Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)- ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн үеэр танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу?
-УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ тодорхой зохицуулалт хийж ажиллалаа. Манайх “Фэйсбүүк” компанитай албан ёсоор харилцах “ногоон суваг”-ыг 2019 оны аравдугаар сард нээсэн. Тус компанийн төлөөлөгч нар Монголд ирж, сонгуулийн үед хамтран ажиллахаар төлөвлөсөн ч коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор цуцлагдсан. Гэхдээ цахимаар холбогдож ажиллалаа. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг СЕХ-ныхон өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Үүний хүрээнд ХХЗХ тодорхой санал, дүгнэлтэд үндэслэн технологийн арга хэмжээ авч ажилласан юм. Тодруулбал, цахим орчинд хууль бус сурталчилгаа явуулсантай холбоотой санал, дүгнэлтийг ТЕГ, ЦЕГ, ШӨХТГ, МХЕГ-аас манайд ирүүлсэн. Эдгээр дүгнэлтэд үндэслэн, бид тухайн хаягийн хандах эрхийг хязгаарлах, устгах хүсэлтийг “Фэйсбүүк” компани руу хүргүүлсэн юм. Фэйсбүүкийг хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ болон манай УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд тус компанийн зүгээс технологийн арга хэмжээ авсан. ХХЗХ ажлын таван хэсэг байгуулж, сонгуулийн үеэр нэлээд ачаалалтай ажиллалаа. “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчид цахимаар ажиллаж байгаагаас шалтгаалж тухайн хаягт арга хэмжээ авах нь харьцангуй удаан байсан.
-Цахим орчинд хууль бус сурталчилгаа явуулсан хэчнээн хаяг байсан юм бол?
-ЦЕГ, ШӨХТГ, ТЕГ, МХЕГ-аас 322 санал, дүгнэлтийг УИХ-ын сонгуулийн хугацаанд манайд ирүүлсэн. Үүний 284-ийг нь “Фэйсбүүк” компанийнхан зохих хэмжээгээр шийдвэрлэж, хариу өгсөн. УИХ-ын сонгуулийн тухай болон бусад холбогдох хууль, журмыг зөрчсөн нийт хаягийн 63 хувийг нь шийдвэрлэсэн байна. Харин 38 санал, дүгнэлтийн хүрээнд ямар нэг арга хэмжээ аваагүй. Тус компанитай олон улсын жишиг, стандартын хүрээнд үр дүнтэй хамтран ажилласан гэж бид үзэж байгаа.
-38 санал, дүгнэлтийн хүрээнд ямар нэг арга хэмжээ аваагүй шалтгаан нь юу вэ?
-Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн цаг хугацаа их шаардсанаас шийдвэрлэж чадаагүй. Хоёрдугаарт, “Фэйсбүүк” компанийн эрх зүйн хэм хэмжээ, олон улсын стандартыг зөрчөөгүй гэж үзсэн тул тэдгээр хаягийн хандах эрхийг хязгаарлах, устгах технологийн арга хэмжээ аваагүй.
-Голчлон ямар зөрчилтэй холбоотой санал, дүгнэлтийг ирүүлсэн юм бол?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.3 дахь заалт буюу нэр дэвшигчийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэхийг хориглох, 47.4 дэх заалт буюу албан ёсны бүртгэлгүй цахим хаягнаас сурталчилгаа явуулах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглох гэснийг зөрчсөнтэй холбоотой санал, дүгнэлтийг ЦЕГ-аас ирүүлсэн. Харин дээрх хуулийн 48.1.7 дахь заалт буюу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно” гэснийг зөрчсөнтэй холбоотой санал, дүгнэлтийг ШӨХТГ-аас манайд шилжүүлсэн юм. Тэгэхээр голчлон ийм төрлийн зөрчил байсан гэсэн үг.
-Нэр дэвшигчдийн бүртгүүлсэн хаягнаас ямар нэг зөрчил илэрсэн үү?
-Тэдний бүртгүүлсэн албан ёсны хаягнаас ямар нэг зөрчил бүртгэгдээгүй. Нэр дэвшигчид фэйсбүүкийн 488 цахим хуудас болон 356 хаяг, 187 цахим хуудас, 182 твиттер хаягаар сурталчилгаа явуулахаар, зургадугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо бүртгүүлсэн. Зургадугаар сарын 22-ны 23.59 цаг гэхэд бүртгүүлсэн бүх хаяг сурталчилгаагаа зогсоосон.
-Энэ удаагийн сонгуулийн хугацаанд цахим орчин харьцангуй “цэвэр” байсан гэж иргэд ярьсан. Цаашид хууль эрх зүйн орчин, эсвэл зохион байгуулалтын хувьд сайжруулах шаардлагатай зүйл байна уу?
-Цахим орчин дахь хууль бус сурталчилгааг хянах хууль, эрх зүйн орчин сайн бүрдсэн. Мэдээж сайжруулах шаардлагатай зүйл бий. Твиттер, фэйсбүүк, инстаграмм, ютүүб гэх зэрэг олон улсын платформтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах шаардлагатай. Ингэж байж илүү үр дүн гарна. Сүүлийн гурван жил холбогдох санал, албан бичгийг манайхаас “Фэйсбүүк” компани руу хүргүүлснээр энэ удаагийн сонгуулийн үеэр зохицуулалт сайтай ажиллалаа. Бусад платформын тухайд хамтран ажиллах бичиг хүргүүлсэн байгаа. Мэдээ мэдээллийн болон бусад холбогдох сайтынхан хуулиа сайтар мөрдөж ажилласныг онцлох нь зүйтэй байх. Сурталчилгаа явуулахаар мэдээ мэдээллийн 293 сайт бүртгүүлсэн.
-Сонгуулийн үеэр цахим орчинд “хөлсний бичээч” нар ажиллалаа гэж иргэд ярьж байна. Үүнд танайх хяналт тавьдаг болов уу?
-Иргэдийг зохион байгуулалтад оруулж, нэг дор төвлөрүүлэн ажилладаг, хүмүүсийн хэлж заншсанаар “хөлсний бичээч” хийдэг үйлдлийг ХХЗХ хянах эрх үүрэг байхгүй. Үүнийг ЦЕГ зэрэг холбогдох байгууллага хариуцдаг. Манайх тэдгээр байгууллагаас санал, дүгнэлт ирүүлсэн тохиолдолд тухайн хаягт технологийн арга хэмжээ авах юм.
-Орон нутгийн ИТХ-ын сонгууль удахгүй болно. Энэ үеэр танайх хэрхэн ажиллах вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд баталсан. УИХ-ын сонгуулийн үед манайх ямар байдлаар ажилласан, түүнтэй яг адил хуулийн зохицуулалттай. Удахгүй холбогдох байгууллагуудтай хамтарч бэлтгэл ажлаа хангана. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн үеэр 606 хүний хаягийг хянаж ажилласан бол одоо ачаалал улам нэмэгдэх байх. Судалж үзэхэд, 6000 орчим хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшдэг юм билээ. Бүгдийг нь бүртгээд хяналт тавихад нэлээд ачаалалтай байх болов уу. Цахим хэлбэрээр хаягийг нь бүртгээд, холбогдох хяналтаа тавья гэсэн саналтай байгаа. Гэхдээ СЕХ үүнийг эцэслэн шийдвэрлэнэ. Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчид сурталчилгаа явуулах цахим хаягаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо бүртгүүлнэ. Тэдгээр хорооноос манайд мэдээллээ ирүүлэх юм.