Уураг задлагч ферментэн бэлдмэл панкипсины авторуудын нэг Ж.Алимааг “Хоймор”-тоо урилаа. Тэрбээр “Нутгийн үүлдрийн бог малын нойр булчирхайнаас ферментийн бэлдмэл панкипсин гаргаж авах технологи” бүтээлээрээ Ж.Цэрэндэндэв, Д.Сувд нарын хамт 1991 онд Төрийн шагнал хүртсэн нэгэн. Тэрбээр панкипсинаас гадна гүүний саам тэргүүтэй биологийн идэвхт 20 гаруй бэлдмэл үйлдвэрлэдэг Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монэнзим” ХХК, тарилгын шингэний IVCO компани болон ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуульд Биотехнологийн тэнхимийг үүсгэн байгуулагчдын нэг, химийн ухааны доктор, профессор юм.
-Биологийн идэвхт бодисын үйлдвэрлэлийн инженер, технологич мэргэжилтэй хүн Монголд хоёр л байдгийн нэг нь таныг гэж сонссон юм байна.
-1975 онд Москвад одоогийн Хавсарга биотехнологийн их сургуулийг энэ мэргэжлээр төгсөж ирээд л дагнан 40 гаруй жил ажилласан. Тухайн үед Мах, сүүний үйлдвэрийн технологийн сургууль гэж байсан юм. Туршилтын журмаар хуванцар болон биологийн идэвхт бодисын үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлээр сургаж байсан үе. Мах, сүүний үйлдвэрийн технологи гэхээр яг малын гаралтай түүхий эдээс ферментийн бэлдмэл гаргаж авахад суралцсан гэсэн үг. Фермент гэдэг нь биологийн катализатар. Өвөрмонголчууд биологийн хурдасгуур гэж нэрлэдэг. Аливаа амьд бие, махбодод хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх, хэрэггүйг нь задлан зайлуулах үйл явц болох бодисын солилцоо гэдэг чинь 70 гаруй мянган ферментийн үйл ажиллагааг л хэлээд байгаа юм шүү дээ. Жишээ нь, булчирхай бол тэр чигтээ уураг. Тиймээс ч махнаас хамгийн түрүүнд булчирхайг нь авч хаядаг. Биологийн идэвхт бодис байдаг учраас амархан муудна. Аливаа бүтээгдэхүүн муудахгүй байна гэдэг бол химийн хольцтой байна гэсэн үг. Эрхтнийг эрхтнээр гэдэг уламжлалт эмчилгээ бий. Тэрнийг бүдүүлэг, хоцрогдсон гэж ярьдаг нь бас буруу. Элгэнд хэрэгтэй шим тэжээл элгэнд л байна. Уургийн дутагдлыг нөхдөг цус орлуулах бэлдмэлийг цуснаас, нойр булчирхайн үрэвсэлтэй, хоол шингээх чадвар муудахад нойр булчирхайн бэлдмэлээр орлуулах эмчилгээ хийдэг шүү дээ. Мэргэжлийг минь сонсоод хүн бүр гайхдаг байсан ч оюутны судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа юм шиг л хөдөлмөрлөж эхэлсэн.
-Ажлын гараагаа эхлүүлсэн үеэ дурсахгүй юу?
