Дуурь, бүжгийн эрдмийн театр (ДБЭТ)-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Н.Туулайхүүг “Хоймор”-тоо урилаа. Алхам бүртээ алиа хошин зүйл ярьж, ойр тойрныхондоо “сонгодог” инээд бэлэглэхийн сацуу өөрөө ч түүндээ хүүхэд шиг хөхин баясах нь түүний “имиж” гэлтэй. Илүүг үл нуршин, түүний гэгээн ертөнцийг уудалъя.
-Олон улсад дэгдсэн цар тахлаас болж ДБЭТ нам гүмхэн байх шиг. Хаалгаар орж ирэхэд дуучид, хөгжимчдийн бэлтгэлийн “чимээ, шуугиан” дуулддаг сан. Та ойрын үед юу хийж байна вэ?
-Дэлхийг бүрхсэн халдварт өвчний улмаас урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Манайхан ч олон хүн цуглуулахгүй гэсэн журмыг баримтлан тоглолт хийлгүй удлаа. Энэ нөхцөлд яах ёстойг бодсон. Хөгжимчдийнхөө ур чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна. Эгнээ барьж 4-5 хүн суулгаад тоглуулж, нэгбүрчлэн алдаа дутагдлыг нь хэлэхээс авхуулаад мэргэжилдээ дуртай, чадварыг нь өндөр хэмжээнд байлгах хичээл орж эхэлсэн. Тэд маань энгийн үед маш их ажилтай байдаг.
-Тоглолт дуусахад үзэгчид алжаалаа тайлаад, шагшилдсаар гардаг. Эсрэгээрээ та нэлээд алжаадаг байх. Алжаалаа хэрхэн тайлдаг вэ?
-Дэлхийн хамгийн хүнд гурван мэргэжлийн нэгд удирдаач тооцогддог. Нөгөө хоёр нь уурхайчин, мэс заслын эмч. Уурхайчин газар доор 2000-3000 метрийн гүнд агааргүй орчинд ажиллахдаа амьд гарах сан, шороо нурах вий гэсээр оюун болоод сэтгэлийн дарамтад ордог. Мэс засалчид хагалгааны явцад нэг судсыг буруу зүсэхэд өвчтөн амиа алдах эрсдэлтэй. Дээд зэргийн анхаарал, болгоомж шаардсан сэтгэлийн дарамттай ажил. Үүний нэг адил удирдаач баг, хамт олноо удирддаг. Тодруулбал, өмнө нь 50 хүнтэй оркестр, мөн тооны найрал дуучин байдаг. Мөн 20, 30 гоцлол дуучин бий. Үүн дээр бүжигчид нэмэгдэнэ. Маш их шуугианд тэднийг нэг болгох гэж тархиа шавхан ажиллахын зэрэгцээ урдах ноотоо хардаг. Хажуугаар нь баруун гараа дээш, зүүнээ баруун эсвэл доош гэх мэтээр тасралтгүй хөдөлгөдөг. Дуучдаа сонсож, бүжигчдээ харж, дуурийг удирдахад бүх хүчээ дайчилна. Дуурь удирдах хоёр цагийн хугацаанд гурван хуруу зузаан ном уншиж дуусдаг юм шүү дээ. Энгийн хүн хоёр цагийн дотор тэр хэмжээний ном уншихад тархины маш их ачаалалд орно. Хүн номыг нэг мөрөөр уншдаг бол удирдаач ноотныхоо 80-90 мөрийг зэрэг хардаг.
Харааны чадвар сайтай байхаас гадна түүнийг ойлгон мэдэрч, бүгдийг нийлүүлж удирдах хэрэгтэй. Цэх зогсож, ганц ч цэг алдахгүй харж, ноот бүрийг алдахгүй тоглуулах ёстой. Тайзан дээр хааш яаш назгай зогсож болохгүй. Гарын хөдөлгөөнөөр бүх илэрхийллийг гаргана. Гараа ингэвэл уянгалаг, зоригтой, баатарлаг, уйтай тоглох ёстой гээд хөдөлгөөн бүр утга учиртай. Тиймээс тоглолт дууссаны дараа тэрийгээд унамаар санагдах нь бий. Хүнтэй юм ярих сонирхолгүй, чив чимээгүй орчинд ганцаараа нэг цаг хэртэй суух сайхан. Суухдаа бас сая хоёр цагт юу болоод өнгөрсөн бэ гэдгээ дүгнэчихээд аажуухан босдог. Заримдаа хөл нугарахгүй болтлоо чилэх нь ч бий. Нэг адилтгал хэлье. Боксчин цохилт хийхэд өрсөлдөгч нь бултаж байгаа онохгүй бол агаарт хамаг хүч нь цацагддаг. Хүчтэй цохиход хий мөргөвөл их сульдана гэсэн үг. Онож цохивол улам тамир орно. Үүнтэй адил удирдаач дохиураараа агаарт дандаа хий савж байдаг. Гарын хий савалт, хөдөлгөөн зохих хэмжээгээр хүний энергийг “сорно” гэсэн үг. Бие махбод бүхэлдээ цуцан, энерги алддаг учраас дэлхийд удирдаачийг хүнд мэргэжилд тооцжээ. Ганц аккорд дуугарахад удирдаачийн тархинд юу болдгийг тодорхойлсон бичлэг байдаг. “Тоско”, “Чио Чио сан”-ы бэлтгэлийн явцад дууриа хэсэг хэсгээр өдөр, шөнөгүй аялна. Шөнө зүүдэлж аялна. Тархиа дандаа ажиллуулж явдаг. Тиймээс дэлхийн удирдаачид өндөр цалинтай, улсын хамгаалалтад байдаг. Яагаад гэвэл ховор, үнэ цэнтэй, хэр баргийн хүн эзэмшиж чаддаггүй хүнд мэргэжил учраас тэр.
