“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Манай монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол доктор, профессор Д.Болдбаатар.
-Ард түмэн хүндлэхээс аргагүй, авьяас билиг, оюун ухааны эзэн, тэрхүү тэнгэрлэг эрдмээрээ дэлхийн суут зохиолчид, тэргүүлэгч мэргэдийн зохиол туурвилыг эх хэлэндээ хөрвүүлэн энх (одоо) цагийн уншигчдад өргөн барьж, мөнх (ирээдүй) цагийн өртөөнд гавьяагаа байгуулсан эрхэм гүүш таны амрыг айлтгая. Би танаас нэг чухал эрдэм гуйя. Эдийн эзэд харамч зантай. Эрдмийн эзэд харамгүй өглөгч буянтай. Та эрдмээсээ хайрла. Таны хайрлах гэгээн өглөг тань надад биш, ард түмэн, түүний хойч үеийнхэнд буман дойлуур (доллар) бүхий хадгаламжийн дэвтрээс үнэтэй өв хөрөнгө болох нигууртай. Орчуулагч хүн яаж зовдог, тэрхүү зовлон нь эргээд яаж жаргал болдгийг л хэлж хайрла. Миний гуйлга ердөө энэ. Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла!
-Эрхэм номын ах лугаа эчнээ уулзаж ярилцлага өрнүүлэх завшаан тохиосонд туйлын ихээр олзуурхаж байгаагаа юуны өмнө хэлье. Би номын ах гэдэг үгийг амны аясаар хэлсэнгүй. Учир нь би андуураагүй бол таныг 1950-иад оны сүүлчээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид сурсан гэж дам сонссон. Би 1981 онд мөн сургуулийн ижил ангид сурсан болохоор хуучин уламжлалын дагуу номын ахан дүүсийн дам барилдлагатай байж таарах юм. Намтар түүхийн хувьд гэвэл 1963 онд дөрвөн уулынхаа буйдхан чөлөөг олж төрсөн. Улаанбаатарын уугуул. Бусдын жишгээр бага, дунд сургууль төгсөж, их сургууль дүүргээд МУИС-даа нэг жил багшилсны дараа 1987 оноос тухайн үед “Бага зохиолчдын хороо” хэмээх эрхэм алдартай байсан Монголын радиогийн Хятад хэлний нэвтрүүлгийн редакцад орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Энэ сайхан хамт олны халуун ам бүлд нэгдсэн нь хожим уран зохиолын орчуулга хэмээх амаргүй салбарт хоёргүй сэтгэлээр шамдах үүд хаалгыг нээсэн завшаантай хэрэг гэж санадаг. Хувийн намтрын дийлэнх хэсэг нь хожмын уран бүтээлийн зам мөртэй салшгүй холбоотой болохоор ярилцлагын явцад уншигчдын энэ талаар сонирхсон цөөнгүй асуулт тодорхой болж таарна. Тийм болохоор ингэсхийгээд зогсох уу даа.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!
-27-хон настайд минь надад Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг (МХНН)-ийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдох хувь тохиосон юм. Нийгэмлэгийн дарга нь Улаанбаатар хотын даргаар олон жил ажиллаж байгаад хожим УИХ-ын дарга болсон Л.Энэбиш. Бусад тэргүүлэгч гишүүний хувьд Бавуугийн Лхагвасүрэн, Нацагийн Жанцанноров гээд ухааны ир бяр тэгширсэн идэр дунд насны жавхаатай эрчүүд байсан нь амьдралд хөл тавиад удаагүй нас залуу надад их түшигтэй, эерэг сайхан нөлөөтэй байж дээ. Хоёр орны харилцаа зөөлөрч хэвийн байдалд орсны том илрэл болж МХНН-ийн төлөөлөгчид 1991 онд анх удаа өмнөд хөршид айлчлахад дээр нэр дурдсан эрхмүүдтэй хамт явах завшаан надад тохиосон юм. Харчууд албан ажлын завсар чөлөөгөөр юу эсийг ярих вэ. Тэр зуур Н.Жанцанноров гуай надад хожмын уран бүтээлийн зам мөрт тусгалаа үзүүлэхээр сонин зүйлийг их л энгийнээр хүүрнэсэн нь одоо эргэн санахад их дурсгалтай. Уран бүтээлчид бид түүнийг “Жааяа” хэмээн авгайлан нэрлэдгийг та юу эс андах вэ. “Өөрийнхөө уран бүтээлийг ажиглахад би дөнгөж 20 гаруйхан настай байхдаа эстрадын дуу түлхүү бичжээ. Тэр нь өөрийгөө залуу үед таниулахад ихээхэн тустай байсан санагддаг. 30 гаруй насандаа “Бурхан бумбын орон”, “Чандмань эрдэнэ” гэх мэт нийтийн дуу цөөнгүй бичсэн нь олон түмэнд өөрийгөө таниулан тунхагласан хэрэг л дээ. 40 шүргэх насандаа бичсэн “Мандухай цэцэн хатан” зэрэг бусад томоохон бүтээлийг маань ард түмэн их нааштай хүлээн авч байна. Түрүү үеийн томчуудын үүх түүхийг харахад энэ насны заагаас цааш л жинхэнэ насны том бүтээл рүүгээ тууштай ордог шиг байгаа юм. Танай орчуулгын уран бүтээлд ч иймэрхүү замын зураглал байж болох талтай шүү” гэсэн юм.
