Зочин Д.ГАНЗОРИГ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш
Уншигч-сурвалжлагч М.ТУЛГАТ Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч
“Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч М.Тулгат ажиллалаа. Тэрбээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзоригтой ярилцсан юм. Д.Ганзориг нь уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн ахлагч билээ. Удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар дээрх хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм.
-Ариун цэврийн байгууламж бариагүй, хогоо энд тэндгүй хаяж, байгаль бохирдуулсныг аялж, зугаалж буй иргэд шүүмжилж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг шийдвэрлэх чиглэлээр ямар нэг зохицуулалт орж байгаа юу. Тухайлбал, хогийнхоо асуудлыг шийдэх төсөв, эрх мэдэл тухайн орон нутагт байх болов уу?
-Сум, дүүрэгт харьяалагддаггүй, амьдардаггүй хүн гэж үгүй учраас энэ бол иргэн бүртэй холбоотой хууль. Хүн амьдарч байгаа газарт хог үүсэх нь мэдээж. Хогийн цэгээ хаана байгуулах, түүнийг хэн арчилж, хамгаалах, тэр ажилд хэдий хэмжээний өртөг зарцуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Одоо энэ асуудлыг иргэд өөрсдөө шийдэхээс илүүтэй төр, эсвэл Засаг даргын хариуцах зүйл гэж ойлгож байна. Тэгэхээр өргөн утгаар нь нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгэм, ахуйн шинжтэй асуудлуудыг шийдэх боломжийг энэ хуулиар олгож байгаа юм. Үүнд мэдээж хогийн асуудал багтана. Өөрөөр хэлбэл, танай сум ийм асуудлаа хариуц, зарцуулах мөнгийг нь өөрсдөө шийдвэрлэ, дутвал санхүүжилтийг нь төрөөс шийднэ гэж буй хэрэг. Бид аль ч тохиолдолд Үндсэн хуульдаа захирагдах ёстой. Тодорхой нэгж дэх удирдлага яаж ажиллах ёстойг “Эцэг хууль”-д тусгасан. Тодруулбал, төрийн удирдлага (хуулийг хэрэгжүүлдэг систем), өөрийн удирдлага (асуудлаа өөрсдөө шийдвэрлэх)-ыг хослуулах зарчимтай. Гэтэл “28 жилийн хугацаанд үүнийг хослуулах бус, хольж иржээ” гэсэн судалгааны дүгнэлт байна. Төр юу хариуцах, орон нутагт юуг хариуцуулах нь тодорхойгүйгээс нэг бол хоёулаа зэрэгцэн, “хогоо цэвэрлэх” гээд, эсвэл хоёулаа шийдвэрлэхгүй орхигдуулаад, дунд нь иргэд л хохирох жишээтэй. Үүнийг л засаж, ажил үүргээ тодорхой хуваарилъя, шаардлагатай бүтэц, зохион байгуулалтыг нь бий болгоё, хөрөнгө мөнгөө олъё, хуваарилдаг болъё гэсэн энгийн логикт суурилж байгаа хууль гэж хэлж болно.
-Нийслэлийн тухайд хогийнхоо заримыг нь дахин боловсруулж, үлдсэнийг нь булдаг. Гэтэл орон нутагт ил задгай хаяж буй. Хогоо булахын тулд тээврийн хэрэгсэл, түүнд зарцуулах шатахуун, ажиллах хүч гээд их зүйл шаардана. Бусад орны туршлагаас үзэхэд санхүүгийн хувьд бие дааж чадахгүй байгаа нэгж нь бусдыгаа нэгтгэх замаар асуудлаа шийддэг юм билээ. Сумын удирдлага хамтарч ажиллах талаар ямар нэг зохицуулалт энэ хуулийн төсөлд орж байгаа болов уу?
