“Шавь нар минь шалгалтаа сайн өгсөн нь дан ганц миний гавьяа биш. Хамт олон, мэргэжил нэгтнүүдийн дэмжлэг, хүүхдүүдийн хичээл зүтгэл нөлөөлсөн” хэмээн даруухан инээмсэглэх, “Шинэ Монгол” сургуулийн математикийн багш Н.Цогжаргалтай ярилцлаа. Цар тахлын хүндхэн цаг үетэй давхацсан, теле хичээл, цахим сургалтад сурагчдынхаа ирээдүйг даатгасан 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д түүний шавь нараас хоёр нь даалгавраа 100 хувь гүйцэтгэж, дөрөв нь 800, гурав нь 797 оноо авсан амжилт үзүүлсэн юм.
-Уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Математикийн багшаар хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Би дунд сургуулиа Өвөрхангай аймгийн Богд сумд дүүргэсэн. 2008 онд МУИС-ийн математик, мэдээлэл зүйн багшийн ангид элсэж, 2012 онд “Шинэ Монгол” сургуулиас ажлын гараагаа эхлүүлсэн. Математикийн багшаар ажиллаад 12 жил болж байна.
-Математик тоо, томьёонд суурилдаг учраас олон хүн энэ шинжлэх ухааныг ойлгоход төвөгтэй гэж дөлдөг. Та математикийн юунд нь дурлаж, энэ мэргэжлийг сонгосон бэ?
-Хүүхэд байхаасаа л математикийн багш болно гэж мөрөөддөг байлаа. Тоо, томьёонд ойрхон өссөн учраас тэр байх. Учир нь, ээж, эгч хоёр минь надтай ижил мэргэжилтэй. Дунд сургуулийн математикийн багш минь үлгэр жишээ, хичээлээ сонирхолтой заадаг байсан нь ч нөлөөлсөн гэж боддог. Багш болно гэж эртнээс төлөвлөн, хичээж, бэлдсэний хүчинд ЭЕШ-д математикийн хичээлээр 800 оноо авч, МУИС-д элссэн дээ.
Цаад шалтгаан, зүй тогтлыг нь ойлгочихвол математик үнэхээр сонирхолтой. Манайхан “амтыг” нь мэдэрдэггүй учраас л хэцүү гээд халгадаг. Би тэр амтыг нь, сайхныг нь зах зухаас нь олж харж, мэдэрсэн учраас энэ мэргэжлийг сонгосон юм.
-“Ковид-19” дэлхий нийтийг түгшээсэн, онцгой дэглэмтэй хүндхэн цаг үед болсноороо энэ жилийн ЭЕШ онцлог байлаа. Гэсэн ч таны шавь нар математикийн хичээлийн шалгалтаа гойд амжилттай өгчээ. Хэрхэн, яаж бэлдэв?
-Өмнөх үеийн төгсөгчид маань ч шалгалтаа сайн өгсөн. Энэ жилийн тухайд “Шинэ Монгол”-ын нийт төгсөгчөөс 12 нь ЭЕШ-д 800 оноо авлаа. Математикийн хичээлийг тусгайлан авч үзвэл, өнөө жил нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд шалгалт өгсөн юм. 700-гаас дээш оноо авсан 250 гаруй хүүхэд байгаагаас 48 нь манай сургуулийн төгсөгч. Энэ дунд 14 хүүхэд 800 оноо авснаас дөрөв нь “Шинэ Монгол”-ынх байна. Хоёр хүүхэд даалгавраа 100 хувь гүйцэтгэсэн.
Би ажилд орсныхоо дараа жил энэ хүүхдүүдийг (2020 оны төгсөгчид) дааж аваад, зургадугаар ангиас нь математикийн хичээл заасан. Тэд маань ийм өндөр амжилт үзүүлсэнд баярлаж, бахдаж байна. Гэхдээ энэ нь дан ганц миний амжилт биш. Сургуулийн бодлого, үйл ажиллагаа, багш нарын дэмжлэг, хүүхдүүдийн хичээл зүтгэл чухал нөлөө үзүүлсэн. Бид хүүхдийн сурлагаас илүү хандлага, төлөвшилд анхаарч, чухалчилдаг. Хандлага эерэг бол сурах арга барил, чиглэл аяндаа тогтоно гэж үздэг. Хүүхдийг математик, физик гэхчлэн аль нэг хичээлээр дагнан “нүдэх” бус, бүгдэд нь жигд сайн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм. Мөн багийн системээр ажилладаг онцлогтой. Тухайлбал, хичээл заадаг багш нар үе, үеийг хариуцаж авдаг. Энэ жилийн төгсөгчид шалгалтаа амжилттай өгсөн нь хариуцсан багш нар нь төгсөгчидтэйгөө тулж, сайн ажилласны үр дүн гэж бодож байна.
