Морин хуурч, Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр 2001 оноос хойш Япон Улсад суурин амьдарч буй бөгөөд арлын оронд төдийгүй олон улсад монгол үндэснийхээ морин хуур хөгжмийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд сэтгэл зүтгэл, үйлс бүтээлээ зориулж байдаг нэгэн. “Би олон оронд очиж үзсэн, хуураа тоглосон. Тэгэх тусмаа Азидаа дурладаг. Шүтдэг хөгжимчин ази, дуучин ч тэр” хэмээн ярих түүний амьдрал, уран бүтээлийн замналаас сонирхуулъя.
-Энэ удаа олон улсын морин хуурчдын “Асар” чуулгынхаа тоглолтыг өнжчихлөө, тийм ээ?
-Аргагүй нөхцөл байдлын улмаас цуцалсан. Монгол, Япон, Хятад, Орос, Герман улсын 60-аад хөгжимчин жил бүрийн хавар тавдугаар сард Токио болон бусад хэд хэдэн хотоор аялан тоглодог уламжлалтай болсон юм. Хөгжимчид ч их бэлтгэдэг, үзэгчид мэддэг болохоор хүлээж байдаг соёлын арга хэмжээ л дээ. Дараа жил тоглочих байх аа.
-Та санаачилж байгуулсан уу. Ажил ихтэй ч амжуулна гэж тооцоолсон байх нь ээ?
-Би тоглолт гарвал явчихаад, бусад цагт зүгээр суух гэдэггүй. Бусадтай хамтарч шинэ уран бүтээл хийх, санаж бодож байгаагаа гүйцэлдүүлэх сонирхолтой. Үүндээ хөтлөгдөж байгуулсан л даа. Миний саналыг монголчууд маань дэмжиж, гадаадын хөгжимчид ч баяртай хүлээж авсан. “Асар” бол бүтцийн хувьд, өөрөөр хэлбэл, зэмсэг, бүрэлдэхүүн талаасаа Монгол Улсын Морин хуурын чуулгын олон улс дахь хувилбар гэж ойлгож болно. 2014 онд анхны тоглолтоо хийхэд Ц.Батчулуун багш ирж, удирдан тоглуулж байлаа. Дараа нь хуурч, маэстро Д.Түвшинсайхан удирддаг болсон. Сүүлд морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж ирж ажиллалаа. Жийгээ миний хуурай дүү л дээ. Бид их дотно. Миний багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү багшийн хүү морин хуурч П.Тэмүүжин, мөн Н.Жигжиддорж нар гоцолж тоглож байв. Энэ жил дуурийн Г.Ариунбаатар гавьяатыг чуулгатай дуулуулахаар урьсан байсан юм. Даанч болсонгүй.
-Одоо наадмаар гоё арга хэмжээ зохион байгуулах гэж буй юм байна. Токио дахь монголчууд очно гээд дээл, хувцас бэлтгэж байна лээ. Юу болох юм бэ?
-Токио дахь “Эм Жи лайф хаус”-д долдугаар сарын 11-нд монгол наадмыг тохиолдуулсан баярын үдэшлэгтэй. Үзэгчид морин хуурын “Эм Жи” дөрвөл тоглохыг сонсож, дуртай монгол хоол, наадмын хуушуур зооглож, яг л Монголдоо байгаа юм шиг баярлан цэнгэнэ. Уг нь манай “Эм Жи лайф хаус” 120 хүний суудалтай. Гэтэл өдгөө дүрэм журмын хүрээнд 50 хүнд л үйлчлэх зөвшөөрөлтэй. Тасалбар бүгд эздэдээ очсон.
-Энэ ресторан танайх уу?
-Ресторан биш юм. Алжаал тайлах өргөө. Би япон найзтайгаа хамтарч байгуулсан юм. Монголчууд маань голдуу үйлчлүүлдэг. Манай тогооч Солонгын гарын хоолыг идэж, ядаргаагаа тайлахаар ирцгээдэг юм.
-Морин хуурын “Эм Жи” дөрвөлөө танилцуулах уу?
-Морин хуурч А.Долгион, Өвөр Монголын хуурч Өргөн, виолончельч Асука гэж япон хөгжимчин бид дөрөв хамтардаг. Контрабассын оронд челотой.
-Голдуу монгол зохиолууд тоглодог уу?
