Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол хүртсэн Оюунбаатарын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. “Алдар” спорт хороо, “Вайт лайк”, “Молор трейд” компанийн бөх тэрбээр энэ жилийн хамгийн залуу начин цолтон болсон юм.
-Танд улсын начин хэмээх эрхэм цолтон болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Бөхөө дээдлэн хүндэлдэг монгол түмэн, үзэгч, дэмжигчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе.
-Улсын начин цолдоо дасаж байна уу. Мөнх-Эрдэнэ начин гэж дуудуулах мэдрэмж ямар байна вэ?
-Цолдоо дасах биз. Одоохондоо хүмүүс намайг начин гэж дуудаагүй л байна. Улсын начин гэж дуудах хэллэгийн хувьд хүмүүст эвгүй байгаа байх. Би аймгийн начин цолтой хоёр жил барилдсан. Тиймээс ойр тойрныхонд минь начин гэж дуудвал ялгарахгүй юм шиг санагдаад, эвгүй байж магадгүй.
-Улсын цолд хүртэх нь зодог өмсөж, тууштай барилдаж байгаа залуу хүн бүрийн мөрөөдөл, зорилго байдаг. Энэ хүслээ биелүүлсний дараа ямар мэдрэмж төрсөн бэ?
-Олон жил бэлтгэл хийсний үр дүн гарлаа гэж маш их баярлаж байна. Хөдөлмөр хүнийг бүтээдэг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
-Хэдэн жил бэлтгэл, сургуулилалт хийж, өнөөдрийн амжилтад хүрэв?
-Тууштай бэлтгэл хийж эхэлсэн хугацаанаасаа тооцвол найман жилийн хөдөлмөрийн үр дүн гарлаа. Би 2012 оноос хойш бэлтгэл хийсэн юм. Үүнээс өмнө өсвөр насныхны үндэсний бөхийн тэмцээн, хүүхдийн барилдаанд барилдаж байсан. Дуртай, сонирхолтой болохоор аав бүртгүүлчихдэг. Тэгээд бэлтгэлгүй, шууд гаргаад барилдчихдаг байлаа.
-Хэзээ анх зодог, шуудаг өмсөн бөхийн ногоон дэвжээн дээр өрж байсан бэ?
-Орхон аймгийн 2009 оны наадамд хүний зодог, шуудаг гуйж өмсөөд барилдсан. Анх ингэж бөхийн өмсгөлтэй барилдаж үзсэн юм. Бөхийн анхны амжилт гэвэл хоёрдугаар ангид байх үед Эрдэнэт хотод “Ирээдүйн аваргууд” гэж хүүхдийн сүмо бөхийн тэмцээнд орж, түрүүлж байв. Цомыг нь одоог хүртэл хадгалдаг. Үндэсний бөхөөр гэвэл аймгийн өсвөрийн аварга шалгаруулах хүүхдийн барилдаанаас хүрэл медаль авч байлаа. 2010 онд болсон тэмцээн шиг санагдаж байна. Түүнээс хойш үндэсний бөхөөр барилдахгүй байж байгаад 2012 оноос тууштай хичээллэсэн.
-Дархан аварга Г.Өсөхбаярын дүү, улсын харцага Г.Батбаярын шавь болсноос хойш үндэсний бөхөөр тууштай хичээллэсэн гэж сонссон. Багштайгаа хэрхэн танилцсан бэ?
-Манай багш тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” спорт клубийн үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Би “Хангарьд” спорт клубийн чөлөөт бөхийн секцэнд явдаг байлаа. Нэг удаа бэлтгэлийн дараа багш надтай таараад, “Сайхан хүү байна. Чи үндэсний бөхөөр барилдах хүүхэд шүү, хичээллээрэй” гэж хэлсэн. Тэр үед би үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэлээ бэлдчихсэн байсан юм. Тэгээд нөгөөдөр нь л үндэсний бөхийн бэлтгэл хийхээр очсон доо. Түүнээс хойш багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалт хийж, үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга гэх мэт тэмцээнд оролцож эхэлсэн. Одоо ч гэсэн багшаасаа байнга зөвлөгөө авна. Багш минь аав шиг, ах шиг, заримдаа найз шиг байдаг юм.
-Чөлөөт бөхөөрөө барилдаж байгаа юу?
-Саяхныг хүртэл чөлөөт бөхийн бэлтгэл давамгайлж хийсэн. Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 86 кг-ын жинд мөнгөн медаль авч байлаа. Дараа нь 97 кг-ын жинд барилдсан. Энэ жинд барилдаж байхдаа нэрэмжилт тэмцээнүүдээс л медаль авч байсан юм байна. 125 кг-ын жинд барилдаад чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Тэмцээнүүдээс голдуу хүрэл медаль авсан байдаг юм. Би “Аварга” дээд сургуулийг 2017 онд чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Долоо давах зорилго тавьсан байсан гэж ярилцлага өгсөн байна лээ. Зорилгодоо арай хүрсэнгүй дээ.
