Тайваниас гаралтай модон бөмбөг Монголд өдгөө нутагшжээ. Эл спортоор хичээллэдэг залуусын авьяас, ур чадварыг хөгжүүлэн, мэргэжлийн тамирчин болгосон дасгалжуулагч бол Ж.Загас. Түүний удирдлагад байдаг Монголын модон бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан чансаагаараа дэлхийд VI байрт жагсаж байна. Спорттой нөхөрлөсөн цагаасаа шавь нараа бэлтгэн, амжилтад хөтөлсөн түүнтэй ярилцлаа.
-Спортын гурван төрөлд ОУХМ цол хүртсэн цөөн тамирчны нэг нь та. Өнгөрсөн жил “Монголын паралимпийн байгууллагын хөгжлийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалснаараа анхдагч болсон уу.
-Энэ бол миний олон жил хийсэн судалгааны ажил. Монголын үндэсний паралимпийн хорооны нарийн бичгийн дарга Н.Оюунбат Пара спортын бүтэц зохион байгуулалтын талаар докторын зэрэг хамгаалаач, ямар менежмент хийвэл Монголд хөгжих вэ, гэж санал тавьсан. Манай улсад пара спортын 16 холбоо бий. Холбоодод тулгамддаг нэг асуудал нь ангилал юм. Тухайн тамирчны хөл, гар нь хаанаа гэмтсэнээс хамаарч, ангилал нь өөр байдаг. Монголд пара спорт ямар менежменттэй урагшилж байгаа болон, баг, тамирчдын нь амжилт яагаад ахихгүй, хувийн спорт хөгжих болов, ямар ангилал, бүтэц зохион байгуулалт хийвэл үр дүнд хүрэх вэ гэж судалсан. Эл спортын архив манайд байдаггүй юм билээ. Энэ тухай холбооных нь удирдлагад уламжлахад хойшид архивлаж байхаар шийдсэн. Миний судалгааны ажил пара спортын анхны архив боллоо.
-Монголын пара спортын холбоод нэгдэж, үйл ажиллагаагаа явуулбал хөгжиж болмоор санагддаг.
-Хараагүйчүүд, тулгуур эрхтний, оюуны бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоог ирэх жилээс Монголын үндэсний пара спортын холбоонд нэгтгэхээр ярилцаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж, амьдралд идэвхтэй оролцуулах, хөдөлмөр эрхлэх сонирхол төрүүлэх зорилгоор байгуулсан олон холбоо бий. Тэдний дундаас спортын ур чадвартай өсвөр, залуу тамирчдыг илрүүлж тив, дэлхий, паралимпийн наадмын түвшинд өрсөлдүүлэх, залгамж халаа бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр тэдэнд бэлтгэл хийх спортын ордон хэрэг болж байна. Монголын мастеруудын холбооны тэргүүн Ч.Наранбаатар Биеийн тамир спортын газрын дарга байхдаа тус спортын тамирчдад ордон бариулахаар зорьсон ч хэрэгжээгүй. Тэр газарт нь орон сууц баригдчихлаа. Энэ мэтчилэн тулгамддаг асуудал бишгүй. Пара спортын тамирчдыг төр, засгаас дэмжиж, анхаарал хандуулдаг бол өдгөө олон гавьяат цолтон, доктор төрчихсөн байх ёстой. Би хойшдоо пара спортын тамирчдын сэтгэл зүйн онцлогийг судлах зорилготой байгаа.
-Пара (суугаа) волейбол, модон бөмбөгийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллахад заримдаа амаргүй санагддаг уу?
