Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.
-Та арьс, ширний технологич мэргэжилтэй, эл салбарт 30 гаруй жил ажилласан нэгэн. Мөн боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч. Монголд арьс, ширний үнэ хямд, түүгээр хийсэн бүтээгдэхүүний зах зээл бага, дэлхийд өрсөлдөх чадвар сул байгаагийн шалтгаан юунд байна?
-Малын гаралтай түүхий эд, арьс, ширийг үнэ цэнтэй болгох, түүгээр хийх бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх талаар манай улс олон жил ярьж буй. Хамгийн гол нь түүхий эдийн чанарыг сайжруулах, эрүүл мал өсгөхөд анхаарах учиртайг олон нийт мэддэг. Гэхдээ дорвитой ахиц алга гэхэд болно. Тухайлбал, манайх жил бүр 10 орчим сая мал төхөөрдөг. Хоёр саяынх нь арьс, ширийг авалгүйгээр махтай нь экспортолдог бол найман сая ширхэг түүхий эд бий болдог. Үүний 15-20 хувийг гүн боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэхийний 80 хувь нь хачиг, хувалз, шимэгчийн, ямааны арьсны 40 орчим хувь нь хамууны сорвитой. Бодын ширний 60-80 хувь нь мах бэлтгэлийн явцад эсгэгдсэн хэвээр байна. Тиймээс ч мал эмнэлгийн салбарын босоо тогтолцоог бий болгон, сум бүрт байсан албыг сэргээн, үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн нь олзуурхууштай. Миний бодлоор малчид малаа ээмэгжүүлж, түүхий эдийн гарал үүслээ тодорхой болгоход хөрөнгө зарцуулах учиртай. Энэ ажлыг заавал улс хийх албагүй. Иргэн, аж ахуйн нэгжүүд гарал үүсэл нь тодорхой, эрүүл малын мах, сүү, арьс, шир худалдан авна гэдэг шаардлага тавиад эхэлбэл мал эрүүлжин, түүхий эдийн чанар, гарц сайжирч, үйлдвэрүүд дэвжээд ирнэ. Малчид малаа товлолт хугацаанд вакцинд хамруулж, угаалга хийлгээд хэвшчихвэл тун сайн. Мөн стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрт төхөөрсөн малын махыг л зах зээлд нийлүүлэхээр журамлавал ялангуяа бод төхөөрөх явцад ширийг нь эсгэж, гэмтээхгүй байж болно.
-Боловсруулсан болон боловсруулаагүй арьс, ширний үнэ ямар зөрүүтэй байдаг бол. Түүхий эдээ боловсруулаагүйгээс болж ямар боломж алддаг вэ?
-Үхрийн шир 30 000 төгрөгийн үнэтэй. Үүнийг хагас боловсруулбал 70 000, бүтэн бол 120 000 төгрөгт хүрэх жишээтэй. Нэг үхрийн арьсаар жижиг хэмжээтэй үүргэвч таван ширхгийг хийж болдог. Тийм үүргэвчийг дотоодод 200 000 орчим төгрөгөөр үнэлдэг. Ингээд бодоход 30 000 төгрөгийг бид нэг сая болгох боломжоо алдсан хэвээр байгаа юм.
-Шаардлага хангасан түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийх хүчин чадал манайд хэр байна. Хаягдаж үрэгдэж буй арьс, ширийг хагас боловсруулж болохгүй юу?
-Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд 2012-2016 онд “Чингис” бондын хөрөнгөнөөс 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан юм. Ингэснээр тоног төхөөрөмжийнхөө 70 гаруй хувийг шинэчилж чадсан. Сүүлийн 7-8 жилд хагас, гүн боловсруулах үйлдвэрийн тоо хоёр дахин өссөн. Хагас болон бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ ч тэр хэрээр нэмэгдэн, Европын Холбооны орнууд, БНХАУ, Японд хэрэглэгчтэй болсон. Мөн дотоодод үйлдвэрлэсэн гутлаар уул уурхай, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй салбарынхныг хангадаг болсон нь дэвшил юм. Харин хаягдал түүхий эдийг боловсруулж гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж манайд байхгүй. Коллаген, эм хийхэд маш өндөр технологи, мэргэшсэн хүний нөөц шаардлагатай юм билээ.
-Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбоо хэдэн гишүүнтэй вэ. Аж ахуйн нэгжүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл юу байна?
