 98 хувь нь шүүх засаглалд итгэдэггүй гэж хариулсан.
Тиймээс шүүх булингартсан гэх маш том дохио авсан Украины Засгийн газар шүүх засаглалдаа даруй шинэчлэл хийсэн. Европын холбооны түншлэлийн хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагыг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. ШЕЗ-ийн дэргэд Шүүхийн мэргэжлийн дээд зөвлөл байгуулан шүүгч нарыг аттестатчилалд оруулсан. Тус улс 9000 шүүгчтэй. Гэтэл шүүгч нарын гуравны нэг хувь нь шалгалт өгөхөөс татгалзаж, ажлаасаа сайн дураар огцорсон байдаг. Мэдлэг ур чадвар, хууль хэрэглээ, ёс зүй, сэтгэлгээний чадварын шалгуурт 3000 хүн орохоос татгалзсан гэсэн үг. Үүнтэй адил судалгааг Монголд хийх ёстой. Үр дүнгээс хамаарч шүүхээ шинэчлэх ёстой байх. Монгол Улсад ажиллаж буй 500 гаруй шүүгчийг дахин аттестатчилах бодитой шаардлага байна уу гэдгээ харах ёстой. Судлаачийн хувьд Монгол Улсад шүүгч нарын хараат бус байдалд заримдаа эргэлздэг. Шүүгчийн гаргасан зарим шийдвэр, магадлал, тогтоол уншихад хууль хэрэглээнд алдаа гаргасан, зүйл заалт буруу тайлбарласан асуудал нэлээд байдаг. Бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Шүүх хуралд хоёр тал ордог. Шийдвэр заавал нэг талд нь гарна. Ялагдсан тал гомдох нь мэдээж. Бодит бус, хардлага гардгийг үгүйсгэж болохгүй. Ерөнхийд нь дүгнэвэл хараат бус гэж хэлэх бүрэн дүүрэн үндэслэл алга.
-Хуульчийн сонгон шалгаруулалтын дүн тийм сайн гардаггүй шүү дээ. Аттестатчилал явууллаа гээд байдал дээрдэх үү?
-Хуульчийн сонгон шалгаруулалтыг шүүгчийнхийг харьцуулах боломжгүй. Хуульчийн лиценз авсан 5000 гаруй хүн Монголд бий. Тэднээс хүссэн болгон нь шүүгчийн сонгон шалгаруулалтад орох боломжтой. Шүүгчийн хүний нөөц бүрдэхгүй гэх эрсдэл үүсэхгүй. Гол нь аттестатчилал явуулах зорилго нь шүүгч үнэхээр ажлын байрандаа тэнцэх үү, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйн хувьд цэвэр байж чадах уу гэдгийг тодруулах юм. Энэ туршлагыг дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн байдаг.
-Шүүхийн тухай багц хууль нь шүүгч нарт хамгаалалт болж чадахгүй байгаа юм биш үү. Эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэх гэх мэт аль аль талаасаа?
-Шүүгч авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлсэн жишээ хэд байгааг тодорхой гаргах ёстойг дээр дурдсан. Ер нь манайд энэ талын судалгаа дутмаг л даа. Хамгийн сүүлд Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдсэн шүүгч нар ял авлаа гээд шуугиад байх шиг байна. Яагаад хэрэгт холбогдсон, улс төрийн зүгээс ирдэг зүй бус нөлөөлөлд автаад буй шалтгааныг мэдэж байж хуулиас шалтгаалсан уу, өөр хүчин зүйл, эсвэл хувь хүнээс нь болсон уу гэдгийг тодорхой болгоно. Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий.
-Ерөнхийлөгч, Засгийн газар тус тусдаа Шүүхийн тухай багц хуулийн төсөл боловсруулсан. Харьцуулж судалсан уу?
-УИХ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн багц хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан адил төстэй хуулийн төслийг сайтар судлах ёстой. Жишээ нь, Шүүхийн тухай багц хууль иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх, тогтвортой байлгах зорилготой. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн үзэл баримтлал үүнд чиглэсэн. Ямар нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрхэн зохицуулалт хийвэл шүүгчийн хараат бус байдлыг хангах вэ гэдгийг хуулийн төслийнхөн багагүй судалсан. Шинэ бүрдсэн УИХ хуулийн хоёр төслийн сайн, мууг ялгаж, авах, гээхийн ухаанаар хандаж, илүү сайн төслийг гаргаж ирэх шаардлагатай.