-Монголд эсрэгээрээ байх тийм үү. Жишээ нь, нууц биш бол та хэдэн төгрөгийн цалин авдгаа хэлж болох уу?
-Манайхан удирдаач болгохоор олон хүнийг гадаадад сургасан. Ирээд удирдаач болсон нь ховор. Тоолоод хэлэхэд Ж.Чулуун, Ч.Жамсранжав, Ц.Намсрайжав гуай байна. Дараа үе нь Н.Бүтэнбаяр, Ч.Чинбат нарын концертын удирдаачид төрсөн. Эндээс харахад, удирдаач залуу хүний мэргэжил биш юм. Удирдаачийг хожуу эзэмших мэргэжил гэж дэлхийд тодорхойлсон. Олон улсад хөгжмийн дээд сургуульд сурч төгсөөд, дадлагажаад дараа нь эргээд аспирантурт сурч төгсөхдөө буюу 40-45 насандаа удирдаач болдог. Дэлхийн алдартай удирдаачид энэ насандаа мэргэжлээ эзэмшсэн гэдэг. Тэд 50 насандаа нэрд гарч, 60 гараад ид ажиллаж, 70-тайдаа бүр онцгойрдог. Гэтэл Монголд 60 нас хүрээд ид сайхан ажиллах насанд нь тэтгэвэрт гаргачихдаг хуультай. Энэ хуулийн дагуу намайг тэтгэвэрт гаргасан. Улмаар тэтгэвэрт гарсан гэж үзээд 500 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Гэтэл би дэлхийн шилдэг “Аида”, “Чио Чио сан”, бусад том дуурь, балетыг удирдаж байна. Ямар ч үнэлэмж алга. Хууль нь ийм юм. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэх хэрнээ хуулиа эсрэгээр нь баталдаг төртэй улс.
Монголын төрд соёлын хуулийг маш сайн боловсруулах, урлагийг ойлгодог хүн алга. Уг нь чадвартай, авьяастай хүмүүсийг ажиллуулж бүрэн ашиглаж, дэмжиж байж улс хөгжих юм. Бидний үеийнхэн 20 гаруй жил бор зүрхээрээ ажиллалаа. Төрөөс ямар ч дэмжлэг алга. Харин 1990 оноос өмнө Монголын төр дэмждэг, урлагийнхнаар эх орон нь бахархдаг, тэд нь дэлхийд гайхуулдаг, бишрүүлдэг байв. Гадаадынхан Монголд ирэхэд сонгодог урлагаар нэр нүүрээ тахалдаг байлаа. Тэгж байж Монголын сонгодог урлагийг дэлхийн энтэй хөгжүүлсэн юм. Гэтэл одоо сонгодог урлагийг үнсэнд хаясан шалз шиг л тоохоо больж. Улс орнууд дэлхийтэй эн зэрэгцэхийн тулд сонгодог урлагаа хөгжүүлдэг. Монгол иргэдийн боловсрол, хүнтэй харилцах харилцаа, бусад орныхонтой эн зэрэгцэх, эсэх нь сонгодог урлагийг хэр хөгжүүлснээс шалтгаална. 100 ямаанд 60 ухна гэж ярьдаг даа. Үүн шиг удирдаач олон байх шаардлагагүй. Манай симфони, оркестрт удирдаач 3-4 байхад л Монголын сонгодог урлагийг аваад явчихна. Тиймээс улсын бодлогоор сонгодог урлагийг үнэ цэнтэй байлгаж, ард түмнээ соёлжуулах ёстой. Ер нь манай театрынхны цалин хүнд хэлэхэд ичмээр бага.
Одоо ажиллаж буй хэд минь ч сонгодог урлагаа хөгжүүлье гэсэн бодолтой, чин сэтгэлтэй. Тэднийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Бидний үеийнхэн арай л даржин амьдраад байна. Ядаж л автобусанд суух мөнгөгүй, өдөр хоол идчих боломжгүй шахам байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдлаас болж зарим нь хүнд өвчин туссан. Жишээ нь, би ходоодны хорт хавдар туслаа. Энэ асуудал юунаас болсон бэ, урлагийнхан ядуу байгаатай холбоотой. Амьдрах нөхцөл муу учраас олдсоныг нь идэж, хэрэглэж, зарим үед нойр хоолоо умартан ажилласнаас л болсон. Бидний амьдрал баталгаатай л бол бусад зүйлд санаа зовохгүйгээр сонгодог урлагийг хөгжүүлээд явна. Монгол Улс Соёлын яамтай боллоо, би их баярлаж байна. Сонгодог урлагаа дэмжих цаг ирсэн шүү, та минь ээ. Бидэнд уриа лоозон бариад зогсох зав алга, нэрэлхээд чадах ч үгүй. Ерөөс соёлтой учраас ийм тийм зарга хийдэггүй. Багаас минь соёлтой болгож өсгөсөн учраас манайхан энд тэнд цалин хөлс нэм гээд хашхираад явж чаддаггүй. Төр засгаас биднийг ойлгооч гэж хүсэхээс өөр хийж чадах зүйл маруухан.
