ХБНГУ-д ажилладаг балетын жүжигчин Х.Тамирыг ярилцлагад урилаа. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагч тэрбээр сонирхолдоо хөтлөгдөн балетаар хичээллэсээр, “тооны” олимпиад, балетын уралдааны аль алинд амжилт гарган, аав, ээж, мэргэжлийн багш, балетын жүжигчин Ц.Жаргалангаа баярлуулж байсан нь одоогоос таван жилийн өмнөх үйл явдал юм. БНСУ-ын “Yoo’s” балетын сургуулийн зуны хөтөлбөрт хамрлагдах үедээ тус улсын балетын мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, “ирээдүйтэй хүүхэд”-ээр нэрлэгдсэн тэрбээр ДБЭТ-т балетчнаар ажиллаж байгаад Мюнхений Урлагийн их сургуулийн оюутан болсон юм. Тэрбээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд эдүгээ тус улсад мэргэжлээрээ ажиллаж байна. Залуу уран бүтээлчтэй цахимаар ийнхүү хөөрөлдлөө.
-Нүүдэлчдийн өлгий Монгол Улс балеттай, энэ мэргэжлийг эзэмшсэн залуус нь дэлхий хаана ч шалгарсан мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэн ажилладгийг харуулдаг уран бүтээлчдийн эгнээнд та жагсах нь. Сургуулиа төгссөн гэж сонслоо. Хаана ажиллаж байна вэ?
-Одоогоор ХБНГУ-ын Аугсбург хотын театрт ажиллаж байна. Сургуулиа түрүү жилийн хавар төгсөөд, есдүгээр сараас энд ажилд орсон.
-Балетад дүр бүтээж амжив уу?
-Мюнхений балетын сургуульд сурч байхдаа тус хотын Үндэсний театрт гэрээгээр ажиллаж байлаа. А.Хачатуряны “Спартак” болон Английн, шинэ “Алиса гайхамшгийн оронд” балетад бүжиглэсэн. Өмнө нь бичлэгүүд үзэж байсан жүжгүүдэд тийнхүү тоглох боломж олдсонд баярладаг. Дэлхийд алдартай балетчидтай нэг тайзан дээр бүжиглэх завшаан олдсон шүү.
-Одоо Германд театрууд ерөнхийдөө зогсонги байдалтай байна уу?
-Тийм. Гэхдээ тоглолтгүй ч бүгд бэлтгэлээ хийж байгаа. “Ковид-19” өвчнөөс болж зөвхөн балетын жүжигчид биш, бусад олон уран бүтээлч хүндхэн байх шиг. Аугсбург хотын театрт ажиллаж эхэлснээс хойш А.Аданы “Жизель”, бусад модерн болон неоклассик бүтээлд бүжиглэсэн. Гол дүрүүдийг сурч байхдаа л бүтээж байлаа. Мэргэжлийн театрт гол дүр бүтээх амаргүй. Маш их туршлага хэрэгтэй. Хариуцлага шаардагдана. Ер нь их хөдөлмөрлөж байж гол дүрд тоглох эрхтэй болно. Гэхдээ тэр өдөр удахгүй гэдэгт итгэлтэй байна.
-Театрт нь германчууд голдуу ажилладаг уу?
-Европт балетын компани болон театруудад олон орноос бүжигчид цугласан байдаг. Манай театрт Монголоос гадна Америк, Япон, Австрали, Бразил, Итали, Португал, БНСУ-ын бүжигчид бий. Тэр залуус Монголын балетын талаар, тэр ч бүү хэл, манай улсын тухай ч бараг мэддэггүй. Би өөрийгөө “Монголоос ирсэн” гэж танилцуулахад гайхаад л байсан. Би мэдээж улс орноо ихэвчлэн эерэг талаас нь ярьж, асуултад нь хариулж, тайлбар өгөхийг хичээдэг.
-Бүжиглэхийн зэрэгцээ улс орноо таниулах ажил давхар хийдэг юм байна шүү дээ.
-Харин тийм ээ. Надаас өөр хүн байхгүй юм чинь.
-Энд ажиллаж байхад тань танай дарга, гадаадын сургуулийн элсэлтийн тухай мэдээлэл өгсөн хүнийг загнасан гэсэн хөгжилтэй түүх сонссон юм. Хүн цөөн байхад гайгүй бүжиглэж буй уран бүтээлчийг явуулах нь гэсэн бололтой.
-Тэр үед ерөнхий балетмейстерээр ажиллаж байсан Д.Жаргал ах тэгж дуугарсан сураг байсан. Гэхдээ намайг сургуульд явахыг дэмжсэнд нь маш их баярладаг. 2016 онд балетчин Энхтуул эгчээс Мюнхен хотын Урлагийн их сургууль элсэлт авч байгааг мэдээд, материалаа явуулсан юм. Гэтэл ирж шалгалт өгч болно гэхээр нь тухайн оны тавдугаар сард ээжтэйгээ хамт ирсэн. Шалгалтад тэнцээд есдүгээр сараас хичээлдээ орж байлаа.