-Би модон бөмбөгөөс гадна волейболын хоёр төрөлд олон жил тоглолоо. Пара спортын төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн шүүгч, мэдлэг, чадвартай багш дасгалжуулагч чухал үүрэгтэй. Спортын гурван төрлийн тэмцээн ойрхон болбол амрах завгүй ажилладаг. Намайг 2014-2015 онд суугаа волейболын эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж, тоглодог байхад чансаагаараа Азид IV байрт жагсдаг байлаа. Түүнээс хойш тамирчдын амжилт буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь холбоод тус тусдаа үйл ажиллагаа явуулдагтай холбоотой болов уу. Суугаа волейболын баг бүрдүүлэхийн тулд тамирчин олох маш хэцүү. Хүн олсон ч сэтгэл зүй нь маш эмзэг хүлээж авна. Тиймээс сайн ойлгуулахын тулд тамирчидтайгаа уулзаж, сэтгэлзүйчээс дутахгүй ярилцдаг. Тэднийг тэмцээнд оролцуулах тоглолтын хувцас хийлгэхээс эхлээд ажил их. Мөн модон бөмбөгийн тамирчдаа тэмцээнтэй үед хичээл, шалгалт шүүлгийг нь зохицуулан, бэлтгэл хэр хийж, амарч хоносныг хүртэл шалгана.
ТАМИРЧДАА ТОГЛОЛТЫН ТАЛБАЙТАЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬСАН
-Модон бөмбөг манайд хөгжиж буй залуу спорт. Сонирхож хичээллэгсэд хүрээгээ тэлж, жилээс жилд амжилтаа ахиулсаар байгаа шүү дээ.
-Олон улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мин Хуй Вен энэ спортыг Азийн орнуудад анх хөгжүүлсэн. Өдгөө энэ спортоор 50 гаруй орны тамирчид өрсөлддөг. Монголын модон бөмбөгийн холбоо ирэх жил тамирчдаа тоглолтын талбайтай болгох зорилт тавьсан. Хүнийг эрүүл, урт наслуулдаг зүйл бол дасгал, хөдөлгөөн. Модон бөмбөг эко спорт. Бид ЭМЯ-тай хамтраад, ирэх жил нийтийн биеийн тамирт анхаарал хандуулж, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд сургалт зохион байгуулна. Мэргэжлийн сургагч багш нар иргэдэд спортоор хичээллэж, идэвхтэй амьдрахыг ойлгуулан, модон бөмбөг заах юм. Аливаа спортын төрлийг тухайн хүний хүсэл, сонирхолд тулгуурлаж хөгжүүлдэг. Энэ спортод нас харгалздаггүй тул хэн ч амжилт гаргах боломжтой.
-БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод ирэх арваннэгдүгээр сард Азийн элсний наадам болно. Монголын модон бөмбөгийн шигшээ багийнхан оролцох уу?
-Манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан оролцохоор бэлтгэж байгаа. Гэхдээ тэдэнд тулгардаг бэрхшээл олон. Тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо зардлаа өөрөө гаргадаг. Гэр бүлийнхээ санхүүгээс энэ бүхнийг тусад нь гаргах амаргүй. ХААИС-ийн удирдлага тамирчдын зардлын талыг даадаг ч үлдсэнийг нь олох гэж ах дүү, найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ уулзахаар хэдэн тийш гүйдэг. Манай нөхөр хааяа “Чи ингэхэд цалин авдаг хүн үү. Байр авах хэмжээний мөнгө тэмцээнд зориулсан шүү” гэдэг юм. Гэр бүл минь намайг ойлгож, дэмждэгийн хүчинд модон бөмбөгийн шигшээ багийн тамирчдаа өдий дайтай амжилтад хүргэсэн гэж боддог.
-Оюутны ДАШТ-д 2016 онд болоход манайхан амжилттай оролцсон. Гэхдээ холимог хосын төрөлд өрсөлдсөн тамирчид алтан медалиас атгаад алдсан санагдана.
