Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын II хэлтэст нэг мотоциклоо 12 жил унаж, иргэдийн амгалан тайван байдлын төлөө зүтгэж буй хороо хариуцсан хэсгийн байцаагч ажиллаж байна. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай, эх баригч эмч, эрхзүйч мэргэжилтэй түүнийг Ж.Чулуунбаатар гэнэ. Баянзүрх дүүргийн IV хороо хэмээх өмнө хэсгээрээ орон сууцын, хойд тал нь хуучнаар Цагаан давааны хогийн цэг орчимд бий болсон гэр хороолол багтдаг бүсийг хариуцсан хэсгийн байцаагч, хошууч энэ эрхэмтэй ярилцлаа.
-Таныг эмчээр ажиллаж байгаад цагдаагийн байгууллагатай амьдралаа холбосон гэдгийг танайхан хэлсэн л дээ. Цагаан халаадаа тайлж, Цагаан шонхор тэргүүндээ хэзээнээс залав гэдгээс ярилцлагаа эхэлье.
-1998 онд Завхан аймгийн Алдархаан болон Говь-Алтайн Жаргалан сумын заагт хүн нас барсан хэрэг гарсан юм. Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсээс хэргийн газарт ажиллах бүрэлдэхүүн томилогдож, тухайн газар орныг сайн мэдэх хүний хэрэг гарч л дээ. Тиймээс би цагдаагийнханд газарчлан, хэрэг гарсан газарт очиж байлаа. Гэтэл тухайн үед Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга асан, одоо МИАТ компанид Аж ахуйн даргаар ажиллаж байгаа, хурандаа С.Чинзориг багш минь надад цагдаагийн албанд орох санал тавьж, хэр баргийн аавын хүүд заяахгүй ийм сайхан боломжийг олгосон доо. Өнөөдөр миний амьдрал өдий зэрэгтэй яваа нь энэ хүний их итгэлийн шим юм. Тиймээс ч тэр сайхан хүндлэлийг нь алдахгүйг хичээж, 1998 оноос хойш албандаа тасралтгүй зүтгэсний сацуу, 2007 оноос өнөөг хүртэл хэсгийн байцаагчийн ажлыг дагнан хашиж байна. Энэ хугацаанд өөрийн албан тушаалаа голж, шилж явсангүй. Нэг зүйлдээ л тууштай байхыг эрмэлзэж, хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж явна.
-Цагдаа болохоосоо өмнө эх баригч байсан гэл үү. Хэчнээн хүүхдийн хүйн ээж болов?
-Би уг нь Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгссөн хүн л дээ. Улмаар өөрийн төрсөн нутаг, Жаргалан сумдаа эх баригч эмчээр ажиллаж байлаа. Тэр хугацаандаа 300 гаруй хүүхэд эх барьж авсан. Зарим нь ажил хөдөлмөр эрхлээд, амжилттай л яваа харагддаг.
Тэндээсээ цагдаагийн байгууллагад шилжин ороод багагүй хугацааг өнгөрөөж, 22 жил мөрдэс зүүн, ард иргэдийнхээ амар амгалан байдлыг сахиулахаар ажиллаж байна. Энэ ташрамд, Говь-Алтай аймаг болон Төгрөг, Бугат, Алтай сум, мөн Баянзүрх дүүргийнхээ Цагдаагийн газрынхан, үе үеийн дарга нартаа Монголд цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье. Түүнчлэн тухайн хүмүүсийн бат найдвартай түшиг тулгуур нь болдог ар гэрийнхэнд нь ч бас энэхүү мэндчилгээг давхар уламжилъя.
-Таны энгэрт Спортын мастер, Онц хилчин, Соёлын тэргүүний ажилтан зэрэг цол, зэргийн тэмдэг зүүлттэй байна. Бас чихээ хугалсныг бодоход залуудаа барилдаж явсан бололтой.
-Говь-Алтай аймгийн Спорт хорооны самбо, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ганзориг, миний нагац ах, самбо бөхийн спортын мастер С.Сүхбаатар нарын удирдлага дор бөхийн эл төрлөөр УАШТ-д бүсээсээ таван удаа шалгарч, шагналт байрууд эзэлж байсан амжилтыг минь үнэлэн Спортын мастер цол олгож байлаа.