-Өрсөлдөөн ширүүн байв уу?
-Янз бүрийн улс, орноос ирсэн залуус шалгуулсан. Эрэгтэй 30 гаруй хүүхэд байснаас надтай нийлээд тавыг нь тэнцүүлж авсан. Эмэгтэй нь цөөн тоогоор илүү. Ингээд Япон, Итали, Испани, Франц, Албани, БНСУ, ХБНГУ гэсэн орны охид, хөвгүүд нэг анги болж, гурван жил хамт суралцсан. Монголоос гарч явсаар байгаад, хэдхэн цаг унтаж босоод шалгалт өгч байлаа. Маш их ядарсан байсан болохоор өөрийгөө харуулах сан гэхээс илүү даалгаврыг аль болох цэвэрхэн, алдаагүй гүйцэтгэхийг хичээснээ санаж байна.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол?
-Энэ жил манай театр “Жизель” балетаа үргэлжлүүлэн тоглох, мөн маш олон бүжиг дэглээч шинэ бүтээлүүд төрүүлж, бид “амилуулах” төлөвлөгөөтэй байсан юм. Одоохондоо нам жим байна.
-Балетчнаар ажилласаар байх уу, эсвэл дэглэх, найруулах чиглэлд сонирхолтой юу?
-Би бүжиг дэглэх гэж заримдаа оролдоно оо. Дуртай. Яваандаа энэ талд анхаарна, өөрийгөө хөгжүүлнэ гэж боддог. Ирэх улиралд өөр театруудын сонгон шалгаруултад орохоор бэлтгэж байгаа. Одоо ажиллаж байгаа газар маань голдуу модерн, неоклассик талдаа бүтээлүүдтэй. Би сонгодог арга барилд дуртай. Гэхдээ энд их туршлага хуримтлуулж байгаа. Цаашдаа нэг газар суурин байхаас илүүтэй боломж гараад байвал олон газраар явж ажиллах хүсэлтэй. Өөр хүмүүстэй уулзаж, шинэ зүйл сурч туршлага хуримтлуулах зорилго бий.
-Балетаар хамт хичээллэдэг охидтойгоо БНСУ-д очиж сургалтад хамрагдан, улмаар өсвөрийн балетчдын уралдаанд тэргүүлсэн тань саяхан санагдана.
-Тийм ээ. Нэг л мэдэхэд сургуулиа төгсчихсөн, цаашдын амьдралын тухай боддог, насанд хүрсэн хүн болчихож. Бага байхдаа хурдан том болох сон гэж боддог байв. Гэтэл жил ирэх тусам тэр бодлууд алга болсоор байх юм (инээв). Хүүхэд биш болсон учраас аль болох хариуцлагатай байхыг хичээдэг.
-Математикч хүүхэд балетчин болсон нь сонирхолтой. Энэ урлагт тэгтлээ дурлаж дээ.
-Балет хэцүү. Тийм болохоор сэтгэл татагдаж, дурласан. Надад энэ урлагийн А үсэг зааж өгсөн хүн бол балетын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан багш минь юм. Багш эрдмээ харамгүй зааж, зөв чиглүүлснээр би энэ урлагийг сонгосон гэж боддог. Би багадаа их хурдан гомддог хүүхэд байсан юм. Багш үүнийг мэддэг байсан байх. Загнах, хүчлэхээс илүүтэй ярьж, тайлбарлаж, эвээр ойлгуулах гэж их үзнэ. Заримдаа зэмлүүлдэг ч хойш суулгүй зүтгэдэг байсан. Ер нь л балетчин болох гээд байж (инээв).
-Аав, ээж нь ямар мэргэжилтэй вэ. Тэднийхээ дэмжлэгээр энэ хүртэл “аялсан” болов уу?
-Тийм ээ. Манай гэр бүлийнхэн урлагт дуртай. Аав энэ салбараас нэлээд хөндий ч намайг бүх талаар дэмждэг. Аав минь “Стандарт” группэд ажилладаг юм. Ээж бол урлагийн хүн. Зурдаг. Урлаг, уран бүтээлийн зам сонгосон хүнд гэр бүлийнхний дэмжлэг их чухал нөлөөтэй юм байна. Аав, ээждээ надад итгэдэгт, өдий болтол дэмжсэнд нь маш их баярладаг. Мөн бүх багш нартаа талархдаг. Есдүгээр сараас бүх тоглолтын хуваарь гарах байх. Ирэх улиралд “Жизель” балетын Албрехтийн дүрээр үзэгчидтэй уулзана.