Чулуу сонирхож, үүгээр гоёл чимэглэл, бүтээл хийдэг Ж.Жагаамаагийн түүх сонин. Тэрбээр “Бид чулуугаар хийсэн эдийг гоёл чимэглэл гэдэг утгаар хардаг ч хэзээ, хаана, хэрхэн зүүх талаар мэддэггүй. Чулууны энерги шингээх, ойлгох, гэрэл нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөр өөр байдаг. Шинж чанарыг нь олон түвшинд судлан ангилна. Байгалийн чулуу эзнийхээ биед эергээр нөлөөлдөг. Өөрт буй чулуугаа хэн нэгэнтэй сольж зүүх хэрэггүй. Учир нь таны энерги тухайн хүнийхтэй холбогдож таагүй мэдрэмж төрүүлэх нь бий. Чулуу гоо сайхан, эрүүл мэндийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, эмчилгээний увдистай гэж ойлгож болно. Хүний эрүүл мэндэд шаардлагатай өнгө, энерги дутсанаас өвчин үүсэх нь түгээмэл. Тиймээс энергитэй чулууг сонгож зүүх нь хамгийн тохиромжтой” хэмээн зөвлөж, гоёлыг нь урлаж үйлчлүүлэгчдээсээ урмын үг сонсдог энэ бүсгүйн ажил тун сонирхолтой. Чулуунд дурлаж, чулуутай ойлголцож чаддаг түүнийг “Залуус” буланд урьж ярилцлаа.
-Хүмүүс байгалийн зүйл рүү тэмүүлдэг болсон байна. Чулуугаар гоёл урладаг тан руу зорин ирэх хүн олон байдаг уу?
-Намайг мэддэг хүн олон бий. Хүмүүс өөртөө байгаа чулуугаар гоёлын зүүлт, ээмэг хийлгэе гээд бариад ирдэг юм. Байгалийн чулуу өөрийн гэсэн өвөрмөц онцлог, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр. Хавар хүмүүс ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордын чулууг сонгодог. Монголчууд эртнээс чулууг гоёл чимэглэл, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж ирсэн. Тухайлбал, шүр далайн гаралтай тул таагүй муу зүйлээс эзнээ хамгаалдаг гэж үздэг. Улаан маныг эрүүл мэндийн чулуу гэлцдэг. Шөрмөс мана, усан мана чулуу дотроо болрын ургалттай, Монголд хамгийн олдоцтой нь. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гараг, эрхсийн хэлбэртэй, янз бүрийн амьтны дүрс агуулсан байдаг. Газар зүйн байрлалын хувьд ийм чулуунууд Өмнөговь, Дундговь, Хэнтий аймагт бий. Чулуу болгон өвөрмөц тогтоц, онцлогтой. Өмнөговь аймагт байдаг уулын болон усан болор нь цэвэр ариуныг бэлгэддэг. Би ажлынхаа онцлогоос хамаараад чулуу сонирхож судалдаг ч түүж олборлодоггүй. Надад очиж үзээгүй газар бараг үгүй. Нутаг нутгийн иргэд намайг ирснийг сонсоод чулуугаа авчирч сонирхуулдаг. Наадмын дараа намартай золгоно. Хүмүүс энэ үед цаг улирлын байдалдаа зохицуулж гоёлоо сонгодог. Чулуун гоёлоос шүр их эрэлттэй.
-Чулуу сонирхож судалдаг тань таныг эрэл хайгуулд байнга хөтөлдөг шиг санагдлаа.
-Монголчуудын ахуй амьдрал байгальтайгаа их ойр. Аливаа зүйл энергиэрээ таталцдаг. Чулуунд хүний сэтгэлийг татах увдис, өвчин анагаах энерги бий. Би хайж байсан турмалин чулуугаа хэдэн жилийн өмнө олсон. Ойр дотнын найзуудаасаа асууж сурагласан тул ОХУ-аас авчирч өгсөн. Одоо опал, рубин чулууг сонирхон судалж байна. Турмалин чулуу ягаан, ногоон, шар зэрэг тод өнгө өөртөө үүсгэдэг. Соронзон долгионыг бууруулдаг учир эрүүл мэндэд тустай. Энэ мэтчилэн эрсэн зүйл минь ямар нэгэн аргаар олдоод л байдаг юм. Сүүлийн үед эрдэмтэд шинжлэх ухааны салбарт нано технологи ашиглаж эхэллээ. Энергийн төв, энергийн засал хийдэг газрууд хаш, турмалин, терагерц чулууг түлхүү сонирхож байгаа. Байгалийн чулууг хүмүүс эмчилгээний зориулалтаар худалдаж авдаг.
