Спортын сэтгэлзүйч гэж хэн бэ? Спортын салбарт өдгөө хамгийн эрэлттэй, чухал хүний нэг болоод байна. Тэд тамирчдыг тэмцээнд амжилттай оролцуулах, сэтгэл зүйн бэлэн байдалд байлгах үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ нэр, ажлынх нь үр дүн дурдагдахгүй өнгөрөх нь түгээмэл. Тамирчдыг тусгай аргаар сургаж, бэлтгэл болон тэмцээний үед үүсэх сэтгэл зүйн хямралаас сэргийлэх, дасгалжуулагч солигдох, бэртэл авах тохиолдолд хүнд байдлаас гарахад нь тусалж, урам зориг өгөх, өмнө нь тулгарсан таагүй асуудлыг ойлгож, шийдэх зэргээр тэдний нөлөөлөл их. Тамирчдын хувьд сэтгэл зүйн бэлтгэл нь биеийн хүчний бэлтгэлээс дутуугүй чухал. Олимп, ДАШТ-д амжилттай оролцож буй орнууд тамирчдынхаа сэтгэл зүйд ихээхэн анхаарал хандуулдаг. Тамирчдад жинхэнэ мэргэжлийнх болох тодорхой ур чадваруудыг спортын сэтгэлзүйчид эзэмшүүлдэг. Өндөр хөгжилтэй орнуудад тамирчдыг өсвөр наснаас нь дасгалжуулагчаас гадна сэтгэлзүйчтэй хамт бэлтгэдэг. Тэгэхээр тамирчдад амжилт гаргаж, алдарт хүрэх зам өөрийнх нь болоод олон хүний хүчээл зүтгэл, итгэл найдвар, дэм тустай холбоотой. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын үндэсний шигшээ багийн хэлтсийн өсвөр, залуучуудын шигшээ баг хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэлзүйч, доктор, дэд профессор Ш.Долгортой ярилцлаа.
-Тамирчидтай ойр ажилладаг хүнийг дасгалжуулагч гэж ойлгодог. Спортын сэтгэлзүйч энэ тал дээр дутахгүй үүрэг гүйцэтгэдэг гэж спортын шинжлэх ухаанд үзэх болжээ.
-Дэлхийд спортын шинжлэх ухаан салбарласан тусгай судалгааны аргачлал бий болгон өндөр түвшинд хүрлээ. Бие бялдар, оюун санаа, итгэл, сэтгэлийн гурвалсан холбоон дээр нэгдэж ажиллах ямар боломж буйг үндэстнийхээ хувьд танин, гаргаж тавих, оюуны чадавхыг нь тодорхойлон хүнээс гарч болох дээд боломжид хүрэх туйлын зорилго спортын талбарт өрнөж байна. Үүнийг хэмжих шалгуур нь олимпын наадам болоод буй. Спортод дасгалжуулагчгүйгээр тамирчин, тамирчингүйгээр дасгалжуулагч байх боломжгүй. Энэ нь зоосны хоёр тал мэт хамааралтай. Тамирчны сэтгэлийн хувирлыг мэдэрч, залах боломж дасгалжуулагчид илүү байдаг. Дасгалжуулагч тамирчнаа хараад мэдэхээс гадна өөрт нь тааруулсан жор олж харилцдаг. Сэтгэлийг нь өргөх, дэмжих, ухааруулах, үлгэрлэх, урамшуулах, мохоох, хориглох, дарах зэргээс аль тохирох аргыг хэрэглэх боломжтой. Тэгэхээр хүнийг тамирчин болгож бэлтгэх нь маш хариуцлагатай ажил. Одоогоор ийм дасгалжуулагч ховор тул сэтгэлзүйчийн орон зай гарч ирж байна. Дасгалжуулагч энэ орон зайг нөхөх боломжгүй бол сэтгэл засалч, сэтгэлзүйч зайлшгүй шаардлагатай. Тухайн шигшээ багт сэтгэлзүйч ажиллахдаа хамтын хариуцлагатай ажиллах үүрэгтэй юм. Дасгалжуулагч тамирчиндаа сэтгэлзүйчтэй хамтран ажиллах боломж олгосноор амжилтаа ахиулдаг.