-Таниас өмнө алдарт Б.Шарав, ятгачин Б.Мөнх-Эрдэнэ хорт хавдар туссан. Олон түмэн бололцоогоороо хандив өгсөн. Та бас өвдсөн. Гэхдээ хандив энэ тэр гэлгүй нэрэлхээд хамаг байдгаа зарж, байраа барьцаалан зээлдүүлэх газарт тавиад БНСУ руу явсан гэх юм билээ.
-Би их сонин хүн. Бие минь өвдөөд байгааг эхнэрээсээ жил гаруй тас нуусан. Эр хүн угаасаа ийм. Тэгэх ёсгүй байсан юм. Нэг л өдөр гэнэт сөхрөөд унахад хүмүүс мэдсэн. Том охин Т.Гэрэлцэцэг минь шууд шийдвэр гаргаад л өөрийн хоёр өрөө байрыг барьцаанд тавьж, хамаг байдгаа зараад Солонгос руу эмчилгээнд явсан даа. Авч явсан мөнгө юу ч болоогүй. Хоёр удаа хагалгаанд орсон. Эхлээд 90, давтан ороход 30 сая төгрөг зарцуулсан. Мэс засал, химийн эмчилгээний төлбөр, замын зардалд 150 сая гаруй төгрөг зарцуулсан. Бурхан минь, мань мэтэд байхгүй их мөнгө. Ер нь би мөнгө хадгалж үзээгүй. Тэр их мөнгийг манай театр, соёл, урлагийн байгууллага, намайг үнэлдэг ард түмэн өгсөн юм. Тэдний ач гавьяагаар би өвчнөө даван туулсан. Манай театрынхан бүрэлдэхүүнээрээ хөдөлсөн шүү дээ. Мартах аргагүй. Мөнгө биш юм гэхэд Монголын ард түмэн, урлагийнхан, найз нөхдөдөө сэтгэлийн асар их өртэй үлдсэн. Тиймээс сонгодог урлагийг чадлынхаа хэрээр хөгжүүлж, ачийг нь хариулах ёстой. Сонгодог урлагт юу хэрэгтэй байна, ямар хүмүүсийг сургах ёстой юм. Би тэр бүхэнд амьдралаа зориулах зорилготой үлдсэн. Хүнд сэтгэлийн хат гэж бий. Тэгэхэд хүн сэтгэлээрээ эрүүл, зоригтой байх ёстойг ойлгосон. Үхлээс ер айгаагүй, тоогоо ч үгүй.
Цаг нь болсон бол аваад явна биз гэсэн аястай байв. Тиймдээ ч ганц дусал нулимс гаргаагүй. Мэс заслаас сарын дараа бие тааруу ч ажилдаа оров. Нүднээс гартлаа турж, эцсэн намайг зарим хүн өрөвдөж л байсан. Эрүүл саруул болсон хойноо харин бодсон. Би үхээд сэхсэн хүн. Хоёр дахь амьдрал эхэллээ. Бурхан илүү их зүйл хийх цаг хугацаа бэлэглэжээ гэж бодсон. Үүнээс гадна хань, үр хүүхдүүд минь асар их хичээж, бүхнээ миний төлөө зориулсан. Хүнд хагалгаа, химийн эмчилгээний дараа тэднийхээ хүчээр тэнхэрлээ. Тэднийхээ их хайр халамжийг эд эсээрээ, бүхий л сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Мэргэжлээ, насны ханиа зөв сонгоно гэдэг хэмжээлшгүй аз жаргал юм даа. Мөн урлагийн бурхан тэнгэр намайг ивээлээ. Эргээд ирэхэд улсаас зохих хэмжээний туслалцаа үзүүлсэн. ЭМЯ-ныхан ч тусалсан. Хамгийн гол нь урлагийнхныг сөхөрч унахаас нь өмнө дэмжээсэй гэж хүсэж байна. Би Монголын урлагт, ард түмэнд өртэйгөө санаж өдөр бүр хичээж ажиллаж байна. Ачийг нь хариулаад буцах сан. Бүх уран бүтээлчдээ сайн сайхныг хүсэж илүү ихийг бүтээгээсэй гэж хэлье.
-Дахин төрөхөд амьдрал ямар санагдав?