-Онцгой дэглэмтэй үед сурагчдаа хэрхэн дасгалжуулж, бэлдсэн “жор”-оо хуваалцана уу?
-Сурагчид “Ямар даалгавар ирэх бол” гэсэн айдас, түгшүүртэй байв. Бид анх удаа цахимаар давтлага хийсэн. Дэлгэцийн цаанаас харилцах, хичээл заах, даалгавар өгөх, түүнийгээ шалгах, сурагчидтай нэгбүрчлэн тулж ажиллах гээд нэлээд бэрхшээлтэй юм билээ. Дээрээс нь теле хичээлээ үзнэ. Төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага хийж болно гэсэн шийдвэр гарсан тавдугаар сараас эхлээд манай багш нар сургалтаа эрчимжүүлсэн.
-ЭЕШ-ын математикийн хичээлийн сэдэв геометрын бодлого давамгайлсан, хугацаандаа амжихааргүй хүнд даалгавруудтай байсан гэсэн яриа төгсөгчдийн дунд байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Өмнөх онуудын шалгалтын материалд хялбар, заримыг нь шууд хараад л бөглөх боломжтой тест бүхий даалгавар зонхилдог байсан бол өнөө жилийнх арай ахисан түвшнийх байлаа. Ажиллагаатай, таамаглахад бэрх, илүү чадвар шаардсан даалгаврууд түлхүү оруулсан нь үнэн.
ЭЕШ болох үеэр би орон нутагт ажилтай байсан ч биечлэн ирж, хүүхдүүддээ амжилт хүссэн. Сурагчдын олонх нь шалгалтаас гарч ирэхдээ “Санасныг бодвол боломжийн даалгавар ирлээ” гэж байв. Манай багш нар хөтөлбөрийн дагуу алгебр, геометрийн хичээлийг тэнцвэртэй, хослуулж заадаг учраас шалгалтын бодлогууд сурагчдад хүнд санагдаагүй болов уу. Зарим сургуулийн төгсөгч ширээгээ өшиглөж, эсэргүүцлээ илэрхийлсэн, даалгавар хүнд байна гэж шүүмжилсэн талаар мэдээлэл дуулдсан.
-Ер нь сүүлийн жилүүдийн ЭЕШ-ын материалын агуулга, түвшин сургалтын хөтөлбөртэй хэр ойр, уялдаатай байна вэ?
-Агуулгыг нь Боловсролын үнэлгээний төвөөс баталдаг. Энэ утгаараа шалгалтын материалыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулдаг гэж үзэж байна. Манайхан аливаад шүүмжлэлт сэтгэлгээгээр ханддаг учраас янз бүрийн яриа үүсгэдэг байх.
-Манай сурагч, оюутнууд сүүлийн жилүүдэд олон улсын олимпиадад ч цойлох болсон. Та томоохон уралдаанд шавь нараа сойдог уу?
-“Кенгуру” олон улсын математикийн олимпиадад сурагчдаа зургадугаар ангиас нь эхлэн тогтмол оролцуулдаг. Нэрэмжит олимпиадуудад ч сурагчдаа аль болох сорихыг хичээдэг.
-Зарим хүн “Олимпиад шиг хэрэггүй зүйл үгүй. Хүүх+дийг багаас нь шагнал, сэтрийн араас хөөцөлддөг, уралдаанч сэтгэхүйтэй болгодог дэмий” гэдэг. Олимпиад зохион байгуулах нэрийдлээр бизнес хийдэг сургуулиуд ч бий гэж шүүмжилдэг шүү дээ. Сурагчдаа ийм уралдаанд идэвхтэй оролцуулдаг багшийн хувьд та юу хэлэх вэ?
-Чанартай хэдэн олимпиад зохион байгуулахад буруу зүйл үгүй. Би дэмжинэ. Харин нэрэмжит олимпиад олшрохоор ашиг сонирхлын тал руугаа хэлбийж магадгүй юм. Яам, холбогдох байгууллага үүнд хяналт тавьж, хязгаарлах нь зүйтэй болов уу. Хамгийн гол нь хүүхэд олимпиадад оролцсоноор илүү эмх цэгцтэй болж, цагаа зөв хуваарилж сурдаг. Бодлого бодох арга техникт суралцан, өөрийнхөө чадамж, түвшнийг мэдэж, туршлага хуримтлуулдаг зэрэг ач холбогдолтойг бодолцох хэрэгтэй.
-Сурагчдадаа хичээл заахдаа ямар “тактик” баримталдаг бол?