-Гадаадын тамирчид тэмцээнд дасгалжуулагч, сэтгэлзүйч, бариач, эмч гээд том багтай оролцдог. Энэ нь амжилт гаргахад тамирчны өөрийнх нь сэтгэл зүйгээс гадна олон зүйл нөлөөлдгийг харуулж байна л даа.
-Тухайн улсын шигшээ баг үндэстнийхээ үнэт зүйлийн зүй тогтлыг баримжаалах, спортын төрлийн дасгалжуулалтын үр дүнг турших, тамирчиндаа өндөр хариуцлага даалгахад илэрч болох сэтгэл, үйлдэл, хурд, өөрчлөлтийг хянаж, тодорхойлохоос гадна өөр улсын тамирчид ямар байгааг давхар судлах судлаачдын багийг ажиллуулахад хөрөнгө хаядаг болсон. Учир нь аль ч газар үндэсний шигшээ багийн тамирчдаа бэлтгэхэд их зардал гаргаснаар тэднээс хүртэх өв сангийн нөөцийг илтгэх үлгэрлэгч ард түмнийг сэдэлжүүлэн спортыг эргэх холбоонд оруулдаг.
-Манай спорт сонирхогчид тэмцээнд тааруухан оролцвол тамирчныг, эсвэл дасгалжуулагчийг шүүмжилдэг. Гэтэл тамирчин ямар шалтгааны улмаас ялагдал хүлээж буйд анхаардаггүй. Тамирчин үргэлж амжилт гаргах ёстой гэх туйлширсан шаардлага тавьдаг нь зөв үү?
-Хүмүүс тамирчдад хайртай. Үзэгчид үнэнч байдаг нь тэднийг нэг талаар туйлшруулдаг. Тамирчны ялалтын бахархал, ялагдлын харуусал үзэгчдийн амралтын цагаа зөв зарцуулах талбар болдог. Спорт сонирхогчид тамирчнаас өөрт байгаа бүхнээ дайчилсан, үзүүштэй уран арга, ухаан гаргаж, тэсэх аргагүй байвч шүд зуун тэвчсэн өрсөлдөөнийг хүсдэг. Тийм гал ассан тулааныг харуулж чадахгүй нь шүүмжлэл дагуулдаг. Энэ нь дараагийн тулаанд орох хүртэл анхаарч, ажиллах сайн талтай. Спорт сонирхогчдын боловсролыг дээшлүүлэхэд сэтгүүл зүйн талаас танин мэдэхүйн мэдээлэл өгдөг бол шүүмж нь үнэ цэнтэй байх боломжтой. Шигшээ багт тамирчид бүрэн бэлтгэгдэж ирдэггүй. Орсныхоо дараа бүх талаар түвшин ахих гэж цаг хугацаа алддаг. Өөрөөр хэлбэл, спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа л зөвхөн тохиолдлын чанартай бэлтгэгддэг нь их ажиллагаа шаарддаг гэсэн үг. Бид дасгалжуулагч, тамирчдыг шүүмжлээд сайжирдаг байсан бол тун сайн байх сан.
-Тамирчныг ялагдалд хүргээд буй шалтгааныг олж хараад засахад сэтгэлзүйч зайлшгүй чухал. Тэгэхээр спортын сэтгэлзүйч тамирчин болгонтой тулж ажиллах шаардлагатай юу?
