“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Манай монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай. Энэ удаагийн зочин бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн.
-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла!
-Би Цэрэнпилийн Гомбосүрэн. 1943 онд тэр үеийн Архангай аймгийн Өндөрсант сумын дөрөвдүгээр IV багийн нутаг Бага-Уньт гэдэг газарт төрсөн. Нутаг маань Засгийн шийдвэрээр 1956 оноос Өвөрхангай аймгийн Хужирт сумд харьяалагдах болсон. Би Өндөрсантын бага сургуульд, Хотонтын дунд сургуульд, Хужиртын арван жилийн сургуульд суралцаж, 1961 онд төгссөн. 1961- 1966 онд ЗХУ-ын Москва хотноо Хэвлэлийн дээд сургуульд суралцаж, хэвлэлийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжилтэй болж, Улсын хэвлэлийн комбинатад технологич, үйлдвэрийн хэлтсийн дарга зэрэг ажил хийсэн. 1974-1976 онд Москва хотноо ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцаж, улс төрийн боловсролтой болсон. 1976 оноос хойш ГЯЯ-ны хэлтсийн дарга, орлогч сайд, БНМАУ-ын ЗХУ дахь Элчин сайдын яаманд элчин-зөвлөх, МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, ГЯЯ-ны сайд, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн зэрэг ажил алба хашсан. МАХН-ын доод, дээд шатны байгууллагад янз бүрийн сонгууль, түүний дотор Улс төрийн товчооны гишүүний сонгуулийг хүлээж явсан удаатай. 1996 оноос хойш аж ахуйн болон төрийн бус байгууллагад ажиллаж явсаар 2003 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг хайрла!
-Би одоогоор 40 эргэм тооны ном орчуулсан. Олонх нь уран зохиолынх. Нийгэм, улс төрийн ном бас бий. Тэр бүрийг энд тоочилгүй, зөвхөн тоймтой хэдийг нэрлэе. Оросын уран зохиолоос Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” роман (эдгээрийг Оросын утга зохиол судлаачид “аугаа таван ном” хэмээдэг), И.А.Бунины “Арсеньевын амьдрал”, М.А.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, И.Ильф, Е.Петров нарын “Арван хоёр сандал”, “Алтан тугал”, В.П.Астафьевын “Хаан загас”, Ю.В.Трифоновын “Үйлтэй байшин”, “Холио солио”, “Ондоон амьдрал” (гурван тууж), А.Н.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу” (гурамсан роман), В.M.Кожевниковын “Онцгой салбар”, Б.Д.Панкины “Константин Симоновын дөрвөн Би”, К.М.Симоновын “Зэвсэг нэгтэй нөхөд”, Л.А.Юзефович “Цөлийн эзэрхийлэгч”-ийг орчуулсан. Бусад орны зохиолчдоос англи Э.Войничийн “Соно”, түрэг Орхан Памукийн “Хар судар”, беларусь С.A.Алексиевичийн “Чернобылийн эмгэнэлт залбирал”, итали Н.Макиавеллийн “Хаантан” гэх мэт. Нийгэм улс төрийн зарим номоос дурдвал, “Коран судар”, К.Попперийн “Нээлттэй нийгэм, түүний дайснууд”, З.Бзежинскийн “Шатрын аварга хөлөг” (нэг нөхрийн хамт), Ф.Фукуямагийн “Төрийг төвхнүүлэхүй, Итгэлцэл”, Жон Берроны “Кремль дэх Америкийн тагнуул”, Ф.Бедаридагийн “У.Черчилль”, Л.Млечиний “Брежнев”, К.М.Симоновын “Хаа холын Дорнын тэртээд”, “Г.К.Жуковын намтраас” зэрэг бүтээлийг орчуулсан.
-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.