-Юуны өмнө хогоо дор хаяж гурав ангилж сурах хэрэгтэй. Энэ бол аж ахуйн ажил мэт боловч үүнийг хэвшүүлэх нь захиргааны үүрэг. Мөн үүнийг төр заавал хийх албагүй. Сумын иргэд өөрсдөө шийдэж чадна. Харин шийдвэрээ гаргахгүй, энэ ажлыг зохион байгуулахгүй байгаад л асуудал бий. Тэгэхээр сумын ИТХ шийдвэр гаргаж, хогоо ангилж хаях, иргэд, хүүхдүүддээ зааж сургах ажлыг зохион байгуулж болно. Нөгөөтээгүүр, хог бол бизнес. Аймаг, нийслэл, хот зэрэг том нэгжийн хувьд бизнесийн байгууллагатай гэрээ хийж (төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд) хогоо дахин “мөнгө” болгох, үүнийгээ хэрэгтэй зүйлд зарцуулах эрх, боломж мөн л нээлттэй. Иймд хариуцах эзнийг нь тодорхой болгосноор хогийн асуудлыг байгаль орчинд ч ээлтэй, мөнгөнд ч нэмэртэй байхаар шийдвэрлэж болно гэж төсөөлж байна.
-Энэ зүйл заалтыг шинээр нэмж байгаа юм уу?
-Тийм. Захиргааны ерөнхий хуулийн нийтийн эрх зүйн гэрээ байгуулах заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад оруулж, илүү тодорхой болгож байна. Түүнээс гадна нутаг дэвсгэрийн нэгжүүд хоорондоо нийтийн эрх зүйн гэрээ байгуулж, хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Сум дангаараа шийдэж чадахгүй асуудал бий. Үүнийг шийдвэрлэхийн тулд нөгөө сумтайгаа хамтарч ажиллах гэрээ байгуулж болно, эсхүл нийлж байгаад аймгийн ИТХ-д “оруулна”. Сум хоорондоо шийдэж чадахгүй бол аймаг нь, аймаг хоорондоо шийдвэрлэж чадахгүй бол төр нь шийдье гэдэг зарчмаар боловсруулж байгаа. Жишээлбэл, үлийн цагаан оготнын асуудлыг аль нэг сум нь дангаараа шийдэж чадахгүй. Утаа “тавилаа” гэхэд нөгөө сумын нутаг дэвсгэр лүү дайжиж, нэг сар болоод буцаад ирчихнэ. Тэгэхээр ийм асуудлыг сум хоорондын хамтын ажиллагаагаар шийдвэрлэдэг болно гэсэн үг.
-Сум, дүүрэг, засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх, эсвэл одоогийнхоор байлгахтай холбоотой үзэл санаа энэ хуулийн найруулгад туссан болов уу?
-1991 оны Үндсэн хуулийн төсөлд анх хошуу гэдэг нэгжийг тодорхойлж, боловсруулсан ч сум хэвээр үлдээсэн. Хошуу бол одоогийнхоор хэд хэдэн сумыг нэгтгэсэн нэгж гэдэг утгаар ярьж байсан тэмдэглэл бий. Иймд сумдыг нэгтгэх чиглэл рүү явах ёстой. Гэхдээ үүнийг хийхийн тулд наад зах нь нийгмийн ухамсрыг бэлтгэх асар их ажил хэрэгтэй юм байна. Хууль зүйн хувьд хоёр арга замаар шийдвэрлэж болно. Нэгдүгээрт, иргэд өөрсдөө сумдыг нэгтгэе гэдэг санаачилга гаргах, хоёрдугаарт, дээрээс буюу Засгийн газар санаачилж, үүнийг зохион байгуулах арга бий. Аль ч тохиолдолд иргэдийн санал, санаачилгыг сонсох Үндсэн хуулийн шаардлагын хүрээнд үүнийг энэ хуулиар нарийвчлан зохицуулахаар оруулж байна.
-Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэд шууд сонгоё гэдэг санал олон нийтээс гардаг. Одоо бол төлөөллийн ардчиллын зарчмаар ИТХ нь Засаг даргаа сонгож байгаа. Энэ хоёр хэлбэрийн алийг нь шинэчилсэн найруулгадаа тусгаж байгаа юм бол?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд, сум, дүүргийнхийг иргэд нь сонгодог байхаар төслийг нь боловсруулсан ч дэмжигдээгүй. Үндсэн хуульд заасны дагуу ИТХ-аас Засаг даргыг нэр дэвшүүлдэг, дээд шатных нь Засаг дарга эхний удаад томилж болно, томилохгүй байж болдог. Хоёр дахь удаадаа бол шууд томилох заалттай. Тэгэхээр Үндсэн хуулийн зохицуулалтад захирагдахаас өөр аргагүй. 28 жилийн турш хэд хэдэн зарчим үйлчилж ирсэн. Эхний хоёр удаа нэр дэвшүүлэхэд татгалзаж болно, гурав дахь удаагаа шууд томилох механизм байсныг Үндсэн хуулийн цэц 1996 онд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Дараагийнх нь эхний удаа нэр дэвшүүлэхэд түүнээс Засаг дарга татгалзах эрхтэй, хоёр дахь удаагаа томилох үүрэгтэй гэдэг одоогийн механизм. Бид үүнд арай өөр хувилбар болгож, дээд шатны Засаг дарга ИТХ-аас нэр дэвшүүлэх процесст нь тодорхой хэмжээгээр оролцож болохоор оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, дээд шатны Засаг дарга хүнээ санал болгож, ИТХ-аар “шүүлгэнэ”. Гэхдээ үүнийг ИТХ өөрсдөө нэр дэвшүүлэх эрхэд халдахгүйгээр зохицуулна.
-Тэгэхээр тухайн нэгжийн Засаг даргыг ИТХ-аас нь нэр дэвшүүлж болно, дээд шатных нь Засаг дарга санал болгох хоёр зохицуулалтыг тусгаж буй юм байна, тийм үү?
-Тийм. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилно гэсэн зохицуулалт Үндсэн хуульд бий учраас нэр дэвшүүлэх процессыг нь өргөн хүрээнд явуулах үүднээс шинээр дээрх зохицуулалтыг оруулж байгаа. Манайх төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс, мөн Засаг даргын хийдэг ажлыг бодолцож томилох тухай асуудлыг шийдвэрлэх учиртай. Энэ тогтолцоонд иргэдийн, нөгөө талдаа дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын эрхийг аль алиныг нь хязгаарлахгүйгээр л зохицуулах шаардлагатайг харгалзаж үзсэн.
-Доод шатныхаа Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь чөлөөлөх эрх нэмэгдсэнээр ИТХ-аас үл хамаарч томилгоо хийгдэх нь гэж иргэд ярьж байна. Яг ийм зохицуулалт бий юү?
-Иргэдийн санал, хөндөж буй асуудлыг ажиглахад зохион байгуулалтын асуудалдаа төвлөрөөд байх шиг. Уг нь энэ асуудал дээрх хуулийн амин сүнс биш шүү дээ. Үндсэн хуулийн 61.1-т “Засаг дарга тухайн ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хүлээнэ” гэж заасан байдаг. Үүнээс Засаг даргын хийдэг хоёр ажлыг харж болно. Нэгэнт ийм хоёр ажилтай бол түүнийхээ төлөө тус тусад нь хариуцлага хүлээдэг баймаар. Хууль, тогтоомжийг муу биелүүлсэн бол Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг ИТХ-аас асуухгүйгээр чөлөөлнө. ИТХ-ын шийдвэрийг муу биелүүлсэн бол тухайн хурлаас дээд шатных нь Засаг даргад асуудлаа тавьж болно. Дээд шатны Засаг дарга энэ саналыг үндэслэлтэй гэж үзвэл огцруулна. Өнөөдөр бол Засаг дарга ямар ажлын төлөө, хэний өмнө хариуцлага хүлээгээд байгаа нь ойлгомжгүй байгаа.