-Тийм шүү, тамирчинд сэтгэлзүйчийн судалгаа, сургалт, зөвлөгөө хэрэгтэй. Дасгалжуулагч нь тамирчнаа ойлгож, мэдрэхгүй байгаа нь анзаарагддаг. Тамирчин эсвэл дасгалжуулагч өөрөө хүссэн үед л сэтгэлзүйчийн зөвлөгөө, хичээл зүтгэл үнэ цэнтэй. Спортын сэтгэл зүйч тамирчин болгонтой тулж ажиллах шаардлага нь тамирчны хувийн онцлогоос шалтгаалдаг. Өөрийнхөө асуудлыг олж хараад шийдэж чаддаг мэдрэмжтэй тамирчин байдаг. Гаргаж буй алдаагаа олж харахгүй, бүрэн дайчлах боломжоо ашиглахгүй байгаа хүнд сэтгэлзүйчийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Дасгалжуулагч, тамирчин өөрөө эрэл хайгуул хийж, дутагдлаасаа салах хүсэлтэй байвал сэтгэлзүйчтэй баг болж ажиллах нь илүү үр дүнд хүрнэ.
ТАМИРЧИН ГАНЦХАН БИЕИЙН ЧАДВАРТАЙ БАЙХ НЬ ХАНГАЛТГҮЙ
-Манай дасгалжуулагчид тамирчдадаа номын дуу сонсгож, сэтгэл зүйн сургалтад суулгадаг уу. Сургалттай, сургалтгүй амжилтад хүрнэ гэсэн хэнэггүй байдал ажиглагдаад байдаг.
-2016, 2017 онд баг, тамирчдад хандсан төлөвлөгөөт сургалт явуулж, гадаадаас эрдэмтэн, мэргэжилтнүүдийг урьж, хамтран ажиллаж байлаа. Зарим баг нь идэвхтэй оролцож, зарим нь юуны талаар ярьж байгаад нь бус хэн өгүүлэхэд анхаарч, эсвэл ирсэн гэж бүртгүүлэх үзэгдэл ажиглагдаж байсан. Яг таны хэлсэн шиг сургалттай, сургалтгүй амжилтад хүрнэ гэсэн бодолтой дасгалжуулагчаар удирдуулдаг тамирчид хохирох талтай.
-Та ‘‘Дасгалжуулагчийн философи” гэдэг ном бичсэн. Үүнийг бичихийн тулд тамирчин, дасгалжуулагчдын дунд орж, ажиллахдаа нэлээд судалгаа, ажиглалт, тандалт хийсэн байх. Энэ талаар бичих бодол хэзээ төрөв?
-Тамирчны сэтгэл зүйд тамирчин бэлтгэх дасгалжуулагчийн философи нөлөөлж байгаа нь ажиглагдах боллоо. Монголын нөхцөлд хүүхэд спортоор хичээллэж эхэлсэн цагаас эхлэн амжилт гаргах, хүн болох, эсэх асуудлыг дасгалжуулагч шийдэж байгаа нь харагддаг. Тэд тамирчныг амжилтад хүргэхийн тулд өөрт байгаа бүхнээ зориулдаг гэж ойлгодог боловч тамирчид нь амжилтад хүрсний дараа нийгэмд ямар үлгэрлэгч болж байгаа, тухайн дасгалжуулагчийн зүтгэлийг ойлгох хүндлэл байдаг эсэх, мөн их хөдөлмөрийнх нь ард гарч буй үр дүн тун хангалтгүй байна. Орчин үед дасгалжуулагч нар шинэлэг хэлбэрээр ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө тамирчин байсан үеийн хуучны арга барилаар өнөөг хүртэл ажиллаж, орчин цагийн хүүхдийн авьяасыг амжилт болгон харуулж чадахгүй байна. Зан төлөвшилд нь алдаа гарган, хэт өрөөсгөл хандах явдал байсаар л. Өөрөөр хэлбэл, медальд хүрэх замд Монголын ирээдүйг залж явах хүн бэлтгэж байгаагаа мартдаг. Тамирчнаа зөв залж, чиглүүлэхийн тулд дасгалжуулагч та өөрөө хөгжих цаг болсныг ойлгох хэрэгтэй. Тиймээс “Монгол дасгалжуулагчийн философи ба туршлага” сэдэвт номонд дэлхийн бусад орны туршилт, ололт, амжилтыг жишээгээр оруулахдаа спортын хөгжлийн туршлагаар тамирчин бэлтгэх дасгалжуулагчийн тухай ойлголт, оролцоо, түүний хүчин зүтгэлд тавигдах шаардлага өндөр болж буйг онолын хүрээнд ойлгуулахыг зорьсон юм.