Цагдаагийн байгууллагад Соёлын тэргүүний ажилтан цолтой цөөхөн хүн ажилладгийн нэг нь би. 10-аад жилийн өмнө Монголын цагдаагийн 90 жилийн ой тохиож, энэ хүрээнд томоохон цэнгүүн зохион байгуулагдсан юм. Түүнийг би уртын дуугаар нээж, дуэт дуугаар хааж байлаа. Тийнхүү идэвх, зүтгэл гаргасныг минь үнэлж Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм цолоор урамшуулсан даа. Харин Онц хилчин хэмээх цолыг өнгөрсөн онд Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойгоор хүртлээ. Говь-Алтай аймгийн Алтай сумд манай Цагдаагийн нэг тасаг бий. Тэнд үйл ажиллагаа явуулдаг хилийн цэргийн ангитайгаа нягт холбоотой байж, хил зөрчигч илрүүлэх, алба хаагчдыг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга яриа хийх зэргээр хамтран ажиллаж байсныг минь онцолж, Алтай сум дахь хилийн цэргийн ангийнхан тодорхойлсныг уг ойгоор олгосон юм.
-Та хороо хариуцсан хэсгийн байцаагчаар бас багагүй хугацаанд ажиллаж байна. Энэ хороо ч бас нийслэлийн хэмжээнд онцлогтой нэгжийн нэг шүү дээ.
-Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэс арван хорооны нутаг дэвсгэр хариуцан гэмт хэрэг, зөрчилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс хамгийн том нь 18 800 хүн амтай, миний хариуцдаг IV хороо юм. Газар нутгийн 30 хувийг орон сууцын, 70 хувийг гэр хороолол эзэлдэг. Улсын онц чухал объект нэлээд байдгийн зэрэгцээ гадна гадаадын иргэд олноор оршин суудгаар онцлогтой. Миний хувьд энэ хороондоо ес дэх жилдээ ажиллаж байна. Өдөр тутам нүүр тулж харилцдаг учир оршин суугчид маань намайг сайн мэддэг. Тиймээс ч тэдний надад итгэх итгэл нэмэгдэж, цагдаа, иргэдийн хоорондын харилцаа харьцангуй чөлөөтэй байх үндсийг бүрдүүлдэг юм. Зарим оршин суугч маань ийш тийшээ олон хоногоор явахдаа бидэнтэй уулзан, гэр орноо захиж, даатгаж үлдээх нь ч бий. Хэлтсийн байранд хүссэн үедээ ирж, манай хамт олноос хууль, эрх зүйн зөвлөгөө авч, санал бодлоо ч солилцдог болсон. Магадгүй энэ л бидний бусад хорооноос ялгагдах бяцхан онцлог байх. Ер нь хорооны цагдаа, байцаагч гэдэг төр, иргэнийг холбох гүүр байх ёстой гэж би боддог юм. Бид хороондоо тулгамдаж буй бүхий л асуудлыг эрэлхийлж, олж судалдаг. Үүндээ тулгуурлан олон төлөвлөгөө, зураглал боловсруулж ирсэн. Түүнчлэн архидан, согтуурч 1-2 удаа Эрүүлжүүлэх байранд ирсэн иргэдийг торгож, баривчлахыг би урьтал болгодоггүй. Харин “Итгэл найдварын хуудас” гардуулж, уулзалт сургалтад хамруулдаг юм. Хэн нэгэнд хатуу арга хэмжээ авахад бидний үүрэг чиглэгдэх ёсгүй. Тиймээс шат дараатай арга хэмжээ авч, тэдний бодол, хандлагыг өөрчлөн, цагдаад итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийг л хүсдэг.
-Хорооныхоо нутаг дэвсгэрт та арав гаруй жил мотоциклоор эргүүл хийжээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг мотоциклыг ийм удаан хугацаанд унаж байгаа тохиолдол ховор байх.
-ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж тухайн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга байсан юм. Манай хэлтсийн дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг нар 2008 онд хэсгийн байцаагчдын ажиллах нөхцөл, бололцоог сайжруулж, урам зоригийг нь нэмэх зорилгоор иж бүрэн компьютер, сандал ширээ, мотоцикл бэлэглэж байлаа. Тухайн үед би цомхон газар нутагтай, VII хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан тул надад мотоцикл ногдоогүй юм. Тиймээс Д.Ядамдорж даргын өрөөнд орж илтгэн, “Би хороогоороо мотоциклтой явж гэмт хэргийг бууруулна” хэмээн амлаж унаатай болж билээ. Улмаар мотоциклтой эргүүл хийхэд гэр хороолол илүү тохиромжтой юм байна гэж үзээд IV хороонд шилжин ирсэн юм. Манай хорооны нутаг дэвсгэрт орон сууцын 38 байр байдаг, бусад нь гэр хорооллын газар нутаг. Машин тэрэг очих боломжгүй маш олон байршил бий. Мотоциклтойгоо гудамжаар “Би явж байна шүү” гэдгээ мэдэгдэж байхад атгаг санаа өвөрлөгчдийн муу бодол үргэдэг гэж боддог юм. Тиймээс би мотоциклтойгоо 12 жил эргүүл хийж, 11 жилд нь Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт морь дагаж хамгаалалтад нь ажиллажээ. Өнөө жил тэр “уламжлалаа” өнжиж, “XIII зуун цогцолбор”-ын хамгаалалтад үүрэг гүйцэтгэлээ. Мотоцикл минь миний хүлэг сайн унаа, үнэнч нөхөр, хэтрүүлээд зүйрлэвэл яг морь л гэсэн үг. Нэгнийхээ занг ч андахаа байж, унаандаа ч их дасаж дээ. Төдийгөөс өдий хүртэл нэг ажилдаа тууштай зүтгэлээ. 2018 онд хэсгийн байцаагчийн албыг олон жил амжилттай хашсан хөдөлмөрөө үнэлүүлж, зэрэг дэв дээгүүр хошууч цолыг ЦЕГ болон дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийнямын санаачилгаар хүртсэн. Үүндээ ч маш их урамшин, хошууч цолдоо эзэн байх юм сан гэх бодол өвөртөлж, ард олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.
-Хятад мотоцикл хэврэг, эвдрэх, хөдөө, орон нутагт осолдон хүмүүс амь, эрүүл мэндээрээ хохирох нь ихэссэн шүү дээ. Гэтэл таны унаа эргүүлд 12 жил огт ажралгүй давхижээ. Мотоциклоо яаж ингэж гамтай эдлэв?
-Би 1000 км яваад л мотоциклынхоо бүх эд ангийг тосолж, цэвэрлэдэг. Мөн хамгийн чухал зүйл нь дугуй. Дугуй найдвартай байх нь аюулгүй байдлын нэг том баталгаа шүү дээ. Тиймээс би сайн чанарын дугуй, ОХУ-д үйлдвэрлэсэн дотуур хаймар буюу олгой худалдан авч хэрэглэдэг. Ингэснээр даац сайжирч, эдэлгээ ч удааширна. Цаг тухайд нь засвар, үйлчилгээ хийгээд ашиглахад ямар ч унаа элэгддэггүй юм байна л гэж боддог доо.
-Та мотоциклоо өвөл зунгүй л унаж яваа харагддаг шүү дээ.
-Тийм ээ. Энэ унаатайгаа явахгүй бол нэг л биш санагдаж, сэтгэл хоосроод байдаг юм. Дүрмээ дагаад явахад хотын түгжрээнд их цаг хэмнэдэг. Мөн шатахуун ч бага зарцуулдаг тул их үр өгөөжтэй. Надад мотоцикл өгсөнд нь их урамшиж, үүнийгээ нандигнаж, хайрлаж явдаг юм даа.
-Хөдөө, орон нутагт мотоциклын осол нэлээд их гарах болсон. Хотод ч ялгаагүй залуус янз бүрээр нь хөлөглөх болж. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Мотоцикл унаж яваад осолдож байгаатай холбогдуулан манай ТЦА-наас жил бүр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Хөдөө, орон нутагт өсвөр насныхан мотоцикл унах нь элбэг болсон. Үүнийг таслан зогсоож, 18-аас дээш насныхан л унаж болох талаар хатуу хязгаарлалт тогтоох ёстой юм шиг санагддаг. Түүнчлэн анхаарвал зохих хамгийн чухал нэг зүйл нь хурд. “Хурд хэтрүүлвэл үхэл ирнэ шүү” гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Мөн бидний түгээмэл хэрэглэдэг хятад мотоциклуудад рамны гагнаас нь маш хэврэг байдаг. Энэ нь осолдож буй шалтгааны нэг болж буй тохиолдол цөөнгүй. Тиймээс уг гагнаасыг сайтар шалгаж, давхар бэхэлгээ хийж унавал аюул ослоос бага ч атугай сэргийлж чадна хэмээн бодож байна.