Эргээд харахад яг тэр их хүмүүний хэлсэн уран бүтээлийн замын зураглал миний уран бүтээлд тод тусгалаа үлдээсэн. Нөгөө талаар уран бүтээлчийн зохиол бүтээл амьдарч буй цаг үеийнхээ тусгал байдаг хэмээх гарцаагүй үнэнээс гажин дутааж чадах хэн байх билээ. Би ярилцлагын эхэнд Монголын радиог “Бага зохиолчдын хороо” хэмээн нэрлэдэг байсныг дурдсан. Б.Лхагвасүрэн, З.Дорж, С.Пүрэв, П.Сандуйжав, Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа, Ц.Чимэддорж, Д.Энхболд, Л.Мягмарсүрэн, П.Баярсайхан гээд энд нэрийг нь тоочин дурдаж барахын аргагүй том зохиолчид тэнд ажилладаг байв. Хоёр орны харилцаа зөөлөрч байсантай уялдаад Хятадын эртний “Тан улсын шүлэг”, “Сүн улсын дуулал”, “Яруу найрагч Либай”, “Яруу найрагч Дүфү” гэсэн дөрвөн нэвтрүүлгийг Уран зохиолын редакцаас бэлтгэн гаргахад тэдгээртэй холбоотой шүлэг дууллуудыг орчуулах үүрэг надад оногдож билээ. Тан улсын сонгодог яруу найрагч Либайгийн тухай нэвтрүүлгийн толгой гарчгийг Зундуйн Дорж ах маань “Усанд базаагүй хятад торго” гэсэн нь Монголын радиогийн нэвтрүүлгийн хөтөлбөрөөр зарлагдаж байлаа. Түүний цаад санааг уран бүтээлд элэгтэй эрхэм уншигчид гадарлаж байгаа нь эргэлзээгүй. 1950-иад оны сүүлчээр Дорнын их яруу найрагч Б.Явуухулан Либайгийн шүлгийн түүврийг орос хэлнээс орчуулан гаргахдаа “Хятад хэл мэдэхгүйн харгаагаар энэ сайхан бүтээлүүдийг өөр хэлээр дамжуулан орчуулдаг нь нэг талаар сайхан шинэ хятад торгыг усанд базаад орхисон мэт санагдаж байна” гэж бичсэн.
З.Дорж ах маань миний анхны орчуулгын шүлгүүд жинхэнэ хятад эхээс шууд орчуулсан гэдэг санааг товойлгох гэж тийм нэр өгсөн байж таарна. Тухайн үед манай нийт иргэдийн уран зохиолын боловсрол маш өндөр байсан нөхцөлд дээрх нэвтрүүлгүүдийг сонсогчид гайгүй хүлээн авсан нь надад маш их урам зориг өгсөн. Түүнд урамшаад Сүн улсын дуулал шүлэгч Жоу Бан Яньгийн 20 гаруй шүлгийг орчуулснаараа бас нэг нэвтрүүлэг хийсэн юм. Тэр нэвтрүүлэг радиогийн эфирээр дамжаад удаагүй байтал тухайн үеийн “Утга зохиол урлаг” сонин дээр хүрээд ирээч хэмээн зохиолчдын хорооноос утасддаг юм байна. Тэр өдөртөө яваад очтол О.Дашбалбар агсан хүлээн авч уулзаад “Чиний сүүлийн үед бэлдэж нэвтрүүлээд байгаа Тангийн шүлэг, Сүнгийн дуулал зэрэг нэвтрүүлгийг чинь сонссон. Монгол шүлгийн хэв загвараар тун боломжийн хөгжимлөг буулгасныг ихэд олзуурхаж байна. Чиний орчуулсан шүлгийн нэг бадгаас эш татаж “Дорнын салхинаа тоорын цэцэгс хийсмүй” нэрийн доор “Утга зохиол урлаг” сонины дараачийн дугаарт хэвлэгдэх болсон. Би энэ ажлыг хариуцдаг хүний хувиар чиний шүлгийн ганц мөрт засвар хийгээгүй нь чамд ихээхэн найдлага тавьж байгаа хэрэг шүү” хэмээсэн нь өнөө хэр нүдэнд тодхон үзэгдэх шиг санагдмуй. Орчуулсан шүлгээ анх удаа цаасан дээр хэвлүүлж байгаа нь тэр юм. Тухайн үед маш нэр хүндтэй, уншигчдын өргөн хүрээлэлтэй байсан “Утга зохиол урлаг” сонинд бүтээлээ хэвлүүлнэ гэдэг залуу уран бүтээлчдийн хувьд ихээхэн нэр хүндийн хэрэг байв.