-Гадаадын тамирчид шигшээ багт орохын тулд гэрээ хийж, бэлтгэл хийхийн зэрэгцээ мэдлэг боловсролоо дээшлүүлдэг. Хэрвээ шалгалтад тэнцэхгүй бол шигшээ багаас хасдаг гэж сонссон. Тэгэхээр тамирчдад ёс зүйтэй, зөв хандлагатай байх өндөр шаардлага тавьдаг юм байна гэж ойлгосон.
-Тийм ээ, манайхаас бусад улс шигшээ багт багтах тамирчинд өндөр босго тавьдаг. Бие бялдрын давуу талаас гадна оюун, сэтгэл зүйн босго үүнд ч хамаарна. Тиймээс тавьсан шаардлага хангахгүй л бол ур чадвар, авьяастай байсан ч улсаа төлөөлөх боломж олгодоггүй нь харагддаг. Биеийн бэлтгэл, дасгалжилт, оюуны танин мэдэхүй, сэтгэл зүйн тал дээр өв тэгш ажилладаг тул тодорхой хуваариар сургалтад хамруулдаг юм. Энэ гурван үзүүлэлтийг хангалттай түвшинд шалгуур болгон барьж, тамирчныг шигшээ багт байх, эсэх асуудлыг шийднэ. Тамирчин ганцхан биеийн чадвартай байх нь хангалтгүй. Ёс зүйн алдаа гаргасан, харилцааны соёлоос суралцаагүй хүнийг эгнээндээ байлгадаггүй юм билээ.
-Монгол хүнд сэтгэлийн дархлаа үүсгэх боломжтой юу?
-Монгол хүнд сэтгэлийн дархлаа үүсгэх бүрэн боломжтой. Монгол Улс 3.3 сая хүн амтай, дэлхийн 7.8 тэрбум хүнээс ялгарах онцлог зүйлс юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Дэлхийн орнууд юугаараа ялгардаг вэ гэвэл үндэсний үнэт зүйл, өв соёл, туулсан түүх, уламжлалаар. Монгол хүний үнэт зүйлээр бахархах сэтгэлтэй болсон үед дархлаа тогтох юм. Тиймээс тамирчин, дасгалжуулагч нар өөрийн улсын түүх, уламжлал, өв соёл, зан заншлыг сайтар судлах нь сэтгэл зүйн хамгийн чухал дархлаа тогтоогч нь. Бид үүнийг орхигдуулсаар ирсэн нь дасгалжуулагч, тамирчдыг үндэсний үнэт зүйлгүй болгож байж. Тухайлбал, хэл яриа, үйлдэл, ёс зүйг ойлгон засаж байхыг хамгийн ихээр шаарддаг гэдгийг санавал сайн.
СПОРТЫН ТОГТСОН ХЭМНЭЛИЙГ ОРХИХ АМАРГҮЙГ БИ ӨӨРӨӨ Ч МЭДЭРЧ БАЙЛАА
-Өнөөгийн спортын орчин тамирчнаас зөвхөн бэлтгэл хийж, амжилт гаргахад анхаарал хандуулах бус мэдлэг боловсролоо ч хөгжүүлэхийг шаардаж байна. Шигшээ багт багтахыг гол зорилгоо болгож, сурч боловсрох явдлыг хойш тавьдаг нь тэдэнд алдаа болж байх шиг.