-Би анх ЗХУ-ын Кабардин-Балкарын ардын зохиолч А.Кешоковын “Гайхамшигт эгшин” гэдэг түүх-хувьсгалын сэдэвт романыг орчуулсан. Тэр номоос нэрт орчуулагч Г.Амар нэг хэсгийг нээгээд, 10 хуудас заасныг би орчуулж шалгуулж байлаа. Ингэснээр уг романыг монгол хэлнээ хөрвүүлэх эрх авсан юм. Хоёр жил шахам ноцолдсон байх. Нэгдүгээрт, орчуулах туршлага маруухан байсан, хоёрдугаарт тасралтгүй ажиллаж сураагүй, өөрөөр хэлбэл, цагаа зөв ашиглаж чаддаггүй байв. Гуравдугаарт, тэр бол яггүй том ном. Тэр ном 1972 онд хэвлэгдсэн. Редактор нь эдүгээгийн их соён гэгээрүүлэгч Лувсандамбын Дашням. Тэрбээр намайг нэг ч удаа дуудаж элдэвлээгүй шиг санагдах юм. Тэгэхээр миний орчуулга боломжийн байсан юм болов уу. Тэр номын өмнөх үгэнд Л.Дашням маань “...эл романыг монгол уншигч нартаа толилуулан барихаар багагүй чармайн ажилласан н.Гомбосүрэнд юуны өмнө талархууштай байна” гэсэн нь нэгийг өгүүлэх шиг.
-Орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?
-Энэ дөрвөн нэршлийн эхний гурав нь бичгийн орчуулагчдыг янз бүрээр хэлсэн хэрэг гэж бодож байна. Харин дөрөв дэх нь аман орчуулга хийгч этгээдэд хамаарна. Би бол бичгийн орчуулагч. Энэ ташрамд хэлэхэд, би “Коран” хэмээх лалын сүсэгтний хөлгөн судрыг монголчилсон юм. Лалын шашны мэргэд “Коран” судраа өөр хэлнээ орчуулшгүй гэж үздэг. Би түүнийг нь бодолцон орчуулгаа “монголчлов” хэмээсэн.
-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?
-Би шууд орчуулдаг. Явцын дунд тодорхой зүйлийг судлах, учрыг нарийн олох хэрэг гарна. Тийм асуудлыг нэг бол тухайн үед нь, нөгөө бол төгсгөлд нь нэгтгэж байгаад учрыг олдог.
-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширсон нь юутай холбоотой вэ?
-Барагтайхан орчуулга гарсаар байгаа нь ортой дог оо. Уг асуудал цөөнгүй шалтгаантай байж таарна. Нэг гол шалтгаан бол мэргэжлийн орчуулагчийг системтэй бэлтгэж чадахгүй байгаа явдал гэж би хэлнэ. Аливаа мэргэжилтнийг, ялангуяа нарийн ажлын мэргэжилтнийг сайтар сургаж бэлтгэх ёстой. Орчуулагчийн ажил нарийн мэргэжилд орно. Уг асуудлыг хэн хариуцах вэ гэдэг асуултад одоогоор хариулт алга. Төр үү, төрийн бус байгууллага уу гэх мэт.
-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд их хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач.