-Мотоциклтойгоо хурдан морь дагаж явсаар байгаад дасал болчихож уу. Энэ жил “XIII зуун цогцолбор”-ын хамгаалалтад гарахад ямар байв?
-Тэгэлгүй яахав. Уг нь цагдаагийн ажилтан хүн хуваарилагдсан ажлаа голох ёсгүй. Гэхдээ энэ жил “XIII зуун цогцолбор”-т хамгаалалтад гарахад сэтгэл нэг л тиймхэн байсан. Яг уяач хүн шиг “Морьд яаж байгаа бол” гэж байн байн гэгэлзээд л. Ер нь морь дагахад хийморь, жавхаа сэргээд сайхан байдаг юм. Тэр жилийн наадмаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн халтар соёолон хадуурахад би мотоциклтойгоо шахаж, замд нь оруулж байлаа. Олон ч морь энэ мэтчилэн чиглүүлж, унаач хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалжээ. Цагаан хөтөл орчмын аюулгүй байдал, наадмын хамгаалалтыг 11 жил хариуцаж ажиллалаа. Наадмын үеэр тэр хавьд ачаалал ихтэй байдаг. Тиймээс яг тэр л үед мотоцикл унаж яваагийнхаа үр дүнг гаргаж, хамгаалалтын бүсэд мал оруулахгүй байх, аюулгүй байдлыг чанд хангах чиглэлээр ард иргэд, малчидтай илүү ойр, нүүр тулан харилцах шаардлага тулгардаг нь тухайн ажлын минь гол онцлог юм. Түүнчлэн “Чи болон чиний унаа ажилдаа тэнцэж байна уу?” гэдгийг давхар сорьчихдог амаргүйхэн “даваа” даа.
-Гэр хорооллынхны амьдрал ямар түвшинд байна вэ?
-Үнэндээ жинхэнэ амьдрал гэр хороололд л өрнөдөг юм шүү. Тэнд оршин суугч иргэд маань их өөдрөг үзэлтэй, амьдралын төлөө тууштай зүтгэх сэтгэлийн хаттай хүмүүс шиг санагддаг. Манай хороонд Увс, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай гээд л нутаг, нутгаас ирсэн иргэд аж төрж байна. Хамгийн хачирхалтай нь аймаг аймгаараа хуваагдаад суурьшчихсан байдаг. Энэ нь тэдний нутгархаг үзэлтэй л холбоотой байх. IV хороо маань уулыг хярласан, өвөрлөсөн, нөмөрлөсөн байрлалтай. Нэг ёсондоо Цагаан давааны энгэр гэж хэлж болно. Тэр хэсгийн хогийн цэгүүд бүтээн байгуулалтын нөлөөгөөр үгүй болж, айлууд ч ихээр суурьшиж байна. Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсдийн хөдөлгөөн ч тасралтгүй явагддаг.
“Зайсан-2” гэж нэрлэх болсон, гурван хорооны нутаг дэвсгэрийг хамран байрладаг толгой энд бий. Өндрийн хэмжээ нь бидний мэддэг Зайсангаас хавьгүй илүү. Орой дээрээс нь дөрвөн хорооны нутаг алган дээр байгаа мэт л тодхон харагддаг юм.
-Өнгөрсөн өвөл нийслэлийг утаагүй болгох талаар төрөөс ихээхэн анхаарал хандууллаа. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, хяналт нэлээд тавьсан байх. Хороо хариуцсан хэсгийн байцаагчийн хувьд бас энэ ажилд үүрэг гүйцэтгэсэн биз?
-Өнгөрсөн өвөл их өвөрмөц байлаа. Бид ээлжээр зургадугаар сарын 10 хүртэл “Зайсан-2” толгой дээрээс тогтмол тандалт, хяналт тавин ажиллаж, айл, өрхүүд түүхий нүүрс түлж буй, эсэх эрсдэлээс сэргийлж ажилласан. Ер нь цагдаа нар бүх салбарын ажилд л үүрэг гүйцэтгэн, дайчлагдаж байдгаараа онцлогтой хүмүүс шүү дээ.
Бэлтгэсэн: Г.Дамдинсүрэн