Хасаа, сумны хийцээрээ нэрээ цуурайтуулсан Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүхийг шагай харваачид “Мэргэн Баавай” хэмээн авгайлан хүндэлдэг. Тэрбээр шагай харвааны бүхий л эд хэрэгслийг хийхдээ харваач хүний биеийнх нь онцлогт тааруулж, донжийг нь олж урладгаараа алдартай. Баавайгаар нутаг нутгийн харваачид баяр наадмын шагайн хашлага, сумаа хийлгэхээр зорьж ирдэг. Түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Та залуудаа зураач байсан гэл үү. Бийр, будагтай нөхөрлөсөн уран бүтээлчийн сэтгэлийг шагай харваа татсан түүх сонирхолтой байна.
-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул. Залуудаа Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Гомбосүрэн гуайн шавь болж, Дундговь аймагт уран зургийн дамжаанд суралцсан. Монголын урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан багшийн минь “Хөвсгөл далай”, “Шинэ төрийн эзэд ирлээ”, “Мөнх улаан зул” хэмээх бүтээлийг ард түмэн мэднэ. Миний хувьд улсын IV зэрэгтэй зураач болж, аймгийнхаа дүрслэх урлагийн салбарт ажиллаж байгаад 1967 онд цэрэгт мордсон. Тухайн үед улс орноо хөгжүүлэхийн тулд таван жилийн төлөвлөгөө гаргаж, үүнийгээ дор бүр нь хянан хэлэлцэж, үр дүнг нь дүгнэдэг байсан юм. Цэрэгт байхдаа ч таван жилийн төлөвлөгөө биелүүлэхээр нойр, хоолоо хасан зураг зурдаг байв. Цэргийн алба хааж ирээд аймгийн Намын хорооны шийдвэрээр Соёлын ордон, худалдаа бэлтгэлийн үйлдвэр, барилга, ахуй үйлчилгээний байгууллагад зураачаар ажиллаж байгаад, 1990 онд Улаанбаатар хотод суурьшсан. Миний хувьд 16 настайдаа шагай харваагаар хичээллэн, аймгийнхаа Сэврэй сумын аймгийн заан Доржжүг гуайн багт харваж сурсан. Шагай харвааны хэрэгслээс сум хийж эхлэх үед Б.Цэвэграш хэмээх хүн уулзаад “Чи дориун уран гартай юм. Чамд шагай харвах авьяас харагдаж байна” гэв. Тэрбээр шагай харвааны дэг жаяг, дүрэм журмаас эхлээд шударга тоглох талаар “Оноо тааруухан улстай нийлбэл сайн онодог хүн ганцаарддаг юм. Тийм үед нь хожих гэж битгий улайрч бай. Шагай харваач хүн ийм байж болохгүй. Шагай харвахдаа сайхан уухайлж сурах хэрэгтэй. Дэвсгэр, суудал дээрээ цэх сууж харва. Урдуур, хойгуур чинь хүн явахад тээглээд байхааргүй суу” зэргээр зөвлөж захидаг байлаа. Би баян болбол хоёр багшдаа алтан хөшөө босгоно гэж боддог.
-Шагай харваачид таныг багшаараа их бахархдаг, зааж зөвлөснийг нь одоо ч хэрэгжүүлсээр яваа гэж ярих юм билээ.
-Тийм ээ. Бид тойром харваанд хамт очиж, шагай харвадаг байлаа. Манай багш хошин үгтэй, хүмүүсийг хөгжөөдөг хүн байсан. Монголын түүх, өв соёл, тэр дундаа шагай харвааны үүх түүхийг мэргэжлийн судлаачаас дутахгүй мэднэ. Багш ой ухаан сайтай, юмыг мартахгүй сайн тогтооно. Шагай харваа болсон он сар, өдрүүдийг алдахгүй ярьдаг байв. Багшийнхаа зааж сургасан уламжлалаар явж, өдий зэрэгтэй харваач болсон гэж боддог. Би шагай харвааны үүх түүх, үүсэл хөгжил, Б.Цэвэграш багшийнхаа амьдрал, үйл хэрэг, багш шавийн барилдлага тогтоож, нөхөрлөсөн он жилүүдийнхээ тухай ном бичиж байгаа. Ирэх жилээс хэвлүүлэх санаатай сууна.
-Монгол Улсын гарамгай мэргэн цолыг та хэзээ хүртсэн бэ?