-Том зорилго тавьж байж талд нь бууна гэж боддог.
-Тэгвэл ес давна гэсэн зорилго тавьсан бол заан болчих байсан ч юм бил үү?
-Арай ч тэгж том ам гарч болохгүй байх. Харин улсын начин цолд хүрчихээд ес давна гэж яривал зохимжтой биз. Юм чинь шат дараатай байдаг учраас хамаагүй ойворгон зан гаргаж болохгүй.
-Уран барилдаантай, харих болоогүй аваргад тавын даваанд амлуулж барилдсан. Яаж барилдана гэж бодож гарсан бэ?
-Ид үедээ яваа, их шөвөгт хүрч барилддаг аваргатай хүчээ дайчлан барилдана л гэж бодсон. Тэгээд барьц сонгох хүртэл үзсэн дээ. Хэн нь барьц сонгохыг шодоход шоо аваргын талд бууж, надаас барьц авсан. Барьц сонгуулчихаад зүүн талдаа ачиж, тэнцвэр алдуулаад, түрээд давсан. Уг нь би баруун талтай хүн. Тухайн үеийн мэдрэмжээрээ зүүн талдаа аччихсан. Барилдааны ийм мэдрэмж гарсан нь их спортоор хичээллэсний л ач байх. Хүнд барилдаанд болсон шүү.
-Зургаагийн даваанд П.Бүрэнтөгс аваргатай яараад барилдчихсан уу?
-Тактик боловсруулаад, түүнийхээ дагуу барилдсан. Буруу тактиктай л барилдчихлаа гэж бодсон. Яардаг нь миний л алдаа.
-Ингээд начин цолтой хоцорсон. Хэрэв Б.Зоригтбаатар харцагыг зургаагийн даваанд уначихвал хамгийн залуу хоёр начин зэрэг төрөх юм байна гэсэн мэдээлэл тухайн үед нийгмийн сүлжээгээр тарсан. Та хоёр нэг оны нэг сарын нэг өдөр төрсөн юм байна лээ. Сонин тохиолдол шүү.
-Хүмүүс хоёр даага бэлэглэх хэрэг гарах нь ярьж байсан гэсэн. Найз минь харин зургаа даваад, цолоо ахиулаад явчихлаа. Би ганцаараа үлдсэн дээ. Бид хоёрын регистрийн дугаарын хамгийн хойд талын хоёр орон хүртэл 15, 16 гээд нэг л тооны зөрүүтэй байдаг юм. Хоёул нэг нутгийнх, нэг багшийн шавь. Сонин л тохиолдол.
-Бас бөхчүүд дундаас хамгийн сайн найз чинь Б.Зоригтбаатар гэдэг.
-Харин тийм. Бөхчүүд дундаас хамгийн сайн найз минь Б.Зоригтбаатар.
-Та хоёр нэг удаа үзүүр, түрүү булаалдаж байсан санагдана.
-Цагаан сард зориулсан аймгийн начингуудын барилдаанд бид түрүү булаалдсан удаатай. Би ч сайхан унасан даа.
-Найзыг чинь бөхийн хорхойтнууд “Цахилгаан” Зоригоо гэдэг болсон байна лээ.
-Цахилгаан шиг хүнийг цахилгаан гэхгүй яах вэ. Хүмүүс онож хочилж байгаа юм шүү (инээв).
-Ц.Цэрэнпунцаг гарьд, Ц.Магалжав зааныг царай зүс сайтай, сайхан бөхчүүд гэлцдэг байсан. Та ах нарынхаа халааг авч царайлаг, нуруулаг бөхөөр тодорлоо. Ниймгийн сүлжээнд охид, хүүхнүүд түрүү бөхөөс илүү таны тухай ярилцаж, шинжиж, сонжиж байна. Сэтгэлд тань сайхан байна уу?
-Нэг талаар олны хүндлэлийг хүлээх сайхан. Гэхдээ хөөрөөд сүйд болох юм юу байх вэ. Хүн бүрт тодрох цаг үе байдаг юм гэсэн. Тэр үе нь юм болов уу гэж бодогдож байна. Нэг их сүйд болж хүлээж авахгүй байгаа.
-Одоо таныг олон хүн таньдаг, анхаарч хардаг болсон. Үүнийг дагаад хариуцлага, жудаг нэмэгдэнэ гэж бодож байна.