-Миний анхны дарга Ж.Цэрэндэндэв гэж алдартай биохимич байсан. МУИС, одоогийн ЭМШУИС-д насаараа биохимийн хичээл заасан, Москвагийн Улсын их сургуульд докторантурт суралцсан, мэргэжлээ гайхамшигтай эзэмшсэн хүн дээ. Тухайн үед хаана, хэнийг сургаж байгаагаа маш сайн мэддэг, хяналт, төлөвлөгөөтэй байж дээ. Дөнгөж төгсөж ирчихээд, наадмын өмнөхөн, долдугаар сарын 5-нд ч бил үү, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны коридорт захирал болох хүн маань угтаж аваад “Өө, чи Жигжиддорж багшийн Алимаа мөн үү. Хоёулаа ажилдаа орно доо” гэж байж билээ. Тэгээд намайг П.Дамдин сайдын өрөөнд дагуулж ороод, маргаашаас нь биохимийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон. Ингээд захиралтайгаа хоёулхнаа одоогийн АПУ компанийн үйлдвэрийн хажууд, “Само” группийн байранд Хүнсний үйлдвэрлэлийн туршлага, шинжилгээний төвийн Ферментийн сектор нэрийн доор ажиллаж эхэлсэн. Биохимийн цех байгуулахаар хэмжилт хийн, тоног төхөөрөмжөө байрлуулах зураг гаргах, Мах комбинатын нядалгаанаас ашиглахгүй хаягдаж байсан дайвар түүхий эд болох нойр булчирхай, цөс, элэг, бөөрний дайвар булчирхай, бамбай булчирхай зэргийн гарц, биометрийн хэмжилт хийх ажлаа эхэлсэн дээ.
Түүхий эдийн нөөцийг тооцоолон, 20 гаруй төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, биохими, анагаах ухааны салбарт нэвтрүүлэх ТЭЗҮ боловсруулсан юм. Манай захирал сайн мэргэжилтэн төдийгүй аливаа ажлын араас хөөцөлдөж, ойлгуулахдаа тун гаргуун хүн байсан болохоор жилийн дараа буюу 1976 оны есдүгээр сард Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, Мах, консервын комбинат буюу одоогийн “Махимпекс”-ийг түшиглэн Үйлдвэрийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршлага, шинжилгээний төвийг байгуулсан юм. Комбинатын хашаанд, хамгийн хойно байрлах Яс боловсруулах үйлдвэрийн байранд төвөө байгуулж байлаа. Төрийн шагнал хүртсэн багийн гишүүн Д.Сувд маань тэнд эрдэм шинжилгээний анхны ажилтан болж ирсэн түүхтэй. 1985 он гэхэд манай төв 130 гаруй хүнтэй, тэр дотроо эрдэм шинжилгээний 30 орчим ажилтантай болж, 20 гаруй эрдэм шинжилгээний төсөл, бог малын болон үхэр, сарлагийн нойр булчирхайн панкипсин, химотрипсин, трипсин ферментэн бэлдмэл, хатаасан цөс зэрэг бэлдмэл үйлдвэрлэх туршилт, шинжилгээний ажил хийж байлаа. Манай хамт олны дундаас “Эм Си Эс”-ийн дэд ерөнхийлөгч болсон, генетикч Д.Энхцэцэг, биофизикч Б.Батбаяр буюу нийтлэлч Баабар, түүний эхнэр Л.Амарсанаа, ШУҮ-ийн “Монэнзим” ХХК-ийн захирлаар хожим ажиллаж байсан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан М.Алтанцэцэг зэрэг тэргүүний сэхээтэн төрсөн. Манай төв Монголын анхны биохимийн үйлдвэрийн суурийг тавьж, энэ төрлийн үйлдвэрлэлийн аппаратчин, лаборантуудыг БНАГУ-ын “Берлин” химийн комбинатад сургаж, бэлтгэсэн.
Шинжлэх ухаан, судалгаа, туршилт, үйлдвэрлэл, чанарын хяналт гээд жинхэнэ утгаар нь багийн хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага байсан юм. Түүхий эдээ чанаргүй бэлдсэн байвал 108 цагийн технологийн ажлын үр дүнд гарч ирдэг панкипсиныг үйлдвэрлэж чадахгүй. Нойр булчирхайг аваад 30 минутын дотор хасах 20-40 градуст огцом хөлдөөх шаардлагатай. Тэгээд дамжлага бүрт хяналт тавьж байж чанартай бүтээгдэхүүн гардаг. Гэтэл одоо гүйцэтгэлийн хяналт байхгүй болчихож. Гудамжинд тавьсан хазгай, муруй хавтанг харахад л “Яагаад ийм хяналтгүй байна аа” гэж бодогддог.
