Дэлгэцийн уран бүтээлийн урд биш, ард ажилладаг нэгэн эрхмийг “Далд хүмүүс” ил гаргах гэж байна. Авьяас билиг, сэтгэл зүрхээ кино урлагт зориулж, түүнээсээ урам, эрч хүч авч яваа энэ хүнийг Т.Анхтамир гэдэг. Киноны уран бүтээлчид түүнийг пост продакшн буюу өнгө шүүлтийг мундаг гүйцэтгэдгээр нь андахгүй. Тэрбээр найруулагч Ж.Сэнгэдоржийн“Lovers”, Г.Эрдэнэбилэгийн “Үргээлэг 2”, Б.Гарамхандын “Итгэл”, “Фантастик” продакшны “Зура” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлд ажилласан юм.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажилласан бэ?
-“Фантастик” продакшны “Зура” уран сайхны, адал явдалт киноны өнгө шүүлтийг хариуцсан. Найруулагч Б.Тамир 2019 оны арванхоёрдугаар сард киноны зургаа авч эхлэхээс өмнө зураглаачийн багийнхантайгаа хамт надтай уулзаж, киноны зохиолоо танилцуулж, зургаа хэрхэн авахаар төлөвлөснөө ярьж, тухайн уран бүтээлийнхээ ерөнхий өнгийг ямар байлгахыг хүсэж буйгаа хэлсэн. Надад их таалагдсан. Ингээд зургаа авч дууссаны дараа пост продакшны ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Өмнө нь монгол кинонд харагдаж байгаагүй шинэлэг өнгө тавихыг хүссэн.
-Та олон улсын харилцааны чиглэлээр их сургууль төгссөн юм билээ. Хэзээнээс эзэмшсэн мэргэжлээрээ ажиллалгүй кино урлагт хорхойсов?
-Дунд сургуулиа төгсөөд аав, ээжийнхээ үгэнд орж олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Гэхдээ энэ мэргэжлээрээ ажиллаагүй. Оюутан байхаасаа богино долгионы радиод ажилласнаар урлаг руу алхам ойртсон гэхэд болно.
-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Богино долгионы радиод хөтлөгчөөс авхуулаад найруулагч хүртэл таван жил ажилласан. Дараа нь “ТВ9” телевиз, үргэлжлүүлэн “С1”-т мэдээний эвлүүлэгчээр ажиллалаа. Улмаар зар сурталчилгааны чиглэлээр ажиллахаар шийдэн “Монгол контент” компанид орсон. Тус компани видео продакштай болж өргөжихөд би шалгуулж, тэнцсэн юм. Тэнд хоёр жил ажиллаад бие даан ажиллахаар шийдсэн.
-“Гүен” студиэ хэзээ байгуулсан бэ. Дэлгэцийн уран бүтээлийн өнгө шүүлтийг гүйцэтгэхээс гадна өөр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-2007 онд “Монгол контент”-оос гараад л студиэ байгуулсан. Анхандаа зөвхөн телевизийн реклам, зар сурталчилгаа хийдэг байлаа. Одоо эдгээрээс гадна нэвтрүүлэг, бүх төрлийн видео контент хийж байгаа. Сүүлийн жилүүдэд илүү өргөжиж киноны пост продакшн буюу өнгө шүүлийг хийж буй юм.
-Хамгийн анх ямар кинонд ажилласан бэ?
-Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Lovers” киноны өнгө шүүлтийг хариуцсанаар энэ урлагт хөл тавьж, татагдсан. Анхных болоод ч тэр үү, миний хамгийн хайртай бүтээл.
-Киноны пост продакшн, тэр дундаа өнгө шүүлт гүйцэтгэдэг студи манайд хэр олон бэ?
-Манай зах зээл жижиг учраас студиуд төрөлжиж, аль нэг төрлөөр дагнан ажиллах боломж хомс. Тиймээс бүгд л эвлүүлэг, график, бичлэг гээд олон ажил давхар гүйцэтгэдэг. Гэтэл кино урлаг нь өндөр хөгжсөн, зах зээл өргөнтэй улсуудад эдгээр ажлыг тус тусдаа студиуд гүйцэтгэдэг. Манайд киноны өнгө тавьдаг хэд хэдэн студи бий. Бүгд л мэргэжиж байгаа уран бүтээлч.