-Орчуулгын явцад онох үгийн эрэлд хатах нь орчуулагч хэн бүхэнд тохиодог зовлон. Тэр үгийг тэгж оноогоод баярлаж билээ гэх юм уул нь бишгүй байх ёстой. Даанч өнөөдөр барим тавим санах нь ховор байна. Хоёр жишээ хэлье. “Коран” судар “сура” хэмээдэг 114 шадтай. Тэр бүрийг би “Аяа” гэх аялга дуудлагаар эхлүүлсэн маань гайгүй оносон. Уул нь араб эх нь яг тэгж эхэлдэггүй л дээ. Араб хэлтэй нэг хасаг анд маань тэгснийг их зөвшөөсөн юм даг. Өөр нэг зүйл. Энэ бол үгийн утгыг оноохтой хамаагүй асуудал. “Арван хоёр сандал”-д театрын аялан тоглохоор явах гэж буй жүжигчид, холбогдох ажилтнууд усан онгоцоо хүлээн, чемодан сав, “ундервуд” энэ тэрээ сахин зогсоол дээр сууцгааж байгаа тухай нэг өгүүлбэр бий. Тэр “ундервуд” гэгч юу байдгийг олж мэдэх гэж хэр чадлаараа хайсан ч эрэл мухардаад, нэг их хор холбогдолгүй гэж муйхарлан сох орхичихсон. Хожим Оросын телевизээр бичгийн хуучин машины үзэсгэлэнгийн тухай мэдээлж буйг санаандгүй харж суутал нөгөө гайхал “ундервуд” чинь бичгийн машин болж таарсан. Би олзуурхан дуу алдсан боловч нэгэнт оройтсоныг санаад дэмий л халаглаж билээ. Одоо цагт бол тиймэрхүү юм “Google”, “Yandex”-ээс төвөггүй олдохоор болжээ.
-Эрсэн үгээ эс олоод цөхрөхдөө “буудсан” нь оносон удаа бий юү?
-Эрсэн үгээ ололгүй сох орхисон нэг жишээг өмнө дурдсан. Олдохгүй бол “буудсанаас” хаясан нь дээр гэж үздэг. Гэхдээ тэр нь зохиолын амин чухал асуудлыг хөндөөгүй байх ёстой. Миний хувьд тийм тохиол бараг үгүй л болов уу.
-Та чөлөөт орчуулга, утгачилсан орчуулга, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?
-Үг хаяхгүй, үгчлэн утгачилж орчуулахыг чухалчилдаг. Үүний цаана монгол сайхан найруулга сүнс, сүлд нь ч юм уу болох учиртай гэж үздэг.
-Зарим хүн чөлөөт орчуулгыг өргөмжлөх дуртай. Герман Гётегийн нэлээд шүлгийг билиг танхай М.Ю.Лермонтов чөлөөтэйхэн орчуулсан нь орос яруу найраг болчихсон гэдэг. Да багш А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг чөлөөтэй орчуулсан нь монгол үлгэр болчихсон. Яг үүн шиг зохиол орчуулна гэдэг өөр хэлээр дахин бүтээж буй хэрэг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас аль нь монгол зохиол болсон бэ?
-Үлгэрийг үлгэр шиг орчуулахад гэмгүй. Ер нь зохиомжилсон орчуулга гэж нэг төрөл буй. Тэр нь чөлөөт орчуулгаас арай өөр юм уу, эсвэл түүний нэг төрөл ч байж магадгүй. Би голдуу олон хэвлэлийн хуудас, бандгар ном орчуулсан учраас тэр ном маань ямар ч өө сэвгүй гэж хэлэх аргагүй. Миний орчуулга бүхэлдээ монголжуу байдаг. Өөрөөр хэлбэл, хэг ёг гээд уншихаас дургүй хүрэм байдаггүй болов уу л гэж боддог.
-Орчуулах нь хийсвэрлэх урлаг уу. Дуртай хүний хийх ажил мөн үү. Алдах эрхгүй мэс засал уу. Сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?
-Орчуулга бол нэгэн зүйлийн урлах эрдэм мөн. Хүн болгон зохиолч болдоггүй шиг орчуулагчийн тухайд ч тэгж хэлж болно. Аливааг бүтээхэд авьяас 10 хувь, идэвх 90 хувь гэж үг бий. Уран бүтээлчдийн тухайд тэрхүү 10 хувь арай илүү байх ёстой гэж үзэх нь зүйд илүү нийцэх буй за.
-“Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно” гэж Г.Амар гүүш анхааруулсан. Энэ тухайд таны бодол?