-Өөрийн бүтээснээ дүгнэж үзсэн. Гадаадын удирдаачдаас дутуугүй ажиллажээ. Одоо миний охин дуурийн удирдаач болж, ажлын минь талыг нугалж буй. Өмнө нь би балет, дуурь, концертуудыг өөрөө удирддаг байв. Энэ бол нэг хүний хувьд хэтэрсэн ажил. Энэ их ачааллыг үүрсэн гэхээр хүмүүс зовж зүдэрсэн гэж ойлгож магад. Би харин ч баярладаг. Их ажлын ард гарсандаа сэтгэл хангалуун яваа. Чи юу хийсэн бэ гэж асууж магадгүй, хариулъя. Алтан үеийнхний хийх сэн гэж мөрөөддөг байсан том дууриудыг Монголд тавихад би удирдаач хийсэн. Тодруулбал, “Аида” дуурь. “Аида” бол дэлхийн бүх дуурийн театрынхны дээд мөрөөдөл. Дэлхийн дуулаачдын оргил хүсэл. Г.Хайдав, Д.Банди, Д.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн Х.Уртнасан гуай энэ дуурьт дуулахыг хүссэн. “Аида”-г тавьчихвал дэлхийн том театр болно хэмээн Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн хүн бүр хүсдэг байв. 10 жилийн өмнө “Адиа”-г би анх удирдан тоглуулсан. Хамгийн гол нь дэлхийн том дууриудыг найруулагчид төрөлх хэлээр нь тавьсан юм. 1996 онд манайхан бүх дуурийг Монгол хэлээр дуулдаг байлаа. Орчуулж дуулахаар хэллэгээс шалтгаалаад аялгуу өөр болчихдог. Тиймээс дууриудыг төрөлх хэлээр нь дахин тавьж, дуурийн театрын хөгжлийн хоёр дахь алхмыг хийсэн. “Чио Чио сан”-ыг итали, “Кармен”-ыг франц, “Увидаст лимбэ”-ийг германаар тоглосон.
Манай дуучид дэлхийд гарах үүд хаалгыг нь нээж өгч буй хэрэг. “Чио Чио сан”-ыг монголоор дуулбал гадаадад тэмцээнд орохын тулд манай дуучид дахин бэлтгэл хийж, бөөн ажил удна. Гэтэл Монголоо гадаад хэлээр тавьчихаар дэлхийн аль ч театрт очоод тэрийгээ дуулна. Жишээ нь, “Травиата”-г Э.Амартүвшин италиар дуулсан. Дараа нь Европт очоод дуулахад гадаадынхан шууд хүлээн авч, амжилт үзүүлчихэж байгаа юм. Манай дуучид гадаадын ямар ч дуучинтай эн зэрэгцэнэ. Монголын симфони хөгжимчдийн хийлийн баруун, зүүн гарын техникийн хөгжил дээд түвшинд байгаагүй. Европынхны хэмжээнд тоглодоггүй байв. Одоо Москва, Нью-Йорк, Францын ямар ч оркестртой хөг нийлэн тоглож чадна. Би 1996 оноос хойш ажилласаар өнөөдрийн түвшинд авчирсан юм. Үүнийг хүнд заавал хэлэх албагүй. Өмнөхөө чин сэтгэлээрээ хичээж хийсээр ийм хэмжээнд хүрсэн. Дахин төрснийхөө дараа ч ийм, тийм дуурь удирдах сан гэж дотроос хатгасан зүйл байна. Гэхдээ одоохондоо нууц. Болохоор нь л боллоо гэе. Монголын сонгодог урлагийг хөгжүүлэх хүсэл оволзож, заримдаа шатдаг. Төрөөс урлагт өгдөг мөнгө үгүй учраас хөдлөх хэцүү. Хэчнээн их хөрөнгө гаргана төдий чинээ олон жил амьдрах бүтээл гарна. Тиймээс Европт дэлхийн дууриудыг мөнгөөр зодож тавьдаг. Тайзны техник, хувцасны гоё сайхан тансаг байдлыг сайжруулахын тулд төсөл хэрэгжүүлж, хөрөнгө хаях шаардлага бий. Дээр хэлсэнчлэн Соёлын яамтай болсонд гүнээ баярлаж сууна. Соёл, урлагийг дэмжиж, дэлгэрүүлэх нь гэсэн горьдлого төрж байна.
-Сүүлийн үед хүүхдээ сонгодог хөгжмөөр хичээллүүлэх хүн олширчээ.
-Монголд ажиллаж, амьдардаг америк, япон, солонгос иргэд хүүхдүүдээ сонгодог урлагаар хичээллүүлдэг. Монгол багш нараар хийл, төгөлдөр хуур заалгадаг. Тэд маш хямд зардлаар хүүхдээ сонгодог урлагийн мэдэгдэхүүн, мэдлэг, техник чадвартай болгож байна. Хөгжимчин болох албагүй ч гол нь хүүхдийг зөв хүмүүжил, төлөвшилд сургадаг гэсэн үг. Дэлхийд шалгарсан онол, арга зүй, туршилтаар батлагдсан зүйл. Үүнийг гадаадынхан мэдчихээд хүүхдүүдээ сургаад байна. Сүүлийн үед монголчууд ч ойлгож хүүхдээ сонгодог урлагаар хичээллүүлж эхэлсэн. Гэхдээ олон биш. Тиймээс сонгодог урлагийг Монголд заавал хөгжүүлэх ёстой. Сонгодог урлаг хэзээ ч устаж үгүй болдоггүй, улам үнэ цэнд ордог. Би олон орноор явж судалсан. Италийн Венецэд сар ажилласан. Германд дохисон, Францын Леоны оркестрыг удирдаж байв. Оросын Красноярскт ажилласан. ӨМӨЗО-ы Хөх хотын театрынхан “Мандухай цэцэн хатан” дуурийг тавихад Б.Шарав хөгжмийг нь зохиож, би оркестрыг нь удирдсан. Эндээс үзэхэд, Монголын сонгодог хөгжмийн боловсрол өндөр түвшинд байна. Гэхдээ цааш улам хөгжүүлэх, залуустаа өвлүүлэх шаардлага бий. Гэтэл Монголын төр урлагаа орхиод 20 гаруй жил боллоо. Харин алтан үеийнхэн бидэнд хамаг сайхан зүйлийг бэлдэж өгсөн.