-Нийслэл, аймаг, сум, дүүргийн аль аль нь орон нутаг гэдэг ойлголттой буюу энэ хуулийн утга санаа хоёрдмол байна гэж иргэд ярьдаг. Дүүргийн, нийслэлийн ИТХ гээд олон хурал байгаа нь ямар хэрэгтэй юм бэ ч гэж хүмүүс шүүмжилж буй. Жишээлбэл, бодит байдлаас үзэхэд нийслэлийн ИТХ, дүүргийн ИТХ-тайгаа мэдээллээ уялдуулдаг ч өөр шийдвэр гаргах, нэг ажлыг тухайн хоёр нэгжийн төсөвт давхар тусгах асуудал үүсдэг. Үүн дээр өөрчлөлт орж байгаа юу?
-Яах аргагүй ийм асуудал тулгардаг. Жишээлбэл, нэг асуудлаар, нэг нутаг дэвсгэрт хэрэгжиж болохуйц хоёр өөр шийдвэрийг, хоёр өөр түвшинд шийдэх боломж одоогийн хуульд байгаа. Энэ бол ажил, үүргийг нь хуваарилаагүйтэй холбоотой. Тэгэхээр аймаг төдий хэмжээний ажил хийнэ, тэр нь сумынхтай давхцахгүй байхаар шинэ зохицуулалт тусгаж байгаа. Тухайлбал, газрын төлбөр тогтоох эрхийг нэг бол аймаг, эсвэл сум эдэлнэ. Энэ хоёр давхцах ёсгүй. Ийм загвараар нийслэл, дүүрэг юу хийх вэ гэдгийг тодорхойлж буй. Гэхдээ нийслэлийн тухайд нэг дор төвлөрсөн суурин, дүүргүүд нь хоорондоо хамааралтай оршдог онцлогтой. Эндээс аймгийг нийслэлээс, сумыг дүүргээс ялгамжтай байдлаар тогтоох хэрэгцээ гарч байна гэж харж, чиг үүргийг нь өөр өөр байхаар тусгаж байна. Ингээд ажил үүрэг нь давхцахгүй, чиг үүрэг нь тодорхой болоод ирэхээр шат шатны ИТХ-ын онцлог, хэрэгцээ шаардлага зохих ёсоор товойж гарч ирэх болов уу. Түүнчлэн энэ хуулийг баталсны дараа 300 орчим хууль дахь аймаг, сумын ИТХ, Засаг даргын хийдэг ажлыг зохицуулах зүйл заалтыг нэг мөр болгох асуудал гарч ирнэ. Тодруулбал, аймаг, сумын ИТХ-ын хийх ёстой ерөнхий чиг үүргийг барьж, аймагт нь, эсхүл сумд ийм эрхийг энэ салбар хуулиар өгөх юм байна гэдгийг шийдэх юм. Жишээ нь, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн саналыг аймгийн Засаг дарга уу, сумын ИТХ уу, эсхүл хамтдаа гаргах уу гэдэг асуудлыг тухайлсан хуулиар шийдэх юм.
-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нараас нийслэлийн ИТХ-ыг сонгодог болгоё гэдэг санаа байгаа байх. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-ын сонгууль гэж хийхгүй гэсэн үг.
-Тийм санаа байгаа. Гэхдээ энэ нь хэлэлцүүлгийн явцад нэлээд тодорхой болох байх. Ийм систем 1992-1996 онд байсан. Энэ бол нөгөө л нийслэл, дүүрэг юу шийдэх, нийслэл нь дүүргүүдийн төлөөлөл байж чадах уу гэдэг асуудал. Гэхдээ эхлээд хийх ажлыг нь тодорхой болгож байж бүтэц, зохион байгуулалтыг нь шийдэх юм.