-Уран бүтээлчдийн асар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж авсан дүрсийг та өргөн дэлгэцэд үзүүлэхэд тохируулж, сонирхолтой өнгөтэй болгож “гоёдог”. Киноны өнгө тухайн бүтээлийн нэрийн хуудас болдог гэхэд хилсдэхгүй. Ажилдаа шантарч байсан удаа танд бий юү?
-Шантарсан удаа байхгүй ээ. Анх сурч эхлэхэд л маш сонирхолтой санагдсан. Тэгээд л улам шунаад, дурлачихсан. Тухайн киноны зургийн гэрэлтүүлгийг нь дутуу авчихсан, гэрэл сүүдрийн харьцаа алдагдсан, эсвэл камерын тохиргоо буруу байснаас алдаатай авсан дүрсийг янзлахад илүү ажиллагаатай. Гэхдээ ажилдаа дуртай учраас төвөгтэй гэж бодолгүй л гүйцэтгэчихдэг.
-Гадаадын олон кино үзэж, туршлага судалж, шинээр нэвтэрч буй техник, технологийн хөгжлийг цаг алдалгүй сурахыг эрмэлздэг байх.
-Зөвхөн Холливудын гэлтгүй кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг улсуудын шинээр гаргаж буй кинонуудыг үзэж, тэд ямар арга хэрэглэсэн, ямар технологи нэвтрүүлж байна вэ гэдгийг нь хардаг. Кино үзэхээрээ үйл явдалд нь хөтлөгдөж, “дотор нь орж” үзэхээ больчихсон. Тухайн киноны хийцийг ажиглаж, суралцахыг хичээж үздэг. Гэхдээ үзсэн киноноосоо ажиллаж буй уран бүтээлдээ хуулбарлахаас зайлсхийдэг. Тэгэх ч ёсгүй. Би АНУ-д төвтэй “Company 3” нэртэй студийн өнгө шүүлтийг нь гүйцэтгэсэн кинонуудыг үзэж, суралцах дуртай.
-Холливудад ашиглаж буй шинэ техник, технологи бүрийг цаг алдалгүй Монголдоо ашиглах боломж хэр вэ?
-Мэдээж техник сайтай байх хэрэгтэй. Нэг үеэ бодвол бүх зүйл нээлттэй болчихсон, хаанаас ч мэдээлэл авч, суралцах боломжтой учраас шинэ технологиудыг турших, ашиглах боломжтой.
-Өнгийг нь тавих үед найруулагчтай санал зөрөлдөх тохиолдол гардаг уу?
-Тийм үе харьцангуй бага. Киноны зургийг авч эхлэхээс өмнө тухайн бүтээлийн ерөнхий өнгө ямар байх, зургаа хэрхэн авах тухай тохирдог учраас. Гэхдээ ингэж дарааллаар нь ажиллалгүй зургаа эхэлж авчихаад, дараа нь өнгөө янзлуулах гэдэг найруулагч нар бий. Яг үнэндээ зарим найруулагч энэ талаар ойлголтгүй шүү дээ. Дээр нь олонх найруулагч цагийг нь тулгаж, их давчуу хугацаанд гүйцэтгэхийг шаарддаг. Эсвэл өөр хүний хийснийг засуулах, үргэлжлүүлэх санал тавьдаг. Тийм тохиолдолд төвөгтэй. Гэхдээ сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, уран бүтээлчид мэдлэг, мэдээллээ сайжруулж буй нь анзаарагдаж байна.
-Найруулагч бүрт кино хийх болгондоо тоглуулдаг гарын жүжигчин гэж байдаг даа. Үүн шиг танд ч бас хамтран ажиллаж дадсан найруулагч байдаг байх. Та хэнтэй илүү ойлголцдог вэ?
-Найруулагч бүр ажиллах онцлог хэв маягтай. Би тэдгээрээс “Фантастик” продакшныхантай маш сайн ойлголцдог. “Зура” кинонд ажиллахад их амар байсан. Үргэлжлүүлэн “Маш нууц 3” кинонд ажиллахаар тохироод байгаа.
-Бүрэн хэмжээний уран сайхны киноны дундаж хугацаа 90 минут. Энэ хугацааны үргэлжлэх уран бүтээлийн өнгийг та хэдий хэр хугацаанд янзалдаг вэ?
