ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Мөнххуягтай тус албаны хийж, хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.
-Цагдаагийн байгууллага ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад мэргэжлийн алба хаагчдаас гадна хөрөнгө, санхүү маш чухал. 2020 он гарснаас хойш хийж бүтээсэн ямар онцлог ажлууд байна вэ?
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулах, батлагдсан төсөв, санхүүжилтийг оновчтой хуваарилах, зарцуулалт, гүйцэтгэлд нь хяналт тавих, нэгж, алба хаагч бүрийг албаны болон зориулалтын техник, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, албаны дүрэмт хувцасны болон хүнсний хангалтыг хүртээмжтэй зохион байгуулах үүргийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагад Санхүү, аж ахуйн алба хариуцдаг. Хариуцсан чиг үүрэг бүрийнхээ хүрээнд маш олон онцлог ажлууд хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, дэлхийн олон оронд дэгдсэн “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх дэглэмийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, аймаг сум, суурингаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих болон гадаадаас татан авах иргэдийг тусгаарлан ажиглах цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шаардлагатай халдвараас хамгаалах хувцас, хэрэглэл, халдваргүйтгэлийн бодис, хоол, хүнсээр хангах ажлыг шуурхай зохион байгууллаа. Мөн алба хаагчдын дархлааг дэмжих, эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж, халдвар хамгааллын иж бүрдэл хувцас 10 968 ширхэг (нэг удаагийн комбинзон, нүдний шил, нүүрний болон амны хаалт, малгай, улавч, бээлий, гар ариутгагч), зайнаас биеийн халуун хэмжигч, шүршигч зэргийг худалдан авч нөөц бүрдүүлэн, шаардлагатай нэгжид хуваарийн дагуу тараагаад байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадмын үеийн хэв журам сахиулах болон хамгаалалтад зориулан олгосон төсөв, зардлыг оновчтой хуваарилж, алба хаагчдыг үүргээ хэвийн гүйцэтгэх, иргэд олон нийтийг сонгуульд оролцох, баяр, амралтын өдрүүдэд аюулгүй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн ажлын чиглэл, ЦЕГ-ын даргын 2020 оны Б/335 дугаар тушаалын дагуу гудамж талбайд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангах зорилгоор цалингийн шатлал, зэрэглэлийг энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс нэмж, анги, байгууллагуудад төсөв, хөрөнгийг хуваарилан олгоод байна.
-Хөл хорио тогтоосонтой холбогдуулан улс орны эдийн засаг хямарч эхэллээ гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Цагдаагийн байгууллага энэ бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа бол?
-Дэлхий нийтэд тархсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор алба хаагчдад шаардлагатай хэрэгслийг худалдан авч нөөц бүрдүүлэн, хуваарийн дагуу шаардлагатай нэгжид тараан олгож буйг дээр дурдсан шүү дээ. Улсын онцгой комисс, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд 22 нэр төрлийн 192.8 сая төгрөгийн хамгаалах хувцас, бүтээгдэхүүн хандивласныг алба хаагчдадаа хуваариллаа. Гадаадаас татан авчрах иргэдийг тусгаарлан ажиллах цэгүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг байрлуулах зөөврийн хяналтын сууцыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор бэлтгэн ашиглаж байгаа зэргээр манай хамт олон иргэдийн аюулгүй байдлыг хангахаар халдвар, хамгааллын дэглэм сахиулж буй цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний хэвийн үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх найдвартай ар тал болж байна.
-Цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг хүн нэг бүрт олгож чадаж байгаа юу?
-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шаардагдах дүрэмт хувцасны жилийн зардлыг улсын төсөвт тусгуулахаар саналаа уламжилдаг боловч Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан сүүлийн дөрвөн жилд төсөвт 34 орчим хувийг бэлтгэхэд хүрэлцэх зардал баталсан.
Тэгэхээр алба хаагчдын дүрэмт хувцасны жилийн хэрэгцээний 1/3 хувьд хүрэлцэх зардлаар нэн тэргүүнд шаардлагатай дүрэмт хувцсыг бэлтгэх бодлого барьж, бэлтгэсэн дүрэмт хувцас, хэрэглэлээ замын хөдөлгөөн зохицуулах, гудамж талбай, улсын онцгой объектод эргүүл, харуулын үүрэг өдөр, шөнөгүй гүйцэтгэж байгаа алба хаагчдад голчлон олгох байдлаар зохицуулалт, хуваарилалт хийж ирлээ. Эхний хагас жилийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн 74 анги, байгууллагын 9359 алба хаагчид давхардсан тоогоор 117 нэр төрлийн 34 861 дүрэмт хувцас, ялгах тэмдэг олгосон.
Тусгай хэрэгслийн тухайд мөн л хөрөнгө, мөнгө хүрэлцээ муутай. Төсвөөс хуваарилсан холбогдох зардлаар тодорхой тоогоор хүн нэг бүрийн тусгай хэрэгслийг бэлтгэн олгож байгаа. Тоо хэмжээ, нэр төрлийн хувьд албаны нууцад хамаарах учраас дурдахгүй өнгөрөөе.
-Сонгууль, наадмын хамгаалалтын үеэр цагдаагийн алба хаагчид ачаалал ихтэй байлаа. Харин санхүү, мөнгөний хүрэлцээ ямар байв?
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хамгаалалтад ажиллагсдын тээвэр, шатахуун, шуудан холбоо, хоол, дотоод албан томилолтын зардлыг холбогдох байгууллагуудаас баталж, хууль, журмын дагуу зарцуулсан. Сонгууль болон Үндэсний их баяр наадмын хэв журам сахиулах эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх цагдаагийн 61 байгууллагын 4012 алба хаагчид хээрийн хүрэм, өмд, гэрэл ойлгогчтой хантааз, богино түрийтэй гутал, борооны цув, усны гутал, поло цамц, савхин хүрэм зэрэг 32 нэр төрлийн 12 135 нэгж дүрэмт хувцас, ялгах тэмдгийг шуурхай бэлтгэн олгож албаны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн.
Цагдаагийн байгууллагын хэмжээнд ”Ken¬wood-278” загварын 4942 ширхэг гар станц хэрэглэдгээс 1139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, актлахаар болсон. Ашиглалтын шаардлага хангаж байгаа 3803 ширхэг станцын 2281 ширхэг буюу 60 хувь нь зай хураагуур нь цэнэгээ амархан алддаг, нэмэлт батарей шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Уг судалгааны дагуу цагдаагийн байгууллагын удирдлагын шийдвэрээр гар станцыг 1200 ширхэг батарейг бэлтгэн олгож, сонгуулийн болон наадмын хамгаалалтын албаны бэлэн байдлыг хангалаа.
Энэ ташрамд танай сониноор дамжуулан цагдаа, дотоодын цэргийн үе үеийн ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагч, ажилтнууддаа орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярын мэнд хүргэе.