Үзэгчид байж уран бүтээл төрдөг гэдэг. Үзэх хүнгүй бол хэчнээн сайхан уран бүтээл гаргаад ч хэнд хэрэгтэй билээ. Уран бүтээлчид байгаад ч нэмэргүй. Тэр ч утгаараа хөл хорио тогтоосон энэ үед уран бүтээлчид үзэгчидгүй, хийсэн уран бүтээлгүй, очиж оролцох ч арга хэмжээгүй болсоор зургаан сар болж байна. Энэ талаар урлаг соёлын уран бүтээлчдийн нэгэн төлөөлөл болох “UVERTURA” хамтлагийн дуучин Г.Пүрэвдагватай уулзаж ярилцлаа.
-“Uvertura” хамтлагийн ойрын сонин хачинаас яриагаа эхлье.
-Манай хамтлаг саяхан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачилсан “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн нээлтийг тохиолдуулан “Монгол соёл” онлайн тоглолт зохион байгуулсан. Мөн цар тахлын хүнд нөхцөлд өдөр шөнөгүй ажиллаж байгаа алба хаагчиддаа талархал илэрхийлж, дэмжих үүднээс тус тоглолтыг хийсэн юм.
-“Монгол өв соёл цогцолбор” төслийн талаар тодруулж яривал?
-Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой төсөл юм. Уг төсөл нь Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууддаа соёлын биет болон биет бус өвөө таниулах зорилготой. Тухайлбал, Увс аймгийн өв соёл, газар нутаг, уламжлалт арга гэх мэт зүйлсийг тус цогцолборт суурилуулна. Ингэснээр аялагчид Монголын соёлын төрөл бүрийг нэг дороос үзэж харах боломжтой.
-Онлайн тоглолт хийхэд хүмүүсийн хандлага ямар байсан бэ?
-Цар тахал гараагүй байхад хүмүүс зааланд тоглолтоо хийдэг байсан. Харин онлайн тоглолт бол их хумигдмал. Ямар ч амьд харилцаа, хоорондоо мэдрэх зүйлгүй. Зөвхөн дүрс харна. Нөгөө талаар нэг л удаа тоглогдоод өнгөрөх биш бичлэг хэлбэрээр хадгалагдаж, олон хүнд хүрдэгээрээ давуу талтай.
-Мэдээж уран бүтээлчдийн хувьд ашиг бага байх.
-Мэдээж ямар ч ашиггүй. Бид өөрсдөө сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа. Нөгөө талаар уран бүтээлчид бид юм хиймээр байна. Үзэгч олныгоо энэ цар тахлын үед урлаг уран сайхнаар сэтгэлийг нь баясгаж, урам зориг өгөх үүднээс тоглолтыг зохион байгуулсан.
-Хөл хорионы улмаас уран бүтээлчдийн ажил зогсонги байна. Энэ талаар ямар үзэл бодолтой байна вэ ?
-Уран бүтээлчид бид энэ талаар ярилцдаг. Би ч бас өөрийн цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсэн. Мэдээж үндэсний дархлаа болсон наадмаа хийх нь зүйтэй. Энэ оны шинэ сонин содон зүйлсийг үндэсний баяр наадмаараа л харуулдаг шүү дээ. Мөн УИХ-ын сонгууль болсон. Дараа нь ялалтын баяраа хийлээ. Энэ хүрээнд хоёр метрийн зай ч байхгүй маш олон хүн цугларсан. Гэтэл өнөөдөр урлаг соёл гэлтгүй бусад олон салбар дампуурлын ирмэгт тулж байна. Энэ талаар нэгч арга хэмжээ авсангүй.
-Цаашид ямар шийдвэр гаргавал зүгээр гэж бодож байна вэ?
-Хилээ хаасан. Дотооддоо вирус алдаагүй юм чинь урлаг соёлын арга хэмжээг нээчих хэрэгтэй. Тухайлбал, хурим найр зэрэг арга хэмжээнүүдийг тусгай заасан журам дүрэмтэйгээр явуулах байдлаар шийдвэрлэж өгөх хэрэгтэй байх. Мэдээж чөлөөт уран бүтээлч болон урлагийн байгууллагуудын ганц амьдралаа залгуулж байгаа зүйл нь арга хэмжээнүүд. Тэгэхээр арга хэмжээнүүдийг л дотроо тавьчихвал зүгээр санагддаг.
-Одоо тэгэхээр ямар ч хурим найран дээр очиж дуулахгүй байгаа юм уу?
-Тийм. Тухайлбал, долоон сарын 15-наас хойш хорио тавигдах байх гээд хэд хэдэн хурим зохион байгуулсан продакшнууд хуримын захиалга авч, газраа товлосон, уран бүтээлчидтэй гэрээ хийсэн. Гэтэл Засгийн газар болон УОК-оос наймдугаар сарын 01 хүртэл ямар ч арга хэмжээ зохиохгүй гэсэн шийдвэр гаргалаа.
-Урлагийнхан нэгдэж УОК болон Засгийн газарт хүсэлт хүргүүлэх бодол байгаа юу?
-Одоо бид Соёлын яамтай болчихлоо. Энэ нь нэг талаар их баяртай зүйл. Тэгэхээр яамнаас хувь болон төрийн байгууллагын уран бүтээлчдийн эрх ашгийн төлөө дугарах хэрэгтэй байна. Мөн шинэ сайд маань уран бүтээлчидтэй уулзаж цар тахлын үед ямар арга хэмжээ авч ажиллах, гарц гаргалгаа байгааг хэлэлцэх хэрэгтэй гэж бодож байна. Бид төрийн өндөрлөгүүдтэйгээ уулзаж үнэн бодит байдлаа ярихад бэлэн байна. Түүнээс биш эсэргүүцэж тоглолтоо хийнэ гэсэн юм байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.БЯМБАСҮРЭН