-Охиноо яагаад удирдаач болгосон юм бэ?
-Дэлхийн бүх дуурийн театрт балетын удирдаач тусдаа байдаг. Дуурь, концертын удирдаач ч тусдаа. Монголд балет дагнасан удирдаач байсангүй. ДБЭТ-ын бүжгийн ангиас надад санал тавьсан юм. Үүний дагуу хүнээ хайв. Балет мэддэг хүн олдохгүй хэцүү байсан. Гэтэл Монголын балетын урлагт 20 гаруй жил төгөлдөр хуурч хийсэн миний охин дэргэд байж шүү дээ. Гэнэт охиноо удирдаач болгоё гэж бодлоо. “Хунт нуур”, “Кармен” гээд балетын бүх ноотыг цээжээр тоглоно. Охиноо сургахад ердөө зовлонгүй байсан. Би СУИС-д урилгаар олон жил багшиллаа. СУИС-даа охиноо балетын удирдаачийн мэргэжлээр сургасан. Европт сурсан удирдаач юу сурах ёстой юм, бүгдийг ном ёсоор нь заасан. Тэр хүүхэд бүх онол, хөгжмийн найруулга, зэмсэг судлалыг уншиж судалсан. Ингэж Монголд анх удаа балетын удирдаач “төрүүлж”, театртаа хүлээлгэж өгсөн. Дараа нь үзсэн чинь балетын удирдаач үнэхээр сонин юм билээ. Миний эхнэр дээд мэргэжлийн хийлч, удирдаачийн дохиог маш сайн мэддэг хүн. Би эхнэрээсээ асуусан л даа. “Миний охин чадаж байна уу” гэж. Эхнэр “Яг болж байна, удирдаачийн бүх шинжийг бүрдүүлжээ” хэмээн сэтгэл хангалуун хэлсэн. Миний гэр бүлээс гадна ажлынхан нь ч охинд минь сэтгэл хангалуун байгаа. Энэ бол Монголын балетын урлагт оруулж буй асар том хөрөнгө оруулалт. Өөрсдөө мөнгөө төлж, сургаад төгсгөсөн дөө. Магадгүй хүмүүс гэр бүлээрээ Дуурийн театрт ажиллалаа хэмээн боддог биз. Бидэнд ганц төгрөгийн санхүүгийн мэдэл байх биш. Тийм сонирхол ч байхгүй. Дуурийн театрын төлөө гэр бүлээрээ зүтгэж ирсэн. Нэг хэсэг нь балетыг, нөгөө хэсэг нь дуурь, хөгжмийг хөгжүүлэх гээд өдөр, шөнөгүй ухаан жолоогүй ажиллаж явна.
Н.ТУУЛАЙХҮҮ: Аав минь тэнгэрээс харж байгаа
-Том охин Т.Гэрэлцэцэг тань төгөлдөр хуурч. Бага охин Т.Оргилцэцэг тань Москва хотын Гнесиний нэрэмжит академийг улаан дипломтой төгссөн. Хүргэн тань балетчин А.Өлзий-Орших. Эхнэр Х.Дэлгэрмөрөн тань хөгжимчин. Ээж тань дуучин. Хадам ээж тань Филармонийн ноот бичээч. Тэгэхээр та бүхэн урлагийн сургууль нээмээр юм биш үү?
-Гэр бүлээрээ урлагийн гал тогоонд чанагдана гэдэг асар их жаргал. Урлагийн байгууллагад ажилладаг хүн гэртээ очоод “Тийм сайхан, ийм гоё” гээд ярихад ойлгохгүй гэх юмгүй. Харин ч таатайяа сонсож, аз жаргалтай байдаг. Сэтгэлийн их цэнгэлийг ажил, амьдрал дээр эдэлж яваа над шиг хүн ховор байх аа. Урлагийн биш гэр бүлтэй байсан бол намайг ойлгож, тийм их аз жаргал бэлэглээч үү, үгүй ч үү. Шударгаар шүүмжилж чадахгүй ч биз. Гэр бүлээрээ хийсэн уран бүтээлээ шүүмжлээд ярилцах нь бий. Балет тавилаа гэхэд том охин төгөлдөр хуурын аялгууг тоглоно, хүргэн бүжиглэнэ, оркестрт Т.Оргилцэцэг флейт, эхнэр хийл тоглоно шүү дээ. Тэгээд би удирдаж байгаа юм. Сайхаан сайхан.
-Тоглолт бүрээ аавдаа үзүүлэх мөрөөдлөө биелүүлсэн үү?
