2018 онд Монгол Улсад уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулахад манай гимнастикчид “Залуучууд ганцаарчилсан тууз”-тай дасгал, мөн “Ганцаарчилсан баг”-ийн төрөлд дэд байрт шалгарч, үзэгчдийг баярлуулсан. Үүнд ОУХМ Б.Эрдэнэзаяагийн оруулсан хувь нэмэр их. Тус тэмцээнд манайхан өмнөх амжилтаа ахиулан,хоёр мөнгө, таван хүрэл медаль өвөртөлсөн нь Монголын гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн юм. Б.Эрдэнэзаяа өдгөө Уран сайхны гимнастикийн төв клубийн дасгалжуулагчаар ажилладаг.Тэрбээр тамирчин байхдаа гадаад, дотоодын олон тэмцээнд оролцож чамлахааргүй амжилт гаргасан. Өдгөө шавь нартаа өөрийн ур чадварыг багш нарынхаа эрдэмтэй хослуулан зааж байна. Түүнийг “Залуус” буландаа урьж ярилцлаа.
-Тамирчин байх үеэс тань мэднэ. Дасгалжуулагч багшаар ажиллаад удаж байна уу?
-Би дасгалжуулагчаар ажиллаад найман жил болж байна. Анхны шавийг минь З.Анхтамир гэдэг, одоо 13 настай. Таван настайдаа уран сайхны гимнастикт хөл тавьсан. Зургаан сар хичээллээд Манжуурт болсон тэмцээнд оролцож, медаль хүртэж байлаа. Уран сайхны гимнастик гоо сайхны спорт. Балет, бүжиг, уран нугаралтын олон төрлийг хослуулдаг онцлогтой. Уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл хамгийн чухал ур чадварт ордог болохоор энэ спортын тамирчид өсвөр насандаа амжилт гаргах магадлал өндөр. Тиймээс хүүхдүүдийг дөрвөн настайд нь сонгож хичээллүүлдэг. Уран сайхны гимнастикийн тамирчин 16-25 насандаа амжилт гаргана. Энэ наснаас эхэлж олимп, ДАШТ-д оролцох боломжтой. Нас ахих тусам тамирчдын уян хатан байдал харьдаг тул олон жил хадгалахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Уран сайхны гимнастикаар Испанийн тамирчин олимпын наадамд дөрвөн удаа оролцсон гайхалтай түүх бий. Тэрбээр тамирчин байхдаа ээж болж, Бээжингийн олимпод оролцоод зодог тайлсан.
-Амжилт гаргах насандаа та арай л эрт зодог тайлчихсан. Яагаад тэгсэн юм бэ?
-Би ч ингэж боддог юм. Миний хувьд 17 нас хүртлээ хичээллэсэн. Тухайн үед түнхний гэмтлээс болж ийм шийдвэр гаргаж байлаа. Одоо бодоход зодог тайлах хэмжээний гэмтэл биш байсан юм билээ. Хамт хичээллэдэг охид цуварч гарсаар ганцаараа үлдэхэд надад урамгүй санагддаг байв. Тэгээд ч үеийнхээ тамирчидтай бус, дүү нартайгаа өрсөлдөх болсон нь зодог тайлах нэг шалтгаан байсан юм. Одоо бодоход ингэж шантарсан минь миний буруу байж. Дасгалжуулагч болчихоод арай л эрт зодог тайлчихав уу даа, цаашид хичээллэх нөөц боломж байжээ гэж харамссан удаа бий.
-Х.Үржинсүрэн багшийн шавь бил үү. Түүний удирдлагад олон жил хичээллэж, тэмцээнд оролцдог байсныг тань санадаг юм?
-Х.Үржинсүрэн багшийн шавь болж, тамирчин болох гараагаа эхэлсэн. Дараа нь МУБИС-ийн багш Б.Бат-Отгон дасгалжуулагчийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэсэн. Тамирчин байхдаа дотоод, гадаадын олон тэмцээнд оролцлоо. Хамгийн сүүлд Азийн АШТ, мөн Грект болсон тэмцээний финалд шалгарч, ОУХМ цолны болзол хангаж байв. Хамаатны минь хоёр эгч энэ спортоор хичээллэдэг байсан юм. Тэднийг харах гэж тэмцээн үзсээр байгаад өөрийн эрхгүй гимнастикт татагдаж билээ. Дөрвөн настай надад нүүрээ будаж, үсээ янзлаад, гялтганасан гоё хувцас өмссөн охидыг харах ямар сайхан санагддаг байсан гээч. Хөгжмийн аялгуунд бүжиглэж байгаа тэднийг харчихаад хичээллэхээр шийдсэн. Гимнастикийн тэмцээнд оролцохдоо эгч нараасаа хувцас, хэрэглэлийг нь авчихна. Тэднээс сурсан зүйл их бий. Зэмлүүлж, магтуулсаар тамирчин болж, хамтдаа урагшилсан.