-Яруу найргийн амийг санаанаас нь дутахгүй, бараг илүү тээж явдаг юм бол үг хэллэг нь. Тийм учраас үгийг нь шүтэж, үгчлэн утгачилж, бусдын шүлэг найраг тэрлэх ёсыг өөрийнхтэйгөө уран тансаг хослуулан орчуулах хэрэгтэй.
-Хүүрнэл зохиол доторх шүлгийг өөрөө орчуулдаг уу. Яруу найрагчаар орчуулуулдаг уу?
-Миний орчуулсан олон ном дотроо шүлэгтэй байсан. Жишээлбэл, К.Симоновын тухай ном, И.Бунины роман олон гэхээр шүлэгтэй. Тэр бүхнийг би өөрөө орчуулсан. Зовлон, жаргалаа өөрөө эдлэх үүднээс тэр. Нэг жишээ хэлэхэд, К.Симоновын тухай номд “Намайг хүлээ” шүлгийнх нь нэг бадаг буй. Тэр шүлгийг миний мэдэхээс Э.Оюун, М.Цэдэндорж, Д.Нямаа нар орчуулсан. Уул нь тэдгээрээс шилээд, хуулчихаж болно. Гэхдээ тэгээгүй. Харин,
Намайг хүлээ, би ирэхдээ л нэг ирнэ,
Ёстой нэг хүлээсэн шиг хүлээгээрэй.
Гуниг гутаг төрүүлсэн
Шар борооноор ч хүлээ.
Цасан шуурганаар ч хүлээ...
гэж буулгасан. Энэ сайн орчуулга биш. Гол нь “шар бороо” гэдэг хэллэгийг оруулсан юм. Манайхны бусад орчуулгад тэгж үгчлэн оруулаагүй юм билээ.
-Орчуулгыг уншигчдад ойлгомжтой буулгахын тулд харь сэтгэлгээг монгол болгох ёстой юу?
-Харь сэтгэлгээг монгол болгох шаардлагагүй. Монгол уншигч тухайн зохиолоос тэр ард түмний зан заншил, сэтгэлгээ, тэр дотроо ахуйн сэтгэлгээний өвөрмөц зүйлийг танин мэдэж, орчлон олон эштэйг ухаарч, оюунаа тэлэх учиртай.
-Нэг шүлэг зохиолыг олон хүн орчуулсан байдаг. Энэ зөв үү. Та урьд орчуулсан зохиолыг дахин орчуулсан уу. Яагаад. Өмнөх орчуулгаас юугаараа ялгаатай (давуу талтай) болсон бэ?
-Нэг шүлэг, зохиолыг нэг бус хүн орчуулах явдлыг буруутгашгүй. Түрүүчийн хүний орчуулгаас хэмжээ хязгааргүй “будаа идэх” буюу хулгайлах, чанарыг илт дордуулах зэрэг явдал л гаргахгүй байх ёстой. Орчуулгын чанарыг бүхэлд нь сайжруулсан, алдаа мадгийг зассан, үг хэллэгийн дүйцийг оновчтой болгосон, үнийг хямдруулсан зэрэг сайн тал байхыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа зартай шүлгийг олон хүн орчуулах тусмаа сайн. Аль нэг нь өө сэвгүй, илт гаргууд байх албагүй ч наад зах нь нийт дундаас нь сургамжтай, бодууштай гоё олз олдож болно. Ер нь сайжруулахад хязгаар байхгүй. Би энд нэг жишээ татъя. Зорилгоо сайн мэдэхгүй байна, гэхдээ сонин байж магадгүй. Хэл шинжлэлийн эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ Анна Ахматовагийн “Последний тост” (Сүүлчийн хундага) хэмээх шүлгийн долоон орчуулгыг (дөрвөн монгол, гурван англи) харьцуулан сонин судалгаа хийсэн байдаг. Тэгэхдээ уг шүлгийн орос эхийн мөр болгоныг орчуулагчид хэрхэн хөрвүүлснийг үг хэллэг, утга агуулга, найрал зүйн үүднээс жишин үнэлэлт дүгнэлт өгсөн. Уншигчийг өөрөө жишиж үзтүгэй хэмээн орос эх, хоёр монгол орчуулгыг толилуулъя.