-ИТХ бол давхар ажил эрхэлж болдог, байнгын парламент биш. Тухайлбал, Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д есөн хүн “сууж” байгаа. Тэд дүүрэгтээ ажлын албатай, байнга ажилладаг, судалгаа хийдэг, нутаг дэвсгэрийнхээ асуудлыг 100 хувь мэддэг, шийддэг байвал илүү үр дүнтэй юм шиг. Тэгэхээр аймаг, нийслэлийн ИТХ-ыг байнгын болгох, үүрэг, түүнд зарцуулах хугацааг нь нэмэх чиглэлийн өөрчлөлт байгаа болов уу. Нөгөөтээгүүр, дүүргийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлдэг болчихвол олон сонгууль явуулахгүй, нэг төлөөлөгчийн хариуцдаг ажлыг ихэсгэж, тэр хэрээр асуудалд төвлөрч ажиллах нь үр дүнтэй байх болов уу?
-Байнгын болгох чиглэлд ямар нэг өөрчлөлт байхгүй. Бүтэц, зохион байгуулалтын асуудал ажил үүргийн хуваариар л тодорхой болох ёстой. Сумын хэрэгжүүлэх чиг үүрэг нь тодорхой, үндсэн нэгжийг нь тэнд төвлөрүүлчихвэл аймгийн ИТХ байнгын байх шаардлагатай юу гэдэг асуудал үүснэ. Нийслэл, дүүрэг мөн адил, хаана ажил үүрэг нь төвлөрөхөөр байна, тэнд “байнга” ажилладаг тогтолцоо хэрэгтэй болно.
-Жирийн иргэд дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөө мэддэггүй, тэдэнд ханддаггүй байх тохиолдол бий. ИТХ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, ажил үүргийг нь тодорхой болгон, хариуцлагажуулах юм бол иргэддээ төлөөлөгч нь илүү “харагдаж”, тэдэнтэйгээ ойр ажиллах юм болов уу гэж боддог.
-Нийслэлийн нэг хороон дахь худгийг маш сайн тохижуулчихсан гэж бодъё. Нөгөө хороо нь ажилладаг, үгүй нь мэдэгдэхгүй худагтай. Энэ бол хүн амын ундны усны хангамжийн л асуудал. Тэгвэл “муу” худагтай хорооны иргэд хаа нэг газар асуудлаа шийдүүлэх эрхтэй. Хуулийн шинэчилсэн найруулгад ийм асуудлыг шийдэх үүргийг дүүрэгт нь хуваарилж байгаа. Ингэхээр иргэн өөрийн “сонжсон хүн”-ээ хайж олон, түүгээр дамжуулж асуудлаа ИТХ-аар шийдвэрлүүлнэ, шийдвэрлүүлж өгөхгүй бол тухайн төлөөлөгчөө огцруулах асуудлыг тавих гээд одоогийнхоос нэлээд өөр эрх зүйн харилцаа үүсэх болов уу.
-Одоо бол Ус сувгийн удирдах газраас (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллага) нийслэл дэх худгуудын урсгал зардал, засвар, шинэчлэлийг хариуцаж байгаа. Тэгэхээр энэ чиг үүрэг дүүрэг рүү шилжинэ гэсэн үг үү?
-Худгийн шаардлага хангахгүй байгаа асуудлыг Ус сувгийн удирдах газраас илүү дүүргийн ИТХ-д “оруулна”. ИТХ түүнийг нь шалгаж, шийдвэрлэх юм. Мэдээж гардаж хийхийг нь мэргэжлийн буюу ус сувгийнхан хариуцна. Өөрөөр хэлбэл, дүүргийн ИТХ-ынхан энэ асуудал бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй гэсэн үг. Мөн иргэн Худгийн асуудлаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсрууллаа, үүнийгээ хэлэлцүүлмээр байна гээд бусдаасаа гарын үсэг цуглуулах боломжтой. Гарын үсэг зурсан хүний тоо тодорхой тоонд хүрвэл тухайн асуудлыг нь сум, дүүргийн ИТХ заавал хэлэлцэх зохицуулалт орж байгаа. Өөр нэг бодит жишээ хэлье. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хажуугийн замын тойрог хэсэгт дандаа машин тавьсан харагддаг. Энэ нь явган зорчигчдод байнга хүндрэл үүсгэдэг. Энэ хууль “гарснаар” иргэн ийм асуудлаар дүүргийн ИТХ-д хандаж болно. Тухайн асуудлыг ИТХ өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж болно, үнэхээр шийдвэрлэх боломжгүй бол Засаг даргад үүрэг өгөөд эргээд тайланг нь сонсоно.