Удалгүй манайд өөрчлөлт шинэчлэлт эхлээд үзэл суртлын хорио саад тавигдсан. Хүүхэд, залуусын дунд ушу буюу зэвсгийн эрдмийн сэдэвтэй кино маш эрэлттэй байгааг ажиглаад “Журамт бүсгүй Лү Би Лянь”, “Мөрөн голын шулам бүсгүй” нэрт зэвсгийн эрдмийн талаарх хоёр роман орчуулсан нь хэвлэгдсэн жилдээ тус бүр 20-25 000 хувь борлогдчихож билээ. Хувиараа ном орчуулан хэвлүүлэх санаа сэдлийг Ц.Чимэдорж агсан надад өгсөн юм гээд яривал дуусашгүй урт түүх болж мэднэ. Энэ ярилцлага голчлон уран зохиолын орчуулгын онцлог руу чиглэх учиртай нь тодорхой. Би саяхан залуу багш нартаа хэлсэн нэг санааг энд давтъя. Миний орчуулгын уран бүтээлийг тоймтой ойлгоё гэвэл Зян Рунгийн “Чонон сүлд”, Халед Хоссенигийн “Цаасан шувуу наадуулагч”, “Мянган нарны цацраг”, “Уулсын цууриа”, “Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилохуйн гүр дууллууд”, “Гурван улсын үлгэр”, “Усан хөвөөний шастир”, “Баруунш зорчсон тэмдэглэл” гэсэн дэс дарааллаар уншвал зүгээр” хэмээсэн. Би 2010 оноос уран зохиолын орчуулга руу түлхүү орсныг уншигчид мэдэх байх аа. Түүнээс өмнө нэг хэсэг “Хуаньжу гэг”, “Чингис хаан” гэх мэт нийт 1500 гаруй анги кино орчуулсан. Залгуулаад хоёр хэлний толь бичиг болон сурах бичиг чамгүй олныг гаргасан нь уран бүтээлийн тодорхой үечлэлүүдийг харуулахын сацуу тухайн нийгэм цаг үеийн хэрэгцээ шаардлагын тусгал байсан гэж хэлж болох юм.
-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.
-Радиогийн шинэхэн орчуулагч редактор болоод хоёр гурван жилийн нүүр үзэх зуур тэнд ажиллаж байсан нэлээд олон үе тэнгийн зохиолч, яруу найрагч анд нөхөртэй болсон юм. 1989-1990 оны эхээр манай нөхөд номоо ойр ойрхон “өлгийдөн авах”-ыг хараад дотроо хөнгөн атаархал өвөрлөж явах болов. Тэр үед залуу уран бүтээлчдийн ном хэвлэлийн төлөвлөгөөнд багтана гэдэг тэнгэрт авирахаас дутуугүй бэрх байсан болохоор тэр юм л даа. Нэгэн удаа нэлээд ойр дотно нөхөрлөж явсан Цэндийн Чимэддорж агснаас “Та нар яаж ийм ойр ойрхон номоо хэвлүүлээд байна вэ” гэж аминчлан асуутал “Өөрчлөлт шинэчлэл, аж ахуйн тооцоо энэ тэртэй холбоотойгоор улсын хэвлэх үйлдвэрт шууд мөнгөө аваачиж өгөөд ном хэвлүүлдэг болсон. Тоолдог хэд нь л байх хэрэгтэй дээ” гэлээ. Тийм боломж бийг сэтгэлийн гүндээ чанд хадгалчихаад байж байтал удалгүй 1990 оны хавар Хятад улсад анх удаа хөл тавих боломж гарлаа. Монгол, Хятадын харилцаа сэргэж байгаатай холбогдоод манай кино үйлдвэрийнхэн тэндхийн ажил мэргэжил нэгт нөхөдтэй найрамдлын сэдэвтэй хамтарсан уран бүтээл хийх болсон тул би орчуулагчаар нь тохоон томилогдсон хэрэг. Тухайн цаг үед Хятадын ушугийн кино манай улсад жинхэнэ моодонд ороод байсан бол урд хөршид ушу буюу зэвсгийн эрдмийн ном их гүйлгээтэй байсан юм. Ёстой нүд эрээлжлэм тэр олон номын дундаас дөрвийг сонгож авсны хоёр нь “Журамт бүсгүй Лү Би Лянь”, “Мөрөн голын шулам бүсгүй” бөлгөө.
