БНСУ-д эмчлүүлж буй, 13 настай Б.Энэрэл. 2020.08.05
Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин Архангай аймгийн Цагаандаваанд онхолдож, дэлбэрсэн аймшигт осол өнгөрсөн сарын 15-нд гарсан. Гурван автомашин, нэг мотоцикл галд өртөж, хоёр хүн газар дээрээ амиа алдаж, 10 гаруй хүн түлэгдсэн юм. Тэдний дунд нэг гэр бүлийн долоон хүн байв. Өрхийн тэргүүн Ж.Банзрагч таван сартайгаас 13 настай дөрвөн хүүхдийнхээ амийг аврахын төлөө улаан гал руу ахин дахин орж, үхэлтэй тэмцэлдэж байсан гэдэг. Харамсалтай нь Ж.Банзрагч болон түүний хоёр хүүхэд, хадам ээж нь эмчилгээний явцад амьсгал хураасан юм. Талийгаач Ж.Банзрагчийн төрсөн ах А.Цэнд-Аюуштай (Цэнд-Аюушийг багад ээж нь төрсөн дүү Алтангэрэлийндээ өргүүлжээ) ярилцлаа.
-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Залуухан гэр бүл гэнэтийн осолд өртөж, хайртай хүмүүсээ алдсанд монголчууд харуусаж байгаа. Осол гарсан өдөр талийгаачийн гэр бүл хаанаас хаа хүрч явсан юм бол?
-Бид ах, дүү зургуулаа. Талийгаач айлын гурав дахь хүүхэд байсан. Бид Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат. Аав, ээж минь талийгаачийн доод талын дүүтэй Төвшрүүлэх сумын Бор бургасын рашаанд амарч байсан. Долдугаар сарын 12-нд талийгаач дүү минь гэр бүлийнхэнтэйгээ тэнд очиж амарсан юм. Тайхар чулуун дээр оччихоод аймгийн төв рүү явж байсан юм билээ.
-Та осол болсныг хэзээ мэдсэн бэ?
-Би осол гарсны маргааш нь буюу долдугаар сарын 16-ны өглөө мэдсэн. Цагаандаваанд осол болсны дараахан манай хэд замын унаанд дайгдан Ихтамир сумын эмнэлэгт очсон юм билээ. Тэр үед ослын газарт аймгийн түргэн тусламжийн машин очиж амжаагүй байж. Харин Ихтамир сумд байхад нь аймгийн түргэн тусламжийнхан очиж, Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Дүү минь сувилагчийн утсаар ах руу залган осол болсон талаар хэл дуулгасан байлаа. “Галд өртчихлөө, ээжийг битгий сандаргаарай, Ундрах (талийгаачийн охин, таван настай) л их муу байна шүү” гэж хэлсэн гэсэн.
-Түлэгдсэн хүмүүсийг долдугаар сарын 16-нд нисдэг тэргээр ГССҮТ-д авчирсан. Харамсалтай нь, талийгаачийн таван настай охин Улаанбаатарт ирж чадалгүй нас барсан. Та дүүтэйгээ ГССҮТ-д уулзсан уу. Ослын талаар танд юм хэлсэн үү?
-Биеийнх нь 80 орчим хувь түлэгдсэн ч ухаан нь эрүүл байсан. Дүүтэйгээ олон удаа уулзаж, ярилцсан ч ослын талаар асууж зүрхлээгүй. “Дүү нь хөл дээрээ босно оо” гэж хэлсэн. Их дайчин, архи, тамхи хэрэглэдэггүй, сайн залуу байлаа. Дүү минь “Алтайн хүдэр” ХХК-д менежер, эхнэр О.Цэнгэл нь SPS телевизэд хүний нөөцийн менежерээр ажилладаг байсан.
-“Миний дүү эр хүн шиг, эцэг хүн шиг эцсээ хүртэл үр хүүхдийнхээ төлөө тэмцлээ” хэмээн та фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан.
-Гал гарч, дэлбэрэх үед хажууд нь байгаагүй ч дүүгийнхээ түлэгдсэнийг хараад бүгдийг ойлгосон. Галаас хүүгээ, дараа нь таван настай охиноо гаргах гэж их тэмцсэн юм болов уу гэж бодсон. Өөрөө тийм их түлэгдчихээд аймгийн эмнэлэгт эхнэр, үр хүүхдийнхээ төлөө гүйгээд байсан гэнэ лээ. Хэдийгээр томоохон эмнэлэг бараадсан ч тэдний минь биеийн байдал хүнд байсан. Долдугаар сарын 22-нд дүү минь, 29-нд хадам ээж нь, 31-нд 10 настай хүү нь өнгөрчихлөө. Бэр минь том охиныхоо хамт энэ сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор БНСУ руу эмчилгээнд явсан.
-Хандивын аяныг анх хэн санаачилсан юм бэ. Хэчнээн төгрөг цугларсан бол?
-Манай бэрийн ажлын газрын SPS телевизийн захирал Зоригоо бидэнтэй уулзаж, хандивын аян өрнүүлэх санал тавьсан. Хандивын аяныг монголчууд маш нааштай хүлээн авч, халуун сэтгэлээр хандсан. Зовсон цагт хүний мөс, чанар муудаагүй юм байна гэж ойлгосон. Хандивын хүрээнд 120 гаруй сая төгрөг цуглараад байна. SPS телевиз, “Жем интернэйшнл”, “Алтайн хүдэр” компанийнхан тусалж, дэмжиж байгаа. Үүнээс гадна 18 орчим албан байгууллага тусалсан гэж бэр минь хэлсэн. Мөн хувь хүмүүс ч сэтгэлийн хандив өргөсөн. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
-БНСУ-д эмчлүүлж байгаа ээж, охин хоёрын бие ямархуу байна вэ?