ШАВЬ НАРАА ХАРААД БУЦААД ТАМИРЧИН БОЛОХ ЮМ САН ГЭСЭН БОДОЛ ТӨРДӨГ
-Дасгалжуулагч болоод багшийнхаа ажлыг ойлгодог болов уу?
-Тийм ээ, эмэгтэй хүн эх болоод ээжийгээ илүү ойлгодог гэдэг шиг дасгалжуулагч болоод л багшийнхаа ажлыг ойлгосон. Тамирчин байхдаа хэлсэн үгийг нь хагас хугас хүлээж авдаг байж. Тэр үед өөрийгөө учиргүй том болсон гэж боддог байсан ч үнэндээ хүүхдээрээ шахам явсан. Багшийнхаа зааж, зөвлөсөн үгийн учрыг одоо л ойлгож, заримыг нь эргэн санаж, шавь нартаа уламжилж байна. Шавь нараа хараад буцаад тамирчин болох юм сан гэсэн бодол төрдөг юм. Заримдаа уян хатан хөдөлгөөнтэй болчихсон үсэрч байна гэж хүртэл зүүдэлнэ. Дахин хичээллэх хүсэл хааяа сэтгэл дотроос хатгана. Би одоо фитнесээр хичээллэж, сунгалтын дасгал хийдэг. Анх 86 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын заалыг түрээсэлж, хүүхдүүдээ цэцэрлэгээс нь сонгож, дасгал сургуулилалт хийлгэдэг байлаа. Дөнгөж дасгалжуулагч болж байсан тул бүх зүйлийг эхнээс нь хийсэн. Тэр үед надад итгээд хүүхдээ уран сайхны гимнастикаар хичээллүүлэхээр хөтлөөд авч ирсэн эцэг, эхчүүдэд баярладаг юм. Шавь нараа нэг жил дасгалжуулаад Манжуурт болсон тэмцээнд оролцуулахаар авч явсан. Тэндээс манай дөрвөн хүүхэд медальтай ирж байлаа.
-Та олон улсын шүүгчийн II зэрэгтэй. Тамирчдаа тэмцээнд сойхоос гадна шүүгчээр ажиллах амаргүй биз?
-Би олон улсын шүүгчийн II, уран сайхны гимнастикийн дасгалжуулагчийн III зэрэгтэй. Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны гишүүн. 2019 оноос Гимнастикийн холбооны сонгуульт ажил хийж байна. 2017 онд шүүгч болж, Сингапурт зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнийг анх шүүсэн. Дараа нь Казахстанд болсон Азийн өсвөр үе, залуучуудын, тэр жилийнхээ есдүгээр сард Японд болсон дэлхийн шилдэг клубүүдийн АШТ, 2019 онд уран сайхны гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг шүүлээ. Тэмцээн шүүгчээр ажиллах амаргүй. Тамирчдыг надаас гадна гурван шүүгч давхар хянадаг. Миний хувьд ДАШТ-д анх удаа шүүгчээр ажилласан болохоор алдаатай шүүсэн тал бий л байх. Монгол Улсаас гимнастикийн тамирчид ДАШТ-ий өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд анх удаа оролцсон. Бид тамирчдаа өндөр оноо авч, амжилттай өрсөлдөнө гэж ер төсөөлөөгүй. Одоо тамирчдынхаа ур чадварыг өмнөхөөс нь ахиулж, амжилтад хүргэх зорилготой ажиллаж байна. ДАШТ-ийг шүүж байхдаа манай тамирчид техникийн гүйцэтгэл, зохиомж, хөдөлгөөн дээрээ анхаарал хандуулж, сайжруулах шаардлагатайг анзаарсан. Уран сайхны гимнастикийн тэмцээнд амжилт гаргахад зохиомж их чухал. Зохиомжоо амжилтгүй гүйцэтгэвэл оноо алддаг. Өмнө нь тамирчин байхдаа тэмцээнд оролцоод ямар зүйл дээр оноо алддаг байснаа сайн мэддэггүй байж. Шүүгчээр ажиллахад тамирчид яг юун дээр алдаж байгааг олж хардаг болсон. Тиймээс шавь нартаа алдаа гаргуулахгүйн тулд онолын хичээл зааж байгаа.
БАГШ НАР МИНЬ МӨНГӨ ЗЭЭЛЖ, БИДНИЙГ ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛДАГ БАЙЛАА
-Спортын төрлүүдээс уран сайхны гимнастик өртөг өндөртэйд ордог уу?
