“Baigaljin аrt” компанийг 2010 онд мужаан, сийлбэрч, дархан, архитектор мэргэжилтэй ах, дүү гурав байгуулжээ. Багаасаа зураг зурж, баримал, сийлбэр сонирхож ирсэн тэд ажлын байр бий болгон, жижиг үйлдвэр байгуулсан нь энэ юм. Монголчууд эрт дээр үеэс гэрт амьдарч, бүхий л эд хогшлоо мод, төмрөөр хийж ирсэн. Ялангуяа модон тавилгууд нь бат бөх, эдэлгээ сайтай, хүний эрүүл мэндэд хоргүй, хөнгөн, авсаархан хийцтэй байдаг нь нүүдэлчин ахуйд маш сайн зохицдог. Овор ихтэй тавилгыг олон хэсэг болгон задалж, төвөггүй угсрахаар хийдэг нь монгол тавилгын нэг онцлог. Ийм өвөрмөц шинжид тулгуурлан уламжлалт тавилга үйлдвэрлэн, зах зээлд гаргахын тулд ах, дүүс 2-3 жил судалгаа хийжээ. Далайцтай биш ч өөрсдийн хэмжээнд судалснаар XVII-XVIII зууны монгол урчууд, дархчууд хойч үедээ хамгийн гайхамшигтай өв, бүтээл үлдээснийг ойлгон, ялангуяа Өндөр гэгээн Занабазар баримал, зураг, урлалдаа түлхүү ашиглаж байсан хээ, угалзыг орчин үеийн тавилга, эдлэлд хэрэглэж болох талаар санаа нэгдсэн аж.
Монгол хээ, угалз, араатан, жигүүртний дүрслэл нь бүх төрлийн тавилгыг чимж, сүр, хүч оруулдаг төдийгүй айл өрх, албан байгууллага, цаашлаад улс үндэстэнд зөв, сайныг бэлгэдэн, дам ерөөл болдгийг “Baigaljin аrt”-ынхан хэрэглэгчдэд таниулахыг зорьсон байна. Тухайлбал, манай уламжлалт хээ угалз ерөнхийдөө уул, ус, үүл, мод, ургамал зэрэг байгалийн төрх, арга, билиг, амьдралын мөнхийн хөдөлгөөн, энх амгалан зэрэг бодит бус байдлыг дүрсэлдэг. Эл дүрслэлийг гаргахын тулд алхан болон түмэннаст, өлзий, хорол хээг зурж, сийлдэг аж. Ийм хээгээр чимсэн авдар, ор, эд агуурс айл өрх, хувь хүнийг эрдэм мэдлэгтэй, арвин эд хөрөнгөтэй, аз жаргалтай, элэг бүтэн байхыг бэлгэддэг гэнэ. Үүнээс гадна улс орон даяар өвчин зовлонгүй, дайн дажингүй, энх амгалан, жаргалтай дэлгэр аж төрөх ерөөл болдог юм байна. Тиймээс дээрх компанийн урчууд хийж буй тавилгаа эртнээс уламжлан ирсэн монгол хээгээр гоёж, сийлбэр оруулахыг эрмэлздэг. Мөн эдний хийсэн модон ор, эргэнэг, гүнгэрвааг 4-5 салгадаг нь ачиж, тээвэрлэхэд хялбар аж.
Тэдний голлох бүтээгдэхүүн нь авдар. Авдраа ямар ч хэмжээгээр, бүх төрлийн хээ, угалзаар гоёж, мод, арьсаар хийдэг. Арьсан нэг авдар хийхэд БНСУ-д боловсруулсан үхрийн арьс хоёр ширхэг ордог бөгөөд ямар нэг үнэргүй, гоёмсог, эдэлгээ сайтай байдаг аж. Мөн авдар худалдан авах айлууд ихэвчлэн нүүрэнд нь арслан дүрслүүлэхээр захиалдгийг онцолсон. Учир нь арслан айлын эд хөрөнгө, гал голомтыг хамгаалж, буян хишгийг арвижуулдаг гэдэг тул үйлчлүүлэгчид дуртай байдаг гэнэ. Гэхдээ Дорно дахинд, ялангуяа урд хөршийн уламжлалт хээ, хүүхэлдэй зэрэгт арсланг дүрсэлсэн нь олон. Тиймээс монгол арсланг дэл, толгой томтой, маш сүрлэг, урт сүүлтэй, хурц хумстай, том тавагтайгаар зурдаг аж. Лууг ч мөн монгол аргаар зурдаг юм билээ.
“Baigaljin аrt” компанийн захирал Г.Ганбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Үйлчлүүлэгч хэр олон байна. Сүүлийн үед иргэд ямар тавилга түлхүү захиалж байгаа бол?
-Бид гар ажиллагаагаар, ганц нэгхэн тавилга хийдэг бөгөөд үйлчлүүлэгч цөөн биш. Манайх арьсан болон модон авдар дагнан хийдэг ч иргэдийн хүсэлтээр ямар ч тавилга хийж болно. Бүрэн сийлбэртэй гэр, төмөр эдлэл урлаж байсан.
-Танай бүтээгдэхүүний онцлог юу вэ?
-Дүрсэлж, сийлж, зурж болох бүх хээ угалз, ан амьтан, жигүүртнийг бид тавилгадаа оруулахыг хичээдэг. 100 хувь гар ажиллагаа шаарддаг учраас тун гоёмсог, сонгодог бүтээл гэж болно. Бид арслантай авдрыг орчин үеийн маягтай болгож, энгийн атлаа дахин давтагдашгүй өнгө төрхөөр урлан, анх зах зээлд нэвтрүүлсэн гэж болно. Манайхаас салбарласан, санаа оноо авсан цөөнгүй үйлдвэр, урлан бий. Тэд манай бүтээлийг хуулбарласан гэж бид санаа зовдоггүй. “Baigaljin аrt”-ын онцлог бол гар хийцийн, тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй, монгол тавилгыг дотоод, гадаадын зах зээлд санал болгох. Халимаг, Буриад зэрэг монгол туургатны цөөнгүй хутагт, хувилгааны сэнтий, гүнгэрвааг урласан. Манайх бүтээгдэхүүндээ насан туршийн баталгаа өгнө.