Последний тост
Я пью за разорённый дом,
За злую жизнь мою,
За одиночество двоём.
И за тебя я пью,
За ложь меня предавших губ,
За мертвый холод глаз,
За то, что мир жесток и груб,
За то, что Бог не спас.
Д.Урианхайн орчуулга:
Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир,
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.
Ц.Гомбосүрэнгийн орчуулга:
Цөлмүүлж үгүйрсэн гэр орныхоо хариуд,
Цөвүүн үйлтэй энэ насныхаа хариуд,
Бусармаг бүдүүлэг хорвоогийн хариуд,
Бурхны аврал эс оршсоны хариуд ууя, би.
Хоёрхоны ганцаардалд унасныхаа учир,
Голгүй тэрслэн хуурсан амны чинь учир,
Үхээмэл цэвдэг харцны чинь учир,
Үүрд зуурдын чиний төлөө бас ууя, би.
-Төрийн шагналт их зохиолч С.Дооров “Өмнө гаргасан номоо үе үе уншиж бай. Өө сэв нь илэрдэг. Засаж бай” гэж өсвөрийн зохиолчдод зөвлөдөг сөн. Таны урьд хэвлүүлсэн орчуулга бүдүүн бараг санагдаад, засан сайжруулсан тохиолдол бий юү. Ил хэлбэл их сургамж болно доо. Эрдэмтэн гүүш Ц.Хасбаатар “Гай газар доороос гахай номон дотроос” хэмээх хоржоонтойхон шүүмжлэлдээ адилавтар дуудлагат үгэнд андуурсан Ч.Лхагвааг Ри багшийн хэлдгээр:
Хөвөнд боосон тугалгаар
Хөмсгөн дунд нь цоходсон удаатай.
Тэрхүү түншүүр нь гагц Ч.Лхагваад төдийгүй олон орчуулагчид санахын цочоо, онохын тооцоо болсон доо. Яг түүнчлэн ижилдүү дуудлагатай үгийн орчуулгад тань эндүүрэл гарсан удаа бий юү. Яаж залруулсан бэ?
-Өмнөх орчуулгаа эргэж зайлшгүй харах гурван учрал надад тохиож байв. Юу гэвэл, социализмын үед миний орчуулсан “Арван хоёр сандал”, “Алтан тугал”, “Хаан загас” гурав маань тэр үеийн хэвлэлийн цагдлагад айхавтар хэлмэгдсэн байж. Бүхэлд нь авч үзвэл тэдгээр номын гуравны нэг гэхээр хэсгийг хассан юм билээ. Хэдэн бүлгээс гадна хасагдсан үг өгүүлбэр, бадгийг тоолоод баршгүй гээд бодчих. Хожим Орост шинэ цаг ирж, хэвлэлийн эрх чөлөө мандсанаар эдгээр гурван зохиол үндсэндээ зохиогч нарынхаа анх бүтээсэн байдлаар хэвлэгдсэн юм. Тийм учраас тэдгээрийг бүтнээр нь орчуулах явцад түрүүчийн орчуулгынхаа өө сэвийг чадах ядахаар дарсан. Сүүлийн үеийн орчуулгаас маань цөөнгүй ном хэд дахин хэвлэгдсэн боловч би гэдэг амьтан залхуудаа дулдуйдан тэдгээрийг нягтлахгүй байна. Энэ бол миний дутагдал. Сайжруулж болох зүйл аль ч номд байх ёстой. Таны дурдсан жишээтэй холбогдуулж хэлэхэд, би яг тийм нэгэн алдаа гаргасан хүн. “Мастер, Маргарита хоёр”-т пэндийтлээ таргалсан нэг ихэмсэг эрийг жигшин зэрвэс дурдсан байдаг. Уул нь тарган хулд загас гударсаар байгаад тэвээрсэн эр. Гэтэл би түүнийг хандгайн мах идсээр тийм болсон мэт орчуулжээ. Өөрөөр хэлбэл, “лососина” гэж байсныг “лосина” андуурч омтгойдсон байгаа юм. Сонирхолтой нь, түүнийг нэг гярхай уншигч олж мэдээд надад хэлсэн. Тэр бол анхны хэвлэлд гарсан алдаа. Уг ном дараа нь гурван ч удаа хэвлэгдсэн, нөгөө булай алдааг ч засаж нүглээ цайруулсан.