-Мөрөөдлөө биелүүлж яваа гэж боддог. Аав минь насаараа улсын үүрэг даалгавраар хөдөө, гадаа томилогдон ажиллажээ. Урлагийн хүн биш мөртлөө намайг удирдаач болгоод хажуугаас нь харж суух сан гэж мөрөөддөг байв. Амны бэлгээс ашдын бэлгэ биелэхийн утга учир энэ биз. Урлагт дуртай болох бүх суурийг аав минь тавьсан. Би ч их хичээсэн. Миний удирдахыг аав дэргэдээс биш ч, тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг. Аав минь 50 гаруй насандаа намайг хойшоо явахаас өмнө өөд болсон. Ямартай ч аавын захиас мөрөөдлийг биелүүлж, удмынхаа нэрийг соёл, урлагт гаргаж явна. Дуурийн театрын бүх том тоглолтод Нямаагийн Туулайхүү хэмээн аавын минь нэрийг хамт зарлуулдаг нь сайхан хэрэг. Ээж харин олон жил тоглолтуудыг минь үзсэн.
-Туулаа нэртэй байсныг охид туулай гэж шоолсоор бага ангийн багш тань эр хүнийг ядаж Туулайхүү болгоё гэж засаж бичсэн гэдэг. Бичиг баримт дээр анхнаасаа Туулаа гэж бичээгүй юм уу?
-Охид ч адтай шоолно шүү дээ. Өдөр болгон намайг “Дэлдэн туулай”, “Туулай туулай тонгос. Туулайн бөгс ондгос” гээд зугтах зэргээр есөн шидээр шүлэглэж шоолдог байв. 1967 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн хойно ч шоолсон хэвээр. “Дэлдэн туулай дээр үсэрнэ, дэрсэн хүзүү, лонхон биет” гэх мэтээр элдэвлэнэ. “Туулай, туулай тонгос туулайны бөгс баастай, шал өмхий” гээд л зугтана. Охидыг зодож юу шалих вэ, гэхдээ уур хүрэхээрээ элдэж гүйцээд үсдэж, гэзэгдэж шоглохдоо гарамгай явлаа. Хөгжим бүжгийн дунд сургуульд байхдаа охин зодсон хэргээр ангийнхны өмнө багшид улаан нүүрэн дундуураа нэг сайн алгадуулж билээ. Түүнээс хойш би охидыг шоолохоо ч больсон доо. Нэг талаар соёлтой болсон юм уу. Төрсний гэрчилгээ дээр Туулаа гэж бичсэн байдаг. 16 настайдаа иргэний үнэмлэх авах үед бүртгэлийн ажилтан нэрээ Туулаа гэж бичих үү, Туулайхүү болгож солих уу гэж асуусан. Би эргэлзэлгүйгээр Туулайхүү гэж бичүүлж билээ.
-Удирдаачийг үзэгчид рүү нуруугаа харууллаа гэж шүүмжилж байсан гэдэг.
-Дээр үед бөгсөө харууллаа хэмээн хаад, ноёд дургүйцэж удирдаачийг өөрсөд рүүгээ харахыг шаардсан гэдэг. Удирдаачийг буруу хараад зогсохоор хөгжимчид нь буруу тоглоод болдоггүй. Улмаар удирдаач буцаад хөгжимчид рүү харсан түүхтэй. Оросын онигоо ч бий. Хүүгээ удирдаач болоход аав нь их уурлажээ. Яагаад гэсэн чинь “Оркестрын бүх хүн ажилтай юм. Миний хүү л ганцаараа буруу харчихаад цагаан мод савчаад ажилгүй зогсоод байна” гэсэн гэдэг. Энэ бол урлаг мэдэхгүй хүний ойлголт. Удирдаач бол через буюу дамжсан урлаг. Нэг ёсондоо дуучин тайзан дээр гараад үзэгчид рүү хараад дуулдаг. Хөгжимчид ч үзэгчид рүү хандаж тоглодог. Харин удирдаач хөг аялгуу сайхан байх тэр бүх зүйлийг хийдэг. Удирдаач тоглолтын төгсгөлд эргэн харж үзэгчид рүү ёслоход хөшиг хаагддаг. Тиймдээ ч хүмүүс миний нэрийг сонсохоороо бүгд мэддэг атлаа, гудамжинд таараад таньдаггүй юм.
-Урлагийнхны дунд “Н.Туулайхүү чонохүү болжээ” гэх хошин яриа байдаг юм билээ. Тэр дурсамжаа яриач.
-Би хүмүүсийг дандаа инээлгэж явдаг хүн. Ам дамжсан хошин шог яриа юм л даа. Би нэг удаа хэллээ. “Төр засагтаа гомдож байна” гэж. Манайхан “Яагаад гомддог билээ” гэж асуув. “Би яагаад дандаа Туулайхүү байх ёстой юм. Хэдэн арван жил төрийн концерт удирдлаа, том дууриуд дохилоо. Туулай хэвээрээ. Ядаж намайг үнэг болгож болно. Цаашлаад чонохүү, арсланхүү болмоор байна шүү дээ. Жишээ нь, армийнхан цэрэг байгаад ахлагч, дэслэгч, хурандаа, генерал болдог. Гэтэл намайг туулай хэвээр нь байлгаад байх юм” гээд наргиж хэлсэн чинь цаашаа тарчихсан.
-Таныг биллиард сайн тоглодог, шагай харвадаг, зураг авдаг, сайхан дуулж, хөгжимддөг гэсэн. Өөр нууц авьяас бий юү?