-Тийм. Гэхдээ урын сандаа Европын хөгжмийн зохиолчдын дэлхий нийтийн танил болсон бүтээлүүдээс байнга байлгадаг.
-Морин хуурч Өргөн арлын оронд олон жил амьдарч байна уу?
-Нэлээд хэдэн жил боллоо. Намайг Хөх хотод багшилж байхад шавь орсон юм. Одоо хамт ажиллаж байна. Наадмын тоглолтын дараа ирэх сарын 8-нд мөн энд шинэ уран бүтээлийн тоглолттой. Хөөмийч Б.Болд-Эрдэнэ, төгөлдөр хуурч Эде сан бидний гурвал тоглолт юм. Цөөхүүл төрлийн шинэ бүтэц, хэлбэр, дуугаралт үүсгэж байгаа юм. Өмнө нь хаана ч ингэж тоглоогүй. Сонирхолтой болно. Б.Болд-Эрдэнэ бол ардын богино дууны мастер, Гавьяат жүжигчин Ш.Даваахүү эгчийн хүү. Маш авьяастай залуу. Хөөмийлнө, морин хуур тоглоно, хуур урлана. Надад хуур бэлэглэж баярлуулаад. Дүү энд гэр бүлээрээ олон жил амьдарч байна. Энэ тоглолтоор бид тун онцгой шинэ хоёр зохиол сонсгох юм. Японы хөгжмийн зохиолч “Монгол орон” сэдвээр бүтээсэн. Улсдаа Хөгжмийн дээд сургууль төгссөн, өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлч бий. Морин хуур квант хөгтэй. Харин бэлгийн хуураа арай өөрөөр дуугаргаж байгаа. Уламжлалд шинэчлэл хийх гэж оролдож байна. Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, харин Болд-Эрдэнэ Дорнод нутгийн хүү. Тал нутгийн залуус юу чаддагаа харуулна аа гээд бие биеэ онгироогоод байгаа (инээв).
-Японд мэргэжлийн монгол хөгжимчин хэр олон бэ?
-Нэлээд хэд бий. Одоо бол Консерватор болсон, хуучнаар Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн хөгжимчид “Их татлага” хамтлагийг бүрдүүлдэг. Ятгачин Ч.Мягмарсүрэн, ёочинч Д.Нэргүй, дуучин О.Бизъяа, Н.Эрдэнэ-Очир гээд байна. “Асар” чуулгад ч нэлээд хэдэн хөгжимчин хамрагддаг. Ер нь Хөгжим бүжгийн төгсөгчид сайн. Японд улсын хөгжмийн дунд, дээд, бас хувийн сургууль төгсөгчидтэй харьцуулахад ур чадвараар дутах юмгүй, адилхан. Хөгжим бүжгийн дунд сургуулиа сургалтын чанараар Азид тэргүүлдэг гэж боддог шүү. Сургуулийг 1930-аад онд байгуулахдаа суурийг нь маш сайн тавьжээ. Үе үеийн багш нар оюутан, сурагчдаа маш сайн сургаж ирсэн гавьяатай. Өнөөдөр япончууд, солонгосчууд ч гэсэн биднээр хөгжим заалгаж байна. Ингээд аваад үзсэн ч монголчууд оюуны охь сайтай юм гэж бодогддог.
-Таны мэргэжлийн багш хэн бэ?
-Морин хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү, Гавьяат багш Ё.Батбаяр нар. Би Пүрэвхүү багшийнхаа анхных нь шавь. Багш одоо Консерваторын захирлаар ажиллаж байна. Тэр алдарт хуурч Г.Жамъян багшийн шавь.
-Тантай нэгэн үеийн хуурчид хэн, хэн билээ?
-Ангийнхнаа хамгийн түрүүнд хэлнэ. Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, хуурч Шинэбаяр, Р.Амарбаяр гээд мундгууд байна. Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, мөн ятгачин Ч.Амарбаясгалан нар манай ангийн охид.
-Дэлхийн морин хуурын холбоо байгуулсан түүхээ сонирхуулаач.