-Та орчуулж буй зохиолоосоо зарим өгүүлбэр, тэр ч байтугай зарим хэсгийг гээсэн удаа бий юү. Гээсэн бол яагаад?
-Орчуулж байгаа зохиолоосоо зориудаар юм орхидоггүй. Ганц нэг богинохон өгүүлбэр санамсаргүй гээгдсэн байхыг үгүйсгэхгүй. Би өнөөдөр орчуулснаа маргааш нь хянадаг, хожим бүхэлд нь нэгэнтээ уншдаг. Тэгэхдээ үг үсгийн илт алдаа мадгаа засна, нөгөөтээгүүр, орхигдсон ганц нэг өгүүлбэр, хүний нэрийг ташаа бичсэн зэргийг илрүүлж, зөвтгөнө.
-Зарим үгүүлбэр, үг, нэр томьёонд тайлбар, зүүлбэр хийдэг үү. Яагаад?
-Зүүлт, тайлбар тун бага хийдэг. Ялангуяа, уран зохиолыг лавлах толь биш гэж үздэг. Үүнийг буруушаадаг хүн бий, тэр нь ч үнэний хувьтай.
-Орчуулгын хэл үндэстний эх хэлний хөгжилд гай тарьдаг уу, гавьяа цогцлоодог уу?
-Орчуулгын хэл юуны өмнө манай хэлний үгийн сангийн өвийг хадгалахад зохих үүрэг гүйцэтгэх учиртай. Жишээ нь, би ижил утгатай үгсээс хэрэглэхдээ ховордсон үгийг нь түлхүү оруулахыг хичээдэг. Мөн гадаад үгийг аль болохоор монголчлох гэж оролддог.
-Дээд мэргэжилтэн үнэмлэхтэй атлаа дунд ангийн, дунд сурлагатны ч мэдлэггүй, тэгсэн атлаа дэлхийн сонгодог зохиолчидын бүтээлийг орчуулах биш оршуулдаг нөхдийг эрдэмтэн, орчуулагч Б.Ринчен “сэглэгсэд”, “орчуулагчинцарууд” гэх мэтээр дуудах төдийгүй нэр заан шүүмжилж, алдааг нь илчилдэг, дахин цаас цоохорлохоо больтол нь, эсвэл хэрсүү суутал нь хэлж өгдөг байв. Ганц жишээ дурдахад, Б.Энэбиш орчуулж, Г.Жамсранжав нягтлан зассан гэх Э.Войничийн “Соно” гэдэг гайхамшигт романы орчуулгыг үзээд “Чадал, амт шимт, халуун амь нь эрлэгт оджээ” гэж бичсэн. Энэ нь Ф.Энгельсийн үгийг эшилсэн оночит дүгнэлт байлаа. Хазгай, назгай орчуулгыг ийнхүү хайр найргүй ташуурдахын зэрэгцээ авьяас билигтэй залуу орчуулагчдад аятай магтаалаа ч харамладаггүй байв. Б.Ринчен шиг, дор хаяж А.Шархүү, Р.Гүрбазар, Д.Дашдаваа шиг орчуулгын алдаа оноог хэлдэг, залдаг, бурууг нь булдаг, түлдэг судлаач, шүүмжлэгчтэй болохын тулд төр юу хийх ёстой вэ?