-Би өөрийгөө өтөлсөн гэж үзэхгүй. Дахиад юу ч сурах гээд оролдож мэднэ. Хүн сурсан, дагнасан мэргэжлээсээ гадна өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цагаа өнгөрөөх хоббитой байх ёстой. Тэгэхгүй бол мэргэжилдээ явцуурах тал бий. 18 жил шагай харваж, халхын ханагар сайхан эрчүүдтэй нөхөрлөж явлаа. Энэ хугацаанд Монгол орноо гурав тойрчээ. Биллиард намайг олон хүнтэй нөхөрлүүлсэн. Тархи амраадаг спорт юм билээ. Олон юм яриад байхгүй, ширээгээ тойроод алхахад цагт 2-3 км алхсан дайтай хөдөлж, сунгалтын дасгал хийсэн мэт болдог. Хотын гудамжаар алхахдаа, хөдөө явахдаа байнга зураг авдаг. Байгаль ертөнц, хүний гоо сайхныг харж баясаж, үнэлж чаддаг болдог юм. Монголд ийм сайхан барилга байшин, адуу мал, байгаль байдгийг мэдэрч буй л хэрэг. Магадгүй сайхан бүсгүйн зураг авахыг хэн байг гэх вэ. Тавьтаргүйтээд байгаа юм биш. Гоо сайхны мэдрэмж л юм. Сайхан эмэгтэйг нүдэндээ хадгалж чадахгүйгээс хойш дүрсийг нь буулгаж аваад эргээд тогтож харж болно. Сүүлийн үед янз бүрийн багаж цуглуулах хоббитой болсон. Адаглаад өөрийнхөө дохиурыг хийж байна. Гараараа хийж болох жижиг зүйлээс эхлээд гэр орны эвдэрсэн хэмхэрсэн зүйлийг засаж, мужаан хийх сонирхолтой болсон. Модоор юм хийж урамшаад одоо төмрөөр хийхээр туршиж байна.
-Таны болон өнөө үеийнхний залуу насны тухай яриач?
-Би оюутнуудад хичээл заахаас гадна энд, тэнд лекц уншдаг. Залуу дуучид, хөгжимчидтэй ажилладаг. Бидний үед интернэт битгий хэл компьютер байсангүй. Манай үеийнхэн сурч мэдэхийн “дон шүглэж”, бүгдийг өөрсдөө хайж эрэлхийлдэг байлаа. Ертөнцийн сайхныг мэдэх сэн, тэр хүн ямар их зүйл мэддэг юм бэ. Би бас мэдэх сэн хэмээн цагаахан атаархана. Ном их уншдаг байв. Жишээ нь, би ангийнхнаасаа бичгийн хэлбэр хамгийн муу нь байв. Аалзны тор шиг сарайсан юм бичнэ. Наймдугаар ангидаа хуулан бичиг уйгагүй хийсээр хамгийн сайхан бичигтэн болсон. Оросод сурч байхад надаар ил захидал дээр дурсгалын үг бичүүлдэг байлаа. Хүн хүсэх л юм бол оролдсоор алдаа дутагдлаа засаж болно. Би залуудаа чөрийсөн нөхөр байв. Том биетэй хүүхдүүд дээрэлхээд болдоггүй. Хор шар хөдлөөд таван кг-ын хоёр гантель аваад өдөр бүр дасгал хийж эхэлсэн. Хагас жилийн дараа бүх булчин хөгжөөд нөгөө биерхүү хүүхдүүдээс өндөр болсон. Хүн өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн зан төлөвийг ч өөрчилж болно гэж бичсэн байдаг. Холерик, меланхолик зэрэг зан төлөвийг хоёр жилийн дотор өөрчилж болно. Ийм зүйлийг ч бид тэр үед судалж байв. Мэдлэгтэй болохыг хүсэж, эрэл хийнэ. Одоо үеийнхэн биднээс ялгаатай. Цахим орчинд ертөнцийн сайн, муу бүх мэдээлэл бий. Залуус мууг нь сурахдаа гарамгай гэмээр байх юм. Сайныг нь хүлээж авч чадахгүй, нэг тийм хязгаарлагдмал. Интернэтээс харсан, уншсанаа сурчихсан гээд бодчихно. Цааш эрэл хайгуул хийхгүй. Яг хэрэг нь болохоор нөгөө сурсан эрдмээ гаргахгүй. Ярилцаад, цааш нь ухаж асуухаар өнгөцхөн хариулна. Эсвэл мэдэхгүй. Жаахан хүүхэд шиг л байдаг. Мэдлэгийн цар хүрээ нь доод түвшинд байна. Харахад өөлөх юмгүй залуучууд. Машин унасан, сайхан хувцасласан, үнэтэй утас барьсан залуус. Ядаж л үндсэн мэргэжилдээ шунан дурлахгүй юм. Тиймээс залууст мэдлэгээ торд, тэгж байж чи нийгэмтэйгээ зэрэгцэж алхана. Өөдрөг сайхан явна. Тэгэхгүй бол чи хол явахгүй. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийн тулд маш их суралц гэж захимаар байна.
-ДБЭТ-ыг нураахыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг нь та. Хорио цээрийн дэглэмтэй учраас энэ сэдвийг ярихгүй байх шиг байна. Энэ асуудал юу болсон бэ?