-Тухайн үеийн өндөр хөгжилтэй улсад үхэр, гахайнаас панкипсин буюу ижил үйлчилгээтэй, үрэвслийн эсрэг бэлдмэлийг гаргаад авчихсан байсан юм билээ. Та бүхэн бог малд тулгуурлан судалгааны ажлаа эхлүүлсэн нь ямар шалтгаантай байв?
-Түүхий эдийн нөөцөө бодолцсон хэрэг. Мах, консервын комбинатад бог мал гэхэд л сая гаруй, 700 мянга орчим үхэр нядалдаг байлаа. Богийг монголчууд хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Тэгээд ч бог малын нойр булчирхайг боловсруулдаг технологи хаана ч байгаагүй. Таны хэлсэнчлэн чихрийн шижингийн үед хэрэглэдэг инсулин, өөр 10-аад төрлийн ферментийг гахай, үхрийн нойр булчирхайнаас гаргаж авах технологи л байсан. Нойр булчирхайн фермент нь үрэвслийн эсрэг үйлчилдэг юм. Үрэвсэлгүй өвчин гэж байхгүй учраас панкипсиныг тосон түрхлэг, ариутгасан тариа болон утах хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлсэн.
Панкипсины клиникийн өмнөх туршилтыг Монголд хийх боломжгүй байсан. Тиймээс ЗХУ-ын Бүх холбоотын фермент, антибиотикийн институтэд 23 төрлөөр клиникийн өмнөх судалгаа хийсэн юм. Клиникийн туршилтад орох судалгаа, материалыг бэлтгэхэд гэмтлийн Н.Даш, Ж.Олзвой, хамар хоолойн Ё.Намжилмаа гээд анагаах ухааны салбарын тэргүүлэх эмч, доктор оролцож байлаа. Тухайн үед ЗХУ үхрийн нойр булчирхайнаас ийм төрлийн бэлдмэл үйлдвэрлэж, манай улс импортоор авдаг байлаа. Түүнтэй харьцуулахад панкипсин цэвэршилт өндөртэй, бараг хоёр дахин өндөр идэвхтэй байсан. Бэлчээрийн малын онцлог биз. Оросын эрдэмтэн, докторууд панкипсиныг ЗХУ-д бүртгэж, Монголоос экспортолж болох бүтээгдэхүүн байна гэх санал ч дэвшүүлж байсан юм билээ. Нэлээд удаан хугацаанд зохих шугамаар нь хөөцөлдсөн ч ЗХУ-д төстэй бүтээгдэхүүн бий гэдэг шалтгаанаар бүртгээгүй.
-20 гаруй мянган хүний амийг авсан газар хөдлөлт Арменид 1988 онд болоход манай Засгийн газар тусламжаар панкипсин илгээсэн. Ер нь энэ бэлдмэл манай улсын тусламжийн богцонд байнга багтаж, нүүр тахалж ирсэн гэж ярьдаг юм билээ. НҮБ-ын шугамаар Афганистанд ч тусламжаар өгч байсан гэдэг. Та бүхэн тусгайлан талархал хүлээж байв уу?
-Олон хүнд ач тусаа өгсөн эд дээ. Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа ч илгээсэн. Хамгийн сүүлд 2018 онд ОХУ-ын Кемерово хотод худалдааны төвд гал гарч, олон хүн амь эрсдэхэд ч илгээж байсан. Засгийн газрын шугамаар талархал илгээсэн гэж хэлж байсан. Ж.Цэрэндэндэв захирлыг маань Арменийн Засгийн газар алтан медалиар шагнасан. Панкипсин бэлдмэл 1985 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медалийг Болгарт зохион байгуулагдсан Залуу зохион бүтээгчдийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгээс авч, шагналд нь нөхөртэйгөө тус улсад амарч байлаа.
-Ажил хариуцсан хүмүүс нь “фермент” гэдэг үгийг пионерийн п, фабрикийн ф үсгийн алинаар эхлэх вэ гэдгээ ч мэдэхгүй байна гээд Ж.Цэрэндэндэв захирал нэг удаа нэлээд бухимдсан гэдэг. Таны эзэмшсэн мэргэжлийн талаарх ойлголт ийм л бүрхэг, битүү үед та төгсөж ирсэн. Мэргэжлээрээ ажиллах итгэл үнэмшил танд байсан уу, ер нь?