Тэр хоёрыг орчуулж, хэвлүүлэх санаатай Ц.Чимэддорж найрагчийн зөвлөснөөр Улсын хэвлэлийн комбинат дээр гүйгээд очсон чинь их, бага зохиолчдын хорооны уран бүтээлчдийн туурвил зохиолын захиалга хахчихаад над шиг шинэ сэргэг орчуулга сонирхогчид орон зай байхгүй нь мэдрэгдэв. Тэр үед ардчилсан хувьсгалын салхи сэвэлзээд “Үг” сонины анхны дугаарыг гаргалцах хувь тохиосон юм. Тэнд ажиллаж байхдаа “Би яагаад уран зохиол, танин мэдэхүйн чиглэлтэй хувийн сонин гаргаж болдоггүй билээ” гэж санаад хоёр нөхрийн хамт мянга мянган төгрөг нийлүүлж “Арга билиг” нэртэй сонин гаргаж, эхний дугаарууд дээрээ “Журамт бүсгүй Лү Би Лянь” зохиолынхоо хэсгээс нийтэлж эхэлсэн нь улс төрийн утаа мананд тархи нь эзлэгдээд эхэлсэн уншигчдын хувьд ихээхэн сонин санагдсан бололтой борлуулалт эрс нэмэгдээд ирсэн дээ. Хэн ч таньж мэдэхгүй тэр сонин 10 000-20 000 ширхэг төвөггүй зарагдаад эхэлсэн. Нам, засгийн “Үнэн” сонин 15 мөнгөний үнэтэй байхад анхны хувийн сонин нэг төгрөгөөр тийм олон тоотой зарагдсан нь залуу гэр бүлийн амьжиргаанд чамгүй дэм болсон. Ямар ч байсан анхны хувийн сониныг хөөцөлдөж байгаад гаргачихсан хүний хувьд уншигчдын дунд эрэлттэй “Журамт бүсгүй Лү Би Лянь” романаа хэвлүүлэх арга замыг сүвэгчилж явсаар бас л хувийн хэвшлийн анхдагчуудын нэг “Арвис” нэрт жижиг хэвлэх үйлдвэрийг олж, эхний ботийг 20 000 мянган хувь хэвлүүлэх захиалга өгсөн юм. Тэр том захиалгын мөнгөний зарим хэсгийг сонин хэвлүүлж зарсан ашгаас олсон. Үлдсэн хэсгийг ашиг хуваах болзолтойгоор хувийн тохиролцооны дэлгүүртэй хамаатныхаа залуугаас зээлж билээ. Уг романы жинхэнэ нэрийг үгчилбэл “Журамт бүсгүй ужид хулгай лугаа тулалдсан нь” гэсэн утгатай юм. Манай уншигчдын хувьд тийм нэр хэлбэрийн хувьд танил бусын дээр журамт бүсгүй, ужид хулгай гэх мэт үг хэллэг ч чихэнд наалдацгүйг бодолцон нэрийн хоёр дахь хувилбарыг бодож сонгосон хэрэг.
Хэвлэх үйлдвэрийн зүгээс орчуулгын эхээ шуурхай гаргаж өгөхгүй бол дараачийн захиалга ороод ирвэл удаж мэдэх юм шүү гэсэн болохоор 10 хоногийн дараа бэлэн болгоё гээд ам гарчихав. Тэгээд эхнэртэйгээ хамт удаах өдрийн 07.00 цагаас орчуулж эхлэв. Манай хүн хурдан бичнэ. Би шууд уншиж бичүүлнэ. Түүнээс өмнө өөрөө 2-3 удаа унших зуур орчуулахад хэцүү, адармаатай хэсгийн үг, хэллэгийг ингэж орчуулна гээд санаандаа тогтчихсон болохоор харьцангуй хурдан дууссан. Өглөө эхэлсэн улс яс суусаар 12.00 цагаас хоол ундны ая бодож жаахан амарсны хойно 14.00 цагаас залгуулаад л бичив. Тэгээд оройхондоо бас хоол ундаа идчихээд 23.00 цагт хийсэн зүйлсээ эргээд хартал яг тавин хуудсыг орчуулсан байж билээ. 350 хуудастай тэр номыг тийм хэмнэлээр орчуулсаар яг долоо хоногийн дараа дуусгасан даа. Хамаатныхаа арван хурууны бичээч нэг хүүхэнд түрүүчээс нь өгсөн санагдаж байна. Тэр маань ч гурван хоногийн дараа бүрэн цохиж дуусгасныг нь би ердөө нэг өдрийн дотор уншиж хянаад хэвлэх үйлдвэрт товлосон хугацаандаа шилжүүлсэн санагдана.
20 000 ширхэг ном гэдэг бүтэн ачааны машины тэвш дүүрэн эд болсон юм даг. Зах энэ тэрээр хэд гурвыг борлуулсаар 2-3 мянгыг зарсан боловч цаад талд нь уул овоо шиг их номыг харахаар сэтгэлд дарамттай. Дээр нь ивээн тэтгэгч залуу маань ойр ойрхон эргэлдэх янзтай болов. Тэгээд хурдан борлуулах арга чаргыг бас л Ц.Чимэддоржоосоо асуутал “Монгол ном” компанид 30 хувийн шимтгэл өгч чадвал тэднийх шууд авчихдаг юм” гэсэн сэтгэл сэргээм мэдээ дуулгаад тэр дагуу ердөө гуравхан хоногийн дотор нөгөө хүнд ачаанаасаа салж билээ. 20 000 ном тэр зундаа зарагдаж дууссан болохоор “Монгол ном” компанийн менежер Жанцан гуай “Дараачийн номыг чинь манайх дээр тохирсон хувиар худалдан авч болно шүү” гэхээр нь эхнэр бид хоёр мөн л дээрх жишгээр орчуулж эхний дэвтрийг нь бэлэн болгож хэвлүүлээд тэр компанидаа өгөөд байтал удалгүй ХХ тогтоолоор мөнгөний ханш навс унаад, хэвлэх үйлдвэрүүд цаасны гачаалд орсны дээр хүмүүсийн амьдрал ч хэцүүдэж юун ном, сонин манатай болсон тул II дэвтэр гарах асуудал 2000 он хүртэл хойшилсон. Нэгэн удаа Жанцан гуайтай тааралдтал надад II дэвтрийг хэвлэх санал тавьж, би ч удаж төдөлгүй орчуулж бэлэн болгоод хоёуланг нь нийлүүлж нэг ном болгосон нь одоо худалдаанд зарагдаж байгаа хувилбар юм л даа. Энэ түүхийг өгүүлж суухад өнгөрсөн цаг хугацаанд очсон мэт тун сонин санагдаж байна шүү.