-Германы театрын жишгээр манай театрыг барьсан. Дэлхийн II дайны үед оросуудад олзлогдсон Германы цэргүүдэд байсан театрын зураг төслийг манайх руу илгээсэн юм билээ. Улмаар Монгол дахь япон хоригдлуудаар театрыг бариулсан. Манай театр том ч биш, жижиг ч биш, яг л Монголдоо таарсан. Яах вэ, үлгэр ярья. Шинэчлэл хийлээ гэхэд олон улсын стандартад нийцүүлж өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ дэлхийд дуурийн театр барьдаг хоёр, гуравхан архитектурын тусгай компани, мэргэжлийн хүн цөөн. Япон, Итали, БНСУ-д бий байх. Цөөн хэдэн төгрөг төсөвлөөд хэн дуртай нь театр барьчихдаг юм биш. Уг нь театрыг тордох цаг нь болсон. Ам бүл нэг саяулаа байхад барьсан театрыг гурван сая хүнтэй болсон юм чинь шинэчилж болно. Тиймээс төр засаг мэргэжлийн компаниар дэлхийн хэмжээний дуурийн театр бариулна гэж яг таг шийдсэн, төсөв баталсан үед нь буулгана уу гэхээс наана нь буулгах юм бол солиорол болно. Дуурийн театр гэдэг тайзнаасаа авхуулаад жүжигчдийн бэлтгэл сургуулилалтын танхим гээд бүгд онцгой, тусгай байдаг.
-З.Хангал, Г.Бирваа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж гээд олон суут хөгжмийн зохиолчид байлаа. Тэдэн шиг хөгжмийн зохиолч үгүйлэгдэж байна. Орчин цагийн хөгжмийн зохиолчдын чансааны талаар үзэл бодлоо хуваалцахгүй юу?
-Дэлхийн сонгодгийг монгол хөгжмөөр, монгол сэтгэхүйгээр монгол хүмүүс зохиож чаддаг. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ц.Нацагдорж, Б.Шарав, Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, Н.Жанцанноров нар өндөр түвшинд бэлтгэгдсэн дэлхийн хэмжээний хүмүүс. Тэд дахин давтагдашгүй. Тэднээс хойш Монголын хөгжмийн хөгжил хэсэг зогссон. Одоо Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр, П.Түвшинтөр, Ц.Эрдэнэбат гээд хөгжмийн зохиолчид төрөн гарч л байна. Тэд өөрсдийнхөө аясаар шинэ аялгуу бүтээж буй. Ер нь монгол хөгжмийн аялгуу бусад орнуудынхоос илүү гарна уу гэхээс дутахгүй сайхан. Тэдний зохиосон симфонийг гадаадад тоглоход нүүр улайхгүй дээ. Бахархаж гайхуулахаар. Гадаадынхан монгол аялгуу сонсоод маш их шүтдэг юм шүү. “Ламбугайн нулимс”, “Үүлэн заяа”, “Чингис хаан” дуурийг дэлхийн хэмжээнд зохиосон гэж боддог.
-Гарын шавьтай юу. С.Чогдов багш таныг таньж шавиа болгосон шиг та хайгуул хийж байна уу?
-Дорнод аймагт Гэрэлмаа гэж шавь минь бий. Бас нэг удирдаач Сүхбаатарт ажиллаж байна. Одоо Говь-Алтай аймгаас нэг хүүхэд сургаж эхэлсэн. Шавиа сургасан л бол шууд ажлын байранд гаргадаг. Өвөрмонголын хоёр оюутан сургаж байна. Цаашдаа дуурийн сайн удирдаач гаргахаар төлөвлөсөн. Шавь бэлтгэх асуудалд маш нухацтай хандаж буй. Суръя гэсэн болгоныг сургах хэцүү. Магадгүй авьяасгүй хүн ч бий. Мөнгө төлөөд сурчихдаг мэргэжил биш. Удирдаачийн гарт хамт олон, цөөнгүй хүний хувь заяа байдаг. Сонгодог урлагаар хүн төрөлхтөн хүмүүжих учиртай юм. Эрүүл бие бялдар, эвлэг гар, хөгжмийн өндөр боловсрол, оюуны чадавх сайтай, хамт олныг зөв удирдах, хүмүүжүүлэгч хүн л удирдаач хийх ёстой.
-Таныг “манайх” гэж булаацалдах газар олон байдаг юм билээ. Ямар учиртай юм бэ?
-Миний аав Говь-Алтай аймгийн Алтай сумынх. Би Улаанбаатарт төрсөн. Аав маань томилолтоор Өвөрхангайн Хархорины гурилын үйлдвэрийн даргаар очиход би тэнд нэгдүгээр ангид элссэн. Хархорины нэрийн өмнөөс Хөгжим бүжгийн дунд сургуульд сурсан минь үнэн. Ээж Завханы Тосонцэнгэлийнх. Тиймээс хүмүүс намайг Говь-Алтайнх гэдэг. Зарим нь Завханых гэнэ. Хотынхон бас өмчлөх маягтай. Би аль ч нутгийн концертыг удирдаад л явдаг. Би Өвөрхангайнх, Завханых, Говь-Алтайнх, хотынх. Алтайн хөх харчуул хэцүү гэдэг шиг хэцүү хүн. Би Завханы задарсан удирдаач. Аль ч үндэстэн, ястанд үйлчилж байдаг урлагийн хүн. Би Монгол газар шороондоо төрсөн, Монгол Улсын иргэн.