-Ажлын цагаар гээд бодъё л доо. Өдөр бүр 09.00-20.00 цагийн хооронд тасралтгүй ажиллалаа гэж бодоход 90 минутын киноны өнгийг 14-20 хоногт тавьж дуусгадаг.
-Манайд ер нь пост продакшны гүйцэтгэлийг хэр үнэлдэг вэ?
-Арын албаны уран бүтээлчдийн үнэлэмж сайжирч байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд манайхан дотооддоо төдийгүй гадаадад үзүүлэх зорилготойгоор кино бүтээж буй. Ингэхийн тулд олон улсын шаардлагад нийцсэн стандартаар туурвиж, гадаадын уран бүтээлчидтэй ч хамтран ажиллах болсон. Ингэснээр дотоодын уран бүтээлчид хөгжиж, түүнийг дагаад үнэлэмж өсөж байгаа. Гэхдээ би ашиг олохын төлөө кино урлагт ажиллаагүй. Дуртай болохоороо л ажилладаг.
-“Lovers” киног та гэгээлэг өнгөөр “гоёж”, “Зура”-г бараанаар тодотгосон. Харин та өөрөө ямар өнгөтэй киног дурлаж үздэг вэ?
-Би дулаан өнгөнд дуртай. За байз, юу гэж зүйрлэмээр юм бэ дээ. АНУ-ын Калифорни мужийг санагдуулам тийм л дулаахан, таатай мэдрэмж төрүүлдэг өнгөтэй кинонд дуртай.
-Өнгөрсөн хугацаанд уянгын, адал явдалт, эротик маягийн ч кинонд ажиллажээ. Одоо ямар кинонд ажиллаж үзэхийг хүсэж байна вэ?
-Найруулагч Петер Жексоны алдарт “Бөгжний эзэн”, “Хоббит” киног үзсэнээс хойш л үлгэрийн кино хийх сэн гэж хүсдэг байлаа. Хүсэж байсан төрлийнхөө кинонд ажиллахаар тохироод байна. Би үлгэрийн сэдэвтэй кинонд ажиллахыг хүсэж байсан юм. Үлгэрийн, зөгнөлт кинонд уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, өөрийнхөөрөө амьдруулах боломжтой. Өнөөдрийг хүртэл туршлага, техник, технологийн хөгжлөөс шалтгаалаад уран бүтээлчид энэ төрлийг барьж авдаггүй байлаа. Монгол ардын дөрвөн үлгэрээс сэдэвлэн бүтээх “Бэрх шагай” нэртэй киноны бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Зохиол нь үнэхээр сонирхолтой.
-Найруулагч О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, С.Бямбын “Хэвтрийн хүн” кинонд нэгдүгээр найруулагчаар ажилласан гэсэн. Яваандаа найруулагчаар ажиллах бодолтой юм уу?
-Тийм бодол бий нь бий. Гэхдээ одоо биш ээ. Нэлээд туршлагажиж, овоо хэдэн уран бүтээлийн ард гарсан хойно бодол яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй юм. Эхний ээлжид “Т.Анхтамир ийм онцлогтой. Ийм, тийм сонирхолтой өнгө тавьдаг” гэдгээ л харуулахыг хүсэж байна.
-Бие даан бүтээх эхний кино нь ямар төрлийнх байх бол. Төсөөлдөг үү?
-Уянгын юм уу, хайр дурлалын сэдэвтэй кино л байх болов уу. Төсөөлж, төлөвлөсөн зүйл байхгүй ээ.
-Та нэг жилд хэдэн кинонд ажиллаж амждаг вэ?
-Жилд ганц л кинонд ажилладаг. Хариуцаж авсан нэг ажлаа гараас бүрэн гаргаж байж дараагийнхад нь ажилладаг зантай. Нэг зүйл эхэлж, тэр нь гоё, сонирхолтой болчихвол түүндээ урамшаад л илүү сайхан болгож, цааш нь үргэлжлүүлэх гээд нухаад суучихдаг муу зантай. Олон ажил давхцуулах, нэгийг нь хойшлуулж, нөгөөг нь барьж авах дургүй.
-Ойрын хугацаанд ямар уран бүтээлийг үзэгчдэд хүргэх бол?
-Түрүүн хэлсэн үлгэрийн сэдэвтэй киноноос гадна “Номадиа” пикчерсийн бүтээх интерактив кинонд нэгдүгээр найруулагчаар ажиллана.