-Манай Монгол орчуулгын баялаг өв, уламжлалтай. Олон зуун жилийн өмнөх болон өнөөгийн орчуулгад чанарын ямар ялгаа ажиглагддаг вэ?
-Энэ миний сэтгэлдээ байнга бодож санаж явахын сацуу боломжоороо эрэл хайгуул хийдэг сэдвийг хөндсөн маш сайхан асуулт байна. Хэрвээ энэ тухай дэлгэрэнгүй ярина гэвэл хэдэн өдөр, шөнө тасралтгүй өгүүлээд, олон арван боть ном туурвиад ч баршгүй гэдгийг өгүүлэх юун. Би гол нь өөрийнхөө уран бүтээлтэй холбоо бүхий харилцаж судалж ирсэн өв уламжлалын талаар товч өгүүлбэл уншигчдад сонин байх болов уу. Өнгөрсөнгүй өнөөдөр гэж байх боломжгүйтэй адил уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй л дээ. Миларайвагийн намтар тууж болон гүр дууллуудыг Хөх хотын гүүш Цорж тухайн цаг үедээ маш уран яруу, эх зохиолын агуулга үзэл санаанд ихэд ойр дөт орчуулсан байдаг. Харин 300 жилийн дараа үеийн уншигчид түүнийг шууд ухан ойлгоход маш хүчиртэй болсон байдаг нь аливаа уран бүтээл тухайн нийгэм цаг үеийнхээ тусгал байдаг хэмээн дээр дурдсан санааг батлахын сацуу хэл хэмээх ухагдахуун маш хувьсамхай, хөгжимхий нийгмийн үзэгдэл байдгийг давхар батлан харуулах бодит жишээ юм. Тэр орчуулгыг уншаад дийлэнх хэсгийг нь шууд ухан ойлгож чаддаггүйчүүдийн нэг би өөрөө байсныг нуух юун. Хожим азтай тохиолоор 1952 онд Лос-Анжелес хотноо Жан Дө Зи гэдэг сайн лам төвөдөөс хятад хэлэнд орчуулсан “Мила Богдын намтар”-ыг унших завшаан тохиосон. Сэтгэлд нэг л сайхан том дүр зураг буугаад орчуулчихмаар санагдаад байдаг. Тэгээд орчуулчихъя гэхээр тугдам сэтгэл, сайн оюун төрмөл эрдэм, Ядам бурхан, зургаан чуулган, вишай гэх мэт шашны маш олон нэр томьёог хятадаар байтугай монголоороо ойлгохгүй юм чинь гацчихаад болдоггүй. Энэ тохиолдолд хятад эхийг гүүш Цоржийн орчуулгатай тулгатал миний гацаад таг суучихсан нэр томьёонуудыг хөдөлбөргүй сайхан тавиад өгчихсөн байгаа юм. Нөгөө талаар хоёр эхийг харгуулж уншихаар ойлгомжгүй байсан дийлэнх утгын зангилаас тайлагдаад зам мөр шуудраад ирнэ ээ дээ. Нэг үгээр хэлбэл, эртний сонгомол орчуулгын арвин баялаг өв уламжлал нь өнөө үеийн орчуулагчдын хувьд маш том давуу тал юм шүү. Гол нь тэр баялаг өв сангаас бүтээлчээр суралцах хэрэгтэйг хэлмээр байна.