-Олимпиад, шалгалтад хүүхдүүдийн түгээмэл гаргадаг алдааг хичээлийнхээ үеэр лавшруулан зааж, ойлгуулдаг. “Үүнийг сайн тогтоогоорой, ийм бодлогод хүүхдүүд “унадаг” шүү” гээд анхааруулчихаар сурагчид тухайн бодлого, томьёог илүү соргогоор, түгшиж хүлээж авдаг шиг байгаа юм. Ингэж хүлээж авсан, ойлгосон зүйлээ бараг мартдаггүй.
Хичээлээ ойлгоогүй, төөрөлдсөн хүүхдийн царай андашгүй байдаг. Тиймээс ийм шинж ажиглагдсан сурагчидтай тулж ажиллахыг хичээдэг юм. Шаардлагатай үед амралтын өдөр ч хамаагүй сурагчдадаа давтлага өгдөг.
-Таны хэлсэнчлэн математикт амт, гоо сайхан гэж бий бол түүнийг хүн бүр мэдрэх боломжтой юу. Энэ шинжлэх ухаанд төрмөл, байгалиасаа өгөгдөлтэй хүн гэсэн ойлголт байдаг уу?
-Төрөлхийн хүлээж авах чадвар өндөртэй хүн гэж бий л дээ. Гэхдээ мэдээж хувь хүний хичээл зүтгэл, хөдөлмөр чухал. Тэрнээс эрэгтэй хүн математик илүү ойлгодог, эмэгтэйчүүд тааруу гэж баталсан зүйл, томьёолол байхгүй.
-Тэгвэл хүүхдийг төдөн наснаас нь математикаар хичээллүүлбэл тохиромжтой гэсэн үе байдаг уу?
-Тийм үе байдаг гэж боддог. Бага, дунд буюу есдүгээр анги хүртэлх үед хүүхэд хичээлдээ бүрэн төвлөрч, идэвхтэй суралцдаг юм шиг. Энэ үеэс математикийн хичээлийн гол агуулгуудыг түлхүү заавал тохиромжтой гэж санагддаг.
-Зарим нь “Тоо, томьёогүй амьдраад болоод л байна” гэдэг. Математик ер нь амьдралд ямар хэрэгтэй юм бэ?
-Манайхны олонх нь математикийг хэрэглэх түвшинд ойлгодог. Гэтэл бүтээх түвшин болгонд математикийн мэдлэг шаарддаг, ашигладаг юм. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсыг бүтээхэд ч математикийн шинжлэх ухаанд тулгуурладаг байх жишээтэй. Бүтээгч, үйлдвэрлэгч иргэдийг бий болгоход математикийн суурь мэдлэг чухал нөлөөтэй.
-Хэд хоногийн өмнө тантай утсаар холбогдоход ном, сурах бичгийн ажилтай хөдөө явж байна гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж болох уу?
-Манай багш нар зургадугаар ангийнхнаас эхлүүлээд анги тус бүрт ашиглах нэгдсэн нэг номтой болгохын тулд сурах бичиг зохиож байгаа юм. Жишээлбэл, би зургадугаар ангид хичээл заахын тулд тав, зургаан сурах бичиг ашиглах, харьцуулах шаардлагатай болдог. Ийм олон сурах бичиг хэвлэх, ашиглах шаардлагагүй болгохын тулд тэдгээрийг нэгтгэн, “Шинэ Монгол”-оор овоглох ном хэвлүүлэхээр зорьж байна. Энэ жил зургадугаар, ирэх онд долдугаар, түүний дараа наймдугаар анги гэхчлэн сурах бичгээ үе шаттайгаар боловсруулах юм.
-Зорилгоо тодорхойлон, мэргэжлээ хэдийн сонгочихсон, ЭЕШ-д одооноос бэлдэж буй математикч сурагчдад та юу гэж зөвлөх вэ?
-Би залуу багш учраас туршлага, зөвлөгөө гэж ярихаасаа санаа зовж байна. Насаараа хичээл заасан, чадварлаг багш өчнөөн бий. “Шинэ Монгол”-д ч туршлагатай, мундаг багш нар байгаа. Энэ багш нараасаа үлгэрлэж, суралцахыг хичээж явна.
Дараа дараагийн төгсөгчид энэ жилийнхний амжилтыг ахиулна гэж найдаж байна. Тэдгээр сурагчид зөвлөхөд, зөвхөн төгсөх жил, ЭЕШ болох хавраа цагийг нь тулгаж бэлдэх биш, байнгын дасгал, сургуулилалттай байгаарай гэж захья. Өдөр тутам үзэж буй хичээл, хийдэг даалгавар чинь төгсөх шалгалтын нэгээхэн хэсэг, сорилго гэдгийг санаж, хариуцлагатай байгаарай.