-БНСУ-ын Жэжүд 2016 оны тавдугаар сард модон бөмбөгийн ДАШТ зохион байгуулахад манай эмэгтэйчүүд багийн төрөлд хүрэл, нэг цохилтоор хаалганд бөмбөг оруулах тамирчдыг шалгаруулахад би түрүүлж, алтан медаль хүртсэн. Тэр жилийн аравдугаар сард Тайваний Тайпэй хотод оюутны ДАШТ болоход манай эрэгтэйчүүдийн баг хүрэл, холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар удаалж, мөнгөн медаль зүүсэн. Тэд тэргүүн байрын төлөө Тайландын тамирчидтай өрсөлдөж, алтаас атгаад алдсан нь том сургамж болсон. Монголчуудад яарч, эрт баярладаг дутагдал бий. Спортод амжилт гаргахад тэвчээр, мэдрэмж, туршлага их нөлөөлдөг. Спортын ертөнцөд аз тохионо гэдэг бараг байхгүй зүйл. Тамирчин бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж, хурд, хүч, тэвчээр хатуужил, авхаалж самбаа, уян хатан чанарыг түрүүлж эзэмших ёстой. Аль нэг нь дутвал амжилт гаргахгүй. Манай тамирчдад амжилт гаргах чадвар бий. Тэднийг туршлага хуримтлуулахад хамгийн хэрэг болох зүйл бол тоглолтын талбай. Талбайтай болчихвол сонирхогчид ч хичээллэснээр мэргэжлийн тамирчин болох боломж нээгдэнэ. Тамирчидтайгаа зүлэгтэй газар олохоор бөмбөг, цохиураа үүрээд эрэлд гардаг. Энд тэнд очиж, хамгаалалтын албаныханд нь хөөгдөн туугдан бэлтгэл хийдэг. Байгууллагууд зүлэгтэй талбайтай бол ажилчдаа модон бөмбөг тоглуулж, алжаалыг нь тайлуулах хэрэгтэй. Хэрвээ ажилтнууд нь сонирхолтой бол манай холбоотой хамтран, мэргэжлийн дасгалжуулагчаар заалгаж болно.
-Энэ спорт Азид өндөр хөгжсөн. Тайвань, Тайланд, Индонез бөмбөг, цохиур үйлдвэрлэдэг. Чамгүй өндөр өртөгтэй биз?
-БНСУ-ын Жежүд болсон тэмцээний үеэр бөмбөг хагарчихлаа. Шүүгчид учраа хэлээд бөмбөг худалдаж авахаар гүйлээ. Тэгтэл нэг бөмбөг 25 ам.долларын үнэтэй. Сандраад зогсож байтал манай нэг тамирчин өөрийн илүү бөмбөгийг өгснөөр тэмцээнээ үргэлжлүүлсэн. Модон бөмбөгийн цохиурыг зандан модоор хийдэг. Бид хамгийн сүүлд Индонезод үйлдвэрлэсэн бөмбөг, цохиур худалдаж авсан. Монголын ханшаар нэг бөмбөг 60.000, цохиур нь 350 мянган төгрөгийн үнэтэй. Тоглолтын явцад тамирчдын бөмбөг хагарч, цохиур хугарах тохиолдол цөөнгүй гарна. Сайн цохиур худалдаж авбал нэг хэсэгтээ л тэснэ. Манайхан чулуу хайргатай зүлгэн дээр бэлтгэл хийдэг болохоор бөмбөг амархан хагардаг. Тэмцээн эхлэхээс өмнө тамирчдын бөмбөг, цохиурыг шалгадаг юм. Манайхны халцарчихсан бөмбөгийг гайхаж харснаа, хэд эргүүлээд тавьчихна. Гэхдээ бид энэ бүхнийг бэрхшээл гэж боддоггүй. Манай тамирчид оюутан, насанд хүрэгчдийн ДАШТ, Дэлхийн цом, ААШТ-д чамлахааргүй амжилт гаргасан. Гадаадын тамирчдын орчин нөхцөл, тав тухыг харчихаад Монголд ийм талбайтай болохсон гэж мөрөөддөг.
ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧДААР ВОЛЕЙБОЛ ЗААЛГАСАНДАА БАЯРЛАДАГ
-Хүүхдүүдийг энэ спортоор хэдэн настайд нь бэлтгэдэг юм бэ?
-Модон бөмбөгийн тамирчид 9-14 настайдаа ДАШТ-д оролцдог. Азийн орнууд тамирчдаа хүүхэд байхаас нь бэлтгэдэг юм билээ. Бид тоглолтын талбайгүй тул сургуулийн хүүхдүүдээс мэргэжлийн тамирчин бэлтгэж чаддаггүй. Учир нь бэлтгэл хийх талбайгүй, дээр нь бөмбөг, цохиур авах мөнгөгүй. Энэ спорт тамирчдаас тэсвэр хатуужил, туршлагатай байхыг шаарддаг. Гадаа халуун, хүйтэн, бороонд ч бэлтгэл хийнэ. Хүүхдүүд сонирхож, хичээллэхээр ирдэг ч шантарч буцах нь их. Саад бэрхшээлийг даван туулаад, тэвчиж чадсан нь тамирчин болно. Спортоор хичээллэхэд олон давуу тал бий. Амьдралд хөл тавихад зөв хүн болж төлөвшдөг. Ямар нэгэн байгууллагад ажилд ороход нэр хүндийг нь спортын амжилтаар өргөж явна. Спортын цол, зэргээс хамаараад цалин нь нэмэгдэлтэй. Сүүлийн үед албан байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа спортоор хичээллэдэг, эсэхийг нь харгалздаг болжээ. Би шавь нартаа “Тамирчин хүн олон талын авьяас, чадвартай байх ёстой. Та нар аль нэг байгууллагад орсон ч хамт олондоо сурсан зүйлээ заагаарай” гэж захидаг юм.
-Шавь нар тань чансаагаараа дэлхийн шилдэг тамирчдын эгнээнд жагсдаг уу?
-2014 оноос хойш эмэгтэйчүүдийн багаас ОУХМ Б.Оюунтуяа амжилтаараа дэлхийн шилдэг тамирчдын 20, эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан VI байрт жагсаж байна. Азиас Индонез, Тайланд, Тайваний шигшээ баг эхний гурван байрт эрэмбэлэгддэг. Сүүлийн үед Уганда улсын тамирчид хүч түрэн орж ирлээ. Тамирчдынх нь ур чадвар жилээс жилд ахиж байгаа. Би тамирчдадаа “Та нар дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайтар бэлд, орчинтойгоо зохицож сур. Тэмцээний үед тулгардаг нэг бэрхшээл бол хэл. Тиймээс хэлний мэдлэгээ дээшлүүл” гэж хэлдэг. Спортын сэтгэлзүйч Ш.Долгортой хамтран ажиллаж, сургалтад нь тамирчдаа хамруулдаг. Монголын тамирчид тэсвэр хатуужилтай нь тэмцээний явцаас харагддаг юм. Шүрүүн бороо ороход гадаадын тамирчид тэмцээнээ орхиод гүйхэд манайхан тоглож л байдаг.
-Ээжийнхээ шийрийг хатаасан тамирчин танай хүүхдүүдээс төрөв үү?
-Манайх хүү, охинтой. Нөхөр минь хүндийг өргөлтийн тамирчин байхдаа бэртэл аваад спортоос хөндийрсөн. Хүү боксоор олон жил хичээллэсэн. Одоо Францын армид алба хаадаг легион цэрэг. Хүүхдүүд минь ХААИС-д суралцаж, эдийн засаг, маркетингийн мэргэжил эзэмшсэн. Охин минь “Эко спорт” клубт спинингийн багшаар ажиллаж байна. Спорт хүнийг бүх талаар нь өв тэгш хөгжүүлж, зөв хүн болгодог гайхамшгийг би амьдралынхаа туршид мэдэрч яваа.