Энэ сэдэв миний хувьд маш сонирхолтой санагддаг болохоор та эс чилэх бөгөөс цааш жаахан үргэлжлүүлэн ярьсу. Би “Чонон сүлд” романыг ердөө 26 хоногт орчуулж дуусгасан юм. Өөрөөр хэлбэл, үйл явдалдаа нэг л орчихвол харьцангуй хурдан орчуулдаг уран бүтээлчдийн тоонд орох болов уу. Гэтэл жилдээ нэг удаа гүйлгэн уншдаг “Гурван улсын үлгэр” сонгомол романыг тав, “Усан хөвөөний шастир” буюу манайхан “Хүйтэн уулын бичээс” нэрээр нь мэдэх удаах алдартай сонгомол романыг гурав, “Баруунш зорчсон тэмдэглэл” романыг хоёр жил орчим нухсан гэхээр хэр зэрэг хүнд хөдөлмөр болох нь ойлгогдох байх. Эдгээрийн эртний сайн орчуулгын хувилбар бэлэн нөхцөлд шүү. Яагаад шууд монгол бичгээс нь хөрвүүлээд тавьчихаж болдоггүй юм бэ гэж зарим уншигч асууж мэдэх. Үүнийг би гараас гаргахаар өдөр, шөнөгүй сууж байгаа “Улаан асрын зүүд” сонгомол романы жишээн дээр тайлбарлавал сонин байж мэднэ. “Улаан асрын зүүд” романыг Цао Сюэ Цинь авгай бээр 1744-1753 онд бүтэн 10 жил гэртээ яс сууж туурвисан гэдэг. Энэ зохиол мод чулуун бар болон бичмэл гэсэн хоёр хувилбараар язгууртны хүрээлэл дунд дэлгэрч байсан. Гэхдээ хятад ханз үсгийн онцлогоос болоод хуулан бичих, модон чулуун барыг гараар сийлэх явцад маш олон алдаа мадаг гарч таарна. Тэр болгоныг засаж сайжруулах гэтэл дахин алдаа мадаг гарах явдал зайлбаргүй гэх мэтээр явсаар нийт 800 янзын хувилбар үүссэн гэдэг судалгааны мэдээ бий. Цагийн урсгалд бичмэл хувилбарын тоо цөөрч, барын хувилбарууд тунаж үлдсээр одоо 53 янзын хувилбар байдаг юм гэнэ лээ. Түүнийг манай түрүү үеийн гүүш орчуулагч нар ар, Өвөр Монголд нэгэн зэрэг шахам арван өөр газар орчуулсан тохиолдол байдаг. “Хүйтэн уулын бичээс” зохиолын монгол орчуулгын хувилбар одоогийн байдлаар 35 олдсон. Манай төв номын санд 4-5 өөр хувилбар хадгалагдаж байна гээд яривал их юм бий. Ер нь 1800-гаад оны эхэн үе хүртэл манж нар бодлогоор монголчуудыг Хятадын соёлтой харилцахыг цаазлан хориглодог байсан нь хятад хэл сурч, Хятадын сонгодог зохиолуудтай танилцах боломжийг хязгаарласан. Харин сүүлдээ манж нарын хүч сулран доройтож хүн амын тоо цөөрснийг дагалдан тэр хориг суларснаар монгол сэхээтнүүд хятад хэл, бичиг үзэж, судлан “Гурван улсын үлгэр”, “Хүйтэн уулын бичээс”, “Тансан лам”, “Улаан асрын зүүд” зохиолыг орчуулж хэвлэх боломж нээгдсэн нь сонгомол монгол бичиг хэмээн нэрлэгдэх шинэ сайхан үетэй давхацдаг нь санамсаргүй хэрэг биш. Дээрх дөрвөн зохиолын орчуулга монгол хэл, бичгийн хөгжилд шинэ агаар оруулан хүчтэй түлхэц өгсөн гэж дүгнэхэд буруутахгүй. Гэхдээ хятад эхийн олон хувилбар гарсантай адилхан монгол орчуулгын 20-50 янзын өөр өөр хувилбар байдаг. Өөр өөр газарт орчуулж эхлэхдээ толгой эргэм олон хятад хувилбарын дундаас бас л өөр өөрийг эх болгон хэрэглэж таарна. Энэ бол нарийвчлан судалбаас хэд хэдэн докторын зэрэг горилох өргөн сэдэв болохоор ингэсхийгээд зогсъё доо.
-Сонгомол дөрвөн зохиолыг сүүлийн үед залуу орчуулагч нар орчуулан гаргаж байна. Тэдгээр нь таны орчуулгаас юугаараа ялгаатай вэ?
-Энэ бол нөгөөх 30-40 янзын орчуулгын хувилбар нэмэгдсээр байгаагийн бэлээхэн жишээ. Сүүлийн үед news.mn сайт дээр Хятадын уран зохиолын ноён оргил хэмээгддэг “Улаан асрын зүүд” роман цувралаар нийтлэгдээд байгаа. Би орчуулгын сонгомол хувилбар гаргачих санаатай нухаж байгаагийн хувьд хааяа нэг сонирхоод гүйлгэн харахад яс хавтаймаар зүйл олон ажиглагдаж буйн ганц нэг жишээг энд дурдъя. Уг романы Х бүлгийн эхэнд “Тийнхүү Фөн Же, Ёу хатан хоёр ч тэднийг үргэлж дэмжин тусалдаг тул сая энэ мэт ундрахаар тийш зүглэхээр шийдэв” гэсэн өгүүлбэр бийг уншигч та ойлгож байна уу. Би монгол бичиг гайгүй гадарладаг болохоор юу хэлэх гэснийг төсөөлж байна. Гэхдээ хятад эхийг нь харвал утгын хувьд тэс ондоо зүйл.