-Гадаадын тэмцээнд оролцоход ирэх, очих зардлаас гадна тамирчны хувцас, хэрэглэл чамгүй өртөгтэй. Тухайн хүүхдийн эцэг, эх гэр бүлийнхээ санхүүгээс тусад нь энэ бүхнийг гаргах хэцүү. Гэсэн ч зардлыг нь олоод тэмцээнд оролцуулж байгаа гэр бүлийнх нь хичээл зүтгэлээр бахархдаг. Миний хувьд шавь нартаа аль болох уян хатан хандахыг хичээдэг юм. Тухайлбал, энэ сард бэлтгэл хийх цагаасаа хоцорч, таслаагүй хүүхдийг ирэх сарын төлбөрөөс нь чөлөөлнө. Мөн эгч нь дүүтэйгээ хамт хичээллэж байгаа тохиолдолд дээрх болзлыг биелүүлбэл аль нэгийг нь нэг сар төлбөргүй хичээллэх боломж олгодог. Гимнастикаар хичээллэдэг хүүхдүүдийн гэр бүл хөдөлмөрч байдаг. Хичээллэсэн цагаас нь эцэг, эх нь дэмжиж, ах, эгч нь зөөнө. Зарим хүүхдийг бэлтгэлд нь зөөх завтай хүн гэр бүлд нь ховор. Нэг нь хэдэн сар хичээллээд хүргэж өгөх хүнгүйгээс клубээсээ гарахад нөгөө нь авьяастай ч ар гэрийнхэн нь томоохон тэмцээнүүдэд оролцуулах төлбөргүйн улмаас тэгсхийгээд орхих нь бий. Энэ мэтчилэн яривал гимнастикийн спорт өртөг өндөртэйд орно. Намайг тамирчин байхад ах минь хүргэж өгч, авдаг байлаа. Өвөл бэлтгэлээ тарчихаад, гэртээ харих гэж автобус хүлээж даарна. Тэр үед манайх хотын төвөөс зайтай байсан болохоор автобус ховор явна, би ч хичээл, бэлтгэл гэж гүйгээд их ядарна. Автобусанд суугаад л гэртээ харьтлаа унтчихдаг байлаа. Тэмцээнд оролцох зардлыг аав, ээж минь яаж ийгээд олж өгдөг байсан нь хамгийн том дэм, тус байсан. Манайх жирийн амьдралтай энгийн гэр бүл. Намайг тэмцээнд оролцуулахын тулд аав, ээж минь цалингийн зээл авдаг байлаа.
-Тамирчдаа бэлтгэл хийлгэдэг Х.Үржинсүрэн, Б.Бат-Отгон багшийн арга барил өөр өөр байсан байх аа?
-Х.Үржинсүрэн багш зарчимч, шаардлага өндөртэй. Бидэнд уран сайхны гимнастикийн үндсэн суурийг маш сайн эзэмшүүлэх гэж хичээдэг бол Б.Бат-Отгон багш тамирчдынхаа сэтгэл зүйтэй ойр ажилладаг. Монголын гимнастикийн спортын хөгжил, тамирчдын амжилтад хоёр багшийн минь оруулсан хувь нэмэр их бий. Багш нар минь мөнгө зээлээд биднийг гадаадын тэмцээнд оролцуулахаар авч явдаг байлаа. Биднийг тамирчин байх үед эцэг, эх минь хичээллэдэг спортоороо тамирчин болж, амжилт гаргаад хоолоо олж идэх тухай боддог байв. Тэгвэл өнөөгийн эцэг, эх үр хүүхдээ спортоор биеийг нь хөгжүүлж, ирээдүйн амьдралд хөл тавих чадвар эзэмшүүлэх нь чухал гэж ойлгодог болсон.
-Спортоор хичээллэдэг хүүхдээ зарим эцэг, эх “Хэдэн жил явлаа, амжилт гаргасангүй” гээд хөндийрүүлдэг тал бий. Нэг, хоёр жил хичээллээд амжилтад хүрнэ гэж боддог дутагдал одоо ч байдаг уу?