-Зөв явах хэрэгтэй. Ер нь ч ийм бодолтой байдаг, хичээдэг. Алдаа гаргавал их л муулуулах байх.
-Эрчүүдийн жудаг чанарыг монголчууд бөхчүүдээрээ жишдэг зантай. Бөх хүн алдаа гаргаж, жудгаа гээвэл маш их шүүмжилдэг. Бөхчүүдээс хэнийг үлгэр дуурайлал болгож явдаг вэ?
-Миний хүрээлэлд жудагтай олон бөх бий. Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа, Ч.Ганзориг, Г.Батбаяр гээд багш нарыгаа нэрлэж болж байна. Тэдний үгийг сонсоод, алхам тутамдаа хэрэгжүүлээд явахад жудгаа алдахгүй гэж боддог. Манай “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд үгийг нь сонсож, үйлдлийг нь дагадаг толь бол Өсөхөө аварга. Тэр хүнийг дагаад алхаад байвал зөв явна гэж боддог. Манай аварга буурьтай, нуруутай, зөв хүн.
-Үндэсний бөхийн нэр хүндийг сэргээш хэрэглэсэн бөхчүүд унагаж байна. Бөхчүүд дунд “Бяртай бол яртай” гэх мэт этгээд хэллэг хүртэл гарсан байх жишээтэй. Ийм жудаггүй үйлдлийн талаар ямар бодолтой байна вэ?
-Хэрэглэж байгааг нь нүдээр хараагүй. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход хэрэглэж байгаа нь баталгаатай болчихлоо. Мэдээж эсрэг байр суурьтай явдаг. Үндэсний бөх бол удамшдаг соёл. Сэргээш хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулан, үр удмаа үлдээх боломжгүй болж байгаа нь өв соёлоо тасалж буй хэлбэр. Хэрэглэж байгаа хүмүүс нь ичээд болиосой. Олон жилийн настай өв соёлоо хадгалж үлдэхийн тулд бүгд илүү юм хэрэглэхгүйгээр, бэлтгэл сургуулилалт хийгээд барилдаасай гэж боддог. Эрүүл мэндээ хохироохгүйгээр, уураг, витаминаа уугаад, хөдөлмөрөөрөө өрсөлдье л дөө.
-Бөхчүүдийн бас нэг жудаггүй үйлдэл нь найраа хийх. Үүнд бөх сонирхогчид үнэхээр дургүй байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй биз дээ.
-Үндэсний өв соёл талаас нь харвал шинэ залуу бөхийг ахмад нь амлаад, цолд хүргэхийг хүлээн зөвшөөрдөг. Бусад барилдаанд сайн барилддаг хэрнээ Үндэсний их баяр наадамд сэтгэл зүйн ч юм уу, цог хийморь дутаад доор даваанд уначихдаг сайн бөхийг хэн нэгэн дэмжиж улсын цолд хүргэх, тунаанаас гаргахыг бас хүлээн зөвшөөрнө. Харин мөнгө төгрөгөөр үнэлж, цол авахыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Дахиад хөдөлмөрөөрөө өрсөлдье гэж хэлье. Анзаараад байхад сүүлийн үед найраа багассан.
-Аралтай, бяртай залуу бөхийг их ирээдүй хүлээж байгаа гэж бөхийн хорхойтнууд ярьж байна. Таны цаашдын зорилго юу вэ?
-Бэлтгэл сургуулилалтаа сайн хийгээд үндэсний бөхийн оргил цол руу зүтгэнэ гэж бодож байна. Амжилт дөнгөж эхэлж байна гэж боддог.
-Бөхийн анхны цол тань юу байв?
-Хайрхан сумынхаа наадам 2016 онд түрүүлж, сумын заан цол хүртсэн нь анхны цол. Архангайнхаа наадамд 10 хоногийн дараа тав давж аймгийн начин болж байлаа. Дараа жил нь дахин тав давж, аймгийн нэмэх начин чимэг хүртсэн юм. Харин 2018 онд аймгийнхаа наадмын тавын даваанд өвдөг шороодсон. Өнгөрсөн жилийн Цэргийн наадамд зургаа давж, цэргийн харцага цолтой болсон. Сарын дараа Орхон аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан болж билээ. Яг 365 хоногийн дараа улсын начин боллоо.
-Танд спортын өндөр амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Энэ ташрамд, аав, ээж, төрөл садан, зааж зөвлөдөг хүмүүс, бөх сонирхогч монголчууд, “Алдар” спорт хороо, “Вайт лайк”, “Молор трейд” компанийн хамт олон, “Бөхбилэгт” дэвжээнийхээ бөхчүүд, багш нартаа талархал илэрхийлье. Энэ бол надаар тодотгож байгаа бид бүгдийн амжилт гэж хэлье.