Хятад эх дээрээ 。буюу “Фөн эгч, Ю овогт хатан хоёр ч байнга л түүнийг эд юмсаар дэмжиж тэтгэх тул ийнхүү аятайхан амьдрах боломж бүрджээ” гэсэн утгатай юм. Гэтэл яахаараа ундрах зүглэх болоод явчихдаг билээ. Сонгомол монгол бичгийн хэлэнд амьдрал, амьдрах гэхийг ундрал, ундрах гэж бичдэг байсан юм. Ерөөсөө “онд орох” гэдэг үгийн сунжирсан хэлбэр гэж тайлбарлах өвөрлөгч нөхөртэй тааралдсан нь ортой ч байж мэднэ. Харин хятад хэлний гэдэг үг нь орчин цагт зүг чиг гэсэн утгатай бөгөөд, эрт дээр цагт харин “сая” гэсэн утга илэрхийлдэг байсныг орчуулагч мэддэггүй болохоор түүнийг хүчээр нийлүүлэн найруулах гээд ойлгомжгүй утгын алдаа үүсгэсэн хэрэг л дээ. Миний орчуулж байгаа хувилбарт Ван Сифөн нэрт гувай бүсгүйн тухай уран дүрслэлийг овоо боломжийн орчуулан буулгачихав уу даа гэж дотроо сэтгэл дүүрэн явдаг юм. Түүнийг сийрүүлбээс “Тэр бүсгүйн засаж чимснийг үзвэл бусад лугаа адилгүй. Өнгө бүрийн засал зүүдлээс нь гэрэл гялбаа цацрах нь зэрвэс харвал хувилгаан дагина хэмээлтэй... Уруул нь эс хөдлөвч урьхан инээд нэвт туяараад ид бахтай цав цагаан царайд нь идрийн жавхаа тод гэрэлтмүй” юм. Тэгвэл news.mn дээр нийтэлж байгаа хувилбарт “Энэ хүний засаж чимсэнийг үзвэл хүүхнүүдтэй адилгүй, өнгө бүрийн засал зүйдлээс нь гэрэл гялбаа цацарч байх нь хувилгаан дагина гэлтэй. Чавган улаан уруул нь хөдлөлгүй инээхэд, цав цагаан царайд нь цуурайлагч шинж нуугджээ” гэсэн байх юм. “Хүүхнүүдтэй адилгүй” мөртлөө “Уруул нь хөдлөхгүй инээдэг” гэхээр танд учиргүй сайхан бүсгүйн хэв шинж мэдрэгдэж байна уу. Цууриалагч хэмээх нь сайхан бүсгүйн ямар гоё шинж юм бол доо гэж дийлэнх уншигч эргэлзэж байгаа нь лавтай. Үнэндээ уруул хөдөлгөн инээгээгүй байхад л дотоод сэтгэлийн гоо сайхан нэвт гэрэлтэж байгааг зохиогч хэлсэн хэрэг юм л даа. Ийнхүү яриад байвал өө сэв бараг хэдэн мөр алгасаад л тааралдах юм.
Орчуулга гэдэг оюуны бяд шаардсан амаргүй хөдөлмөр. Ялангуяа “Улаан асрын зүүд” шиг сонгомол зохиолыг орчуулахад хятад хэл, сонгомол монгол бичгийн гүн бат мэдлэг шаардахаас гадна орчин цагийн монгол хэлний чамгүй уран чадвар шаардагдах нь мэдээж. Энэ бүх шалгуурыг давсан цагт чанартай сайн бүтээлийг олон түмэнд хүргэх боломжтой. Манай залуу орчуулагч нар сонгомол, борлуулалт сайтай бүтээлийг орчуулчихвал сайн орчуулагчийн эгнээнд орчих мэт төсөөлдөг нь үнэндээ төөрөгдөл. Том юм барьж авах гэхээсээ өмнө өгүүллэг, богино шүлэг зэрэг “жижиг бүтээлийг” чанартай сайн орчуулаад сурчихвал ахиж дэвших шатны гишгүүр болно. Түүний оронд сайн борлуулалттай, сонгомол зохиолыг ямар ч туршлагагүй атлаа барьж авбал орчуулга биш “оршуулга” болоод хувирчихаж мэдэх юм шүү гэж хэлмээр санагдаж байна.
-Ер нь орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?
-Өөрийн туршлагаас ургуулан дүгнэж хэлэхэд орчуулагч бол орчуулгын салбарын ажил мэргэжлийг эрхэлж байгаа хүний ерөнхий нэрийдэл. Хөрвүүлэгч нь төрөл хэлнүүдийн дунд хийгдэх орчуулгыг гардан гүйцэтгэгч. Хэлмэрч нь аман орчуулга хийдэг хүнийг нэрийддэг бол дуун хөрвүүлэгч тухайн ажил мэргэжлийн хүндэтгэлийн нэрийдэл. Орчуулгын түвшний дээд эрэмбийг гүүш хэмээх сайхан алдраар цоллодог байсныг уншигчид андахгүй мэдэх буй за. “Генерал болохыг боддоггүй цэрэг бол муу цэрэг” хэмээх Суворовын хэлсэн үг байдаг шиг ямар ч орчуулагч бүх чиглэлд тэнцүү сайхан ажиллахын төлөө эрмэлзэх нь зүйтэй юм. Наадмын хагас өдөр хар хөлсөө цувуулан амжилттай барилдсан залуучуудад Ерөнхийлөгчийн Тамгын газраас тэр доор нь зарлиг тушаал гаргаад начин, заан цол олгодог. Тэгвэл насаараа орчуулга хэмээх амаргүй салбарт оюуны бяд шавхан зүтгэсээр ирсэн Гэндэндарам гуай, Аким гуай гээд гарын таван хуруунд багтахуйц цөөхөн сайн ахмад орчуулагч нартаа гүүш цолыг батламжлан олгодог болчихвол мөн ч буянтай сайхан ажил болмоор санагддагийг энэ ярилцлагыг ашиглан уламжилсу.