-1990 оноос хойш тэмцээнд байр эзэлсэн шагай харваачдад цол, зэрэг олгодог болсон юм. Би 1994 онд УАШТ-д анх удаа удаалж, мөнгөн медаль хүртсэн. 1998 онд шагай харваач Д.Арцадын багт нэгдсэн. Тэрбээр моринд хорхойсож, хурдан хүлэг уяж, наадамд сойдог боллоо. Багийнхаа харваачидтай нэг өдөр ярилцаж суух зууртаа “Шагайн харвааны багаа Д.Арцадынх гэж нэрлэх үү, яах вэ” гэхэд манайхан “Д.Арцад уяач болохоор явчихсан. Танаар нэрлээд тэмцээнд оролцъё” гэлээ. Тэр жилийн наадмаар шагай харваж, багаараа мөнгөн медаль хүртэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай гар барьж үзэж билээ. Дараахан нь ахмадын аварга шалгаруулах шагай харвааны тэмцээнээс хүрэл медаль зүүлээ. Хоёр мөнгө, нэг хүрэл медальтай би шагай харваачдын эрэмбээр цол хүртэхэд арай дутуудаад байв. Тэгтэл олон шавь төрүүлж, энэ спортыг эх орондоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, мөн шагай харвааны эд, хэрэглэл урладаг хичээл зүтгэлийг минь үнэлж, Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртээсэн юм.
-Мэргэн Баавай гэхээр таныг мэдэхгүй шагай харваач Монголд ховор болжээ.
-Би 54 жил шагай харваж байна. Энэ спорт хүнийг олонтой эвсэг, нээлттэй болгодог. Шагай харваа олон зуун жилийн түүхтэй наадгай. Ухаан төвлөрүүлж, ур чадвартай болгохоос гадна багийн хамт олноо хүндлэх, нөхөрлөлийг батжуулдаг юм. Хол, ойр явж байгаад, эсвэл тэмцээн болж байгаа газарт очиход таньдаг, мэддэг хүнтэй таарна. Үгүй дээ гэхэд л сургийг минь дуулсан хүн заавал байдаг юм. Би Алтан хумст хэмээх алдартай хочтой хүн шүү дээ. Мэргэн Баавай ч гэж дуудна. Шагай харваачдад багшийнхаа нэрээр бус, авгайлж дууддаг ёс бий. Өмнөговь нутгийн харваачид намайг Мэргэн Баавай” хэмээдэг. Би энэ нэрэнд хэдийн дасжээ.
ШАГАЙ ХАРВАЖ СУРВАЛ САЛНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ ЮМ
-Алтан хумст хочтой болсны учир шалтгаан юунаас үүдэлтэй юм бэ?
-1990-ээд оноос өмнө шагай харваачид жилдээ нэг тойром харваанд цуглан, мэнд усаа мэдэлцэж, сайхан нааддаг байлаа. Би тойром харваанд бэлдэх санаатай зурхай, аравч хийгээд хөвөөний мод зүлгэж суутал нарсны өргөс хумсны завсарт орчихдог юм. Тэгээд л тал хумстай Хонхорын тойром харваанд харвалаа. Би одтой сайн харваж, оносон юм. Моторын гэрэлд шагай харваачид шөнөжин харвахад хүмүүс шаваад л үзлээ. Тэр үед хол, ойроос мэргэн харваачид зорьж ирсэн. Тэгтэл харваж байтал тал хумс минь уначихав. Халхын хар нэрээр алдаршсан Ж.Бархас бид хоёр эртний танил. Тэрбээр банз ачиж, зөөдөг тээврийн жолооч байлаа. Надтай шагай харвах гээд манайхаар ирнэ. Миний хумс уначихсан харваж болохгүй тул аймгийн театр, модны үйлдвэрийн залуусыг цуглуулж, түүнтэй шагай харвуулна. Тэднээс хэдэн залуу миний шавь болж шагай харваж сурсан. Ж.Бархасыг ирэхээр би шавь нараа дууддаг байв. Тэрбээр нэг өглөө тээвэрт явахынхаа өмнө “Хүн шүд хийгээд мах идэж болоод байхад чи уран дархан байж хумс хийгээд шагай харвахгүй юу” гэлээ. Түүний хэлснийг олон хоног бодсоны эцэст эвэр үрж, хумс маягийн зүйл хийж хуруундаа наахаар шийдлээ. Манай хөгшин аймгийн ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар олон жил ажилласан. Хөгшнийхөө гутлын шар цавуугаар наатал тогтож байна. Нөгөө наасан хумстайгаа нэг хэсэгтээ л харвалаа. Алтан хумст нэртэй болсон минь учиртай. Нэг өдөр Булган аймгийн Могод сумын харьяат, шавь Шарав минь “Та тал хумстай шагай харваж байснаас бүтэн болгоод харваач” гэлээ. Бүтэн хумс хийх гэхээр төмрөөс өөр зүйл бодогдсонгүй. Нимгэн гууль хяргаж байгаад эмэгтэй хүний хумс шиг болгоод универсаль цавуугаар наав. Хэнтий аймагт 1990 онд Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баярыг тэмдэглэхэд очиж харвахад хүмүүс Алтан хумст гэж яриад эхэлсэн. Үүнээс хойш ийн хочлох болсон юм.
