Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Үүнд оролцож, сонгох эрхээ эдлэх иргэдийн нэрийг өнөөдөр УБЕГ-ын цахим хуудсанд байршуулах юм. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.4-т “Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхлэн орон нутгийн ИТХ-ын сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” хэмээн заажээ.
Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх, 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаадад зорчсон болон тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух боломжгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь ажиллаж буй алба хаагч, ажилтны мэдээллийг хил хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага, мөн тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн, дотоодын цэргийн анги, нэгтгэлийн алба хаагч, ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага, энэ жил Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан хүмүүсийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу ирэх сарын 16-ны дотор СЕХ-нд хүргүүлэх заалттай аж. Тэдгээр иргэний мэдээллийг СЕХ хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор УБЕГ-т хүргүүлэх бөгөөд тус газрынхан нягталсны эцэст сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн иргэний мэдээлэлд “Түр хасав” тэмдэглэгээ бичих юм. Ийм тэмдэглэгээтэй иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтад оруулахгүй аж.
Иргэд дээрх жагсаалт дахь өөрийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй бол санал авах өдрөөс 14 хоногийн өмнө итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Үүнийг мөн санал авах өдрөөс гурав хоногийн өмнө шийдвэрлэх заалттай юм байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн сард болсон УИХ-ын сонгуульд оролцох, сонгогчдын нэрийн жагсаалтад 2 396 000 гаруй иргэн бүртгүүлж байсан билээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тойргийг тухайн шатны ИТХ-ын тэргүүлэгчид баталсан. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг нь тогтоосон юм. Үүнээс Баянгол, Хан-Уул зургаа, Баянзүрх, Сонгинохайрхан 10, Чингэлтэй, Сүхбаатар дөрөв, Багануур, Налайх хоёр, Багахангай нэг мандаттай. Нийслэлийн ИТХ-ын мандатын тоо 45 байна гэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгасан байдаг. Харин сумын ИТХ-ын мандатыг хүн амынх нь тоотой харьцуулж батлах зохицуулалттай. Тухайлбал, хүн амын тоо нь 2000 бол 15, 2000-5000-д 21, 5000-9000 бол 27, 9000 ба түүнээс дээш тохиолдолд 31 мандаттай байх ёстой. Дүүргийн ИТХ-ын хувьд иргэний тоо нь 30 000 хүртэлхэд 17, 30001-100000 бол 25, 100001- 200000-д 35, 200001-300000 бол 41, 300001 ба түүнээс дээш тохиолдолд 43 мандаттайгаар хуваарилжээ. Харин аймгийн ИТХ-ын мандатын тоог хүн амынх нь нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг нь харгалзан үзэж, тусгай томьёогоор бодож тогтоохоор дээрх хуульд тусгасан байна.
Орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ирэх сарын 16-наас хааж, санал авах өдрийн маргааш сэргээх зохицуулалттай. Ташрамд дурдахад, нам, эвслүүд ирэх сарын 16-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ гаргах аж. Тэдний зардлын дээд хэмжээг энэ сарын 1-нд тухайн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллагуудаас нь зарласан билээ.