-Үгүй. Манайд биохимийн үйлдвэр байгаагүй. Ганц төстэй үйлдвэр нь “Биокомбинат”. Гэхдээ тэнд малын эм хийдэг. Би хүний эм хийдэг мэргэжил эзэмшсэн. Ямар ажил хийх бол гэсэн бодолтой л ирсэн. Яамны боловсон хүчин “Чамайг Мах, консервын комбинатад хуваарилах гэхээр мэргэжил чинь махны технологич биш. Микробиологич бүр биш. Биологийн идэвхт бодис гэж юу байдаг билээ” гэж байж билээ. Хаягдаад байгаа дайвар бүтээгдэхүүнээр бэлдмэл хийх, цех байгуулах төсөл боловсруулахаар Ж.Цэрэндэндэв захирал маань манай яамны мэдэлд ирээд удаагүй байсан. Хоёр хүүхэд төгсөөд ирж байгааг ч мэдэж байсан. Ж.Цэрэндэндэв захирлыг МУИС-д малын эмчээр сурч байхад нь миний аав орлогч захирал нь төдийгүй физикийн хичээлийг нь заадаг байсан юм билээ. Хувь тавилан гэж... Тэр үед яам болгон хэн, хаана, ямар мэргэжлээр сурч байгааг мэддэг байсан шүү дээ. Энэ л одоо үгүйлэгдэж байх шиг.
-Та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Уг нь эмч болно гэж бодож байлаа. Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгсөөд хуваарь сонгохдоо Анагаах ухааны сургуульд явна гэсэн чинь “Гадаадын ийм анги байхгүй” гэсэн. Намайг хуурчихсан юм билээ л дээ. Дараа нь зөндөө олон эмчийн хүүхэд миний сонирхсон хуваарийг аваад гадаадад сурч байгааг мэдсэн. Аав маань намайг долдугаар ангид байхад нас барсан. Ээж минь “Гадуур, дотуурх хамаг ажлыг хөөцөлддөг аав чинь байхгүй учраас өөрсдийнхөө чадлаар яваарай” гэж хэлж байж билээ. “Анагаах”-тай төстэй ямар сургууль байж болохыг сураглатал нэг жил хэлний бэлтгэлд яваад ирвэл хуваарь олж өгье гэв. Харин яваад иртэл намайг мартчихсан байсан. Тэгээд сонго гэсэн хуваариуд дунд манай сургууль, миний мэргэжил байсан л даа. Ний нуугүй хэлэхэд, нэлээд дурамжхан сонгосон. Сурч байхдаа ч итгэл муутай байлаа. Харин төгсөж ирээд захиралтайгаа таарч, өдий зэрэгт хүрсэн маань маш азтай. Би ер нь азтай хүн.
-Ид судалж, хөдөлмөрлөж байх үеэсээ та юуг нь хамгийн их олзуурхдаг вэ?
-Их сайхан үед ажиллажээ гэж дурсахад сайхан байдаг. Сайн, сайхан ч хүмүүстэй хамт ажилласан. Өнөөгийн яамдад Бодлого, төлөвлөлтийн газар гэж бий атал чухам ямар бодлого, төлөвлөлт хэрэгжүүлээд байгаа нь харагддаггүй, өгөөж нь мэдрэгддэггүй. Байгууллага, албан тушаалтнууд нь төлөвлөгөөтэй, уялдаатай ажиллаж чаддаг байж дээ. Жишээ нь, манай төв Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа ч бүтээгдэхүүнийг нь Эрүүл мэндийн яам мэддэг байсан. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нь Шинжлэх ухаан, технологийн хороо, гадаадад экспортлох үүргийг Гадаад худалдааны яам хариуцдаг байлаа. Гэвч 1990 онд шилжилтийн үетэй золгоход аль аль талд ажил явахаа байж, бүтэц, зохион байгуулалтын хувьд их өөрчлөгдсөн.