-Охин Энэрэлийнх нь бие гайгүй гэж байсан ч тэнд очиход “Халдвар тархсан байна” гэжээ. Очингуутаа мэс засалд орсон. Тэр хоёр минь ард түмэн, ах дүүсийнхээ хандив болох 160 орчим сая төгрөгтэй Солонгост очсон юм. Энэрэл мэс засалд орж, хоёр хоног эмчлүүлэхэд 21 сая вон буюу 50 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Цаашид охиныг нь 4-5 удаа мэс засалд оруулж, зургаан сар орчим хугацаанд эмчлүүлэх шаардлагатай гэсэн гэнэ. Харин бэрд хоёр удаа мэс засал хийж, хоёр сар орчим хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй гэжээ. Эмчилгээний зардал өндөр гарахаар байна.
-Хандивын аян одоо ч үргэлжилж байгаа. Сэтгэлийн дэм хайрлая гэсэн хүмүүст мэдээлэл өгөхгүй юү?
-Хандивын аяныг үргэлжлүүлж байна. Хоёр залуу нэр, дансны дугаараа бичээд дундаас нь мөнгө завшсан тохиолдол гарсан. Бид уй гашууд автаад цагдаад хандаж амжаагүй. Гэхдээ нэг залуу нь “Бидэнд туслах зорилгоор өөрийн дансны дугаараа бичсэн” гэж хэлээд, цугларсан мөнгө гээд 500 гаруй мянган төгрөг шилжүүлсэн. Нөгөө нэг нь гар утсаа салгасан байсан. Хэрэв дүүгийн минь хоёр хүүхэд, эхнэрт нь туслахыг хүсвэл, сайхан сэтгэлт хүмүүс минь Очбаярын Цэнгэл гэсэн нэртэй дансанд мөнгө шилжүүлээрэй. Өөр нэртэй данс байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Отгон хүү нь ээжийнхээ тэвэрт байсан учир галд бага түлэгдсэн гэж байсан. Хүү эмнэлгээс гарсан уу?
-Гарсаан. Дух, хацар, хоёр гар нь түлэгдсэн. Таван сартай дүү минь одоо угж хөхөөд, эмээтэйгээ хамт байгаа. Ээж, эгчийг нь иртэл бид асран халамжилна.
-Осол гарснаас хойш 20 хонолоо. Галын дүгнэлт гарсан уу?
-Гараагүй. Дүгнэлт гаргахад хугацаа их орно гэсэн.
-Гал гарч, хүмүүс орилолдож, тусламж хүсэж буй бичлэг цахимд цацагдсан. Бичлэгээс харахад давааны доороос өгсөж ирсэн машинууд галд өртсөн байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хохирогчийн гэр бүл гээд нэг талыг барьж туйлшрахгүй. Хувь хүний зүгээс харахад ачааны автомашин унаад шатахуун газрын уруу урссан. Жолооч нь хоёр хүнээр түшүүлээд дээшээ гарч ирж буй бичлэг үзсэн. Тэр хүн хашхирч, хориглосон байх. Гэвч осолдсон машинууд доороос, эсрэг урсгалаас ирж явсан. Газар дээрх нөхцөл, байдлыг би мэдэхгүй. Жолооч хүмүүсийг хориглоод байхад л өөрсдөө сайн дураараа гал руу орчихсон мэтээр ярьсан байсан. Үнэн, худлыг хууль, хяналтын байгууллагынхан дэнслэх биз.
-“Шунхлай” компанийн шатахууныг “Тэргүүн эрдэнэ” ХХК-ийн эзэмшлийн автомашины жолооч тээвэрлэж явсан гэдэг. Ачааны машины тоормос ажиллахгүй болсон тухай жолооч нь ярьсан. Дээрх компанийн удирдлага, жолооч та бүхэнтэй уулзсан уу?
-Хэн ч ирж уулзаагүй. Осолд зөвхөн миний дүүгийн гэр бүл өртөөгүй, өөр олон хүн бий. Тэдэнтэй ч уулзаагүй байх. Бид хайртай хүмүүсээ хэдхэн хоногийн зайтай алдаад, оршуулга, буяны ажил гээд маш хүнд байлаа. Гай газар доороос гэгчээр хэн ч ийм аюул болохыг урьдчилан мэдээгүй. 30 хэдхэн настай дүүгийн минь гэр бүл өнчирлөө. Одоо бид дүүгийнхээ охиныг аврахын төлөө тэмцэж байна. Бэр минь охинтойгоо хамт БНСУ-ын Сөүл хотын төв эмнэлэгт 14 хоног тусгаарлагдан эмчлүүлж байна. Дараа нь “Халлим” эмнэлэгт шилжих юм. Цаашид эмчилгээний зардалд 120 000 орчим ам.доллар хэрэгтэй. Энэ их мөнгийг гаргах санхүүгийн чадавхгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан өргөдөл хүргүүлж, Засгийн газраас дэмжлэг хүсэж байна.
Талийгаачийн эхнэр О.Цэнгэлийн нэр дээр “Худалдаа хөгжлийн банк”-нд 427024066 гэсэн валютын данс нээлээ. Төгрөгийн данс болох ХААН банк 5021715838, “Голомт” банк 2205040025, “Худалдаа хөгжлийн банк” 472008534 тоот дансанд хандив өргөхийг хүсэж байна. Мөн 95452112, 99850647 гэсэн дугаарын утсаар надтай холбогдож болно. Монгол ахан дүүс минь бидэнд туслахыг хүсье.