-Малчин, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зэрэг 700 гаруй гишүүн, арьс, шир хагас боловсруулдаг 30, бэлэн бүтээгдэхүүн хийдэг 100 орчим аж ахуйн нэгж манайд харьяалагддаг. Мөн завод ноос, адууны дэл, сүүл боловсруулдаг, цавуу хийдэг 10 орчим үйлдвэр бий. Аж ахуйн нэгжүүд хангалттай өсөн дэвжихгүй байгаагийн нэг шалтгаан нь зах зээл хязгаарлагдмал, эрэлт бага байдагт бий. Түүнчлэн суурь үнэ буюу цахилгаан, дулаан, ус, ажлын байрны түрээс өндөр учраас үйлдвэрлэлийн зардал ихтэй. Бас туслах материалын импортын татвар өндөр, түүхий эд экспортлоход бараг татваргүй гэх мэт олон зүйл байна.
Монголчууд нэг жилд зургаан сая хос гутал худалдан авдаг бол 800 000-ыг нь дотооддоо хийдэг тооцоо бий. Үндэсний үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүллээ гэхэд худалдан авагч олддоггүй. Учир нь иргэд үнэ хямд, импортын гутал өмсөхийг илүүд үздэг.
-Тэгвэл аж ахуйн нэгжүүд гутал, цүнх, арьсан эдлэлийнхээ үнийг хямдруулбал эрэлт, нийлүүлэлт тэнцэн, хэн хэндээ ашигтай болчих юм биш үү.
-Хөнгөн үйлдвэрлэл бол ажлын байр ихээр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тэргүүлэх салбар. Татварын бодлогоор дэмжин, олон улсад бараагаа экспортлох боломжийг нь өсгөөд өгвөл “хөлөө олох” нь хурдан. Өөрөөр хэлбэл, иргэд орлогодоо нийцүүлэн хямд гутал, цүнх, хүрэм худалдан авдаг биш ажилтай, орлоготой байж, чанартай бараа таваар худалдан авах чадамжтай байх нь чухал. Тиймээс ч манай үйлдвэрүүд олон улстай холбож өгөөч, дэлхийн хэмжээнд монгол арьсан эдлэлийн сурталчилгаа, маркетингийг хийхэд туслаач гэж хүсдэг. Бид урд хөршөөс нийлүүлдэг хямд бараатай өрсөлдөн, борлуулалтаа сайжруулахын тулд өртгөө багасгах биш, ажлын байр бий болгон, иргэдийн амьжиргааг дэмжих бодлоготой. Үүнээс гадна 1000 ширхэг арьс авч, нэг бүрийг нь 15 000 төгрөгөөр боловсруулахад 200 нь л бүтээгдэхүүн хийх шаардлагыг хангадаг. Ингэснээр 200 арьс 15 сая төгрөгийн үнэтэй болчихож байгаа юм. Тиймээс “Түүхий эд хямд тул үйлдвэрлэгчид үнээ багасга” гэж болохгүй гэсэн үг. Түүнчлэн бид дотоодод үйлдвэрлэсэн чанар сайтай цүнх, хүрэм, бээлий зэргийг нэг л удаа худалдаад авчихвал олон жил хэрэглэх боломжтой тул үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь өөрийнхөө санхүүд ч нэмэр болж буй хэлбэр.
-Олон улсын зах зээлд арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр аль улс тэргүүлдэг бол. Бид тэднээс юу суралцах хэрэгтэй вэ?
-Дэлхийн зах зээлд нэг жилд 25 тэрбум гутал борлуулдаг дүн бий. Үүний бараг 50 хувийг Хятадад үйлдвэрлэдэг. Хямд үнэтэй, олон тооны гутал, хувцас хийх чадамжтай урд хөрштэй өрсөлдөх бараг боломжгүй. БНТУ нэхий, үслэг эдлэлийн борлуулалтаараа тэргүүлэх байр суурьтай орнуудын нэг. Туркчууд 1970 оноос мэргэжилтнүүдээ бэлтгэсэн юм байна лээ. Мөн тоног төхөөрөмжөө сайжруулахад анхаарч, экспорт хийж эхэлсэн компаниуддаа татаас олгосон гэсэн. Мал аж ахуй төдийлөн хөгжөөгүй, цөөн малтай тус улс өдгөө арьс, ширэн бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлж буй нь мэргэжилтнээ бэлтгэн, үйлдвэрүүдээ дэмжиж чадсанд байгаа юм.