-Таны ажлын хэсэгт нь орсон Шүүхийн тухай багц хуулийн төсөлд шүүгчийн хараат бус байдлын тухай хэрхэн тусгасан бэ?
-Би Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн төслийн багт орж ажилласан. Шүүгч сонгон шалгаруулах тогтолцоо шударга байхад анхаарч заалт оруулсан. Хуйвалдааны шинжтэй, шударга бус байвал бүх зүйл буруугаар эргэнэ, шударга шүүгч сонгогдохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ 10 гишүүнтэй байна. Тавыг нь шүүхээс, үлдсэнийг нь нээлттэй сонгон шалгаруулалт хийж шүүгч биш хүн сонгохоор болж буй. Гэтэл Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн барьсан төслүүд дээр үзэл баримтлалын зөрүүтэй байгаа. Жишээ нь, шүүгч бус хүнийг хаанаас сонгон шалгаруулах вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй. Засгийн газрын төсөлд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ШЕЗ-ийн гишүүдийг сонгоно гэж тусгасан. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн ажлын хэсэг үүнийг эсэргүүцэж буй. Шүүгч сонгон шалгаруулах процессыг улстөржүүлэх ёсгүй. Монголын Хуульчдын холбооноос сонгоё гэсэн. Тус холбоо 5000 гаруй гишүүнтэй, төрөөс хараат бус мэргэжлийн байгууллага юм. Эндээс гурван хуульчийг ШЕЗ-д оруулъя. Үлдсэнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ХЗДХЯ-наас сонгоё гэсэн. Шүүгчийг сонгон шалгуулах явц шударга, сонгон шалгаруулах байгууллага төлөөллийн хувьд тэнцвэртэй байх ёстой. Төсөл дэх зарчмын зөрүүтэй заалтуудыг нэг мөр болгох шаардлага тулгараад байгаа.
-Шүүгчийн ёс зүйн хариуцлагын асуудлыг хөндмөөр байна. Энэ хуульд уг асуудлыг хэрхэн оруулж өгсөн бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бие даасан, орон тооны байгууллага буюу Шүүхийн сахилгын хороог байгуулахаар болсон. Шүүхийн сахилгын хороо үр нөлөөтэй ажиллуулахын тулд дүрэм журмыг сайтар хуульчлах шаардлагатай. Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд маш дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Шүүхийн сахилгын хороо ёс зүйгээ умартсан, хууль зөрчсөн, алдаа гаргасан хуульчид хариуцлага тооцох ёстой байгууллага. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд уг асуудлыг хууль хэрэглээ, мэргэжлийн илэрхий алдаа гарсан бол ёс зүйн зөрчил гэж үзэхээр заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, холбогдох хуулийг санаатайгаар буруу тайлбарлаж хэрэглэдэг хуульч бий. Мэдсээр байж зориуд гаргадаг энэ мэт алдааг засна. Нөгөө хуулийн төсөлд ийм заалт байхгүй.
-Шүүгчтэй холбоотой зөрчлийг өдгөө Шүүхийн ёс зүйн хороо хариуцаж буй. Гомдол хэр ирдэг вэ?
-Гомдол их ирдэг. Харамсалтай нь, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүд бүрдэхгүй удсан. Мөн дарга нь томилогдохгүй байгаагаас шалтгаалж гомдлыг хэлэлцэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хороо ажлаа хийж чадахгүй жил орчим боллоо. Тус хороо есөн гишүүнтэй. Тэдний Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан. Орных нь хүнийг томилох гэж маш удсан. Арай гэж таван гишүүн нь бүрдсэн. Одоо дөрвөн гишүүн дутуу байна. Санал болгох субъект нь ажлаа хийхгүй байна. Жишээ нь, гурван хүнийг Монголын хуульчдын холбоо, дахиад гурвыг ХЗДХЯ, үлдсэнийг нь шүүхээс томилдог. ХЗДХЯ-наас нэг хүнээ санал болгохгүй байна. Мөн шүүхээс санал болгох ёстой байгаа. Шүүхийн ёс зүйн хороо орон тооны бус байгууллага учраас хуульчид үндсэн ажлынхаа хажуугаар давхар ажиллах болдог.