-Нэг газрын гэрэлтүүлэг, тоглоомын талбайг улсын, нийслэлийн, дүүргийн, УИХ-ын гишүүний төсвөөр хийх зэргээр ажил үүргийн хуваарилалт алдагдсан байдаг. Үүнтэй холбоотой зохицуулалт орж байгаа юу?
-Хэдэн хэдэн зохицуулалт оруулахаар бодож байгаа. Дүүрэг, сумын түвшинд гэрэлтүүлэг, тоглоомын талбай, өрхийн эмнэлэг гэх зэрэг зайлшгүй шийдэх олон асуудал бий. Тэдгээрийг тухайн шатны ИТХ эрэмбэлэх эрхтэй. Гэрэлтүүлэг хийлгэх, шон босгуулахын аль нь нэн тэргүүнд шаардлагатайг иргэд нь хамгийн их мэднэ. Тэгэхээр иргэдээсээ асуудаггүй ийм хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ дээр шийдүүлэхгүй байхаар зорьж байна. Жишээ нь, УИХ-ын хөрөнгө оруулалтаар нэг сумд хэрэгцээ шаардлага багатай, том хэмжээний барилга барьчихаж. Дараа жилийнх нь төсвийг харахад тухайн барилгын ашиглалтын зардлыг хангах гэсээр сумынх нь төсөв дуусчихаж байна шүү дээ. Нэн тэргүүний шийдвэрлэх асуудлаа иргэд өөрсдөө эрэмбэлэх, нөгөөтээгүүр, сумын удирдлага төлөвлөлт сайтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, сумд хэрэгцээ шаардлага муутай, ашиглалтын зардал өндөртэй байгууламжийг иргэдээс нь асуухгүйгээр барьдгийг зогсоохыг зорьж байна. Ингэснээр төсөв санхүү, татварын гээд олон асуудалд хандах хандлага, зохицуулалт ч өөрчлөгдөх суурь бий болно.
-Хувь хүний орлогын албан татварыг сумд нь үлдээснээр өөрөө өөртөө захиран зарцуулах эрх үүсэж, бие даасан байдлыг нь илүү хангах юм. Одоо бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) Сангийн яам, Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) аймаг, нийслэл рүү “татагддаг”. ААНОАТ-ыг тухайн сум, дүүрэгт нь үлдээхгүй бол тэнд бизнесийг хөгжүүлэх хөшүүрэг алга л даа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт АПУ компани бүртгэлтэй байна уу, үгүй юү, татвар төлж байна уу, үгүй юү гэдэг нь хамааралгүй болчихдог. Тэгэхээр энэ чиглэлийн өөрчлөлт оруулаасай гэж бодож байгаа.
-Энэ хууль батлагдсантай холбогдуулж төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Дөрвөн төрлийн татварыг аймаг, сумд нь үлдээх зохицуулалтыг бид шинэчилсэн найруулгад оруулж байгаа. Үүнд татварын төрөл, хувиар нь зааж байгаа юм.