-Та уран дархнаараа халхад алдартай мэргэн. Шагай харвааны хэрэглэлийг олон жил урласан болохоор нутаг нутгийн харваачид таныг зорьж ирдэг гэсэн байх аа?
-Шагай харваачид ур, хийц сайтай, ховор нандин, эртний үнэт зүйлээр урласан зүйлүүдийг хэрэглэдэг болжээ. Би эхлээд сум хийдэг байснаа сүүлд аравч, зурхай урладаг болсон. Агар, зандан мод тун ховор олдоно. Хүрэн царс, саалийн модон хувин, хуучирсан шанз хөгжим, лааны хайрцагны зөөлөн модоор хашлага голдуу хийнэ. Тэр үед шагай харвааны хамгийн урт хашлага 12-15 см, том сум гурван цэн буюу 14 гр байлаа. 1970-аад оны дунд үеэс 20 см-ийн урттай хашлага хэрэглэх болсон.
-Та олон мэргэн шавьтай. Хүүхдүүдээс нь нэг хүү тань Монгол Улсын дархан мэргэн цолтой. Ач хүү тань мөн л шагай харваж байна.
-Би шагай харвааны уламжлалт ёс заншлыг залууст харамгүй хэлж өгдөг. Шинэ харваачдад “Суудал дээрээ зөв сууж харва. Зүүн өвдөгнөөс шагай харвахад суудал шахагддаггүй юм. Шагай харваа өөрийн гэсэн урлаг, дэг жаягтай” гэж байнга зөвлөнө. Шагай харваачид дунд зайтай, зайгүй нясалдаг хүн бий. Зарим харваачийн гарын үе уян, яс, хумс нь зөөлөн байхад заримынх нь хатуу. Тиймээс биеийнх нь онцлогийг харж байгаад шагай харвахыг зааж сургадаг. Шагай харвааны түүхийг бүрэн төгс мэддэггүй юм гэхэд ахмад настанаа хүндлэх ёс, эрэмбэ дарааллаас суралцах ёстой. Тухайлбал, цол хүртээгүй бол улс, аймгийн цолтой харваачаас дээш суух ёсгүй. Тухайн харваач түүнд хасаа малла гэж хэлсэн тохиолдолд суудаг ёс бий. Манай хүүг Баатарбат гэдэг, Монгол Улсын дархан мэргэн цолтой. Өдгөө Франц улсад амьдарч, Европ дахь монгол шагай харвааны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Ач хүү Б.Чингисболд шагай дориун харвана. Мөн л Францад суралцаж байна. Би хүүхдүүдийнхээ хашлага, сумыг хийж өгч байснаас биш, харвахыг төдийлөн заагаагүй. Өөрсдөө сонирхож, энэ спортод хөл тавьсан. Шагай харваж сурвал сална гэж хэзээ ч байдаггүй юм. Хүний сэтгэлийг татдаг тоглоом. Тиймээс хүүхдүүдээ хичээл, номоосоо хөндийрчихнө гэж болгоомжилдог байсан хэрэг. Манай хүү уг нь бүжигчин шүү дээ. Аймгийн театрын уран бүтээлч байхдаа миний шавь нараас шагай харвахыг анх сурсан.
ХАРВААЧИД УУХАЙГААРАА ХАРИЛЦАЖ ОЙЛГОЛЦДОГ
-Шагай харваачид тойром харваа хийх газар, нутгийг эртнээс шинжиж ирсэн уламжлал одоо ч бий шүү дээ.
-Монголчууд эртнээс тойром харваа хийх, газар сайтар шинждэг байсан нь учиртай юм. Тойром харваа болох газарт товлосон хугацаандаа харваачид цуглана. Шагай харвах газрыг сонгож, нэг тойрч уухайлаад тойром харваа хийх газарт бууриа сонгоно. Тойром харваанд шагай харвадаг харваачдад мод өргөх хэмээх гайхамшигтай ёслол бий. Энэ нь эрт үеэс улбаатай. Шагай харваанд хожигдсон баг майхныхаа амыг битүүлж, хэнийг ч оруулахгүй алдаа, оноогоо ярилцаад модоо өргөдөг бол хожсон нь өндөр настай ахмад харваачдаа урина. Мод өргөх бол зурхайдаа хашлага, сум, хасаа, тохойвч гээд бүх зүйлээ тавьж, дор нь идээ будаагаа хийж зурхайгаа өргөн, гурав уухайлсны дараа шүүсээ гарган уртын дуугаар ая барьдаг юм. Тойром харваа тарахад хамгийн өндөр настай харваачдадаа хүндэтгэл үзүүлээд нутаг руугаа буцдаг ёс одоо ч бий.