-Манай мал сүргийн түүхий эдийн чанар ямар вэ?
-Монгол мал бол хагас зэрлэг амьтан учраас маш сайн чанарын түүхий эдтэй. Манай үхэр, сарлагийн шир шиг нягт хэрнээ хөнгөн нь хаана ч байхгүй. Мөн адуу, тэмээний шир бат бөх, эдэлгээ даах чадвар сайтай бол ямааны арьс зузаан, хониных зөөлөн буюу торгомсог шинж чанартай. Үүнийг олон улсын үйлдвэрлэгч, шинжээчид сайн мэддэг. Гол нь бид хаягдал багатай, стандартад нийцсэнийг нийлүүлж, аль болох олон тооны бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.
-Танай холбооныхон сүүлийн үед юу хийж байна вэ?
-Ер нь арьс, ширэн бүтээгдэхүүн боловсруулагчид, үйлдвэрлэгчид “Эмээлт”-д технологийн парк байгуулахыг хүлээж байгаа. Тэнд үйлдвэрүүдээ илүү төрөлжүүлэн хөгжүүлэх олон төлөвлөгөө бий. Манай холбооны санаачилгаар өнгөрсөн оны аравдугаар сард БНТУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт тавьсны дагуу долоон оюутныг шалгаруулж, арьс, ширний технологич мэргэжлээр Туркт сургахаар болсон. Түүнчлэн Монгол, Японы технологийг хослуулан, хүнд металлын идээлэггүйгээр боловсруулсан арьсыг наран улсын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Европын Холбооны улсуудын зах зээлд ч хүнд металлаар идээлээгүй арьсаар хийсэн цүнх гаргахаар судалж буй.
-Коронавирус арьс, шир үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж буй бол?
-2000 он хүртэл манай улс урд хөрш рүү малын гаралтай түүхий эдээ ямар ч хориггүй шахам нийлүүлдэг байсан. Гэтэл 2000 онд Монголд SARS өвчин дэгдсэн. БНХАУ ч хилийн хорио цээрээ чангатган, манайхаас малын гаралтай түүхий эд авахгүй, анхан шатны боловрсуулалт хийх шаардлага тавьсан. Ингэснээр дотоодод арьс, шир боловсруулах үйлдвэрүүд сэргэж эхэлсэн. Үүнтэй адилхан нэг боломж гарсныг дурдвал, манайхаас хагас боловсруулсан арьс авах сонирхолтой итали мэргэжилтэн коронавирусээс болж энд гацсан. Хятад руу ч явж чадаагүй тул манай бүтээгдэхүүнтэй сайтар танилцан, нутаг руугаа хагас, бүтэн боловсруулсан арьс нийлүүлсээр байна. Италийн алдарт “Prada” брэндийн цүнх хийхэд монгол үхрийн арьс ашигладаг юм шүү дээ. Харин арьс, ширэн бэлэн бүтээгдэхүүний борлуулалт багасан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож буй.
-Хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах мэргэжилтэн, арьс, ширний технологич манайд хүрэлцээтэй юү?
-Тулгамдаж буй асуудал бол хүний нөөц. Шинэ технологи нутагшуулж, тоног төхөөрөмж угсрах нь битгий хэл, үйлдвэрт гарсан доголдлыг засах хүн цөөн. Турк болон бусад орноос мэргэжилтэн урьж, хэдэн мянган ам.долларын хөлс төлж, тоног төхөөрөмжүүдээ засуулсан аж ахуйн нэгжүүд ч бий. Тиймээс ч чадварлаг хүний нөөц бэлтгэхээр анхаарч буй хэрэг. Мөн оюутнуудыг дадлагажуулах зорилгоор Европын Холбооны буцалтгүй тусламжаар ШУТИС, ХААИС-ийн Хөнгөн үйлдвэрийн тэнхимд орчин үеийн дэвшилт технологи бүхий лабораторийн тоног төхөөрөмж авч өгөх гэрээ байгуулсан. Сургуулиуд нь тендерээ зарласан гэсэн. Нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг нь сонгон шалгаруулбал санхүүжилтийг нь олгоход бэлэн. Ирэх хичээлийн жилд шинэ лабориторид хичээллэх боломж бүрдэх болов уу.