-Орон нутгийн хөгжил бол эдийн засгийн хөгжил. Эдийн засгийн хөгжил бол тэнд байгаа компаниуд “бойжиж”, салбараа тухайн газарт байгуулах гэж би хардаг. Тэгэхээр нутаг дэвсгэртээ байгаа бизнесийн байгууллагыг дэмжих сэдэл нь ААНОАТ юм уу даа. Энэ бол хөгжих том хөшүүрэг болно. Харин ХХОАТ-ын тухайд их сонин юм билээ. Жишээ нь, Оюутолгойн үйл ажиллагаа тасалдаж эхлэхэд нийслэлийн төсөв тасардаг.
-Бизнесийн орчныг дэмжих нь нийтийн захиргааны үүрэг. Нутгийн удирдлага бизнес хөгжих орчныг бүрдүүлсэн шийдвэр гаргаж, зохион байгуулах нь зүй ёсных. Татварын хувь хэмжээг тогтоох, татвар хураах ажлыг зохион байгуулах, хуваарилах замаар орон нутагтаа бизнесийг дэмжих өөрчлөлтийг энэ болон түүнийг дагалдан “гарах” хуулиудаар шийдвэрлэнэ гэж бодож байна. Түүнээс гадна дээр дурдсанаар, орон нутагтаа бизнес хийж байгаа аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах талаар гэрээ байгуулах зохицуулалтыг нэлээд ярьж байгаа.
-Орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудалд намчирхдаг, улстөрждөг байдлыг иргэд шүүмжлэх нь бий. Үүнийг зохицуулах зүйл, заалт орж байгаа анзаарагдсан.
-ИТХ бол эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудлаа шийдвэрлэдэг иргэдийн өөрсдийн удирдлагын байгууллага. Тухайн нэгжийн ИТХ-ыг сонгоход нам оролцох ёстой, ёсгүй гэдэг хоёр их туйлшралын дундуур асуудлыг шийдэхийг зорьж байна. Сумын ИТХ-д нэр дэвшүүлэх процесст улс төрийн нам оролцохгүй гэсэн заалт орж байгаа. Гэхдээ сумын ИТХ-д сонгогдсон 21 төлөөлөгч гэж бие даасан, ямар ч бодлогогүй хүмүүс гарч ирэх тогтолцоо бүрдэх нь гэж шүүмжлүүлж буй. Улс төрийн намын оролцоо байхгүй учраас түүний оронд тухайн ИТХ-ын байнгын хороодын үүргийг нэмэгдүүлэх хувилбар ярьж байгаа. Эдийн засгийн, аж ахуйн, нийгмийн гэх мэтчилэн хороо хороогоороо бодлогоо тодорхойлж ажиллах боломж гэсэн үг юм. Одоогийн хуулиар намын бүлэг гэх зэрэг зохион байгуулалтын нэгж байхгүй байхаар зохицуулалт оруулсан. Судалгаа хийж үзэхэд, намын бүлэг нь дүгнэлт гаргаж, нөгөө бүлэгтэйгээ бодлогын мэтгэлцээн хийсэн тохиолдол нэн ховор байна. Засаг даргыг томилох, төсөв батлахтай холбоотой асуудал дээр л ингэж ханддаг.
-Үүнийг ярьсных, намын бүлгийн дарга нар ямар нэг асуудлаар шууд мэтгэлцдэг соёлыг Монголд нутагшуулмаар санагддаг.
-Намын бүлгүүд мэтгэлцэж, мөрийн хөтөлбөр, зүүн, барууны үзэл баримтлалдаа тулгуурлаж, аливаад ханддаг баймаар. Ингэж чаддаг бол намаас нэр дэвших процесс байж болно. Гэтэл хий хоосон улстөрждөг учраас улс төрийн намыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, үндэслэлтэй санал иргэд, судлаачаас гардаг. Цэнгээний газруудыг хаах нь зөв, яагаад гэвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалж байна, нөгөө хэсэг нь энэ бол буруу, хүний эрхийг зөрчиж буй гэх зэргээр хандах л асуудал шүү дээ. Мөн анхаарал татаж буй нэг асуудал бол сумын ИТХ-аас гарч буй шийдвэр нь улс төрийнх мөн үү гэдэг асуулт гарна. Үүнийг бас бодолцох ёстой.