-Спорт шинжлэх ухаан хурдаа авч буй энэ үед олон хүчин зүйлийн уулзвар дээр амжилт тодорхойлогдох болоод байна. Тиймээс тамирчин, дасгалжуулагч нар байнга хөгжих хэрэгцээ улам өссөөр. Өндөр чансаатай тамирчин, ур чадвартай дасгалжуулагч болохын тулд бүх зүйлийн эхлэл өөрөөс нь шалтгаалдаг. Тамирчин өөрөө мэргэжлийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ нь тамирчин болсныхоо утга учрыг ухаарч, зүй ёсны шаардлагыг биелүүлэх явдал юм. Хичээллэж буй спортынхоо талаар өндөр мэдлэгтэй, эрүүл сэтгэлгээ, боловсролтой, өөрийгөө таних гэж үргэлж оролддог байх ёстой.
-Тамирчинд карьераа өндөрлүүлсний дараа одоо яах вэ, юу хийх вэ гэх асуудал тулгардаг. Ийм үед спортын сэтгэлзүйчийн зөвлөгөө хэрэг болдог уу?
-Мэдээж хэрэг болно. Тамирчин байхын сайхан нь хэн гэдгээ, юу чадахаа хайж явахдаа олны анхаарлын төвд байх боломж олгодог гэдгийг ойлгодог. Тэгтэл тамирчны карьер нь дууссаны маргаашаас нэг л хачин мэдрэмж төрдөг юм билээ. Яагаад гэвэл багагүй хугацаанд хөдөлмөр, хичээл зүтгэл, тэмцэлдэх тогтсон хэмнэлийг орхих амаргүйг би өөрөө ч мэдэрч байлаа. Тамирчид спортын карьераа өндөрлүүлсний дараа хэвийн амьдралд дасах гэж нэлээд зүдэрдэг. Тэдний нүүрэн дэх гал цог унтарч, бусдаас ялгарах юмгүй, нийгмийн мартагдсан гишүүн болсон мэт санагддаг. Энэ нь тамирчны хувийн болон нийгмийн амьдралын оролцоонд маш том өөрчлөлт авчирдаг. Үүнээс болж тамирчны сэтгэл хөдлөл, танин мэдэх чадвар, зан үйл, харилцаа, хандлагын хувьд бэрхшээлтэй тулгардаг. Ажил, мэргэжлийн энэ өөрчлөлт нь энгийн хүнд дарамт болохооргүй жижиг асуудлыг том хэмжээний дарамт болгож хүлээн авах нь бий. Амьдрал баялаг тул спортын карьер дууссаны дараа юу хийх талаар бодох явдал хэзээ ч эртдэхгүй. Спортоор хичээллэхийн зэрэгцээ өөрийгөө боловсруулахад цаг зарцуулж чадсан тамирчинд энэ шилжилт тийм ч их хүндрэлгүй.
-Азийн орнуудаас Япон, БНСУ, БНХАУ-ын тамирчид тэмцээнд төлөвлөгөө, тактик, сэтгэл зүйн байдлаараа ялгардаг. Ялж, ялагдсан ч сэтгэл зүйгээ хэвийн байлгаж чаддаг нь өөрийн эрхгүй сонирхол татдаг юм.
-Тэд өндөр шалгуураар олны дундаас ялгарч, сахилга батын хатуу шаардлагад захирагддаг. Тамирчин болсны үнэт зүйл нь эх орныхоо нэр хүндийг өргөх, хамгаалах зорилготой хөлс, хүч, ухаан, зориг шаардсан тулааны шилдэг дайчид гэдгээ мэддэгт байдаг. Тэдэнд дэлхийн дэвжээнд хүүхэд зангаар аашлах эрх байхгүй. Улсынхаа нэрийг өөрийн овилгогүй араншингаараа шороотой хутгах ч эрхгүй. Тэд олны итгэлийг дааж яваа гэдгээ сайн мэднэ. Олны зүтгэлээр санхүүждэг гэдгээ мэдэж хүндэлдэг. Тиймээс ялж, ялагдсан ч сэтгэл зүйгээ хэвийн байлгадаг. Энэ нь тохиолдож болох бүх нөхцөлийг тооцож чаддаг гэсэн үг.