Гэхдээ эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэл бол маш сонирхолтой талбар. Түүхий эдээ мал нядалгааны шугам дээрээс ширхэг ширхгээр нь авч хэмжихээс гадна бүтээгдэхүүнээ хаяглаж, шошго наах, хэрэглэх зааврыг нь нь эмч нартай хамтран боловсруулах гээд бүгдийг нь хийдэг байж дээ, бид. Панкипсины анхны савлагаа, хайрцаг дээр шошгыг нь бичихдээ болгар сэтгүүлээс үсэг хайчилж наагаад, Шинжлэх ухаан, технологийн хорооны хэвлэх үйлдвэрт өгч байлаа.
-Шилжилтийн үед та юу хийж байв?
-Уламжлалт бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэхийн зэрэгцээ, хөрөнгө оруулалтаа хурдан нөхөх шинэ бүтээгдэхүүний талаар бодох хэрэгтэй байлаа. Гүүний саамны судалгаа руу орсон. Энэ үед шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарыг авч явахад үнэхээр хүнд байсан шүү. Банкны зээлийн хүү сарын 12-14 хувийн хүүтэй байсан гээд бод. Тэгээд ч Монголд үйлдвэрлэл явуулна гэдэг хэцүү. Гуравхан сая хүнд зориулсан нэг үйлдвэр байгуулах хэцүү байдаг байхгүй юу. Хүчин чадлын хувьд томоохон лабораторийн төхөөрөмжийг үйлдвэрлэлийнх болгож өөрчлөхөд тусгай захиалга шаарддаг учраас өртөг өндөртэй. Юу үйлдвэрлэж, экспортод гаргав гээд эхнээс нь эцсийг нь хүртэл дэмжих хэрэгтэй байдаг. Ямар сайндаа л биобэлдмэл хийх, шинжилгээ, туршилтын тэр өндөр зардлыг дуслын шингэний үйлдвэр байгуулж, ашиг орлогоор нь нөхнө гэсэн гэнэн гэмээр бодол тээж явах вэ дээ. Тиймээс биобэлдмэлийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн өндөр өртөгтэй үйлдвэрлэлийг дуслын шингэнийхтэй хослуулбал, ашигтай ажиллана гэж бодож, “IVCO” дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл санаачилсан юм.
Одоо гүүний саамныхаа тухай хэлье. Адуу бол маш өвөрмөц амьтан. Саам нь эхийн сүүтэй хамгийн ойролцоо. Дараа нь ямааны сүүг нэрлэдэг. Гүүний саамаар хүүхдэд харшил өгөхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Олон төрлийн эрдэс агуулдаг учраас бодисын солилцоог эрчимтэй явуулдаг. Тос нь гэхэд л хүний арьсны тосны найрлагатай хамгийн адил. Малчдын ядуурлыг бууруулах, гар дээрээс саам цуглуулж, эцсийн бүтээгдэхүүн болтол нь боловсруулж, улирлын хамааралгүй хэрэглэх зорилготойгоор жижиг төсөл боловсруулсныг маань НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжсэн юм. 100 мянган ам.долларын санхүүжилт авч байлаа. Уг төсөл нь “Шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүд ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмэр” нэртэй. Монгол Улс, БНХАУ, БНСУ-ын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн хамтын ажиллагааны төсөл байсан юм. Ингээд БНСУ-ын Биологийн шинжлэх ухаан, биотехнологийн хүрээлэнд гүүний саамны иммунологийн шинж чанарын судалгааг, Солонгосын Хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнд саамны шимт чанарын судалгааг тус тус хамтран хийсэн нь сайхан үр дүнтэй ажил болж, хуурай саам үйлдвэрлэж эхэлсэн. Улмаар гүүний саамны өвөрмөц чанарт үндэслэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг Францын “Кристиан диор”-т ажиллаж байсан мэргэжилтнүүдтэй хамтран “Мишээл” нэрийн цувралаа хийж эхэлсэн түүхтэй.
-Гэхдээ та дуслын шингэн үйлдвэрлэх тухай бодлоо бодит ажил болгож чадсан шүү дээ.