-Одоо бол нэг асуудлаар бүлгийн дүгнэлт, санал хэллээ, асуулт тавивал хариулаад л өнгөрдөг. Ямар ч мэтгэлцээн байхгүй. Уг нь мэтгэлцсэнээр иргэдээ соён гэгээрүүлэх, асуудлын учир шалтгааныг тодорхойлох ач холбогдолтой. Тэгэхээр ИТХ-ын дэгэнд өөрчлөлт оруулмаар юм уу даа.
-Тийм. Английн парламент бол хоёр талд “сууж”, нэг талынхаа ярьж буйг эсэргүүцэж байгаа үед босож зогсдог жишээ бий. Гэхдээ асуудалд хандаж буй өнцөг чухал. Тухайлбал, кофе шоп ажиллуулахад заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юу гэвэл сонин. Нийтийн захиргааны байгууллагын оролцоог нэмээд байвал өөр хэрэг, бизнесийнх нь орчинд үлдээж, хэрэглэгч нь өөрөө дүгнэдэг бол бас нэг хэрэг. Гэхдээ мэдээж аюулгүй байдлыг нь хянах ёстой. Тэгэхээр энэ үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах үед намын бүлгүүд жинхэнэ утгаар ажилладаг бол мэтгэлцэх ёстой. Ийм тохиолдолд намын бүлгүүд байж болох юм.
-Тухайн сум, багийн Иргэдийн нийтийн хурлаас Засаг даргад нэр дэвшүүлдэг. Гэтэл тухайлбал, Баянзүрх дүүрэгт 20 мянга гаруй хүн амтай хороо бий. Иргэдийн нийтийн хуралд хоёр намаас 200, 250 хүн “авч ирээд” нэг зааланд хурлаа хийдэг. Тэгээд аль нам нь илүү зохион байгуулалттай ажиллаж чадсан нь хорооны Засаг даргад хүнээ нэр дэвшүүлээд сонгуулдаг. Тэгэхээр энэ процессыг иргэдийн тэгш оролцоог хангасан, “ардчилсан” болгох шаардлагатай. Үүн дээр ямар нэг зохицуулалт байна уу?
-Үндсэн хуульд хорооны Засаг даргыг томилох механизм тодорхой туссан байгаа. Хорооны Иргэдийн нийтийн хурлаас Засаг даргад нэр дэвшүүлнэ, дүүргийн Засаг дарга нь томилно гэсэн заалт бий. Хуралдааны зохион байгуулалт, дэгийн тухай асуудлыг энэ хуулиар шийдвэл олон журам агуулсан, их зүйл заалттай “урт хууль” гарах учир үүнийг хэвээр нь үлдээхээр шийдсэн. Ер нь 20 мянга гаруй хүн амтай хороо, 300 мянган иргэнтэй дүүрэг байгааг засаг захиргааны хуваарийг өөрчлөх замаар зохион байгуулж болно. Ядаж л хороодоо хувааж, ямар үйлчилгээг яаж хүргэхээ тодорхойлох хэрэгтэй байх. Мэдээж нэг талаар төсөв шаардлагатай ч нөгөө талаас үйлчилгээ нь сайжрах ач холбогдолтой. Үүнээс гадна оруулсан нэг шинэ зохицуулалт нь баг дотроо аравттай, хороо нь дотроо хэсэгтэй байх тухай заалт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад ч энэ талаар яригдсан. Хорооны Иргэдийн нийтийн хуралд хэсэг бүрийн төлөөллийг оролцуулах юм. Аравт нь ч гэсэн ийм зарчмаар ажиллана. Ингэж байж хорооны хурал иргэдийн төлөөллийг хангана гэж зорьсон.
Бэлтгэсэн: Б.УЯНГА