-Манай тамирчдад ч гэсэн давуу тал бий. Өөртөө итгэлтэй, зоримог байдал нь амжилт гаргахад нөлөөлдөг нь харагддаг. Энэ нь нэг талаар сэтгэл зүйн хувьд давуу тал болж чаддаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Монгол хүнд дасан зохицох боломж, сэтгэл зүйн дайчин чанар байдаг ч зөв залах нь хамгийн чухал гэж судлаачийн зүгээс харж байна. Энгийн үед судалгаа авахад өөртөө төрж байгаа омогшлоор “Би өөртөө итгэлтэй хүн” гэж тамирчин, дасгалжуулагч нар өөрийгөө тодорхойлдог. Энэ нь андуурал байдгийг тэмцээний явц харуулдаг. Сэтгэл зүйн бэлтгэл олгох явцад бэрхшээл тохиолдоно. Энэ нь хувь хүний өссөн орчин, өөрийнх нь хүмүүжил, төлөвшилтэй уялддаг зүйл. Хямрал ихтэй орчинд өссөн тамирчны сэтгэл зүйг тогтвортой байлгахад өөрөөс нь уйгагүй зүтгэл шаардлагатай болдог. Үнэндээ цагаа олж ашиглахгүй л байгаа бол тэр давуу тал биш. Эцэст нь “Өөртөө итгэлтэй байна” гэж үзээд өөртэйгөө ажилладаггүй нь алдаанд хүргэдэг тал бий.
ШУДАРГА БУС АРГААР ЯЛАЛТЫН ЭЗЭН БОЛОХЫГ ХҮСДЭГ БОЛ ХАМГИЙН БУРУУ
-Сүүлийн үед үндэсний бөхчүүдээс сэргээш илэрсэн тохиолдол багагүй гарах боллоо. Энэ талаар таны бодлыг сонсъё.
-Сэргээштэй холбоотой асуудал үндэсний спорт болон спортын зарим төрөлд гарах болсон нь эмгэнэл юм. Сэргээшийн төрөлд багтдаг эм, бэлдмэлийг эмчлүүлэх, хүч оруулахаар зориуд хэрэглэхийн хооронд асар зөрүү бий. Уралдаан, тэмцээнд тамирчин хялбар, шударга бус аргаар ялалтын эзэн болохыг хүсдэг бол энэ нь хамгийн буруу. Амархан аргаар амжилтыг эзэгнэх атгаг хүсэлтэй байх нь амиа хорлож байгаагаас ялгаагүй. Ийм тамирчдаас ёс бус, жудаггүй үйлдэл гардаг тул өөрөөсөө гадна бусдыг таагүй байдалд оруулдаг. Сэргээшийг амжилт гаргахын төлөө хэрэглэх нь тамирчны өөртөө итгэлгүй байгаа сөрөг хандлагын илрэл. Энэ нь ёс зүйн хувьд өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадваргүйг харуулж байна. Учир нь хөдөлмөр зүтгэлээрээ хүрч чадахгүй оргил гэж ховор ч өөрийгөө тэгтлээ дайчлахад хугацаа, хөдөлмөр шаарддаг тул үүнд хүрэх замаа аргацаан хурдасгаж байгаа гэж ойлгодог. Амжилтад хүрэх шунал нь шударга бус хүнийг юу ч хийхэд бэлэн байх сэтгэл зүйн суурь нь болдог шалгуур юм даа.
-Тамирчид сэргээшийн талаарх мэдлэггүйгээсээ болж хохирдог тал бий. Эцэст нь өөрөө буруутан болж үлдэхээс гадна эх орон, цаашлаад холбооных нь нэр хүнд унадаг сөрөг үр дагавартай. Үүнийг мэддэггүй тамирчин гэж байхгүй шүү дээ. Гэсэн ч хэрэглээд байгаа нь таагүй хэрэг.