-Би 1998 онд анх Японд тоглолтоор ирсэн юм. Манай улсын Засгийн газраас Осака хотод “Их Монгол Улс” музей нээж, үзэсгэлэн гаргахад хуурчид тоглосон юм л даа. Харин 2001 онд суурьшихаар ирсэн. Тэр цагаас хойш хийсэн ажиглалтдаа түшиглэж, энэ оронд, орон зайд, улмаар дэлхийд өөрийгөө аятайхан авч явах арга, ганц дархлаа бол Монгол гэж бодсон. Түүнийг морин хуураар илэрхийлнэ гэж томьёоллоо. Яаж илэрхийлэх вэ гэхээр морин хуурыг Японд ч, олон улсад ч таниулах, хэрэглээ болгох, хуурын ч, хуурчдын ч нэр хүндийг өсгөх гэж бодов. Тийм учраас дорвитой хөдлөхөөр шийдсэн юм. 2007 оны хоёрдугаар сард Монголдоо очиж хуурынхантайгаа ярилцлаа. “Морин хуурын өлгий нутаг Монголоо алдаршуулмаар байна. Олон улсын наадам зохион байгуулъя” гэлээ. Тэгэхэд багш нар, үеийн хуурчид, найзууд бүгд талархан хүлээж авсан. Ялангуяа багш нар минь сайн дэмжсэнээр анхны наадам амжилттай болж, удаах нь ч өөрийн гэсэн өнгө төрхтэй, оролцогч олширч өргөжсөн. Наадам урт настай ч байх болов уу.
Олон улсын наадам зохион байгуулахын тулд байгууллагын түвшинд ажиллах шаардлагатай боллоо. Тэгэхээр нь Дэлхийн морин хуурын холбоо хэмээх төрийн бус байгууллага бүртгүүлэхээр Улсын бүргэлийн газарт очтол дэлхийн гэсэн тодотголтой байж болохгүй гэдэг юм байна. Гайхаад учрыг дахин дахин лавласан ч ойлгосонгүй. Олон улсын тавцанд үйл ажиллагаа явуулах тул цараа тэр хэрийн л байна шүү дээ гэж тайлбарлаад барсангүй. Бүртгүүлж, тамга, тэмдэг авч чадаагүй. Тэгэхээр нь байгууллагаа 2008 онд Японд бүртгүүлсэн юм. Ийм учиртай. “Энэ нөхөр яахаараа тамга, тэмдэг бариад, тэнд суугаад байдаг юм бол” гэж гайхдаг хүмүүс байдаг юм билээ. Энэ байгууллагын ажлыг ганцаараа явуулж барахгүй. Н.Жанцанноров багш, түүний охин, морин хуурч Ж.Уугантуяа, манай ангийнхан, Пүрэвхүү багш гээд олон хүний хүчин чармайлт, дэмжлэгээр ажил явуулдаг. Морин хуурын олон улсын наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч хуурчдын дунд уралдаан зарлаж, дүгнэдэг, шагнаж урамшуулдаг, хамтарсан тоглолт зохион байгуулдаг, морин хуур урлаачдын идэвхийг өрнүүлэх, оюуныг нь үнэлэх үүднээс мөн хуур урлалын уралдаан зарлаж, дүгнэдэг. Хууртай холбоотой соёлын эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргадаг.
Энэ бүхэнд, өөрөөр хэлбэл 2010 оноос эхтэй олон улсын зургаан наадамд монголчууд ч, гадаадынхан ч өргөнөөр оролцож, өрсөлдөн, нөхөрлөж, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлэн бужигнаж байх гоё. Үүний л төлөө холбоо байгуулсан. Тэгээд ч би яваандаа “Морин хуурын нумын уртаар дэлхийг хэмжинэ” гэж хэлэх дуртай болсон. Ер нь ярилцлагад өөрийнхөө тухай гэхээс илүү хөгжимчин найзууд, уран бүтээлийн хамтрагчид, олон улсын хөгжимчдийнхөө тухай яримаар юм байна. Хөгжим, уран бүтээлийн төлөө төрсөн мэт, чинхүү авьяастай сайхан залуусаар бахархаж явдаг. Хуурчид, уртын дуучид, бүжигчид, бүжиг дэглээчид маань гайхамшигтай шүү дээ. Уртын дуучин Б.Батмэнд, бүжиг дэглээч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг гээд нэрлээд байвал төрмөл авьяастай олон уран бүтээлчтэй хамтарч тоглон, аялж, амьдралдаа адал явдал нэмж явлаа. Нөхдөдөө сайхан наадахыг ерөөе.