-Монголчууд чанартай, чамин зүйл эдлэх дуртай. Шагай харваачид эд хэрэглэлдээ хүндэтгэлтэй хандаж, хаана ч явсан дээдлэн залдаг нь үүнтэй ч холбоотой болов уу?
-Шагай харвааны хэрэгсэл ариун, нандин зүйл. Тиймээс харваачид эд, хэрэглэлээ газарт тавьдаггүй, хоймортоо эрдэнэ мэт залдаг. Шагай харвааны сумыг говь нутгийнхан эхлээд үхрийн хар эврээр хийдэг байжээ. Үхрийн эврээр хийсэн сум хүний нүдэнд үзэгддэггүй, гэмтээх эрсдэлтэй тул цагаан яс, тэмээний эрүүний ар талын дальд яс, мөн аргалын дагзны гавлын ясаар хийдэг болсон гэдэг. Хангай газрын хүмүүс бугын эврээр сум хийдэг юм. Эрт үед дугуй сумаар харвадаг байсан бол сүүлийн үед дөрвөлжин сумаар харвах болсон. Дөрвөлжин сум одоогийн харваачдын харвадаг сум шиг нимгэн биш, шагай шиг зузаан байв.
-Хасааг дотор нь урилга, мялаалгын гэж ангилдаг нь ямар учиртай юм бэ.
-Монголчуудын ан ав хийж, тосоор нь бууны ам, сумны зэвийг мялаадаг уламжлалт ёс шагай харваанд ч бий. Улаан хасаа нь мялаалгынх юм. Эхлээд нийллэг үеийнхээ хүний эхний сумыг мялааж, дагалдах харваачдынх нь сум мэргэн байхыг ерөөдөг ёстой. Зургаан домбо, гурван гичир бий. Домбо нь дотроо түшээ, ноён гэж бий. Ноён хүн түшээтэй байдаг тул түшээ домбо гэж нэрлэдэг. Мөн найз, сэнж домбо гэж байдаг. Сэнж домбод гурван гичир залгахаар аман хүзүү болно. Эсрэг багийнхантайгаа тоглож байгаа үед залуу шартай харваачид “Тэдний багийн аман хүзүүнд нь тавилаа” гэж ярьдаг. Үүнийг ахмад харваачид тоглохыг хориглодог юм. Учир нь цээртэй зүйл гэж үздэг. Гичир нь дотроо эцэг, хүү, охин гэж байдаг Сүүлийн үед гичир, домбоны нэршил мартагдаж байна. Үүнийг хойшид сэргээж, нэрлэх нь зүйтэй юм.
-Уухайг сонсох тусам чихэнд чимэгтэй сонсогддог. Энэ нь шагай харвааг ч чимдэг байх.
-Шагай харваачид өөр хоорондоо уухайгаар харилцаж, ойлголцдог. Уухай нь төв халх, баян бараат, боржигон, зуутын идэрийн гээд дөрвөн янз. Хасаа чимэлтийн уухайг зөөлөн, аядуу уухайлдаг. Энэ нь харваачдын сэтгэлийг тайвшруулан алдаа, оноог нь уухайгаар өгүүлнэ. Тухайн харваач сум тавихдаа шагайг давуулж харваад байвал уухайг намсгана. Наанадаж харвавал уухайг өндөрсгөнө. Найзын уухай нь хасаа чимэлтийнхтэй төстэй. Найзын уухай аргай зөрүүлэх тохиолдолд гардаг. Най буюу найз харвах харваа бий. Үүнийг ах дүү, багш шавь, унаган багаасаа нөхөрлөсөн хоёр найз харвахыг хэлж буй юм. Найз харвахад багийнхантайгаа ярилцана. Тухайлбал, “Миний аав ирж харвах гэж байна, аавдаа очиж харвах гэж байвал аргай зөрүүлэлгүй яах вэ” гэнэ. Багийн ахлагч, харваачдын “Юу гэсэн үг юм, хаа холоос зорьж ирчихээд шударга тоглоно, аргай зөрүүл” гэж хэлэх шийдвэрээр тоглоно. Түүнээс биш хэн дуртай нь шийдвэр гаргадаггүй юм.