-Өнөөдөр сэргээшийн талаар мэдэхгүй тамирчин байхгүй. Мэдээлэл ч ил байдаг. Ямар ч тамирчин хялбар аргаар амжилт гаргах далд хүсэлдээ дийлдэж, сэргээш хэрэглэх замыг сонгож буй нь ёс зүйн том алдаа. Энэ бол ард түмний итгэл, хайр, хүндлэлийг уландаа гишгэсэн жигшүүрт явдал. Учир нь спортын бахархал зөвхөн шударга өрсөлдөөнд суурилдаг. Хэрвээ тамирчин, дасгалжуулагч спортын амжилтад хүрэхийн тулд шударга хөдөлмөрлөхөөс татгалзаж, сэргээш хэрэглэх сонголт хийвэл үр дагаварт нь улсын нэр хүнд дэлхийн тавцанд унаж, тухайн спортын төрөлд эдийн засаг, нийгмийн нэр хүндийн томоохон цохилтод өртдөг. Цаашлаад хэрэглэгч хүндээ ямар их гарз хохирол авчирч байгаад дүгнэлт хийж, хүн байх мөн чанарын хувьд тамирчин, дасгалжуулагч нар сахилга батын алдаа гаргахгүйг хичээж, алхам тутамдаа зайлсхийх ёстой.
-Сэргээшийн төрлийн эм, бодисыг ашиг олох зорилгоор оруулж ирдэг хүмүүс байдаг гэх яриа олны амнаас нэг бус удаа сонсож байлаа. Ийм аргаар бизнес эрхэлж байгаа тэдний сэдэл, үйлдэл Монголын спортын ертөнцөд яав ч сайнаар нөлөөлөхгүй. Эх орныхоо үнэ цэн, үнэт зүйл, ард түмнийхээ итгэл, найдварыг хөсөрдүүлж байгаагаас ялгаагүй биз дээ?
-Сэргээш хэрэглэсэн тамирчин шударга бус өрсөлдөөнийг биеэрээ үлгэрлэх нь нийгмийн сэтгэл зүйд харуулсан хамгийн ёс зүйгүй үйлдэл. Хөдөлмөр, зүтгэл нь талаар болж, үлдсэн хугацаандаа гутамшигт байдалд үргэлж өртөнө шүү дээ. Сэргээшийн төрлийн эм, бэлдмэлийг ашиг олох зорилгоор гаднаас оруулан, бизнес эрхэлж буй, үүнийг санал болгодог хүмүүст хандан хэдэн үг хэлье. “Таны бизнес бидний цөөн монгол үндэстний дархлааг тээгчдийг сулруулж, устгах далд явуулга болоод байгаа тул хэрвээ та монгол хүн мөн л юм бол энэ бохир бизнесээ таслан зогсооно уу” гэж уриалж байна. Бас дасалжуулагч, тамирчин, бөхчүүд амиа хорлохоос ялгаагүй энэ үйлдлээс өөрөө татгалзаж сураач” гэж захья.
-Спортын хэрэглээний дэлхийн чиг хандлага хаашаа явж байна вэ?
-Хөгжил нэртэй хөдөлгөөнгүй бөөгнөрсөн суурьшлын бүс үүсгэсэн орчинд хамгийн их дутагдаж буй хүний хэрэгцээг хэрхэн хангах талаар олон орон анхаарах болжээ. Дэлхийн улс их спортоос гадна спортын төрлүүдийн нийгэмдээ гүйцэтгэх үүргийг томоор харж, үүгээр хурдтай хөгжиж буй орон хүний нөөцөө хүчирхэгжүүлэн бэлтгэхийг чухал гэж үзэх боллоо. Тиймээс спортоор дамжуулан иргэдээ эрүүл, чийрэг болгох нь хэдэн чадвартай тамирчин бэлтгэхээс ч илүү чухал гэдгийг мэдэрч хэрэглээ болгохыг зорьдог болсон.