СУИС-ийн оюутан байхдаа МҮОНТ-ийн “Шигтгээ” нэвтрүүлэг хөтөлснөөр олонд танигдаж, уран бүтээлийн гараагаа “Х ТҮЦ” продакшнаас эхэлсэн жүжигчин З.Ононг “Хүлэгү” болон “Номадиа” пикчерсийн хамтран бүтээсэн “Бүтэн амьдрал” киноны гол дүрд тоглосноор нь үзэгчид илүү мэддэг болжээ. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав”, “Мэлмий” энтертайнментын “Төгс бүсгүйн зууч” зэрэг дэлгэцийн 10 гаруй уран бүтээлд дүр бүтээсэн.
2007 онд “Voice” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Д.Отгонжаргал Улсын филармониор олон жил “овоглосон”. “Өнө мөнх эх орон”, “Хайрлахын жаргал” зэрэг бие даасан тоглолтоо хүргэсэн тэрбээр чадварлаг дуучнаас гадна жүжиглэх чамгүй авьяастайгаа “Ану хатан” кинонд харуулж, улмаар БНХАУ-ын Бээжингийн театрт “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжигт тоглосон юм. “Хун галуу”, “Миний ээж тэмээчин” зэрэг олны эчнээ мэддэг уран бүтээлийг тэрбээр сонсогчдод өөрийнхөөрөө хоногшуулжээ.
З.ОНОН: Сэтгэлд хоногшсон газар олон
Д.ОТГОНЖАРГАЛ: Хүрэн бэлчирийн хөндий минь хамгийн сайхан
Хүүхэд ахуйдаа уншсан зохиолын дүрүүдээс аль нь таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөж, үлгэр дуурайл авмаар санагдаж байсан бэ?
Онон: Хүүхэд насандаа олон сайхан зохиол, бүтээлтэй “танилцаж” байлаа. Тэдгээрээс одоо тод санагддаг нь хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” хошин, бэсрэг найраглал.
Отгонжаргал: Хүүхэд байхдаа дэлхийн сонгодгуудаас авхуулаад Монголынхоо алдартай зохиолчдын бүтээлийг шимтэж, дурлаж уншдаг байлаа. Тэдгээрээс О.Бальзакийн “Гобсек” тууж сэтгэлд хамгийн гүн үлджээ. Харамын сэтгэл гэдэг юутай гашуун, эмгэнэлтэйг ой тойндоо үлдтэл ойлгож билээ. Харин амьдраагүй мэт амьдарсан Гобсекийн эсрэг дүр надад хүсэл тэмүүлэл авчирсан.
Анхны цалингаа хэзээ авч, юунд зарцуулж байв?
Онон: Есдүгээр ангийн сурагч байхдаа зуны амралтаараа “Жавхлант” хүүхдийн зуслангийн дэлгүүрт худалдагч хийсэн. Хэдэн төгрөгийн цалин авснаа санадаггүй юм. Цалингаа аваад шуудхан л “Нарантуул” зах орж, ээждээ гоо сайхны бүтээгдэхүүн, аавдаа богино ханцуйтай цамц, дүүдээ өмд, цамц аваад өөртөө юу ч үгүй харьсан.
Отгонжаргал: Төгсөх дамжааны оюутан байхдаа ангийнхаа хоёр хүүхэдтэй байгууллагын шинэ жилийн баярт дуулж, 20 000 төгрөгийн цалин аваад их баярласан. Мэрийн суралцаж буй мэргэжлээрээ анх удаа ажиллаж мөнгө олсон нь тэр. Анхны цалингаа автобусны тасалбарт л зарцуулаад дуусгасан даа.
Дэлгүүрт ороод хамгийн түрүүнд юунд нүд унагадаг бол. Яагаад?
Онон: Би жаахан эршүүд зантай. Гоё, чамин зүйлсэд нүд унагаад байдаггүй юм. Тийм, ийм зүйл авна гэж төлөвлөж дэлгүүрт ороод, түүнийгээ аваад л гардаг. Лангуу хэсэж явах, олон зүйл үзэх дургүй. Харин ээж болсноосоо хойш хүүхдийн хувцаснуудад нүд унагадаг болсон. Би гурван охинтой шүү дээ.
Отгонжаргал: Хамгийн түрүүнд цэцгэнд нүд унагадаг. Цэцэгсийн өнгө, үнэр ёстой гоё. Мөн амттай бялууны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй.
Уран бүтээлүүдээс тань хамгийн төвөгтэй, ярвигтай бүтсэн нь аль вэ?
Онон: Амархан, амаргүй дүр гэж үгүй. Бүгд л ажиллагаатай. Бүгдэд нь л сэтгэл, зүтгэлээ шингээж ажилладаг. Заавал онцолж хэлэх шаардлагатай бол хагас жилийн турш ажилласан “Бүтэн амьдрал” киноны Номингийн дүрийг хэлнэ. Кинонд зураг авхуулж эхлэхэд бага охин минь зургаан сартай байлаа.
Отгонжаргал: Буриад ардын дуу “Заян наваан” уран бүтээлээ нэрлэнэ. Их цаг хугацаа, мөнгө зарцуулсны дээр олон хүний хүч хөдөлмөр, авьяас билиг шингэсэн.