-Чулуу ямар энерги агуулдаг, тухайн хүнд хэрхэн нөлөөлдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Багагүй судалсан нь л чулууны ертөнцөд нэвтэрдэг байх.
-Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй. Эзэндээ эрч хүч өгч, урам зориг төрүүлдэг. Зарим чулууг харахаар өөрийн эрхгүй сэтгэл сэргэдэг. Сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулуу эзэндээ эерэг энерги өгдөг. Би хар мана зүүх дуртай. Сүүлийн үед терагерц, турмалин, усан болор зүүж байгаа. Ажиглаад байхад хүмүүс алт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болжээ. Япончуудын гоёл чимэглэлийн зүйлсэд хэдийн нэвтэрсэн нано технологиор гаргаж авсан терагерц чулуунд хүний биед зайлшгүй шаардлагатай олон увдис бий.
ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ӨВӨРМӨЦ ЗАГВАРТАЙ БҮТЭЭЛ УРЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
-Хүмүүсийн тоодоггүй зарим нэг зүйл хэн нэгний хүсэл мөрөөдөл, бүр хобби нь болсон байх юм.
-Хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл урлаж сурсан. Хүсэл сонирхол минь намайг чулууны ертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байв. Нэгэн удаа сургалтад хамрагдсан юм. Тэр сургалтаас чулуу хэлхэх, сүлжих технологи ямар байдаг, гоёл хэрхэн урлаж хүнд хүргэх талаарх анхны мэдэгдэхүүнтэй болсон. Хүнд анхны бүтээл нь дурсамж үлдээж, урам өгдөг шүү дээ. Анх дөрвөн мм хэмжээтэй 100 ширхэг жижиг болроор бөгж урласан. Би чулуугаар хийсэн гоёл харахаараа дахин давтагдашгүй, өвөрмөц хийц, загвартай бүтээл урлахыг хичээдэг. Тиймдээ ч хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож явна. Манай гэр бүлийнхэн ажлыг маань ойлгож дэмждэг. Нөхөр, хүү хоёр минь бугуйн цагаа чулуун бугуйвчтай хослуулж зүүдэг. Том хүү минь дэлгүүр нээхэд их тусалсан. Намайг орон нутгаар явсан үед дэлгүүрээ ажиллуулаад, үйлчлүүлэгчдээс захиалга авч зарим нэгэнд нь гоёл зэхэж өгдөг болсон. Хөдөөгийнхөн “Сувдан гоёл”, “Уран гар” гэхээр андахгүй. Манай компанийн фэйсбүүк хуудас одоогоор 123 000 дагагчтай. Бид чөлөөт цагаараа компанийнхаа цахим хуудсыг ажиллуулаад хүмүүстэй харилцдаг.
-Чулуугаар бүтээл урладаг бүсгүй олон байдаг уу?
-Гар урлалын дэлгүүртэй бүсгүйчүүд бий. Хүсэл сонирхол нэгтэй болохоор нүүр номоор нь аялж, бүтээлийг нь сонирхож хардаг. Тэдний дунд гадаад хүмүүс ч бий. Миний хувьд өөрийн загвараараа ялгарахыг боддог. Гараар гоёл урладаг хүн их ажигламтгай байдаг. Тархиа байнга ажиллуулдаг тул хурдан сэтгэж, урлах бүтээлийнхээ санааг хаа явсан газраасаа, эсвэл амьдарч буй орчноосоо олж харна. Шинэ бүтээлийн санаа толгойд үргэлж эргэлдэнэ. Бүсгүйчүүд нэгнийхээ гоёлоос санаа авч бүтээлээ баяжуулах нь бий. Нүүр тулж, тухалж яриагүй ч бүтээлээр нь нэгнийгээ таньдаг болсон. Загвар, хийцийг нь хуулбарлахгүй ч гэсэн шинэ сэдэв санаа олдог бүсгүйчүүд нэгнээсээ суралцах сайхан санагддаг. Би сүүлийн үед бүтээлдээ үндэснийхээ өв соёл, уламжлал шингээхийг зорьж, монгол хатны ээмэг, бугуйвч, малгай, толгойн унжлага, энгэрийн зүүлтийг сувдаар урлаж алт, мөнгө, чулуу шигтгэн хийж байгаа. Үндэснийхээ өв уламжлалаас санаа авч өдөр тутам зүүж болох гоёл руу түлхүү анхаарах болсон. Надад үргэлж эрч хүч өгч, өөдрөг бодол төрүүлдэг чулуу бий. Миний хэтийн зорилго өөрийн бүтээлээ гадаадын зах зээлд гаргах. Тиймээс бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрх гаргахыг зорьдог. Амьдарч буй орчинтойгоо нийцүүлж, мэдрэмжтэй урлахыг хичээдэг тул миний урласан загвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй.