-Шүүхийн тухай багц хуульд тодорхой ямар өөрчлөлтүүд орох ёстой гэж үзэж байна вэ?
-Улсын дээд шүүхийн эрх хэмжээний асуудлыг нарийн хуульчлах ёстой. Тус шүүх маш их ачаалалтай ажилладаг. Давж заалдсан бүх шийдвэрийг хянадаг. Энэ бол зохиомол ачаалал үүсгэж буй хэрэг. Зүй нь аливаа гомдлыг Улсын дээд шүүх хүлээж авах уу, үгүй гэдгээ өөрөө шийдэж байх ёстой. Хяналтын шат руу гомдол гаргах зөвшөөрлийг Давж заалдах шатны шүүхээс өгдөг жишиг дэлхий дээр бий. Улсын дээд шүүх бүх гомдол маргааныг шийддэг газар биш. Тус шүүх ач холбогдолтой, хууль хэрэглээний хувьд нэгдмэл биш, маргаантай асуудлыг хагалах хэргийг татаж авч, эцэслэн шийдэх учиртай. Энэ шаардлагад нийцүүлэх үүднээс төсөлд Захиргааны болон Иргэний хэргийн шүүх ямар гомдлыг хүлээн авч шийдэхээ өөрсдөө шийдэх заалт оруулсан. Эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүхээс хүний эрхийг хязгаарласан шийдвэрийг шууд гаргадаг. Өөрөөр хэлбэл, шүүх ял оноолоо л бол шүүгдэгчийг шууд хорьдог. Улсын дээд шүүхэд хэт их эрх мэдэл өгвөл хүний эрх ноцтой зөрчигдөж магадгүй учраас хуулийн төсөлд хяналтын шатны шүүх Эрүүгийн хэргийн талаар гарсан хяналтын гомдлыг одоогийнх шигээ үргэлжлүүлэхээр тусгасан.
-ҮАБЗ-ийн саналаар шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд бий. Энэ заалт шүүгч нарыг хараат бус байхад асар том тээг болж буй заалт гэдэгтэй санал нийлэх үү?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн уг заалтыг нэлээд судалж ярилцсан. Хуулийн төсөлд энэ заалтыг хасаж оруулсан.
-Үндсэн хуульд зааснаар шүүхийн тогтолцоог тойргийн журмаар байгуулах шаардлага тулгарч буй. Үүнд манай шүүх, эрх мэдлийн байгууллага бэлэн үү?
-Үндсэндээ хоёр хуулийн төсөлд тусгасан асуудал. Хүн амын нягтаршил, төвлөрсөн суурин газар, дэд бүтэц, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийг тойргийн журмаар байгуулж болно. Гол нь эрх зүйн бичиг, баримтаа сайтар боловсруулах нь чухал. Шүүх байгуулах нь менежмент зохион байгуулалтын л асуудал.
-Ерөнхий шүүгч бусад шүүгчдээ нөлөөлөх боломжтой юу?
-Манайхан шүүхийн ерөнхий шүүгчийг дарга гэж ойлгодог. Улсын дээд шүүх хийгээд нийслэл аймаг, сумдын шүүхийн бусад ерөнхий шүүгч нар дарга биш юм. Ерөнхий шүүгч шүүхийн хараат бус байдлын баталгаа болдгоос бус, бусад шүүгч нараа удирдаад даргалаад хэргийг нь хуваарилаад суудаг удирдагч байр суурьтай хүн биш. Үүнийг иргэд маш сайн ойлгох ёстой. Шүүн таслах ажиллагааны хэвийн байдлыг хангах л үүрэгтэй. Мөн ШЕЗ шүүгчдийг хуульчдаас шилж олох, шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг хангах үүрэгтэй байгууллага. Шүүгчид нөлөөлөх боломжгүй гэдгийг ойлгохыг хүсье.