Олон улсын судлаач, шүүмжлэгчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авдаг эртний монгол ур хийц, хээ, сийлбэр, дүр, дүрслэл, дархан, мужааны өвийг бид уламжлан, хөгжүүлэх бодлоготой. Улмаар жинхэнэ монгол хийц шингээсэн, үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг олон улсад таниулах том зорилготой. Нэмж хэлэхэд, гэрийн тавилгаас илүүтэй үндэснийхээ ур хийц, уламжлалт эдийн соёлоо таниулахыг зорьдог.
-Авдар ямар үнэтэй вэ, хэд хоногт бэлэн болох бол?
-Арьсан, сийлбэртэй, зурсан зурагтай гэдгээсээ хамаарч янз бүрийн үнэтэй. 800 мянгаас найман сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Нэг авдар хийхэд 10-14 хоног зарцуулна. Цоож, бариул зэргийг нь ч бид өөрсдөө хийдэг тул 100 хувь “hand made” бүтээл болдог.
-Түүхий эдээ дотоодоос авдаг уу. Үйлдвэрлэл явуулахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Манайд ургадаг, боловсруулдаг мод хат муутай, үйлдвэрлэлийн явц даадаггүй. Тиймээс бид урд, хойд хөршөөс боловсруулсан болон түүхий царс, хуш худалдан авдаг. Мөн БНСУ-аас боловсруулсан, үхрийн арьс авч тавилгаа бүрдэг. Байгалийн чулуу, төмөр зэргийг дотоодоосоо бэлтгэдэг.
Банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг учраас хүү өндөр нь дарамт учруулах нь бий. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрүүдийн дийлэнх нь зээлээр “хөдөлдөг” тул бид илүү хүнд нөхцөлд ажилладаг гэх аргагүй. Түүнчлэн манайх тавилгаа олон тоогоор биш, ганц, хоёроор хийдэг тул үйлдвэр гэж хэлэхэд хэцүү. Урлан гэвэл зохих байх гэв.
Өдгөө тус урланд 10 орчим хүн ажиллаж байна. Тэд Баянзүрх дүүргийн XVIII хороонд 1000 орчим ам метр талбайд төвхнөжээ. Тэнд мод хатаах, боловсруулах цехээс гадна цутгуур хийдэг тоног төхөөрөмж суурилуулсан байв. Одоогоор зөвхөн модон эдлэл дагнан хийж буй ч хүрлээр хөөмөлдөж, цутгаж өөрсдөө хийсэн алд хэрийн өндөр бурхан болон бусад металл хийцүүдийг оффистоо байрлуулсан нь содон харагдана. Алт, мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног зэрэг монгол дархчуудын хийдэг бүх л бүтээлийг хийж болох ч одоогоор хүн хүчний боломж, захиалгаас шалтгаалж модон эдлэлдээ түлхүү анхаарч буйгаа дурдсан юм. Хамгийн сүүлд тэд царсыг харуулдан засаж, хар хүрэн өнгөөр будан, таглаанд нь жаргалын найман морь, арслан зэргийг гоёмсгоор сийлж шигтгэсэн, дундаж хэмжээтэй гурван хос авдар хийжээ. Уг авдар нь байгалийн, үнэт чулуун чимэглэлтэй, хээ угалз бүхий шармал, төмөр булангуудтай юм. Мөн булантайгаа адил хээ, өнгөтэй монгол цоож зүүж, тагных нь бариулыг сураар хийж, сурных нь үзүүрт жижиг чулуунууд зүүсэн байв. Үүнээс гадна эл гурван авдар тус бүр дээр гоёмсог, сүрлэг гүнгэрваа байрлуулжээ. Гүнгэрваануудын хүрээг нэг хуруу зай ч үлдээлгүй сийлбэрээр чимж, шар торгоор доторлосон аж. Сийлбэрт бидний мэдэхээр алхан болон өлзий хээ, хангарди шувууны дүрс, эвтэй дөрвөн амьтан зэргийг багтаажээ. Гурван хосын дунд талд байрлуулах арай том авдар дээрх гүнгэрваа бүр илүү сүртэй. Луу ороосон, хоёр баганан тулгууртай, орой дээрээ цагийн хүрдэн, алтан шаргал бодь гөрөөсүүд залсан бөгөөд ганжир нь гялтганаж харагдана. 10-аад уран бүтээлч, хоёр сар орчим хийж гүйцэтгэсэн авдар, гүнгэрвааг 20 сая төгрөгөөр үнэлсэн ба нэгэн айлын бурхан, тахилын өрөөнд залах гэнэ.
Хөл хорио цуцлагдвал монгол урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар төлөвлөснөө Г.Ганбаяр дуулгав. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн ивээл доор дархчууд үзэсгэлэнгээ дэлгэсэн нь зураач, оёдолчид, сийлбэрчдийн сонирхлыг ихэд татжээ. Тиймээс энэ жил гар урчууд нэгдэн, томоохон хэмжээний үзэсгэлэн, өдөрлөг зохион байгуулж, монгол уламжлалт тавилга, модон болон арьсан эдлэлийн онцлог, төмөр хийцийн хөгжлийг олон нийтэд сонирхуулахаар төлөвлөсөн гэнэ.