-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?
-Ер нь орчуулагч хүний хувьд орчуулах сайн бүтээл эрж сурвалжлах зовлон байдаггүй л дээ. Яагаад гэвэл дэлхий даяараа сайн бүтээл гаргахын төлөө шамдан ажиллаж байна. Түүний үр шим болсон сайн бүтээлийг аялгуу сайхан монгол хэлэндээ алдаа мадаггүй орчуулах нь л орчуулагч хүний үүрэг. Орчуулах сайн бүтээлүүд далай шиг арвин байна. Гэхдээ далайгаас сувд шүүрддэг лүгээ адил сайны дундаас шалгарсан бүтээлийг олж орчуулахын тулд сайтар судалгаа, эрэл хайгуул хийлгүй яах вэ. Түүний гол шалгуур нь нийгмийн оюун санаа, олон түмний оюуны хэрэгцээнд нийцсэн, олон үеийн турш уншигдахуйц нас урт сайн бүтээлийг сонгож чамбай орчуулах явдал байж таарна.
-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширсон нь юутай холбоотой вэ?
-Ер нь манай бүх салбарт ийм уналт ажиглагдаад эхэлсэн нь нууц биш. Тэр тусмаа төр, засгийн түвшинд бүр ч ноцтой хурцаар илэрч байгаа гэдэгтэй та санал нэгдэх байх. Би “Улаан асрын зүүд” романыг нэлээд удаан нухаж сууна. Гэтэл надаас өрсөөд хоёр гурван залуу орчуулагч түүнийг гаргачихсан тухай дээр дурдсан. Ний нуугүй хэлэхэд би үүнд маш их олзуурхаж байгаа. Өөрөөр хэлбэл, орчуулгын салбарт үүсээд байгаа уналт хэр зэрэг гүнзгий байгааг залуу орчуулагчдын хам хум гаргасан “Улаан асрын зүүд” болон миний чамгүй удаан нухсан хувилбар хоёрын дундаас олж харах боломжтой. Хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог асан “Би сайн ном бичээгүй юм билээ” гэсэн нэртэй өгүүлэл нийтлүүлж байсан. Түүний гол санаа нь “Миний бүтээлүүд гадаад улс орнуудад хэдэн мянгаараа хэвлэгдээд, тэнд зохиогдсон нэр хүндтэй уралдааны шагналыг чамгүй их хүртлээ. Гэтэл өдий болтол ганц ч ном маань номын худалдааны бестселлер шалгаруулалтад багтахгүй юм. Би сайн ном бичээгүй юм байлгүй” гэсэн шүү дээ. Үүн лүгээ адил миний гайгүй гэж бодсон номууд тэр шалгаруулалтад төдийлөн багтдаггүйг нуугаад яах вэ. Энэ тухай жаахан ултай бодож үзтэл борлуулалт сайтай номын шалгаруулалтыг номын дэлгүүр бүхий хэвлэлийн газрууд дотооддоо зохион байгуулаад өөрсдийн хэвлэсэн номуудыг дээгүүр жагсаадаг нь яваандаа ойлгогдсон л доо. Хятадууд сайн ном хэвлэх аргыг айхавтар ултай сайн бодож чадсан нь анзаарагддаг. Тэд хэвлэлийн газар, номын худалдаа, хэвлэх үйлдвэрийн салбарыг тус тусдаа үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан. Гэтэл манайд томоохон хэвлэлийн газар бүр хэвлэх үйлдвэр, номын дэлгүүртэй цогц үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, дийлэнх тохиолдолд тааруу номыг гоё хавтсанд боогоод түүндээ бестселлер зэрэг гоё цол гуншин өгч зараад буй нь шулуухан хэлэхэд муу ном “үерлэх” гол шалтгаан болсон хэрэг. Үүний цаана уншигч олны оюуны хэрэгцээ хохироод байгааг яалтай.
Манай улсад ч Хятадын жишгээр хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын худалдааны салбарууд бие даасан үйл ажиллагаа явуулна гээд хуульчилбал сайн ном төрөх үүд хаалга тэр байх болов уу. Яагаад гэвэл номын дэлгүүрүүд муу номыг зарах гэж үйлээ үзэхгүй. Адаглаад л агуулах савны хүрэлцээгээ бодоод удаан байлгахгүй биз дээ. Тааруухан ном бүтээсэн нөхөр ч хэвлэх үйлдвэрийн хаалга татаж “хэдэн бор юмаараа” хохирохыг бодохгүй нь лавтай. Хятад хүний дотор ухаанаас энэ мэтийг сурахад буруутах зүйл юу байх вэ.
Үргэлжлэл бий.