-Хүмүүс өөрийн зан араншин, стиль имиж, дотоод ертөнцөө илэрхийлсэн, эсвэл амьдарч, ажиллаж буй орчныхоо уур амьсгал, эрхэлж буй ажлаасаа хамаараад ямар гоёл сонгохоо шийддэг болжээ.
-Хүмүүс сонголтдоо мэдрэмжтэй ханддаг болсон. Тиймээс засвар хийгээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг сонирхдог. Тухайлбал, багш, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүс чамин хийцтэй жижиг чулуун зүүлт, ээмэг, бөгж зүүх сонирхолтой байдаг бол худалдаа, үйлчилгээ, бизнес эрхэлдэг хүмүүс том шигтгээтэй чулуугаар гоёх дуртай. Мөнгөтэй байнга харьцдаг ажил эрхэлдэг хүмүүс голдуу мөнгөний энерги дууддаг чулуу сонгох жишээтэй. Оюунлаг, зохион байгуулах авьяастай, мөн шүүгч, прокурорууд хар, цагаан хэл амнаас хамгаалсан утаат болор зүүдэг. Мөнгөтэй болохыг зорьж байгаа хүнд нил ягаан болор тохиромжтой. Энэ чулуу санхүүгийн эрсдэлээс эзнээ хамгаалдаг гэдэг. Би чулууг аль болох засахгүйгээр өөрийнх нь хэлбэр дүрсээр урлах дуртай. Чулууг гоёл болгох амаргүй. Тэр тусмаа байгалийн чулууг засаж загвар гаргах хэцүү. Хэрэглэгчийнхээ сонирхлыг мэдэрч, гоёлыг нь урлахад ур чадвар, ухаан шаардана. Чулуу үнэт эдлэл болохоор олон дахин засварлах боломжгүй. Тиймээс тухайн хэрэглэгчийнхээ саналыг сонсож, хамт зөвлөлдөж загвар гаргадаг. Зарим чулуу засагдахааргүй хэлбэртэй. Нил ягаан болор талсттай тул засахад хялбар биш. Хүмүүс овор ихтэй эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунд алт, мөнгө, монет оролцуулан, хослуулж зүүх болсон. Ингэж зүүхэд металлын өнгө харшлахгүй зохицдог.
ХҮМҮҮС ГОЁЛОО ХЭРЭГЛЭЭ, ХЭРЭГЛЭЭГЭЭ ГОЁЛ БОЛГОЖ ЗҮҮДЭГ БОЛСОН
-Нутаг, нутгийн ёс заншил өөр байдаг шиг хүмүүсийн чулууны гоёлд хандах хандлага нь бас адилгүй байдаг уу?
-Би сүсэг бишрэлтэй. Хаана ч очсон тухайн нутгийн чулууг дураараа хөдөлгөдөггүй. Хүн эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй, болгоомжтой хандахад гэмгүй. Хөдөө явж байхад нутгийн иргэд чулуу авахдаа зан үйлийг ёсчлон үйлдэж, газар аргаддаг тухайгаа хуучилдаг юм. Хамгийн гоё чулуу Хэнтий, Өмнөговь аймагт бий. Зүүн нутгаас дорнодчууд үнэт эдлэлд дуртай бол баруун аймгийнхан тод өнгийн чулуу сонгодог. Хэнтий аймгийнхан болор, Хөвсгөлийнхөн өнгө өнгийн чулуу алаглуулж зүүх сонирхолтой.