Гутарсан, сэтгэлээр унасан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулж, сэргээдэг бол. Юунаас урам, эрч хүч авдаг вэ?
Онон: Би сэтгэл хөдлөл ихтэй, түүнийгээ гадагшлуулдаг зантай. Тийм болохоор дотогшоо зантай хүмүүс шиг шаналж, бачуурдаггүй. Хааяахан таагүй мэдрэмж төрсөн үед ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж тайвширдаг.
Отгонжаргал: Гутарсан үедээ дуртай хөгжим, дуугаа сонсдог. Хэд ч сонссон уйддаггүй дуу байдаг даа. Сүүлийн үед сэтгэл санаа таагүй үед ууланд алхах дуртай болж байна. Ганцаараа алхахад өөртэйгөө ярьж, бодлоо цэгцэлж, эргэцүүлэх боломжтой.
Хийхийг үргэлж хүсдэг “галзуу” үйлдэл бий юү?
Онон: Би олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг. Ялангуяа фэйсбүүк, инстаграм, тик ток байнга хэрэглэдэг. Нийгмийн сүлжээнд намайг дагадаг хүмүүс янз бүрийн хөгжилтэй, сахилгагүй бичлэг байршуулдгийг минь мэдэх байх. Адреналин ялгаруулахуйц сонирхолтой зүйлд дуртай. Гадаадад явахдаа банжи жамп буюу өндрөөс бэхэлгээтэйгээр үсрэхийг хүссэн ч амжаагүй. Дараагийн удаа заавал хийж үзнэ.
Отгонжаргал: Нисдэг тэрэг жолоодож үзэх сэн гэж хүсдэг. Ер бусын мэдрэмж төрүүлэх байх гэж боддог юм.
Ямар баярт дуртай вэ. Баярын өдрүүдийг та хэрхэн тэмдэглэдэг вэ?
Онон: Баяруудыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхийг хичээдэг ч ихэнхдээ тоглолт, арга хэмжээ, ажилтай таардаг.
Отгонжаргал: Баярын өдрүүдэд ихэнхдээ л тоглолттой, ажлаа хийж таардаг. Бусдыг баярлуулж, догдолж баярласан сэтгэлээс нь урам зориг, эрч хүч авдаг.
Та хамгийн сүүлд хэзээ баярын нулимс унагав. Яагаад?
Онон: Өнгөрсөн зургадугаар сард хань бид хоёр Тэрэлжид зуслангийн байшин бариулж, аав, ээждээ бэлэглэсэн юм. Тэд минь баярын нулимс унагахад би дагаад уйлчихсан. Их сайхан өдөр байлаа.
Отгонжаргал: Хэдхэн хоногийн өмнө эх орны баруун хязгаар, Монголын дээвэр гэж нэрлэгддэг Алтай таван Богдод очсон. Цэлмэг тэнгэр, гялалзах оддыг хараад асгартлаа уйлсан. Оддын дунд өдгөө дэргэд байхгүй хайртай хүмүүс минь байж, намайг харж буй мэт санагдсан.
Ямар хоббитой вэ. Хобби тань ямар зөв дадал суулгасан бэ?
Онон: Уг нь гадагшаа явахаараа хөргөгчний соронзтой наалт цуглуулдаг байсан боловч хүүхдүүд алга хийж, эвдсээр байгаад дууссан. Очсон улс бүрээсээ тухайн орныг илэрхийлэх бэлэг дурсгалын зүйл цуглуулах дуртай.
Отгонжаргал: Аялах, ууланд алхах хоббитой. Аялал надад амьдрал үй түмэн өнгөтэйг мэдрүүлдэг. Бас хэзээ ч харамсахгүйгээр амьдрах, хэрхэн хайрлаж, хайрлуулж байгааг минь ухааруулдаг. Харин ууланд алхах нь өөдрөг, эрч хүчтэй амьдрах үндэс болохын зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарах боломж олгодог давуу талтай.
Монголд байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнтэй газар олон. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг вэ?
Онон: “Х ТҮЦ” продакшнтайгаа аялан тоглосноос гадна гэр бүлээрээ Монголынхоо үзэсгэлэнт нутгуудаар аялсан. Тэдгээрээс Улаан цутгалан, Хяргас, Буйр нуур гээд сэтгэлд хоногшсон газар олон. Гэр бүлээрээ 21 аймагт бүгдэд нь аялахыг хүсдэг.
Отгонжаргал: Би “Хайрлахын жаргал” бие даасан тоглолтоо 20 аймагт аялан, хүргэсэн. Зөвхөн аялан тоглохоос гадна гэр бүл, найз нөхөдтэйгөө үзэсгэлэнтэй, онгон дагшин олон газарт аялсан. Тэдгээрээс миний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг сум дахь Хүрэн бэлчир минь хамгийн сайхан. Хүрэн бэлчирийн хөндий, Заг, Байдрагийн голын уулзвар, Халиутын хавцал, Биндэръяа хөх нуур гээд бишрэм сайхан нутагт төрсөн хүн дээ, би.