-Та Монгол Улсын баатар Н.Жамбаа гуайн охин. Баянхонгор нутгийнхан төдийгүй монголчууд ааваар тань ихэд бахархдаг.
-Би есөн охин, нэг хүүтэй өнөр айлд өссөн. Манай аав Баянхонгор аймгийн Богд сумын харьяат. Залуудаа цэргийн ангийн мэргэн бууч байсан гэдэг. 1939, 1945 оны дайн, 1947-1948 оны хилийн тулгаралтад оролцож, гавьяа байгуулсныг нь үнэлж, 1979 онд БНМАУ-ын баатар цолоор шагнасан. Бидэнд “Худлаа битгий ярьж байгаарай. Хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн бол. Өв хөрөнгөнөөс илүү хүн чанартай яваарай. Аливаа зүйлийг хийхдээ зүрх, сэтгэлээ зориулах л хамгийн сайхан” гэж захидаг байлаа. Би үнэнч, шударга байхыг амьдралдаа баримталж ирсэн. Хойч үедээ ч аавынхаа энэ үгийг хэлэх дуртай. Бид 2011 онд аавынхаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр нь Гачууртад гэр музей байгуулсан юм. 2018 онд 100 насных нь ой тохиоход Хилийн цэргийн удирдах газар, Монгол цэргийн музей үр хүүхэд, ач зээ нартай нь хамтран тэмдэглэсэн. Манайхан олуулаа, ач, зээ нь одоо 100 гаруй болжээ.
-Таныг “Монголын Даймацү” Ц.Дагва-Очир дасгалжуулагчийн удирдлагад волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог байсан талаар сонссон.
-Тухайн үед багш Төмөр замын “Замчин” клубийн волейболын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийг хариуцдаг байв. Би Монголын шилдэг дасгалжуулагчдаар волейболын цагаан толгой заалгасандаа баярладаг. Тэрбээр өндөр шаардлага тавихаас гадна хатуу, чанга зантай хүн байлаа. Биднийг Японы дасгалжуулагч Хиробүми Даймацүгийн арга барилаар сургаж, орос сургалтын техникээр бэлтгэл хийлгэдэг байсан.
Монголын волейболын түүхэнд багш минь шигшээ багийн тамирчдыг хэрхэн бэлтгэж, амжилтад хүргэж болдгийг заах арга барил, техникээрээ харуулсан. Багшийн үе үеийн шавь нар 1979-1989 он хүртэл УАШТ-д тасралтгүй түрүүлсэн. Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багт түүний өндөр шаардлагыг давж үлдсэн цөөн тамирчин байдаг. Тэдний нэг нь би. Бэлтгэл хийлгэхдээ долоо хоног, сар, улирлын төлөвлөгөө гаргачихна. Хөвгүүдийн дасгалыг охидоор, охидынхыг хөвгүүдээр хийлгэнэ. Заримдаа хатуу занд нь дургүй хүрч, бүр үзэн яддаг байлаа. Нэг өдөр Үйлдвэрчний соёлын ордонд бэлтгэл хийж байтал цахилгаан тасарчихлаа. Бид харанхуйгаар далимдуулаад багшаас хариугаа авч бөмбөгөөр сайн цохиж билээ. Тэгсэн “Та нар шоглож байна уу. Намайг үзэн ядаж, энэ нөхрөөс яаж хурдан салах вэ гэж бодож байгаа биз” гэж билээ. Заасан бүхэн нь үлдсэн болохоор би одоо ч шавь нартаа өндөр шаардлага тавьдаг. Тэрбээр Монголын волейболын спортыг хөгжүүлэхийн төлөө өөрийгөө хайрлахгүй зүтгэсэн, амьдралаа ч харамгүй зориулсан. Түүний шавь нар одоо тамирчдыг бэлтгэж байна. Багш олон жилийн өмнө сонинд ярилцлага өгөхдөө биднийг “Тэсвэр хатуужлын их сургуулийн оюутнууд” гэж магтсаныг ер мартдаггүй юм.