-Чулууны олдоц хэр байдаг вэ?
-Анзаарч байхад баруун урагшаа тухайлбал, Ховд аймгийн Булган сумд байдаг чулуунууд алтны ширхэг шиг гялтганасан өнгөтэй. Алтны хольцтой ч гэж андуурмаар. Дундговь, Дорноговь аймагт манын төрлийн чулуу түгээмэл. Зүүн нутгаар өнгө өнгийн жонш олдоц ихтэй. Чулуу хайж олборлох зав надад гардаггүй учраас нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцдог. Баруун аймгийн хүмүүс уриалгахан, зочломтгой, ажилсаг. Найз болбол нөхөрлөлдөө үнэнч ханддаг шиг санагдсан. Надад орон нутгаас захиалга байнга ирдэг. Зарим аймгийн иргэд надаас чулуун гоёл чимэглэл худалдаж аваад ойр зэргэлдээ нутгийнхаа иргэдэд сонирхуулах жишээтэй. Чулуу газрын гүнд он удаан жил энерги, бүтцээ хадгалж чаддаг, тэр газрынхаа мэдээллийг өөртөө агуулдаг. Газрын хэвлийгээс гарсан чулуу нар, сарны гэрэлд өнгөө хувиргаж, хэлбэрээ өөрчилнө. Олон зуун жил газрын хэвлийд байсан чулуу улам чанарждаг. Хамгийн их хувирдаг чулуу бол александр. Өглөө, өдөр, орой өнгө нь хувирна. Чулууг их хэмжээгээр олборловол тухайн газрын хөрс дэх нөөц багасдаг.
-Байгалийн чулуу сайхан ч эзэндээ хүндэддэг талтай хэмээн үздэг хүмүүс байдаг.
-Магадгүй. Буруу санаа өвөрлөж, хулгайн гараар орж ирсэн чулуу сөрөг үр дагавартай. Муу сэтгэлтэй хүнээс чулуу авбал бие тавгүйрэх, айж сандрах, уур уцаар төрөх гээд таагүй, мэдрэмж төрүүлдэг. Байгалийн чулуу жирийн чулуунаас олон зүйлээр ялгарна. Чулуу болгонд өөрийн гэсэн хатуулаг чанар бий. Зарим чулуу зөөлөн чанартай. Байгалийн чулууны жинхэнийг нь мэдэх олон арга бий. Хүмүүс энергийн зуунд амьдарч байна. Өөртөө тохирох чулууг сонирхон, эрж хайж, тодорхой мэдээлэл авсны үндсэн дээр гоёлоо хэрэглээ, хэрэглээгээ гоёл болгож өдөр тутам зүүдэг болсон. Зүүж байгаа чулуунаас биедээ гарч буй эерэг өөрчлөлтүүдийг мэдэрч эхэлж байна.
ЗАВГҮЙ АЖИЛЛАХ ЗАРИМДАА ЖАРГАЛТАЙ САНАГДДАГ
-Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг чулуунууд ямар энергитэй байдаг талаар сонирхуулаач?