-Дуслын шингэний үйлдвэр байгуулах ёстой юм байна гэж 2000-аад оны үеэс бодсон л доо. Тухайн үед хүмүүс “реакцаар” нас барах нь олон байсан. Харамсалтай нь, ийм шалтгаанаар нас барлаа гэж эмнэлгийн статистик, бүртгэлд үлдээдэггүй байхгүй юу. Дээр хэлсэнчлэн байгууллагын үйлдвэрлэлийг үр ашгийг нэмэгдүүлнэ гэдэг бас нэг бодол байсан. 2004 он хүртэл хөрөнгө оруулалт хайж, хүлээсэн л дээ. Тухайн үед ТИС буюу өнөөгийн ШУТИС-д Хүнсний технологийн сургууль гэж байсан юм. Үүнийг Хүнс, биотехнологийн сургууль болгоё, орчин үеийн хүнсний үйлдвэрлэл технологигүйгээр урагшлахгүй гэдгийг тус сургуулийн удирдлагад учирлаж, ойлгуулах ажлыг энэ зуур хийсэн гэх үү дээ. Ректор нь Д.Бадарч профессор байсан. Санал тавьснаас хоёрхон сарын дараа Биотехнологийн тэнхим байгуулж, эрхлэгчээр нь намайг томилсон. Ингэхдээ биологийн идэвхт бодис судлал гэсэн хичээл зааж байлаа. Ингэж байтал олон жил мөрөөдсөн хөрөнгө оруулагчаа олж, дуслын шингэний үйлдвэр байгуулна гээд сургуулиасаа гарлаа. Улмаар таван орны хөрөнгө оруулалттай IVCO дуслын шингэний үйлдвэрээ байгуулсан.
Дөнгөж төгссөн инженер, эмзүйчтэйгээ хамт гурвуулаа Францын Эмийн үйлдвэрийн зохистой дадал (GMP)-ын сургалт явуулдаг Гарон инстиутэд сар гаруй номын дуу сонсож явлаа. Ингээд 2005 онд үйлдвэрээ ашиглалтад оруулж, улсын хэмжээнд анх удаа эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартыг хангаж, А үнэлгээ авсан нь манайх байсан. Харин дараа нь мэргэжлийн хяналтын байгууллагаас “Шалгалтаар А үнэлгээ авсан цорын ганц байгууллага нь IVCO байлаа. Гэвч үйлдвэрлэл эрхэлсэн захирал нь эмзүйч биш” гэсэн, хууль бус бичиг авсан. Тэгээд л больсон доо. Би ер нь нэг зүйл таалагдахгүй бол тэгээд л орхичихдог, бодлоосоо гаргаад хаячихдаг. Тэгээд “төрсөн” байгууллагадаа эргэж очоод удаагүй байтал “Та 61 нас хүрчихсэн байна” гэж хэлэхээр нь орхисон. Хүн ер нь юунд ч бэлэн байх ёстой юм билээ. 1975 онд байгуулалцаж, үндэс, суурийг нь тавьсан болохоор өөрийн юм шиг санаж, шал шавхай, гэрэл чийдэн, жорлонгийн суултуурт нь хүртэл санаа тавьдаг байжээ. Гэвч аливаа зүйлийн төгсгөл нь шинэ юмны эхлэл, бүх юм сайн, муу хоёр талтай гэдэг дээ.
-Та дээр аавынхаа тухай дурдсан. “Р.Жигжиддоржийн цэнхэр ном” гэвэл социализмын үеийн сурагчид аавыг тань андахгүй болов уу. Нэрт физикч Р.Жигжиддорж гуай Монголд физикийн заах арга зүйн ухааны анхны доктор болсон юм билээ.
-Тийм ээ, миний аав физик заах арга зүйгээр Москвад докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн. Долоо, наймдугаар ангийн сурах бичгийг зохиосон, сурган хүмүүжүүлэгч. Өдий зэрэгтэй яваа маань аав, ээжийн минь буян. Ах маань Дубнад цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан Ж.Ганзориг гэж хүн байсан. Дэлхийн оюуны өмчин байгууллагын алтан медальтай.