-Уран сайхны гимнастикийн тамирчид бэлтгэл байнга хийж байж, ур чадвараа ахиулдаг. Мэргэжлийн тамирчин бэлтгэл хийлгүй долоо хоног амрахад л олон сар хичээсэн хөдөлмөр нь үр дүнгүй болдог. Тамирчид хэдэн сар хичээллээд амжилтад амархан хүрэхгүй. Эцэг, эхчүүд хүүхдээ гимнастикийн суурьтай болж, техникүүдээсээ суралцаад овоо зүгширч байхад нь амжилт гаргахгүй удаж байна гэж ярьдаг. Тэмцээнд амжилт тааруухан оролцвол олон жил хичээллэж, ур чадвараа ахиулсан тамирчинтай харьцуулж “Манай хүүхэд энэ спортоор ерөөсөө амжилт гаргахгүй байна” гээд гаргачихна. Хүүхдээ тэмцээнд хамт өрсөлдөж байгаа тамирчинтай харьцуулах нь хамгийн буруу. Тухайн хүүхдүүдийн биеийн онцлог, зан чанар, аливаа зүйлийг хүлээж авах, амжилт гаргах ур чадвар өөр. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ амжилт гаргах гэхээс илүү сарын өмнө ур чадвар нь ямар байсныг сарын дараа хэр ахиулсан үр дүнтэй нь харьцуулах хэрэгтэй. Тамирчин хүн тэмцээнд ялалт, ялагдлын аль алинтай нь нүүр тулдаг. Хүүхдийнхээ бие, сэтгэл зүйг спортоор хөгжүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх нь чухал болохоос биш, тэмцээнд дандаа түрүүлж, алтан медаль хүртэхийн тулд тамирчны зам сонгоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
СПОРТЫН ТӨРЛҮҮДЭЭС ХАМГИЙН ДЭГЖИН НЬ УРАН ГИМНАСТИК
-Гимнастикийн спорт олон төрөлтэй. Тэр дундаа уран сайхных нь балетын хөдөлгөөн, техникүүдийг шаарддаг болохоор урлагтай ойрхон санагддаг.
-Гимнастикийн төрлүүдийн суурь нь адил боловч өөр. Спортын гимнастик бусад төрлөө бодвол эрдсэл өндөртэй, хүч их зарцуулдаг. Хүмүүс гимнастикаар хичээллэвэл хүүхэд намхан болдог гэж ташаа боддог. Угтаа бол спортын гимнастик тамирчны биеийг өв тэгш, төгс хөгжүүлдэг. Уран сайхны гимнастикт балетын техникүүд ихэнх хувийг эзэлдэг юм. Тамирчид уян хатан байж, бүжгийн хөдөлгөөнийг хэрэглэлтэй харьцаж хийнэ. Товчхон хэлбэл, спорт, урлагийг бүжгийн хөдөлгөөнөөр нэгтгэж харуулна гэсэн үг. Үүгээрээ спортын төрлүүдээс хамгийн дэгжин нь уран сайхны гимнастик. Энэ спорт тамирчнаас урлагийн өндөр мэдрэмжтэй байхыг шаарддаг. Тиймээс багш, шавь хоёр сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, ур чадвартай байх ёстой.Спортын гимнастикийн тамирчдыг хэрэглэл тус бүрд нь олимпын аварга шалгаруулдаг бол уран сайхных дөрвөн хэрэглэлд дасгал гүйцэтгэж, нэгтгэсэн оноогоор шалгаруулна. Монголд нэг үеэ бодвол гимнастикийн спорт хөгжиж байна.
-2018 онд Монголд уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болоход манай тамирчид ганцаарчилсан туузтай дасгал, мөн ганцаарчилсан багийн төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртэж, спорт сонирхогчдыг баярлуулж байлаа.
-Тэгсэн. Тэр жил уран сайхны гимнастикийн Азийн цомын АШТ-ийг Монголд анх удаа зохион байгуулахад 12 улсын шилдэг баг тамирчид оролцсон. Тэмцээний ерөнхий менежерээр би ажилласан юм. Баг бэлдэхийн хажуугаар олон ажил амжуулах гээд завгүй болсон тул дасгалжуулагч Б.Болормаа багш тамирчдаа бэлтгэж тэмцээнд оролцуулсан. Тэгтэл манай тамирчид эхний гурван дасгал, хөдөлгөөний техникийг маш муу гүйцэтгэлээ. Бид ч гайхшаа бараад бүр уйлсан. Тэгсэн сүүлийн тэмцээнд техникүүдээ маш сайн хийж, багаараа мөнгөн медаль хүртэн багш нараа баярлуулж билээ. Тэр тэмцээнд оролцсон тамирчдын аав, ээж нь 10 гаруй ивээн тэтгэгч олж, сэтгэл, зүтгэл гарган, ажилд маань их тус болсон. Намайг шавь нарын минь эцэг, эх сайн ойлгож, дэмждэг. Өнгөрсөн жил манай Уран сайхны гимнастикийн төв клубийн нэрэмжит тэмцээн болоход тамирчдын минь гэр бүл тал бүрээр дэмжсэн. Эцэг, эхчүүд ярилцаж байгаад тэмцээний төсвийг босгож, цаг зав гаргаад хамт зохион байгуулахад нь үнэхээр баярласан.