-Ринчен гуай гэснээс, их эрдэмтэн Зохиолчдын II их хуралд тавьсан илтгэлдээ орчуулгыг нь шүүмжилсэн “Соно”, “Зэвсэг нэгтэй нөхөд” хоёрыг би хожим орчуулж таарсан байх юм. Үнэнээ хэлэхэд, би хуучин орчуулгыг үзээгүй учир тэр нөхдийн нүглийг давтсан, эсэхээ үл мэднэ. Дэмий л өөрийнхөө туршлагад найдаж, алдаж эндсэн нь гайгүй болов уу гэж горьдохоос өөр арга алга.
-Таны орчуулгыг хаанахын хэн юу гэж үнэлсэн бэ. Бас шагнал, урамшил юу хайрласан бэ?
-Миний тус бүр хоёр номыг редакторласан С.Баяр, Б.Бат-Амгалан нар сонинд магтах маягтай ярьсан буюу бичсэн зүйл бий. Соёлын гавьяат зүтгэлтэн цол маань орчуулгын үйлстэй холбоотой. Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан өд” шагналыг хоёр удаа, Ж.Гэндэндарам сангийн “Билэгт гүүш” шагналыг хүртсэн.
-Таны алган дээр ямар “бархан” (хэвлэлийн газар) хамгийн их шан тавьсан бэ. Горьдоосон, гомдоосон хар харамч байхгүй биз?
-Би “Болор судар” хэвлэлийн газартай голчлон хамтран ажилладаг. Тэр тухайдаа сэтгэл хангалуун байна. Ташрамд хэлэхэд, эдүгээ оюуны бүтээлийг хувийнх битгий хэл хувьсгалын байгууллага ч олигтой үнэлэхгүй байна. Муу нэрт социализмын үед энэ тухайд арай гайгүй байсан гэлтэй. Жишээ нь, миний анх орчуулсан “Гайхамшигт эгшин” бараг гучаад хэвлэлийн хуудас, түүний шагналд би 6000 гаруй төгрөг авч сүрхий урамшсан. “Арбатын хүүхдүүд”-ийг ЗХУ-ын “Радуга” хэвлэлийн газартай гэрээ хийж орчуулаад, 5000 орчим рублийн шагнал авч байлаа. Тэр үед төгрөг ч төгрөг шиг, рубль ч рубль шиг байв даа.
-Монголд дан ганц орчуулгын хөдөлмөрөөр аж төрөх боломж бий юү. Гадаадад ямар байдаг бол?
-Орчуулгын үнэлгээ өнөөдрийн хэмжээнд байвал хүний аж төрлийг бүрэн залгуулж чадахгүй. Олон уншигчтай, ном хэвлэх, борлуулах тогтолцоо жигдэрсэн улсад бол орчуулагч хүн тэр ажлаараа амьдралаа аваад явах нь жирийн үзэгдэл.
-Ц.Жамсран, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ц.Хасбаатар, Ч.Чимэд, Д.Чойжил, Г.Амар, Х.Мэргэн нарын сор орчуулагчийн өвийг Монголын орчуулагчдын холбоо түмэн олонд хүргэх, түүхийн аянд өртөөлүүлэх талаар юу хийж байгаа бол. Юу хийх ёстой вэ?
-Орчуулагчдын холбооны өнөөгийн хийж буй ажил даруухан. Цаана нь голчлон санхүүгийн асуудал байгаа нь тодорхой. Гэхдээ орчуулагчдын туршлагыг харилцан судлуулах, түгээх гэхчлэн санаачилбал хийх юм мундахгүй л дээ. Ер нь өөрийн тань тавьж буй асуудал төрийн бодлогын хүрээнд орж, эрс дэмжлэг аваагүй цагт, хот, хөдөөд ном борлуулах тогтолцоо бүрдээгүй цагт олигтой шийдэгдэхгүй гэж бодож байна.