-Та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй. Таны энерги тухайн хүний энергитэй холбогдож таагүй мэдрэмж төрүүлнэ.Тиймээс сахиус мэт дээдлэх хэрэгтэй. Учир нь танд зөв энерги өгч, амьдралын тань хэв маягийг идэвхжүүлж байдаг. Тухайлбал, эзэнд нь ямар нэгэн аюул заналхийлэл ирлээ гэхэд зүүж буй зүүлт, бугуйвч нь тасрах, бие нь муудвал өнгөө алдаж харлах зэргээр мэдрэгддэг. Байнга завгүй ажилласнаас амархан бухимдах гээд байдаг хүмүүс саран чулуу зүүвэл тайвширна. Биндэръяа үнэнч дурлалын бэлгэдэл болдог тул гэр бүлийн хос муудалцсан үед зүүхэд эвлэрүүлэх энергитэй. Сувд эмэгтэй хүний зовлонг нимгэлдэг гэж үздэг. Мөн урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэдэнэ. Хөгшчүүд дөш чулууг сонгож зүүхэд сайн. Энэ чулуу цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг учир хамгаалалт болдог. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болно. Молор гэр бүлийн сахиус болдог тул айл гэрт байхад тохиромжтой. Гартаам зүрх, судасны өвчин, ядаргаа арилгахад тустай. Манай дэлгүүрт 20 гаруй төрлийн мана бий. Мана болгон өөрийн гэсэн онцлогтой, анагаах чадвартай. Халтар мана гэхэд л эд баялгийн, хар мана эрх мэдлийн, улаан мана эрүүл мэндэд тустай. Мана Монголд түгээмэл. Энэ чулууг хэрэглэдэггүй хүн ховор. Сонирхуулахад, чулууны өнгө дээр энерги нь солигдож байдаг. Миний хувьд жил бүр өөр өөр чулуу сонирхон судалж, эрэл хайгуул хийдэг. Чулуу байгалийн бүтээл. Байгаль зарим чулууг өвөрмөц бүтээсэн байдаг. Тухайлбал, алтан үст болор чулуу дотроо үс ургасан мэт харагдана. Энэ чулуугаар хийсэн гоёл хүний нүдэнд өвөрмөц содон харагддаг. Миний хувьд бизнес эрхэлдэг болохоор алтан үст чулуу зүүдэг юм. Энэ чулууг зүүсэн хүн энергийн таталцлаар ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх нигууртай. Хааяа сэтгэл санаа тогтворгүй, тавгүйрхэх, бие хөших үед терагрец, ажил үйлсээ бүтээх зорилгоор гарах үедээ нил ягаан болор зүүдэг.
-Намар хуримын сар эхлэхээр залуу хосуудад зориулж үзэсгэлэн гаргавал сонирхолтой санагдана даа.
-Энэ талаар төлөвлөчихсөн. Хуримын салоныг цогцоор нь гаргах бодол бий. Хуримын даашинз чимэглэхээс гадна, зүүх гоёл, өмсөх гутлыг нь хүртэл чимнэ. Захиалга ихсэх тусам завгүй болдог. Тэр хэрээр өөрийгөө дайчлан шаргуу ажилладаг. Ажиллахынхаа хэрээр өөрийгөө хөгжүүлэх гэж шинэ загвар гаргаж урлахыг хичээнэ. Надад завгүй ажиллах заримдаа жаргалтай санагддаг. Өвөр Монголчууд үндэсний хэв маяг шингээсэн гоёл худалдаж авдаг. Хурим найрын улирал эхлэхээр толгойн мөнгөн шанх, тэр дундаа оёмол хатгамал шанх олноор захиалдаг. Цаг үе, орчноо дагаад хүмүүсийн сонирхол өөрчлөгддөг. Бүсгүйчүүдийн гоёлд алтан үст болор, терагерц, шүр, охидын хувьд чулуун шигтгээтэй гоёл давамгайлж байна.
-Хүмүүс чулуун гоёлыг зөв хадгалах аргыг тэр бүр мэддэггүй. Өөрөөс нь шалтгаалахгүйгээр хагарч бутарсан тохиолдол их байдаг шүү дээ.
-Металл болоод байгалийн чулуун гоёл, чимэглэлийг тусад нь арчилж, хайрцаг саванд хийж хадгалах нь зүйтэй. Халуун, хүйтэн уур, чийгтэй газар хадгалж болохгүй. Алт, мөнгийг хооронд нь хольж хадгалбал өнгө, хэлбэр дүрсээ алддаг. Хөлс их ялгаруулдаг хүмүүс шүр зүүвэл өнгө нь амархан хувирдаг. Үнэртэн түрхэхдээ ч гэсэн анхаарч, гоёлдоо хүргэхгүйгээр биеийнхээ арьсанд цацаж шингээх хэрэгтэй. Хүмүүс гоёлыг зөвхөн гоёл гэж хэрэглэдэг үе өнгөрсөн. Энергиэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс өөрт ээлтэй байгалийн чулууг их хэрэглэж байна. Энэ салбарт гараагаа эхэлж байхад түүхий эд ховор байлаа. Аливаа зүйл байхгүйгээс л эхэлдэг хойно. Санхүүгийн асуудал ч тулгардаг байв. Бэрхшээлтэй тулгардаг байсан тэр үеийг бодвол одоо түүхий эд элбэг болсон. Энэ бүхнийг даван туулж, охид бүсгүйчүүдийн талархлыг хүлээж чадсанаараа бахархдаг.